Monday, December 14, 2015

Үгүй нээрээ бодохоор л урам хугарах юм.

Үгүй нээрээ бодохоор л урам хугарах юм. Банк дээрэмдсэн хүмүүсийг өмөөрөх хүмүүс ямар их байна аа. Дээрэм хэзээнээс хүмүүсийн дуртай гэмт хэрэг болчихсон юм? Тэр таалаад, дэмжээд байгаа хүмүүсийн гэрт буу тулгаж ороод байсан мөнгийг нь хуу хамбал “гэгээн цагаан өдөр, хоншоортой” үйлдэл хийлээ гэж хариу баяр хүргэх болов уу? Үгүй шүү дээ. Шилийн сайн эрсийн үе өнгөрсөн шүү манайхаан. Надад байхгүй юмыг зүгээр хүчээр булаагаад авдаг үйлдэл бол, уучлаарай нөхөд минь, хулгай. Хулгайчийг өөхшүүлэх гэдэг бол бүдүүн баргаар хэлэх юм бол хам хэрэг шүү! Төр засгийн эрхэнд байгаа хүмүүс тэрбум, тэрбумаар нь идэж байхад энэ бол юу ч биш гэнэ үү?

Үгүй дээ хонгорууд минь, нэг хулгайчийг нөгөө хулгайчаасаа бага хулгайлсан гэж магтах юм уу? Өөр хүмүүс зөндөө хулгай хийж байгаа нь чиний хулгай хийх шалтаг болохгүй шүү дээ. Нийтээрээ ийм хулгайч сэтгэлтэй байх юм бол энэ орон маань яаж хөгжих юм бэ? Өөрөө хулгай хийдэг хүнийг дэмждэг байж үр хүүхэддээ юу сургах юм бэ? Хулгай хийх муу гээд хүүхэддээ хэлтэл өөдөөс тань “Та тэр хүнийг зөв гээд байсан шүү дээ” гэж л хэлнэ.

Дээрэмчдийн тухай

Үгүй нээрээ бодохоор л урам хугарах юм. Банк дээрэмдсэн хүмүүсийг өмөөрөх хүмүүс ямар их байна аа. Дээрэм хэзээнээс хүмүүсийн дуртай гэмт хэрэг болчихсон юм? Тэр таалаад, дэмжээд байгаа хүмүүсийн гэрт буу тулгаж ороод байсан мөнгийг нь хуу хамбал “гэгээн цагаан өдөр, хоншоортой” үйлдэл хийлээ гэж хариу баяр хүргэх болов уу? Үгүй шүү дээ. Шилийн сайн эрсийн үе өнгөрсөн шүү манайхаан. Надад байхгүй юмыг зүгээр хүчээр булаагаад авдаг үйлдэл бол, уучлаарай нөхөд минь, хулгай. Хулгайчийг өөхшүүлэх гэдэг бол бүдүүн баргаар хэлэх юм бол хам хэрэг шүү!

Төр засгийн эрхэнд байгаа хүмүүс тэрбум, тэрбумаар нь идэж байхад энэ бол юу ч биш гэнэ үү? Үгүй дээ хонгорууд минь, нэг хулгайчийг нөгөө хулгайчаасаа бага хулгайлсан гэж магтах юм уу? Өөр хүмүүс зөндөө хулгай хийж байгаа нь чиний хулгай хийх шалтаг болохгүй шүү дээ. Нийтээрээ ийм хулгайч сэтгэлтэй байх юм бол энэ орон маань яаж хөгжих юм бэ? Өөрөө хулгай хийдэг хүнийг дэмждэг байж үр хүүхэддээ юу сургах юм бэ? Хулгай хийх муу гээд хүүхэддээ хэлтэл өөдөөс тань “Та тэр хүнийг зөв гээд байсан шүү дээ” гэж л хэлнэ.

Thursday, December 03, 2015

ИНГЭХЭД ЦАГ ХЭД БОЛЖ БАЙГАА БИЛЭЭ?



Бороон дуслуудын чимээг сонсоод жолоон дээр эрүү тавин бодлогоширч суулаа. Дээвэр бөмбөрдөх хэсэг нь арай бүгтдүү харин салхины шилэн дээр бууж байгаа хэсэг нь нөгөөхөө бодвол арай л шингэндүү дугарах нь холилдоод нэгэн төрлийн алс орны зэрлэг омгийнхны галын ёслолын бичлэгийн хэсэг мэт сонсогдоно. Дүн дүн тог тог... дүн дүн тог тог... дүн дүн тог тог...

Тасхийтэл их чимээ гарган унахад бүгд сэртэсхийн тийшээ харав. Нүүр нь хагараад юм үзэхийн аргагүй болчихож. “Өө одоо тэгээд наадах дээрээс чинь юу ч харах аргагүй боллоо шт. Алив симийг нь гаргаж ирээд миний утсанд хийгээд дээр нь байгаа мэссэжээр л хөөхөөс. Байна уу? Өө за болж байна.

Би дасал болсон 64 дүгээр дэлгүүрийн тэндээс усан борооноор дугуйтай явж байна. ТИС-ийн хоёрдугаар байрны хойд талын замаар урсгал сөрсөөр МУИС-ийн хоёрдугаар байрны зүүн талын уулзварын баруун хойд үзүүрт байрласан жижигхэн Солонгос хоолны мухлаг руу аанай л урсгал сөрсөн хэвээр ус үсчүүлэн давхиж очлоо. Шөнийн харанхуйд тэрүүгээр ямар ч машин үзэгдэхгүй нь үгүй мөн сайхан завшаан аа. Гялгар үүдэвчийг сөхөн яваад ороход буурал үстэй ч гялалзуур байрын авгай байна. Царай нь их л үзсэн хүнийх шиг танил төрхтэй ч яг тэр байна даа гээд нэр оноогоод өгчих аргагүй. Намайг ороод суухын сацуу шил шилээ даран хүмүүс цувсаар жижигхэн мухлаг дүүрчих нь тэр. Би утсан дээрээсээ уншсан нэг мэссэжийг санан инээд хүрэв. “Манай информатикынхны охид үнэхээр хөөрхөн” гэж амандаа давтан хэлэхэд мухлагийн эзэн авгай сэртэсхийн над руу харав. Тээнэгэлзэж, хардсан харц. “Манайхан бараг 30-уулаа байсны тэн хагас нь маш хөөрхөн охид” гэж намайг хэлэхэд нөгөө авгай “За одоо хангалттай. Чи яах гээд өдөөд байгаа юм” гэхэд эргэн тойрон байсан хүмүүс бас би нэгэн дуугаар инээлдэцгээж эхлэв. Би мухлагийн эзэн авгайн мөрөөр ихэд дотночлон тэвэрч “Ээ эгч минь уурлах хэрэггүй дээ. Таны утсан дээрх мэссэжийг уншсан юм аа” гэхэд нөгөө эгч бүр адган тэвдэж “Муу хулгайч” хэмээн намайг түлхэв. Би түүний мөрийг тавьсангүй. Яагаад ч юм эгчийн ихэд бухимдангуй байгаа нь миний хувьд хөгжилтэй санагдах аж. “Үгүй ээ, та буруу ойлгоод уурлаад байх юм даа. Таны утсыг олоод дугаарыг тань олчих санаатай нээж үзэх гэж байгаад энэ нөхөр алдаж унагаад дэлгэцийг нь хагалчихсан юм аа. Тэгээд би өөрийнхөө утас руу симийг нь хийж харахад тэр мэссэжүүд ороод ирсэн. Таны утас мөн бишийг мэдэх санаатай л тэр мэссэжүүдийг би албаар хэлсэн байхгүй юу” гэж намайг учирлахад эгчийн царай, ааш хоёр нь эрс засраад ирдэг юм. “Өө миний дүү яасан сайн юм бэ, энэ чанасан зайдаснаас авах уу” хэмээн найр тавихад нь би эелдгээр татгалзаад усан бороо руу эргээд гарав.

Цаг хэд болж байгаа бол? 22:38 pm.

Би дугуйтайгаа машин зам руу маш эрчтэй орж байна. Баруун тал руу харахад ус үсчүүлсээр том ачааны машин айсуй, зүүн тийшээ харлаа түргэний тэрэг наад талын урсгалаар дохиогоо хангинуулсаар ирж явна. Би зогсох арга байхгүй. Шууд л байдгаараа хурдан жийсээр эхлээд түргэний тэргийн урдуур гармагц зүүн тал руугаа огцом дараад ачааны машины урдуур орж явчив. Нэлэнхүйдээ усан мандалтсан зам дээрх тормозын эвгүй дуутай зэрэгцээд сигналын дээрэлхүү чимээ чих дүлийрүүлэм дүнгэнэсээр ард хоцорлоо. Би хурдлан жийсээр дараагийн уулзвар дээр дугуйгаа шарвуулан бүтэн эргээд дахиад л нөгөө ачааны тэргийн жолоочийн авхаалжийг шалган урдуур нь хэрэв. Энэ удаа тормозын чимээ ч, сигналын дүнгэнээн ч байхгүй. Харин миний амьсгаа маш өндөр, аюулхай тушаа түмэн эрвээхий залгисан юм шиг бадрангуй мэдрэмж төрөх нь адреналиндаа хахан буйг маань надад хэлэх шиг. Энэ лав Улаанбаатар биш ээ? Уултай, модтой, хаанахын юм бүү мэд.

