Wednesday, December 15, 2021

Гоё хүүхэн гудамжаар алхаж явав.

 Гоё хүүхэн гудамжаар алхаж явав. Урин налархай хөдөлгөөнийг нөхөр нь нүд жартайлган ажиж суухыг гэргий нь анзаармагц нөхөр хэлрүүн:

- Хайр аа, энэ хүүхний өмссөн байгаа нь эртээд миний хайрын авъя гээд байсан гуталтай их адилхан юм уу даа? Чамд бол илүү гоё харагдхаар юм байна шүү.
- Хн. Чиний наад нүд гэж. Шал өөр гутал байхад. Тэр чинь арай өөр загвартай байсан.
- Сонин юм даа, яг л мөн юм шиг харагдсан даа. Алив ахиад сайн хараадахъя. – гэгээд нөхөр түрүүний хүүхнийг араас нь бүүр сайн харж авав. Гутлыг нь шүү, гутлыг нь.
“Амьдрах ухаан” сургалтын төвөөс залуу нөхрүүдэд зориулсан сургалтын материал дээрээс...

Thursday, December 09, 2021

Өглөө ажилдаа явж байгаад

 Өглөө ажилдаа явж байгаад гэрэл дохион дээр зогсож таарав. Эхлээд нэг бүсгүй хоёр гараа халаасандаа шургуулчихсан зам хөндлөн гарч байна. Араас нь өөр нэг залуу нэлээн сүүлдэж бараг гэрэл солигдхын алдтай мөн л халаасандаа гараа хийсэн чигтээ хөнгөн шогшоод гарч байх юм. Тэр залуу, бүсгүй хоёр хоорондоо хамааралтай үгүйг мэдэхгүй ч ингэж гүйх осолтой байдаг юм даа хэмээн бодсоор ногоон гэрлээрээ цааш явав.

Тэртээ хоёр мянга хэдэн оны хавар юм уу даа би ШУТИС-ийн оюутан байлаа. Угаасан цэвэр хувцас нь дуусчхаараа костюм пиджакаа гаргаж өмсдөг зарим нэг найзыгаа бодвол би сайн дураараа гоонж өмсдөг сүрхий хүүхэд байв. Тэр найзынхаа тухай ярих гээгүй юм. Намайг костюм пиджак өмсөж ирэхээр их сургуулийн ангийнхан маань хэрэндээ хөл болж, бас хөөрхөн тэмдэглэдэг байсныг ч ярих гээгүй байна л даа. Хавар гээд эхэлж байсан даа, тэр нэг хавар ШУТИС-ийн нэгдүгээр байрны тэндээс Багшийн дээд рүү маягтай хөнгөхөн шогшиж явав. Залуучуудын холбооны байр өнгөрөөд Спортын ордон эхэлдгийн тэнд цагаан газар дээр айхтар бүдэрдэг юм даа. Хөп гээд л гараараа тулангуутаа "бардам зангаас минь өөр шалбарсан юм алга даа" гэсэншүү юм бодох маягтай шалавхан босч ирээд алгаа гөвж байтал хажуу талаас сийгээд явчихдаг юм. Гайхаад хартал хайран сайхан брюкэн өмд минь урин хаврын сэвшээ салхинд улс Монголын минь далбаа аятай дэрвэлзтэл намирч байх нь тэр. Халаасанд байсан гар тэндээсээ сугарч гарахдаа ташаанаас нарийн шилбэ хүртэл оёдлоор нь цуу татаад явчихсан юм байж л дээ. Пүү чёрт ёстой нүд боллоо доо. Багшийн дээдэд байсан найзынхаа байранд яаж ийж очоод оёулсан байдаг ч бил үү, эсвэл шууд гүлдийж 13 номерын автобусаар Шархад харьж очоод аргалсан байдаг ч бил үү, ямартаа ч тэндээс хойшх кадр байдаггүй юм. Их ичсэн дурсамжийг албаар арилгасан байх магадлалтай л даа. Хашир хөөн гэж хаширсан хүнийг хэлнэ ээ гэдэгчлэн түрүүний тэр хөнгөхөн шогшиж явсан залуу, түүний өмнөхөн явсан бүсгүй хоёрыг "Халаасандаа хоёр гараа шургуулчхаад гүйх ч нэг их ухаалаг үйлдэл биш дээ" гэсэн бодлоор харж сууснаас үүдэлтэй ийм нэг дурсамж сэдэрснийг нөхөдтэй хуваалцав. Та бүгдийн өнөөдрийн ажил бүтэмжтэй байг ээ.

Wednesday, December 08, 2021

ГЭМ, ЗЭМ

 Буковскийн шүлгийг давалгаалж байгаа юм байна. Хэрэгт дуртай юм болохоор бас л дагаад намирчихлаа. Хааяа дутаж үзмээр л байдаг ч чаддаггүй юм аа.

