Ганц хоёр долоо хоногийн өмнө байх, ямартаа ч УЛБАРын энэ бичвэрийг уншсан байсан юмдаг, ажил дээрээ сууж байтал утас дугарч байна. Мэссэнжэрээр Монголд буй номын дүү залгаж байх юм. Олныг хамарсан яриа хөөрөөнд хамсаатнаар голдуу чалчицгаадаг ч яг ингээд шууд нэгэндээ хандсан дуудлага энэ тэр хийж байгаагүй болохоор тэрүүхэндээ гайхазнаад, бас хэсэгхэн түгшисхийн байж хариуллаа.
- Байна уу? - гээд л.
Дүүгийн дуу гарч байна аа.
-За Санта руу залгачихлаа, яриарай, - л гэнэ. Аан нөхөр намайг Санта гэж хүүхдэдээ ойлгуулсан юм байна гэж бодонгуутаа би:
- Хэн бэ? Уудам мөн үү? - гэлээ. Чимээгүй хэсэг байж байснаа:
- Би таныг санаад байна. - гэх нэлээн сулхан дуу гарч байна.
Ээжийнх нь хэлснээр яг энийг хэлж байхдаа нүдэнд нь нулимс цийлэгнээд л явчихсан гэсэн.
Яалт ч үгүй бишүүрхлийн байдалд орж, хэлэх үгээ гээсэн хүүхэд сонсогдоод байсан тул би янз бүрийн юм далий юм хум асууж жаал тайвшруулах оролдлого хийсэн. Ээждээ "Сантатай ярих" хүсэлт гаргахад нь ингээд ёсоор болгочихно гэж бодоогүй тул тэрүүхэндээ тулгамдсан бололтой шиг билээ. Хүүтэй огт харьцаж байгаагүй хүн рүү залгахгүй бол эвгүй нөхөр дуугаар нь таньчихаж магад гэж бодоод над руу залгасан гэж дүү сүүлд нь тайлбарласан.
Хүүд магад сайхан санагдсан байх. Надад бол их дулаахан сэтгэл төрүүлсэн явдал болж өнгөрсөн ба дээр нь биднийг нэгэнт орхин одсон андыг эргэн сануулав. Хааяа сайн дураараа өвлийн өвгөн болоод найзуудынхаараа очиж аав ээжүүдийнх нь бэлдсэн бэлгийг хүүхдүүдэд өгч баярлуулдаг нөхөр байсансан. Тээр нэг жил манай гэрт ирж охиныг минь, бас хажууд нь цуг байсан үеэлүүдтэй нь ёстой л аав ээжүүддээ үзүүлдэггүй нандин үзүүлбэрүүдээ үзүүлтэл нь хөөргөж орхиж билээ. Дараа жил уулзая гээд л гарсансан.
Сайн хүний тухай гоё дурсамж сануулж өгсөн дүүдээ баярласан шүү, Солонго оо!
https://www.facebook.com/ulbarpublishing/posts/pfbid0rt4ztoXoLjtYXm4n8ywa2fvuppS3YcripTMKSs6x6yDzDuRqGN1bWH1bP3kizBdQl