Би цааш жийсээр нэгэн тойрог дээр ирэв. Тойрог руу нийлсэн өөр замаар намайг таньдаг бололтой нэгэн хүн гараа даллан мишээсээр урдуур яваад өнгөрлөө. Би ч хариу даллав. Түүнийг хараад сэтгэл ихэд амарч байх шиг. Сайн найз маань юм шиг байна. “Шинэ жилдээ ямар ч байсан амжиж дээ?” хэмээн бодогдох юм. Шинэ жил хийж байгаа юм бол юуны учир бороотой байна? Би тойргоор маш хурдтай хэд хэд тойров. Хэд дэхээ ч юм бүү мэд тойрч ахуйд хажууд баахан залуус миний таньдаг нөгөө залууг түүдгийн голд сор залах гэж байгаа маягаар тэлээд хүлчихсэн байх юм. Тойроод зогсож байгаа залуусыг би бүгдийг нь танина. Би тэдэнд ойрхон их чахарсан дуу гарган тормозлоод зогслоо. Тэгээд хөдөлгүүрээ унтраагаад мотоцикл дээрээсээ буув. Байз байз, би чинь дугуйтай яваад байгаагүй бил үү? Яахын аргагүй жийгээд яваад байсан даа. Энэ одоо хаашаа юм, зүүд юм байх даа? Зүүд юм байна шт. Тэгнэ ээ тэр энэ залуус одоо юу боллоо гэж замын хажууд хүнээр сор залах гээд зогсоцгоож байх вэ дээ? Тээнэгэлзэн зогсох зуураа ингэж бодчихоод би цаашаагаа маш итгэл төгс алхав. Сор залаачдын захад байсан бадриун залуу бодибилдингийн үзвэр үзүүлж байгаа аятай биеэ чангалан над руу алхаж эхэллээ. Би олон юм ч бодсонгүй гараа сунгаад “За юу байна, дүү хүү” гэв. Угаасаа ихэнхи нь надаас дүү юм. Нөгөө залуугийн байдал эрс өөрчлөгдөж “Өө ах” гэх нь намайг хэн болохыг таньсных байлаа. Түүнийг хараад цаана байсан залуус бүгд өөрчлөгдөв. Бүгд над руу гар сунган дөхөхөд би “За сонин юу байцгаан даа, дүү нараар. Манай Арсеналын дүү хүүгээр сор залах гэж байгаа юм уу даа?” хэмээн инээхэд нөхөд ч дагаж инээлдэв. “Харин тийм ээ, таныг ингээд ороод ирнэ гэж яаж мэдэх вэ” гэсээр тэдний нэг нь манай нөгөө нөхрийг хүлгийг тайлж эхэллээ. Түрүүлж ирсэн залуугийн далыг алгадангаа “Та нар хэзээ ирээв?” гэхэд “Ирээд удаагүй ээ, манай ангийн охид тэнд байгаа” гээд ойролцоох модны нөмөр лүү заахад нэлээн хэдэн охид бөөгнөрөн суугаад бидний чигт харж байв. “Нөгөөдүүл чинь хаана байгаа юм?” хэмээн би бөөгнөрүүлсэн түлээн дунд зогсох “манай” залуугаас асуухад гарынхаа хүлээс олстой ноцолдож байснаа болиод “Одоо хүрээд ирэх байх аа, хойноос ирж явах учиртай” гэж хариулав. Тэгтэл надтай яриад зогсож байсан залуу “Манай информатикийнхны охид маш хөөрхөн” гэснээ үргэлжлүүлэн “Манайхан бараг 30-уулаа байсны тэн хагас нь маш хөөрхөн охид” гэж хэллээ. Надад энэ мэдээлэл нэг л ойлгомжгүй санагдав. “Яагаад гэнэт хөөрхөн охид яриад унав?” хэмээн намайг асуухад залуу нөгөө бүлэг охидын тийшээ толгой сэжин, “Ялангуяа тэр зүүн захад сууж байгаа охин надад маш их таалагддаг” гэж хэлэв.

Хэ хэ хэ. Хэн нэгний даажинтайяа инээх дуунаар нүдээ нээвэл хажууд нэг эгч зогсож байна. Цал буурал үстэй ч ануухан юм аа. Мухлагийн эгч л нэг иймэрхүү төрхтэй байсан даа. “Хөөрхий дөө, ийм том болчихоод машин болж тоглоод суух юм” гэхээр нь гайхан хартал аль хэдийн хувхайрч хоосорсон машины кабин дотор шалбайтлаа норчихсон, жолооноос нь атгаад сууж байх юм. Бороон дусал дээврийг ч, салхины шилийг ч бөмбөрдсөн юм байхгүй харин ч миний толгой дээр бууж үсээр дамжин нүүр луу нэлэнхүйдээ урсаж байх юм. Бороон дусал нулимс шиг шорвог амттай. Эсвэл нулимс бороон дусал шиг урсдаг бил үү?

Ингэхэд цаг хэд болж байгаа юм бол? 23:18 pm.

Saturday, August 29, 2015

АНАЛИЗ: ПЕТР ЧЕХ


Арсэн Вэнгэр хамгийн сүүлд 33 настай хаалгач авахад Арсенал бүтэн улирал хожигдолгүй тоглож Премьер лигт түрүүлж байсан. Петр Чехэд маань Йенс Леманы энэхүү “Ялгуусан” амжилтыг давтах боломж гарахгүй нь тодорхой болсон ч түүний шилдэг хаалгач гэдэгт огт эргэлзэх хэрэггүй ээ.

Түүнийг Арсеналын дэмжигчдэд танилцуулаад байх ч шаардлагагүй. Челсигийн бүрэлдэхүүнд 11 жил тоглохдоо Премьер лигийн 162 тоглолтод хаалгаа хуурай манасан гэдгээрээ Дэвид Жэймсийн дараа орох үзүүлэлт юм. Нөгөөх нь түүнээс ердөө хоёроор илүү. Гуч гарснаасаа хойш форм нь унах яагаа ч үгүй гэдгээ мань харуулаад л яваа.

Өнгөрсөн гурван улиралд дунджаар 78 хувийн амжилттай хааж байсан нь лигтээ тэргүүлэх үзүүлэлт. Чех Арсеналыг цухалдуулах тун чиг дуртай. Арсеналын эсрэг арван удаа тоглохдоо зургаад нь гоол алдаагүй. Өнгөрсөн улирал Тибо Куртуагийн оронд манай эсрэг хоёр удаа тоглосон тоглолт ч үүнд багтаж байгаа.


Чехийн хувьд анх ирэхэд нь Карло Кудичини нөөц рүү шилжсэн шиг нөөц хаалгачаар олон жил тогловол зовлонгүй байх байсан. Гэвч шууд өрсөлдөгч багтаа ирэх шийдвэр гаргасан нь түүний амжилтын төлөө гэсэн эрмэлзлэлийг харуулж байгаа юм.

Нэг бодлын хүслээ биелүүлж байгаа хэрэг л дээ. Намайг 20 настай, Францын Реннд тоглож байхад Арсенал авах гэж хичээсэн боловч ажиллах зөвшөөрөл бүтээгүйгээс болж наймаа унаж байсан. Цом түүх гэсэн клубын зорилт ч миний хувийн амбицад тохирч байгаа. Арсэн Вэнгэртэй ярилцсан маань миний шийдвэр гаргахад их нөлөөлөсөн л дөө. Карьерынхаа яг энэ үед хийхийг хүссэн төслийг маань надад гаргаж өгсөн." гэж Чех өөрөө ярьж байна.

Ер нь бол Чех Арсеналд дасан зохицоход тийм ч их хүндрэлтэй байхгүй. Түүний гэр бүл угаасаа Лондонд байрлаж байгаа, хэл усны бэрхшээлгүй, Премьер лигийн тоглолтыг мэддэг. Хаалгач нар том клубуудэд тоглоход эхнээс нь авахуулаад бөөн шүүмжлэл, дүн шинжилгээ хийгдэж эхэлдэг ч Чехийн хувьд эдгээр хүчин зүйлүүд нь дасан зохицоход маш нэмэртэй байх болно.

Гэвч нөгөөтэйгүүр Чехийн хувьд Арсеналын тоглолтын арга барилд дасах хэрэгтэй болно. Челсид байхдаа их татаж тоглодог хамгаалалтын ард зогсдог байсан. Жозе Моуриньо хамгаалалтын шугамыг өөрийн 16-гийн ирмэгээр тогтоож хамгаалдаг ба Моуриньогийн эхний ба хоёр дахь томилгооны хооронд байсан ихэнх менежерүүд түүнтэй төстэй арга барилаар тоглодог байсан.

Ганц өөр тоглолттой нь гэвэл Андрэ Виллаш-Боаш. Тэрээр хамгаалалтыг нэлээн дээш түлхэж, Чехийг тоглолтод идэвхитэй оролцож, хааяа арван зургаагийн гадуурх хэсгээр цэвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байхыг зааварчилж байсан. Багийнхан нь тэр арга барилаар тоглохдоо ихэд тухгүй байсан ба чухам түүн дээр нь Арсенал ажиллаад 2011 онд Стамфорд Брижд 5-3аар хожсон билээ. Премьер лигийн тоглолтод Чехийн 5 гоол алдсан ганц тохиолдол нь энэ.


Чех гэхээсээ илүү хамгаалагч нар энэ системд тохирох гэж үйлээ үзсэн билээ. Гэхдээ Чехийн хувьд Арсеналд энэнээс арай өөр арга барилд дасах хэрэгтэй болно.