***
бүтэлгүйтэж орхисныхоо дараа
Бетховэн сонсоод
хойноос нь мах шарж байгаад
хийх бүтээхдээ эргэж орох санаатай
яг л, муудалцаж салсан амрагаа
эргээд хайрлахтай ижил ч юм уу
бүтээх үйлдэхийг хаячхаагүй юм аа
харин жаахан орхисон төдий.
эргүүлж авах нь уу намайг?
нөгөө ертөнцийн үүдийг онголзуулаад л
нөхөр Достоевский, рулет нааддаг байж
Мөрийч, магадгүй бусад номуудаа ч
тэгсээр бичиж гүйцээгээ биз.
мөрийтэй тоглож, зовлоо гээд
бүтээл туурвих ёстой гэж
би лав хэлэхгүй.
бүтээлийг тэгж хийх ёстой гэсэн
барьцтай арга ч гэж хаа байхав.
тойруулга руу яах ч гэж явав даа,
тоймгүй олон бусад юмсыг яах ч гэж хийв дээ.
эргээд харахад бүгдээрээ л хоосон чалчаа үгс төдий,
тийм биз?
авираад гарах дараагийн уул, дараагийн уналт
ахиад зөндөө хүлээж буй.
бохирсон хөлөө тэнийлгэж босоод
алив дараагийнх руу явцгаая!
ай тэр Достоевский, айхтар гөлөг байж шүү.
***
2021.12.08



Өглөө ажилдаа явж байтал

 Өглөө ажилдаа явж байтал манайх руу эргэдгийн наахантаа хоёр жижигхэн цагаан тэрэг замын хажуу руу шахаад зогсчихсон, цаахантаа жолооч нар нь бололтой хоёр залуухан бүсгүй томоотой нь аргагүй сууж байна. Халти ажваас нэг нь нөгөөгийнхөө араас жаахан түлхсэн бололтой, гэвч ил тод ажиглагдах хонхорхой, уранхай шинж тэмдэг лав л алга. Тус бүрийн даатгалаа дуудчихаад хорвоогийн явдлыг бясалгасан шиг сууж байгаа нь тэр бололтой. Хоорондоо харьцаж муудалцах шаардлагагүй болохоор цаг явж өгөхгүй байгаа юм болов уу хэмээн бодолхийлсээр би ажил руугаа орж явчхав өө.

Friday, December 03, 2021

Муухай эмо юм уншчихлаа. Хуваалцхаас.


- Өчигдөр надад дурлахыг чинь би мэдэрсэн.
- Яаж?
- Надад хүрэхдээ өмнөхөөсөө ондоо хүрсэн.
- Үгүй дээ. Би дандаа хүрдгээрээ л хүрсэн. Чамайг их эртнээс хайрлаж байгаа шүү дээ. Харин өчигдөр чи надад хайртайгаа мэдэрсэн.
Малена Край
«Эцсийн зурвас»

ТЭРГҮҮН ЭХ ХАМБА ДАРВИ ОДРЭЙДЫН ХИЧЭЭЛ

 


“Манхан” киног үзэх бэлтгэл ажил болгож Фрэнк Хэрбэртийн зургаан боть номыг уншиж эхлүүлсэн байсныг өчигдөр дуусгалаа. Анх 1965 онд хэвлэгдэж байсан Манхан (Dune) хэмээх энэ уран зөгнөлт романы үргэлжлэл болгож:
- Dune Messiah (Манханы Зөнч, 1969),
- Children of Dune (Манханы хүүхдүүд, 1976),
- God Emperor of Dune (Манханы эзэн бурхан, 1981),
- Heretics of Dune (Манханы тэрслэгсэд, 1984),
- Chapterhouse: Dune (Төв байр: Манхан, 1985) гэсэн таван роман гарсан байдаг. Хэрбэртийг 1986 онд нас нөгчсөний дараагаар түүний хүү Брайан Хэрбэрт, зохиолч Кэвин Ж. Андэрсоны хамт зохиолыг үргэлжлүүлэн олон боть (бараг арван хэдэн ширхэг) романуудыг гаргасан байна.

Ном дээр гардаг Бэнэ Жэссэритийн тухай би өмнө пост дээр оруулж байсан тул дэлгэрэнгүй тайлбарлахаас зайлсхийгээд энэхүү Дарви Одрэйдыг хэн бэ гэдгийг цухас танилцуулъя. Дарви Одрэйд бол Фрэнк Хэрбэртийн зургаан цувралын сүүлийнх болох Төв байр: Манхан романы гол дүрүүдийн нэг юм. Манхан романы гол дүр Пол Атрейдесын удмын хүн гэж гардаг ба Полын ээж Жэссикатай маш адилхан төрхтэй гэж дүрсэлсэн байдаг. Бэнэ Жэссэритийн толгойлогчийг Mother Superior гэдгийг би Тэргүүн эх хамба гэж монголчлов. Reverend Mother цол бүхий олон томцуулын тэргүүнд заларч буй гэдэг утгаар нь. (Рэвэрэнд гэдэг нь христитгэлт сүм хийдийн мяндагтныг хүндэтгэн дууддаг цол учраас ойролцоогоор нь хамба гэх маягийн)

Монголчилж буй энэ хэсэгт Одрэйд хэсэг хүмүүсээ дагуулаад гарцаагүй үхэл рүү явах үедээ дайсны хүмүүс рүү сэтгэл санааны дайралт хийж байгаа хэсэгт иймэрхүү хичээл болоод өнгөрдгийг хальт хуваалцъюу гэж санаад л. Утга зөрүү санагдвал бантагнасан миний чадал муу нь тэр зэрэг буй за.