Буучид довтолгоо зонхилсон сэтгэхүйтэй баг учраас ихэнх цагийг эсрэг багийн талд өнгөрөөдөг. Иймээс хамгаалалтын шугамын ард их зай гардаг нь Чехийн хувьд Андрэгийн шаардаж байсан шиг тоглолтыг биш ч өөрийн дассанаас өөрөөр тоглох шаардлага үүсгэж байгаа юм.

Хаалгач нь талбайн бусад тоглогч шиг үүрэг хүлээдэг болсон өнөө цагт Чехийн тайван, хашир зан нь маш их хэрэгтэй. Хаалгачийн ур чадварт нь эргэлзэх ч шаардлагагүй юм. Өмнө хэлсэнчлэн амжилттай хаалтын хувь түүнийг хангалттай харуулж байгаа байх. Тэрнээс гадна Чех өөрийн талбайг маш сайн удирдаж, зохион байгуулалт хийдэг.

2006 онд Рийдингэд гавлын ясандаа бэртэл авснаас хойш агаараар ирж байгаа бөмбөгийг хамгаалахаас эмээх болсон гэж зарим хүмүүс ярьдаг ч үнэндээ тийм биш юм. Тэр бэртлээсээ бүрэн эдгэрснээр барахгүй жигүүрээс довтолж байгаа үед ч тун идэвхитэй хамгаалдаг. Хэрэгтэй үед хаалгаа орхин гарч ирж туслалцаа үзүүлэхэд бэлэн байдаг учраас тэрээр хамгаалагчдын итгэж болох хаалгач юм.

Ерөнхийд нь дүгнэхэд Арсенал түүнээс илүү хаалгач авна гэж төсөөлөхөд бэрх. Чех маш мэргэжлийн, улсын бас лигийн онцлогийг сайн мэднэ, тэгээд ПЛ-т дөрвөн удаа түрүүлж байсан. Улирлын төгсгөлд энэ тоо нь тав болж өөрчлөгдвөл түүнийг авсан нь маш зөв шийдвэр байсныг батлах буйзаа.



Онгироод дахиад нэгийг Арсенал цэг ком дээрээс бантагнасан Цогоо.

ЛОРАН КОСИЭЛНИ – АРСЕНАЛЫН ФЭНҮҮДИЙН ДЭМЖЛЭГ ҮНЭХЭЭР ГАЙХАМШИГТАЙ


Эртээ урьдын цагт, тодруулж хэлбэл 5 дугаар сарын 17-ны Даваа гарагт, хуучин дасгалжуулагч Даниель Санчез нь Лорианы төвийн хамгаалагч Лоран Косиэлни руу залгаад Арсэн Вэнгэр өөрийг нь ихэд үнэлж байгааг дуулгажээ. Санчезыг их хүндэтгэж явдаг болохоор Лоран түүнд огтхон ч эргэлзсэнгүй. Сар хагасын дараа гэхэд л Лорианы хамгаалагч Арсеналынх болчихсон сууж байв. Нэг мэдэхэд л Францийн 1 ба 2 дугаар лигт тоглож байсан, олонд төдийлөн танигдаагүй ч хувьдаа нэлээн шийдэмгий хамгаалагч маань Анфильдэд гарах Арсеналын бүрэлдэхүүнд зогсож байлаа. Арсеналын менежер түүний юуг тэгтлээ их үнэлж багтаа нэгтгэснийг харуулахаар тогтож ядан байна.

Утсаар дуудлага хүлээн авсан өдрөө Лоран огт мартдаггүй. Хөлбөмбөгт шидэт үлгэр гэж байдаг бол түүний л түүх байх ёстой, бас сайхан төгсгөлтэй гэдэгт итгэх хүн Лоранаас өөр байхгүй биз ээ.

Арсеналын албан ёсны сэтгүүлийн сурвалжлагч Жулиен Лоренс түүнтэй уулзаж ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна. (Ливерпүүлтэй хийсэн тоглолтын өмнөхөн ярилцсан яриа шүү.)

Арсеналд ирснээс хойш юу хамгийн их таалагдав?
Надад хамгийн таалагдсан зүйл гэвэл бүх юм нь тоглогчийг хөлбөмбөгөөс өөр зүйлд сатааралгүй сайн тоглох талаар л төвлөрч байхаар зохион байгуулагдсан байсан нь юм даа. Бусад бүх зүйлийг зохицуулчихсан. Том клубын чанар энд харагдаж байгаа юм уу даа. Сэтгэл санаа чинь ерөөсөө л Клубын төлөө хамаг бүхнээ зориулахад л чиглэсэн байдаг. Өөр юунд ч санаа зовох шаардлагагүй. Ганц жишээ хэлэхэд миний Франц дахь гэрээс энд нүүж ирэх асуудлыг бүгдийг нь зохицуулсан.

Мэдээж клубын байгууламжууд үнэхээр сэтгэл татам. Францтай харьцуулах юм биш. Бэлтгэлийн бааз, талбайн чанар зэргээр бол хол хаяна. Францын лигт тоглодог зүлэгнээс хавьгүй илүү шүү.

Шинэ багийнхныхаа тухай анх юу гэж бодож байв?
Юуны өмнө баг маань миний өмнө тоглож байсан багаас эрс өөр байсныг хэлэх ёстой. Том том шагнал авч байсан том одуудтай өмнө нь тоглож үзээгүй байсан болохоор мэдээж асар их ялгаа байсан. Тийм авъяастай, том тоглогч нар гэхэд бүгд их эелдэг, даруу хүмүүс. Маш сайн бүрэлдэхүүн. Хүн бүр бэлтгэлээ шамдан хийж, нэг нэгнийхээ төлөө ажилладаг. Хэн ч өөрийгөө бүхнээс дуугүүр, клубээс илүү гэж үздэггүй.


Франц тоглогч нар хэр туслав?
Үнэхээр тус болсон. Одоо ч хэвээрээ. Энд ирэхээсээ өмнө би англиар ерөөсөө ярьж байгаагүй болохоор эхний хэдэн бэлтгэлээр франц тоглогч нараар дасгалжуулагчдын хэлснийг орчуулуулж байлаа. Тэднийхээ ачаар л би маш хурдан идээшиж чадсан. Би Англи хэлний сургалтад хамрагдаад одоо бараг талбай дээрх ярианууд, бас хувцас солих өрөөнд болдог наргиануудыг ч ойлгодог болоод байгаа. Анх ирэхдээ залуусаас зарим нэг хэрэгтэй үгээ асууж байсан юм. “Man on”(хүнээ ав), “time” (цаг), “up” (дээшээ) гэх мэт. Хамгаалагчийн хувьд би хүмүүстэй их харьцаж тоглолон учраас иймэрхүү үгсийг мэдэх шаардлагатай байдаг л даа.

Лондонтой танилцаж амжсан уу?
Үгүй ээ, хараахан амжаагүй байна. Би зочид буудалдаа л байнаа одоогоор. Гэхдээ удахгүй байранд орох байх. Зочид буудалд байхаар тух муутай юм. Лондон хотын төвөөр ч орох цаг гараагүй байна шүү дээ. Гэйл Клишитэй нэг удаа оройн зоогонд орсон. L’Atelier гээд сайхан франц ресторанд орсон. Зочид буудлын хоол гурван долоо хоног идсэний дараа сайхан франц хоолоо идэхэд таатай байсан гэж. Одоохондоо машин аваагүй байгаа болохоор ийш тийшээ ч явж чадахгүй юм. Хэдэн долоо хоногийн дараагаас харин хоттойгоо сайхан танилцаж эхлэх байх гэж найдаж байна.

Арсенал таныг сонирхож байгаа тухай анх хэзээ сонсов?
Маш сайн санадаг. 5 дугаар сарын 17-ны Даваа гараг байсан юм. Хагас сайнд нь бид улирлын сүүлийн тоглолтоо Лилльтэй хийчихээд байж байлаа. Тэгтэл Даваа гарагт Турт миний дасгалжуулагч байсан Даниель Санчез залгадаг юм байна. Босс тэр хоёр сайн танилууд байсан бөгөөд миний тоглолт түүнд их таалагдаж байгаа тухай хэлсэн.


Наймаа явагдах гэж нэлээн юм болсон доо. Та ер нь найдваргүй боллоо гэж бодож байв уу?
Таван долоо хоног болоход ч ёстой зүсэн зүйлийн юм бодогдсон шүү. Анх их хурдан бүтчих байх гэж бодож байсан ч Лориен хэр их мөнгө нэхэж байгааг сонсоод сэтгэлээр уначихсан. Тэгээд л нэг шат ахиад хоёр шат ухраад байгаа ч юм шиг сонин байж байснаа арай гэж нэг юм болсон шүү. Лориен ч сүүлдээ энэ бол миний хувьд маш том боломж юм гэдгийг ойлгосон доо. Ямар Лиг 1-ийн дундаж клуб байгаа биш дэлхийн хамгийн том клубуудын нэг Арсенал ирж байхад Лориен миний боломжийг үгүйсгэхгүй л дээ.

Арсеналыг том клуб гэдгийг одоо мэддэг болоо биз дээ?
Мэдээж. Багийн нэг хэсэг болчихоор бүр илүү мэдэрдэг юм байна. Францад байхдаа Премьер лигийн тоглолтыг амралтын өдрүүдээр үзэж, Арсеналыг хардаг байлаа. Гэхдээ клубын эргэн тойрны уур амьсгал, фэнүүдийн сэтгэл хөдлөл, бусад зүйлсийг зурагтаар харахгүй шүү дээ. Австрид бэлтгэл хийхээр очиход өдөр бүр л мянга гаран фэнүүд хүлээж байдаг байсан. Өмнө нь тийм юм би л лав харж байгаагүй. Фэнүүдийн клубээ хайрлах хайр нь үнэхээр гайхамшигтай. Жинхэнэ хайр гэж л энэ байх. Арсеналд хамаг юмаа зориулж байгаа нь өөр соёлтой Франц хүний хувьд их содон санагдсан. Манай тэнд гэхэд хөлбөмбөгийн өмсгөлтэй фэн гудамжаар явж байхыг барагтай л бол харахгүй. Харин энд бол хаа сайгүй шүү.

Гишүүдийн өдөр, фотодуудлагын өдөр танд хэр таалагдав?
Өө их таалагдсан. Их урт өдөр байсан ч сайхан байсаан. Клубт хэрэг болох бүх фото зураг, бичлэгүүдээ хийлгээд, дараа нь бэлтгэлээ хийчихээд фэнүүдтэй уулзсан. Францад бол бүгдээрээ нэг зураг авахуулчихаад л харьцгаадаг. Клубын хэмжээ хэр зөрүүтэй байгаа нь энэ мэт үйл ажиллагаануудаар харагдаж байгаа юм л даа.

Клубын түүхийг хэр мэдэх вэ?
Ноён Вэнгэр ирээд франц тоглогч нарыг авчирч эхлэхээс эхлээд л мэднэ дээ. Франц тоглогч нартай болохоороо ч тэр үү тэнд нэлээн дэмжлэгтэй шүү. Хос цом авч байсан улирлыг үзэж байсан. Бас мэдээж 2004 оны ЯЛГУУСАН улирлыг ч үзсэн.

Арсэн Вэнгэр
Улирлын өмнөх бэлтгэлээр Арсеналын хэрхэн тоглодгийг мэдсэн байх. Таны сэтгэгдэл?
Өмнө тоглож байснаас маань эрс өөр. Анх ирэхдээ зөөлөн эхлээд аажмаар хүндрэх маягаар явах болов уу гэж бодож байлаа. Ёстой эсрэгээрээ юм болсон. Шууд л хамаг хурдаараа нүдээд эхэлж байгаа юм. Нэг цахим төхөөрөмж зүүчихээд бэлтгэл хийгээд, бүр тоглолт дээр хүртэл өмсдөг.

Бэлтгэлийн үеийн хурд, хэмнэл ёстой галзуурмаар. Хүн бүр л биеэ 200 хувь дайчилж зүтгэнэ. Гарааны бүрэлдэхүүнд байраа эзлэе гэвэл тэгэхээс ч аргагүй. Лиг нь угаасаа тийм өрсөлдөөнтэй пижигнэсэн тоглолттой байдаг болохоор бэлтгэл нь тэрнийгээ дагаад эрчтэй байхгүй болдоггүй байх л даа.

Эхэндээ ч үнэндээ хэцүү байсаан. Бие маань бүрэн сэргэлт автлаа их уддаг байлаа. Ялангуяа өдөрт хоёр удаа бэлтгэл хийж байхад бүр хэцүү байсан ч бага багаар ахисаар байгаад бие маань энэ шинэ хэмнэлд дасч эхэлсэн шүү. Өдөр ирэх тусам бэлтгэл дээр ч, тоглолт дээр ч улам эрчтэй болоод байгаагаа мэдэрч байна. Хэлний асуудал ч ариллаа, юм бүхэн яг сайхан гольдролдоо орж байна даа.


Өөрийгөө танилцуулаач?
Мэргэжлийн тоглогч болох хоёр зам байдаг. Хамгийн түгээмэл, уламжлалт гэж хэлж болох зам нь бүүр багаасаа аль нэг академид орж ахьсаар яваад үндсэн багт дэвших, эсвэл над шиг түгээмэл биш замаар явж болдог. Би бүүр нэлээн оройтоод 17 нас хүрсэн хойноо Францын хоёрдугаар дивизионы Гвингамп гээд багийн академид элсэж байсан юм. Дараахан нь тэр лигтээ анхны тоглолтоо хийсэн.

Намайг баруун ар дээр тоглуулаад байсанд би тийм ч дуртай байгаагүй. Дараа нь би Францын гуравдугаар дивизионд тоглож байсан Тур луу шилжсэн. Тэд их амбицтай клуб байсан юм. Би төвийн хамгаалагчаар тоглож байлаа. Аз туршсан нүүдэл байсан ч тэнгэр түшиж бид дээшээгээ дэвшиж чадсан. Тэр улирал бид их сайн тоглосны дараа Лориен намайг авсан даа. Лиг 1-т ганц улирал тоглоод л энд ирсэн маань энэ шүү дээ. Хүмүүс шаргуу хөдөлмөрлөж, өөртөө итгэлтэй байвал хамгийн галзуу мөрөөдөл чинь хүртэл биелэх боломжтой гэдгийг би биеэрээ батлаад явж байна.

Тэгэхээр та багадаа мэргэжлийн хөлбөмбөгчин болъё гэж боддоггүй байжээ?
Харин тийм. Түрүүн хэлсэн дээ. Нэлээн том болтлоо хөлбөмбөгчин болох талаар боддоггүй явж байсан. Ер нь хөлбөмбөгт тэгтлээ донтоогүй байсан хэрэг. Зүгээр сонирхлоороо тоглоод л зугаацаад явж байлаа. 15, 16 насандаа бол юун хөлбөмбөгчин болох хичээлдээ шамдаад л таван онцын эзэн болоод явж байлаа шүү дээ.



Гэхдээ танайхан хөлбөмбөгчид байсан байх аа?
Францын төв хэсэгт Тулль гээд жижигхээн хот бий. Манай тэр хавиар хүмүүс голцуу рагби сонирхдог байсан ч манайхан хөлбөмбөгт амиа тавьдаг байсан юм. Би дөрөвтэйдээ тоглож эхэлсэн. Амралтын өдрүүдээр явж аавынхаа тоглохыг хардаг байлаа. Аав маань довтлогч байсан бөгөөд Францын гурав, дөрөвдүгээр дивизионд их сайн тоглосон. Ах маань ч гэсэн тоглодог. Гэхдээ доод түвшинд л дээ.

Томас Вэрмалэнтэй хэр нийцэж байна?
Би Томастай их сайн харьцаатай. Тэр их сайн тоглогч бас их сайн хүн. Маш шаргуу. Бид хоёр тэр талаараа төстэй байх. Төвлөрөл, хөдөлмөрч зан, шийдэмгий гээд бидэнд төстэй талууд их бий. Хамт тоглоход их амар байдаг. Хэлний хувьд ч асуудалгүй. Анхны өдрөөс л хоорондоо сайн ойлголцоод ирсэн. “Верминатор” гээд хоч нь ч таалагдаад байгаа.

Та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?
Надад Криштиано Рональдо шиг ур чадвар байхгүй, Видич шиг бахим биш. Гэхдээ би өөрийнхөө чадлын хэмжээнд тэмцдэг. Энэ түвшинд хүрэх гэж би их хичээсэн, ингээд зогсоно гэсэн бодол ч алга.

Таны давуу талууд?
Би шаргуу тэмцдэг, бас бууж өгдөггүй. Айлын тоглогчийг барьж тоглох үедээ довтлогч нарт амьсгалах зав өгдөггүй. Нэгийн эсрэг нэг халз тоглох маш дуртай. Ур чадварын хувьд би үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг хичээж ирсэн. Ялангуяа Арсеналд би довтолгоо эхлүүлэх хүн учраас дамжуулалт дээрээ анхаарч хичээллэдэг. Тоглолтын явцыг уншиж, айлын хүмүүсийн үйлдэл, дамжуулалт, бөмбөг хааш явах зэргийг урьдчилан тааварлах тал дээр их сайжирсан.



Францад өнгөрүүлсэн сүүлийнхээ улиралд нэгийг эсрэг нэг халз тоглолтод огт ялагдаагүй гэдэг чинь үнэн үү?
Тэгж ярьцгаадаг юм. Миний дуртай тохиолдол л доо. Биеийн, ур чадварын, бас сэтгэл санааны халз тулаан. Хуурмаг хөдөлгөөн, шийдвэр гаргалт гээд яг л жинхэнэ тулаан шиг байдаг. Довтлогчид сайн хөлөөрөө хаалга руу цохих боломж гаргахгүй байх гэж их хичээдэг. Ийм тохиолдолд нэлээн ухаан зарж тоглох ёстой.

Өөрийн тоглолтоос сайжруулах хэрэгтэй байгаа талыг нэрлэ гэвэл?
Миний хувьд мэдээж туршлага хангалтгүй байгаа. Тэр тал дээр сайжрахын тулд дээд түвшинд тоглох хэрэгтэй. Энд харин дээд түвшин байна. Хичээллээд сурчихдаг юм биш туулж гарч байж олж авдаг юм шүү дээ. Зарим нэг тохиолдолд туршлага хэрэг болно гэдгийг би мэдэж байгаа. Биеийн тамирын хувьд ч гэсэн илүү хөгжүүлэх хэрэгтэй. Хамгаалагчийн хувьд нэг их том хүн биш учраас жаахан жин нэмэх хэрэгтэй байна. Шилдэг хамгаалагч байхын тулд бие томтой байх албагүй гэж би боддог. Бусад талаараа нөхчихнө шүү дээ.