***
Дарви Одрэйдын тухай нэмэлт мэдээлэл: https://dune.fandom.com/wiki/Darwi_Odrade
Зургийн эх сурвалж: https://www.mmo-champion.com/.../2491661-TV-Denis...
***

Бэнэ Жэссэритийн дэг жаягаар нэвт сургуулилсан түүний нүдэнд Иксийнхэн яаж ч зүсээ өөрчлөөд яалт ч үгүй танигддаг билээ. Тэдний нийгмийн суурь бүтэц нь хувь хүмүүст өөрийн өнгөө шингээсэн байдаг юм. Иксчүүд шинжлэх ухаандаа “улс төр, эдийн засгийн захиалгаар боломжит гэж үзсэн эрдэм шинжилгээг явуулах” гэсэн Хогбэнийхэрхүү хандлагатай байдаг. Энэ нь гэнэн итгэмтгий Иксийн ард түмний мөрөөдөл хүнд сурталтны төвлөрлийн бодит байдал буюу шинэ маягийн язгууртны үүсэл болсныг л харуулж буй хэрэг. Дайсантай ямар ч таатай байдлаар хэлцэл хийж тал нийлсэн хамаагүй угаас уруудах зам руугаа орсон нь Иксийг яагаад ч өөдлөхөөргүй байранд аваачжээ.

Бидний тулаан яаж өндөрлөхөөс ямар ч хамаарал байхгүй, Икс сөнөж байна. Бодит жишээ гэвэл Иксүүдээс сүүлийн хэдэн зууны турш ямар ч аугаа нээлт гарсангүй.

Сүипол эргэж ирлээ.
- Угтах хүн ирэхийг хүлээж бай гэнэ ээ.

Одрэйд энэ мөчид яриа үүсгэж Сүипол, хяналтын камер, өөрийн хөлөг дээрх улстай ярилцъя гэж шийдлээ.
- Сүипол, чи энэ бидний өмнө яваа Иксчүүдийг анзаарав уу?
- Тийм ээ, Тэргүүн эх хамбатан.
- Наадуулаа сайн хараад ав. Мөхөж буй нийгмийн бүтээгдэхүүнүүд. Ямар ч төрлийн хүнд суртлын аппаратаас гайхамшигтай шинэлэг нээлтийг сайнаар хүлээн авч хэрэглээнд нэвтрүүлнэ гэж найдах бол маш гэнэн хэрэг болно. Хүнд сурталтнууд өөр шалгуур тавьдаг. Юу гэдгийг нь мэдэх үү?
- Үгүй ээ, Тэргүүн эх хамбатан. – гэж хариулахаасаа өмнө Сүипол эргэн тойрноо сайтар нягтлан харав.

Мэдэж байна! Гэхдээ миний юу хийж байгааг ч бас мэдэж байна. Гайгүй ирээдүйтэй хүүхэд байж уу? Би ташаа бодож байжээ.

- Нэг иймэрхүү л шалгуур асуултууд байдаг юм, Сүипол. Хэн гавъяаг нь хүртэх вэ? Асуудал гаргавал хэн лайг нь үүрэх вэ? Хүчний тэнцвэрийг алдагдуулж биднийг ажилгүй болгочихгүй байгаа? Эсвэл манайхаас дорд аль нэг газрыг илүү ач холбогдолтой болгоод өсгөчихгүй байгаа?

Сүипол яг ярианы хэмнэлд тааруулан толгой дохин сонсох авч хяналтын камер руу хяламхийсэн нь илэрхий болгочихов уу даа. Одоо бол хамаа алга.

- Эдгээр асуултууд улс төрийн чанартай асуултууд. Хүнд суртлын чиг хандлага бол өөрчлөлтөд дасан зохицохын яг эсрэг байдгийг харуулж байгаа юм. Өөрчлөлтөд дасан зохицох чадвар бол амьд оршихуйн тэсэж үлдэх хамгийн чухал чадвар билээ. – хэмээн Одрэйд өгүүлэв.

Одоо гэрийн эзэдтэй шууд ярих цаг.

Одрэйд дээш харж гэрлийн бүрхүүлд суурилуулсан хяналтын камер луу хандан:
- Тэр Иксчүүдийг хараарай. Тэдний “урьдаас товлогдсон тодорхой ертөнцийн тухай бодол” нь юу ч тохиолдож байж болох боломж бүхий “хязгаар үгүй ертөнцийн тухай бодолд” зай тавьж өгчээ. Бүтээлч анархизм энэ ертөнцөд амьд гарах зам болно.
- Энэ хичээлд тань талархлаа, Тэргүүн эх хамбатан.

***

Орчуулсан: Д.Цогчулуун
ЧҮНДЖ Паблишинг
2021.12.03