Та Тони Адамсын алдарт 6 дугаарыг авч байгаагаа мэдэх үү?
Энэ дугаарыг зүүдэг байсныг нь анзаараагүй ч түүний тухай би мэддэг байсан. Өөрийнхөө хүрсэн түвшинд хүрэхийн тулд хэрхэн шаргуу ажилласныг нь би биширч байгаа. Энд бол нэлээн нөлөө бүхий байсан юм билээ. Мундаг төвийн хамгаалагч, бас хүчтэй ахлагч байсан. Тухайн үедээ тийм ч ур чадвартай тоглогч байгаагүй ч маш сайн ажиллаж чадсан учраад их сайхан замналаар явсан юм билээ.

Таны хувьд шүтээн чинь хэн бэ?
Лоран Блан. Миний хувьд тэр төгс хамгаалагч. Үнэхээр чадварлаг, бусдын хайрыг татсан, жинхэнэ удирдагч. Тоглож байгааг нь харах юм бол ерөөсөө “дарга”. Хамгаалалтын төвд түүнтэй байхад бол айна гэж байхгүй дээ.



Блан одоо Францын шигшээгийн дасгалжуулагч хийж байгаа. Таныг сүүлийн тоглолт дээр дуудаагүйд урам хугарсан уу?
Нэг их урам хугараагүй ээ. Тэгээд ч ДАШТ-ээр тоглосон тоглогчид бүрэлдэхүүнд дуудагдаагүй болохоор нэг их найдаагүй. Шигшээ гэж ярихаасаа өмнө Арсеналынхаа гарааны бүрэлдэхүүнд тогтмол багтдаг болох тухайгаа бодсон нь дээр л дээ. Ийм ч байх ёстой. Эндээ байнга сайн тоглоод байх юм бол шигшээгийн үүд нээгдэх боломжтой шүү дээ.

Та Польшийн шигшээд тоглох боломжтой юу?
Бололгүй яахав. Өвөө маань Польш хүн, гэхдээ аав маань Францад төрсөн болохоор би польш хэл мэдэхгүй. Өнгөрсөн улирлаар Польшийн хөлбөмбөгийн холбооныхон надтай уулзаж энэ талаар асуухад би сонирхож байгаагаа хэлсэн. Гэвч одоо байдал өөр болсон. Тэр үед би Францын шигшээ намайг хэзээ ч дуудахгүй байх гэж боддог байсан. Одоо би Арсеналын тоглогч болсон болохоор бүх зүйл өөр. Би ихэрхүү зан гаргах гээгүй л дээ гэхдээ Арсеналд тоглож байгаа хүнд Францын шигшээд дуудагдах боломж өндөр шүү дээ. Би Польшуудыг хүндэтгэдэг гэхдээ хэзээ нэгэн цагт Францын төлөө тоглох боломжийг алдмааргүй байна.

Ярилцлагын төгсгөлд асуухад, таны Польш нэрийг хүмүүс хэлэх гэж бөөн юм болж байна. Та яг яаж зөв хэлэхийг зааж өгөөч.
Ко-си-элни гэж дуудна. Францад бас энд зарим хүмүүс Ко-ши-элни гэж дуудаад байдаг юм.


Дуртай тоглогчийн маань амбасын үеийн ярилцлага Арсенал цэг ком дээр гарсан байхыг хараад чадан ядан бантагнасан Цогоо

Thursday, August 27, 2015

ПЕТР ЧЕХ – БИ ХОЖНО ГЭДЭГТЭЭ ОГТХОН Ч ЭРГЭЛЗДЭГГҮЙ


Петр Чехийг авснаа зарлаж байхдаа Арсен Вэнгэр үнэхээр таатай байгаа нь илт анзаарагдаж байлаа. “Дэлхийн зиндааны шилдэг хаалгач нарын нэг гэдгээ тэр өчнөөн улирлын турш харуулсаар ирсэн. Манай багийг маш их хүчирхэгжүүлж байгаа нь тодорхой” гэсэн түүний үгийг Дэвид Сийман ч бас хэлж байна. “Челсигийн гарз, Арсеналын олз л болж байна даа.” хэмээн Арсеналын домогт хаалгач өгүүллээ. Сэтгүүлчид энэхүү наймааг тэртээ 1977 онд Пат Женнингсийг Тоттэнхамаас авч байсан наймаатай адилтгаж байна. Франк Лампард болон Жон Терри нарын магтаал нь ч түүнийг хуучин багийнхандаа хэрхэн үнэлэгддэг байсныг харуулж байгаа юм. “Чех бол дэлхийн энтэй хаалгач бас хүний хувьд ч ярих юмгүй, Арсеналыг аваргын төлөө түлхээд өгөх хүч нь ч болж мэдэх юм шүү” гэж Лампард түүнийг үнэлсэн.

Петр Чех эх нутагтаа
Петрийг авах гэж байгаа гэсэн яриа гарахад л клубыг тойроод бөөн шуугиан дэгдэж эхэлсэн. Арсеналын сошиал медиа дахь сувгийн тоо баримтуудыг харахад л ойлгомжтой. 55 мянган ритвит, 40 мянган удаа шэйрлэгдэж, 325 мянган лайк.

Хаалгачийн хувийн тоо баримт нь ч бас нэлээн уншууртай. Лондонгийн цэнхэр буланд 11 жил суухдаа дөрвөн удаа Премьер лигийн аварга, дөрвөн удаа Холбооны цомын аварга, гурван удаа Лигийн цомын аварга, тэгээд нэг удаагийн Аваргуудын лигийн цом, бас нэг удаагийн Европа лигийн цом хүртсэнээс гадна хаалгачийн хувиар гурван удаа Алтан бээлий авч байсан нь Арсеналын фэнүүдийг ингэтэл нь баярлуулсан биз ээ.

Петртэй танилцаад, ярилцаж үзэхэд их энгийн, боловсон, ухаалаг хүн шиг санагдсан бөгөөд Умард Лондонд өөрийн мөрийг тод гаргахаар сэтгэл шулуудсан нь илт байлаа. Наймаа явагдаад хэдхэн хонож байхад Прагад Арсенал сэтгүүлд анхныхаа ярилцлагыг өгөхдөө энэхүү сэтгэл татам хаалгач маань өөрийн хөлбөмбөгт хэрхэн дурласан, хаалгачдын нөхөрлөлийн тухай, бас хөгжмийн сонирхлоо багт уусахдаа хэрхэн ашиглах гэж төлөвлөж байгаа гээд олон зүйлсийн талаар ярьлаа. Та бүхэн таалан соёрхоно уу.

Арсеналд нийлсэн гэхээр ямар санагдаж байна даа, Петр?
Их сайхан санагдаж байна. Шинэ сорилтыг тэсч ядан хүлээж байна. Амжилттай байгаасай гэж найдаж байгаа.

Петр гэрээгээ мутарлаж байна
Та Премьер лигт 11 жил тоглосон. Анх 2004 онд ирж байснаасаа таны тоглолт хэрхэн өөрчлөгдсөн бэ? 
Анх 2004 онд ирэхдээ би бүх багууд, бүх цэнгэлдэхүүдийг шинээр судалж байсан. Мэдэхгүй, сураагүй юмс их л байсан даа. Харин одоо бол 11 жилийн дараа гэхэд ПЛ-т байгаа бүх багуудын цэнгэлдэхийг сайнтай муутай нь мэддэг болсон нь миний давуу тал юм уу даа. Шинэ клубт ирсэн ч иймэрхүү жижиг сажиг юмсыг мэдэж байгаа маань бүх юмтай зэрэг танилцана гэхгүй, зөвхөн шинэ багийнхантайгаа танилцаж, хамгаалалтыг мэдэрч, харилцан ойлголцолоо хөгжүүлэх зэрэгт гол анхаарлаа хандуулах боломжтой болж байгаа нь нэг бодлын амар юм л даа. Өөр нөхцөл байдлыг анзаарах шаардлага байхгүй гэсэн үг.

Та өөрийгөө яг торгон ирэн дээрээ байна гэж үзэж байна уу? 
Өнгөрсөн улиралд би тоглосон бүх тоглолтондоо энэ лигийн тэргүүнд байхын тулд ямар түвшний ур чадвартай тоглолт хэрэгтэйв яг тэр түвшинд тоглосон. Тэрнийгээ энд тоглолт бүрд харуулмаар байна. Улирал эхлэхийг бүр тэсэн ядан хүлээж байна шүү.

Та манай хаалгачдыг мэдэх байх. Тэдний авъяасыг хэрхэн үнэлж байна даа?
Войцех энд их удаан тоглосон. Арсенал түүнд дэмий ч итгээгүй байх. Байр сууриа өнгөрсөн улирал маш сайн тоглосон Оспинад алдсан ч гэсэн тэрээр авъяастай, бас потенциал ч бий. Би тэдэнтэй өрсөлдөхөд бэлэн байна. Надад өрсөлдөөнөөс эмээх шалтаг алга, харин ч үнэхээр таалагдаж байгаа. Миний бодлоор эрүүл өрсөлдөөн багийг улам сайжруулж, урагш түлхдэг. Би өөрийн боломж, чадварыг мэднэ. Тиймээс ч намайг сонгосноороо алдаагүй гэдгийг менежертээ, ер нь бүх хүмүүст харуулахыг хүсч байна.

Хүмүүс хаалгачдын нөхөрлөлийн тухай их ярьцгаадаг. Арсеналын хаалгач нар болон дасгалжуулагчидтай яаж ажиллах талаараа бодож байна уу? 
Хаалгачдын нөхөрлөл гээд хүмүүс их ярьцгаадаг чинь ортой юм шүү. Хаалгачаа сайн тоглуулъя гэвэл тухайн байрлал дээр жинхэнэ эрүүл өрсөлдөөн үүсгэх, бие биенээ хүндэтгэдэг, ирлэж байдаг сайн хаалгачидтай байх ёстой. Ингэснээс бэлтгэл дээр ч, тоглолт дээр ч хүн бүр өөр түвшинд хүрч, өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Багуудын хувьд энэ маш чухал. Өмнөх клубт 11 жил тоглохдоо үнэхээр гайхалтай хаалгачидтай хамт ажиллаж байсан. Энэ жишиг маань энд ч бас үргэлжлээсэй гэж найдаж байна. Ямархуу байх нь вэ, харцгааж л байя. Ер нь орчин их чухал байдаг болохоор би ч нэлээн эерэг тал руугаа сэтгэгдэлтэй байгаа шүү.

Арсеналын хаалгачдын нөхөрлөл (Оспина Копа Америкад оролцож байх үед авсан зураг)
Хэдийгээр та клубын шинэ тоглогч ч гэсэн хамгийн туршлагатай хаалгач нь. Өөрийн туршлагыг өвлүүлэх нь таны ажил үүргийн нэг мөн гэж үзэж болох уу?
Би хүмүүстэй ярилцах дуртай. Хаалгачийн үүрэг хариуцлага гээд л ерөнхийд нь ярьж өгнө дөө. Надтай ярилцах гэж ирж байгаа бол бүхий л оройжингоо буу халахад бэлэн л байх хэрэгтэй. Би аль болох нээлттэй байж, залуу үедээ өөрийн туршлага, мэдлэгээ уламжлуулах, өсч дэвжихэд нь туслах их дуртай. Туршлага хуримтлуулсан аливаа тоглогчийн заавал хийх ёстой зүйл гэж би боддог юм. Ер нь чиний ачаар тоглогч улам сайжрах бололцоотой байхад зөвхөн өөрийгөө л болгоод буслаас нуугаад байх нь нэг их сайн ч биш дээ.

Та өөрийн карьерын турш байнга л томоохон цомуудад тогтмол түрүүлсээр ирсэн. Ер нь ялагч болоход юу чухал вэ? 
Эргэлзээ байх ёсгүй гэж бодож байна. Би өөрийн хийж чадах юмаа мэднэ. Би өөрийн ур чадварт итгэдэг. Багийнхандаа итгэдэг, тавьсан зорилтдоо хамтдаа хүрч чадна гэдэгтээ итгэдэг. Хөлбөмбөгийн тоглолтод хожихын төлөө гэсэн үг. Алдахаасаа эмээж болохгүй, учир нь хөлбөмбөгт ердөө л гурван үр дүн байдаг. Хожно, хожигдоно, эсвэл тэнцэнэ. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хожиж ч магадгүй, хожигдож ч болно. Асуудал нь гэвэл чи өөрийгөө бүрэн дайчилж тоглох юм бол хожих магадлал төдий чинээ их байна. Ингэж боддог болохоор би удаан хугацаанд тогтвортой тоглосоор ирсэн байх. Талбай дээр гараад өөрийгөө 100 хувь дайчилж тоглох юм бол хожих боломжтой гэж бодож гардаг учраас би ялагч болдог байх. Дайчилж чадна гэдэгт бол ямар ч эргэлзээ байхгүй.

Эхний нэг хоёр цомд түрүүлсний дараа түрүүлэх нь арай хялбар болоод ирэх үү? 
Томоохон тэмцээнд түрүүлсний дараа сэтгэл ханаад, өөрийгөө ирлэх зүйлгүй болчихдог гэж их олон хүмүүс ярьцгаадаг. Би бол тэгж боддоггүй. Аваргуудын лигт түрүүлсний дараа хүмүүс “за эднийх Аваргуудын лигт түрүүлчихлээ. Одоо ч тэгээд хамаагүй болчих биз дээ” гэсэн утгатай яриа ярьж байсныг санаж байна. Бидний хувьд харин ч маш том зүйл байсан болохоор ахин давтмаар санагж байсан шүү. Премьер лигийн ч юм уу эсвэл аливаа цомыг атгаад зогсож байхад сэтгэл маш ханамжтай, зорилгодоо хүрсэн мэдрэмж төрж, асар их аз жаргалтай байдаг. Тэгээд л “Энэ сайхан мэдрэмжийг ирэх жил ахиж түрүүлээд, дахиж мэдэрнэ ээ” гэж өөртөө хэлдэг. Яг ийм бодол л хүмүүсийг урагш түлхэж бас давуу тал болж өгдөг. Өмнө нь нэг хийсэн юм чинь дахиад яаж түрүүлэхээ мэднэ гэсэн үг шүү дээ.

Барклэйн Азийн Цомыг тэмдэглэж байна
Талбайн тоглогч нарын хувьд тоглолтын шинэ хэв маягт дасах тодорхой хугацаа хэрэг болдог. Харин хаалгач нарын хувьд ямар бол? Ямар нэгэн байдлаар өсч, сайжирна гэж бодож байгаа юу? 
Хэцүү биш байгаасай гэж найдаж л байна. Хаалгачийн байрлал их онцгой гэдгийг хэлмээр байна. Өөр төрлийн ур чадвар шаарддаг болохоор Премьер лигт их удаан тоглосон маань тун давуу тал болох байх гэж бодож байна. Надад цочир сонин болчихоор зүйл бараг таарахгүй болов уу. Ер нь шинэ багт анх ирэхдуу тухайн багийн хамгаалалт яаж тоглож байна, багийн тоглолт хэрхэн зохион байгуулагдсан байна, мөн довтолгоо хамгаалалтын хоорондын шилжилт яаж хийгдэж байгааг ойлгох хэрэгтэй. Нэгэнт ойлгочихсон байхад бэлтгэл, сургуулилт, улирлын өмнөх тоглолтууд дээр ойлголцоод явчихна. Бас зарим нөхцөлд хэрхэн тоглох, зохион байгуулахыг ч бэлтгэл дээр давтчихна. Ингэж чадвал их үр дүнтэй байх болно. Туршлага арвин болохоор дасан зохицох гэж их түүртэхгүй болов уу гэж найдаж байна даа. 

Улирлын өмнөх бэлтгэлээр та ийм судалгаа хийж байгаа юу? Багийнхнаа хэрхэн яаж тоглодгийг ажиглаж байна уу?
Миний тоглолтын үндсэн зарчим бол цаг үргэлж юу болж болох вэ гэж тооцоолох байдаг. Тиймээс арын тоглогчдыг байнга зохион байгуулалтад оруулснаар байнгын аюулгүй байдалд байлгадаг. Мэдээж бөмбөг бөөрөнхий гэгчээр ямар нэг тооцоолоогүй зүйл гарна, бөмбөг зөрнө, эсвэл айлын тоглогч хамгаалах аргагүй үйлдэл хийгээд ороод ирнэ. Гэхдээ зохион байгуулалт сайтай, байнгын бэлэн байдалд, сэргэг байвал иймэрхүү аюултай тохиолдлуудыг хамгаалах магадлал хавьгүй өндөр шүү дээ. Миний тоглолтын энэ гол арга барил ер нь өөрчлөгдөхгүй болов уу. Багийн зохион байгуулалт маш чухал учраас тэр бүр өөрчлөөд байж болохгүй. Тэгээд ч тоглогчид тодорхой хэмнэлээр тоглоод дасчихсан байдаг. Ямар ч гэсэн хэд хэдэн удаагийн бэлтгэл, тоглолтын дараа би аргаа олчихвол, цаашдаа илүү хялбар болох байх. 

Ер нь яаж яваад хөлбөмбөгийг сонирхож эхлэв? 
Анх хоккей тоглож эхэлсэн л дээ. Үнэхээр дуртай байсан. Тэгээд дараа нь 6 настайгаасаа хөлбөмбөг тоглож эхэлсэн. Хоёуланд нь л адилхан дуртай байлаа. Багаараа хамт тоглодог нь надад таалагддаг юм. Хамтдаа хожно, хамтдаа хожигдоно, хамт бэлтгэл хийж, хамтдаа зугаацна. Хэрэв чи ямар нэгэн амжилтад хүрвэл 25 хүн чамтай хамт тэмдэглэнэ. Багийн доторх ийм хамтач уур амьсгал нөхөрлөлд би дуртай. Хөлбөмбөгт олон жижиг хувийн гэмээр төрлүүд байдаг. Жишээлэхэд хаалгач л гэхэд бараг л багийн спортын доторх ганцаарчилсан төрөл шүү дээ. Миний зан чанарт энэ яг тохирсон юм шиг санагддаг. Ганц хүн дээр төвлөрсөн их хариуцлага хаалгач нар дээр ирдэг нь надад их таалагддаг. Бас би багийн төлөө тоглох, баг хамт олонтой байх, найз нөхөдтэй байх, бас найдаж итгэж болох хүмүүстэй байх дуртай. Миний хувьд хөлбөмбөг бол яг үүнийг өгч болох сайхан зохицол.

Эмирэйтс цомын үеэр Вольфсбургийн эсрэг
Евро 96 болж байхад та 14 настай байсан байх. Тэр тэмцээний талаарх таны дурсамж, Чех улсад хөлбөмбөг юу авчрав? 
Тэр тэмцээний талаар сайхан дурсамжтай шүү. Еврогийн эхний тоглолт Германы эсрэг байсан. Манайх 2-0оор хожигдоход би гэртээ найзууд, гэрийнхэнтэйгээ үзэж байлаа. Бүгдээрээ л хожигдсондоо урам хугарсан. Тэгэхэд манай баг бас Италид тэмцээнээр очоод долоо хоносон юм. Чехүүд Италитай шийдвэрлэх тоглолт хийж 2-1ээр хожиж байхад бид ч бас Италид байлаа. Бид бүгдээрээ Чехийн далбаатай өмсгөлтэй явж байсан болохоор үнэхээр итгэмээргүй явдал болсон. Италичууд биднийг хараад “Өө Чехүүд ээ, та нар яаж байгаан бэ?” гээд л. Үнэхээр гайхалтай байсан. Тэгээд бид дараагийн шатанд шалгараад явахад бид бүх тоглолтыг үзсэн.

Би бүүр улаан фэн байсан болохоор л хожиж чадаагүй тоглолт болгоны дараа халуурч байгаа юм шиг л болдог байсан. Зурагтаар үзэж байхад л дотор давчдаад, дарамтыг нь мэдэрдэг хүн л дээ. Маш их шимтэж үздэг байсан. Шигшээ тоглолтод алтан гоолоор хожигдоход үнэхээр урамгүй байсан ч тэр удаагийн тэмцээн манайхны хувьд үнэхээр сайхан болсон. Миний хувьд үнэхээр мартагдашгүй үе байсан. Яагаад гэвэл би 14 настайдаа 15-аас доош насны Үндэсний шигшээгийн бүрэлдэхүүнд багтаж нэг тоглолт хийсэн. Бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ чармайж хийгээд сайн тоглоод байвал нас насны шигшээ багуудад дуудагдаад байх юм байна, тэгээд цаашдаа Үндэсний шигшээ багт багтах ч боломжтой юм байна гэдгийг тэгэхэд л ойлгож байлаа. Тэдний тоглохыг зурагтаар харахад бөөн сэтгэл хөдлөл, урам зориг, дүүрэн цэнгэлдэх харагддаг. Би яг тэнд л тоглож байх юмсан гэж маш их хүссэн. Тэгэхэд маш гоё харагдаж байсан болохоор Европын аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлмөөр санагдаж билээ. 

Танай нутаг нэгт Томас Росицки Арсеналд байдаг. Та хоёрын харьцаа хэр вэ, ер нь нэгнээ хэр таних вэ? 
Бид хоёр чинь шигшээ багт хамтдаа 10 жил тоглосон хүмүүс. Би Спарта Прагт тоглодог байсан, тэр ч бас. Тэгэхдээ яг намайг ирэхэд тэр Боруссиа Дортмунд руу явчихсан болохоор бид хоёр тэнд хамт тоглож үзээгүй л дээ. Шигшээд хамтдаа 10 жил тоглосны эцэст түүнтэй одоо л нэг клубт тоглож үзэх гэж байгаадаа их баяртай байгаа шүү.

Томас Росицки
Хөлбөмбөгөөс хөндийрөхөд, таны бөмбөр тоглож байгаа бичлэг Ютүбээр харагдсан. Бас таныг Күин хамтлагийн Рожер Тэйлортой хамт бөмбөр тоглож байсан гэж уншиж байсан юм байна. Ямаршуу санагдсан бэ? 
Ёстой итгэмээргүй сайхан. 14, 15-тай байхдаа эгч бид хоёр Күиний дуунуудыг сонсдог байлаа. Зарим найзууд маань одоо ч сонссоор байдаг. Гэнэт нэг удаа Аугаа Рожертой танилцах завшаан таардаг юм. Аваргуудын лигийн тоглолтоос буцаж яваад онгоцонд танилцсан. Тэр хөлбөмбөгийн фэн юм билээ. Бид сайхан хууч хөөрөөд дараа нь хэсэг тоглосон. Түүнтэй танилцсандаа би их баяртай явдаг юм шүү.

Хөгжим таны хөлбөмбөгөөс гадуурх гол хобби юу?
Тийм ээ. Хүүхэд байхын л хөгжимд дуртай байлаа. iPod дээрээ хөгжим тавиад орчлонгоос тасраад суух ч сайхан шүү дээ. Бөмбөр тоглож эхлэхдээ, хөгжим тоглох бол үнэхээр анги юм байна гэж ойлгосон. Одоо үед дагаж тоглож болох бөмбөргүй бэлэн тракууд ч олон болж дээ. Дуртай хамтлагийнхаа тракийг чихэвчээрээ сонсож байгаад л бөмбөрийг нь өдөржингөө тоглоод суусан ч болохоор. Маш сайхан тайвшруулдаг болохоор би бөмбөр тоглох их дуртай. 

Хэний хөгжмийг тоглох дуртай вэ? 
Би Нирванагийн бүх дуунуудад дуртай. Бөмбөр дээр тоглоход дуунууд нь их хэцүү байдаг. Өөр сонсдог зөндөө хамтлагууд байна дөө. Фүү Файтерсын Дэйв Грольд дуртай. Колдплэйгийн Вилл Чампионтой танилцаж байлаа. Сайхан аялгуулаг, аятайхан хөгжим сонсъё гэвэл тэднийхийг л сонсох хэрэгтэй. Би ч тэгээд юм юмыг л сонсдог доо. Яг л хөгжмийн автомат шиг.

Таны мэдэх хамгийн их хөгжмийн авъяастай тоглогч хэн бэ? 
Томас гитар тоглодогийг мэднэ. Эгч дүү гурав гэдэг нэртэй хамтлагтай хамт хэд хэдэн тоглолт хийгээд амжсан гэж байгаа. Бид хоёр Евро 2012-оор Польшид байхдаа бас нэг тоглоод авсан. Нэг өдөр зав гараад явж байгаад бөмбөртэй студи олдохоор нь Томас, бас багийн иллэгчтэй гурвуулаа сайхан зугаацаад авсан. Тэгэхээр Томасыг л нэрлэнэ дээ.

Та бас нэг их наадамд тоглоод авсан...
2013 онд байх аа манай Чехд болдог Rock For People гээд хамгийн том их наадамд. Тав хоног үргэлжилдэг том наадам л даа. Миний тоглодог жил 30 Seconds to Mars, Queens of the Stone Age зэрэг хамтлагууд ирж тоглосон санагдана. Би Eddie Stoilow гээд хамтлагтай тоглосон. Манай тоглолт нөгөө Гластонбүрид байдаг шиг том майханд болж байсан. Бараг зургаа, долоон мянган хүний багтаамжтай газар дүүрчихээд гадуур нь бас хүмүүс овоорчихсон. Тайзан дээр гарч ирэхдээ би бүүр маш их сандарчихсан байлаа. Уг нь би 90 мянган хүний өмнө тоглож үзсэн хүн шүү дээ. Тэгэхэд би бүүр “Wow!” гэмээр байсан. Хөлбөмбөгийн уур амьсгал, концертын уур амьсгал хоёр шал өөр юм билээ. Анхны нотыг тоглоход л тоглолтын эцсийн мөчид хожлын гоол хийж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Сайн тоглоод байх юм бол бүхий л тоглолтын турш яг л тийм эрчтэйгээр үргэлжилнэ дээ. Үнэхээр гайхамшигтай.

Таны дурдсан Томасаас гадна Алексис Санчез, Войцех Шезни хоёр төгөлдөр хуур тоглодог. Тэгэхээр шинэ багийнхантайгаа хамт хөгжим тоглох зөндөө боломж байна даа. 
Улирлын өмнөх бэлтгэлээр зав гарах нь уу. Хамт тоглож үзсэн сайхан л байна. Энд тэнд аяллаар явж байх үедээ бөмбөртэй студи олж тоглочихоод байдаг юм шүү. Хүмүүс хөгжим тоглож л байвал би жаргалтай.

Та анхнаасаа л хаалгач болох хүсэлтэй байсан уу? 
Хаалгач болъё гэж бодож байгаагүй. Анх би хоккейн хаалгач байсан. Дараа нь хөлбөмбөг тоглож эхлэхдээ хагас хамгаалалт, зүүн жигүүрийн тоглогч болсон. Заримдаа бэлтгэлийн дараа чөлөөт цаг гараад тоглох болоход хаалгачгүй үед хамгийн хойно тоглож байгаа хүн хаалгач болдог, заримдаа хоккейны жижиг хаалга, хөлбөмбөгийн том хаалга хоёрыг харьцуулж үзмээр санагдаад зогсдог байсан юм. Дасгалжуулагч маань намайг тэнд тоглож байхад хэд хэдэн удаа харсан юм билээ. Нэг удаа тоглолтон дээр хаалгач маань ирдэггүй. Хаалгачгүй бол тоглохгүй гээд, хүмүүс ерөөсөө тэнд тоглох хүсэлгүй. Тэгсэн чинь дасгалжуулагч над руу заагаад “Чамайг тэнд тоглож байхыг чинь би харсан. Чи гайгүй л байсан даа. Алив үзээдэх” гэсэн. Би ч ганц л тоглолт шүү гэж тохироод гарсан, манайх ч их сайн тоглосон.

Маргааш нь бэлтгэл дээр ирсэн чинь хаалгачийн дасгалжуулагч ирээд намайг авна гэхэд манай дасгалжуулагч дургүйцээд. Бараг бүтэн жил өрсөлдөгчөөс хамаараад талбай дээр эсвэл хаалган дээр тоглосон. Тэгээд 10 настай байхдаа хөлөө хугалаад эдгэх гэж зөндөө удсан. Гүйж чадахаа байгаад, нэлээн хөндүүртэй байлаа. Ядаж хаалган дээр байгаа үед сууж, босоод, хэвтээд, бөмбөг бариад, бэлтгэл хийж болдог байсан. Тэр үе л миний амьдралыг өөрчилж би хаалган дээрээ үлдсэн дээ.

Петр Чех
Эх сурвалж
Бантагнасан: Цогоо

Monday, July 06, 2015

Охиндоо ярих үлгэр #1

Миний охинд уншиж өгөөрэй! Enerlen Tsogchuluun
(Монголд байхад охиндоо зохиож ярьж өгч байсан үлгэрийн нэмж сайжруулсан эсвэл муужруулсан энэхүү хувилбар нь олон жилийн турш нэг буюу олон удаа уншсан эртний болон саяхны үлгэрүүд, хүүхэлдэйн кинонуудын үйл явдлаар баяжигдсан тул тэдгээрийн зохиогчийн эрхийг эдийн засгийн бус сэдлээр зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ миний өөрийн санаа ч байгаа гэдгийг цохон тэмдэглэх ёстой.) tongue emoticon
Эрт ээ урьдын цагт ах дүү хоёр эзгүй цөлд хоёулхнаа явж байжээ.
Хоёулаа алхаад л байж, алхаад л байж, бас дахин алхаад л байж. Зөндөө удаан алхаж байснаа ядраад газар суужээ. Ах нь үүрч явсан цүнхнээсээ даавуу гаргаж ирээд газар дэвсэж дүү охиноо хэвтүүлээд өөрөө хажууд нь сууж сүүдэр гаргав. Дүү охин нь зөндөө өлсжээ. Ах нь ч гэсэн мөн өлссөн байв. Даан ч тэр хоёрт идэх юм байсангүй. Ах нь дэмий л цүнхээ ухахад дүү охин ахынхаа гарыг дагуулан горьдлого дүүрэн харна. Байдаггүй ээ. Юу ч байхгүй. Ах цүнхээ уутлахаа болилоо. Хэсэг амраад дахиад л цаашаа алхлаа. Алхаад л байж, алхаад л байж, бас зөндөө удаан алхаад л байж. (энэ хэсгийг хүүхдийн нойр хүргэх хэмжээгээр удаан, аяархан, залхуутай уншууштай кк)
Хэр удаан юм бүү мэд зөндөө алхаж явтал ах дүү хоёрын замд нэг эмгэн тааралдлаа.
“Сайн байна уу, эмээ?” гэж ах дүү хоёр мэндэллээ. Их мундаг хүмүүжилтэй сайн хүүхдүүд болохоороо тэр хоёр хүмүүстэй дандаа мэндэлдэг юм.
“Сайн. Сайн байна уу, хүүхээд?” гэж эмээ хариу мэндлэв.
“Эмээ та ядраа юу?” гэж дүү охин асуув.
Эмгэн ядарч явсан тул “Тийм ээ. Жаахан ядарч байна” хэмээн хариуллаа.
“Та миний дэвсгэр дээр жаал сууж амрах уу?” гэж охин санал болгоход эмгэн дуртайяа зөвшөөрөв. Ах нь цүнхээ уутлаад дүүгийнхээ дэвсгэр даавууг гаргаж, газар дэвсэхэд эмгэн түүн дээр таатай нь аргагүй хэвтэж амарна.
“Сайхан хүйтэн ундаа байсан болоосой” гэж эмгэн хүслээ.
“Ах бид хоёрт идэх, уух юм байхгүй ээ. Уг нь танд өгмөөр л байна” гээд охин уруу царайлаад хөөрхөн бондгор гэдсээ булцгар гараараа нэгэнтээ илэв.
Эмгэн тэр хоёрыг сонжин хэсэг харзнаснаа “Эмээд нь уг нь ч нэг юм бий л дээ” гэхэд ах дүү хоёрын нүд нь сэргээд ирэв. Мойногшсон туранхай хуруутай гараараа энгэрээ ухах зуураа “Та хоёр уншиж, бичиж чадах уу?” гэж асуулаа.
“Би цэцэрлэгийн хүүхэд ээ” хэмээн дүү охин цовоо хариулав. Ах нь харин “Би саяхан бэлтгэл ангид орсон” гэлээ.
Эмгэн өврөөсөө ардаа баллууртай жижигхэн харандаа гаргаж ирээд ийн хэлэв.
“Би даан ч багадаа бичиг үсэг сураагүй болохоор энэний шидийг үзэж чадахгүй л явна. Уг нь ид шидтэй шиг байгаа юм. Хүссэн зүйлээ бичээд, харандааны бөөрөн дээрх бичгийг уншихаар биелдэг гэдэг. Хөгшин зөнөг би бичиг мэдэхгүйн дээр хараа муутай. Миний хоёр хүүд бичих цаас бий юу?”
Ах нь цүнхээ уутлаад нэг үнгэгдсэн цаас гаргаж ирэхэд эмгэн түүнд харандаагаа өгөв.
“Юу гэж бичих вэ, эмээ?” хэмээн ах нь асуулаа.
“Юу хүсч байна?”
Хүү духаа үрчийлгэн хэсэг бодсоноо “Уг нь их олон юм хүсч байна. Тэгэхдээ би тэд нарыг бичиж мэдэхгүй. Дөнгөж бэлтгэл ангийн хүүхэд шүү дээ би чинь. Тэгэхээр эхлээд хоол гээд л биччихье, тэгэх үү, эмээ?” гэж асуулаа.
“Тэг ээ, миний хүү.”
“Агаа надаа ундаа бичээд өгөөч, ам цангаад байна” гэж дүү охин хажуугаас нь нэмэрлэв.
Ах бодлоо. Хоол гэж бичихэд ямар үсэг ордог билээ? (Бэлтгэл ангийн бацаануудаас энийг асууж болно шүү хэхэ) Бодож бодож “Хоолны газар” гэсэн бичигтэй газруудын нэрийг санаад бичлээ.
Ахыг бичээд дуусаад харандааны хажууд байсан "Нэлрэнэ" гэсэн бичгийг уншив уу үгүй юу гэнэт тэдний дунд нэг жижигхэн ширээ гараад ирэх нь тэр. Ширээн дээр яг л хоолны газар байдаг сайхан амттай, шинэхэн хоол ундаатай хамт өрөөтэй байна.
“Эмээ, босоорой, хоолтой болчихлоо” гэж охин баярлан уулга алдав.
Гурвуулаа сайхан цадаж аваад илүү гарсныг ах нь хоёр хуваагаад нэгийг өөрийн цүнхэнд, нөгөөг эмгэнд өгөв. Эмгэн өөрийн хувийг авч талархаад, салах ёс хийн цааш эргэлээ.
Гэдэс нь цадсан ах дүү хоёр инээлдсээр замаа хөөн одлоо. Хэсэг алхаж байснаа ах нь “Өө би эмээгийн харандааг буцааж өгөхөө мартсан байна” гээд эргэн гүйв. Хөгшин болохоор эмгэн холдож амжаагүй байжээ.
“Эмээ, би таны харандааг өгөхөө мартсан байна. Май” гэсээр хүүг очиход эмгэн баярлан мишээж “Миний хүүхдүүд ав аа. Би наадахын чинь хэргийг гаргаж чадахгүй юм чинь, хэрэгтэй хүндээ байж байг дээ” гэлээ.
“Баярлалаа, эмээ” гээд ах дүү хоёр буцаад замдаа оров.
Хэсэг явж байснаа ах нь “Эмээд дахиад жаахан хоол бичээд өгчихдөг юм бил үү?” гээд эргэтэл эмээ ор мөргүй алга болсон байлаа. “Сонин юм даа. Дөнгөж сая л тэнд зогсож байсан шүү дээ” хэмээн гайхаж байхад дүү охин болсон явдлыг огт анзаараагүй амандаа дуу аялан алхаж явлаа.
Үргэлжлэл бий.

Wednesday, May 27, 2015

Эрдэм шинжилгээний ажилд...

2013 онд Солонгосын Шинжлэх ухаан, холбоо мэдээллийн технологи болон ирээдүйн төлөвлөлтийн яам (Ministry of science, ICT, and future planning), Боловсролын яам (Ministry of education) хоёр нийлээд 15692 ширхэг төсөл хэрэгжүүлэхдээ Солонгос улсын тухайн жилийн суурь шинжлэх ухааны судалгаанд зориулсан төсвийн 72.5%-ийг зарцуулжээ. 

Энэ тоог мөнгөн дүнгээр илэрхийлбэл хэдэн вон болох бэ гэж үү? 3.7 их наяд вон. Шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд ийм их мөнгө хаяж байгаа газар даа. 

Зургийн тайлбар: Эрдэм шинжилгээний бичиг баримт үйлдсэн байдлыг SJR ranking дээр харьцуулж харуулсан байдал. Солонгос, Хятадууд гээд л муу хэлээд байдаг байх аа. Хятад бол энэ Солонгосыг бүүр хол хаяж байна шүү дээ.

Зургийн эх сурвалж: http://www.scimagojr.com/compare.php?un=countries&c1=KR&c2=MN&c3&c4&area=0&category=0&in=itp



Tuesday, May 19, 2015

Солонгос хэлний хичээл


Хичээл №1

한글Ⅰ/The Korean Alphabet, Hangeul I


Хичээл №2

한글 Ⅱ/The Korean Alphabet, Hangeul II


Хичээл №3 

[바른 한국어 1급] 2-1 안녕하세요?




Хичээл №4 

한국 사람입니다./I am Korean.