Эртээ урьдын цагт, тодруулж хэлбэл 5 дугаар сарын 17-ны Даваа гарагт, хуучин дасгалжуулагч Даниель Санчез нь Лорианы төвийн хамгаалагч Лоран Косиэлни руу залгаад Арсэн Вэнгэр өөрийг нь ихэд үнэлж байгааг дуулгажээ. Санчезыг их хүндэтгэж явдаг болохоор Лоран түүнд огтхон ч эргэлзсэнгүй. Сар хагасын дараа гэхэд л Лорианы хамгаалагч Арсеналынх болчихсон сууж байв. Нэг мэдэхэд л Францийн 1 ба 2 дугаар лигт тоглож байсан, олонд төдийлөн танигдаагүй ч хувьдаа нэлээн шийдэмгий хамгаалагч маань Анфильдэд гарах Арсеналын бүрэлдэхүүнд зогсож байлаа. Арсеналын менежер түүний юуг тэгтлээ их үнэлж багтаа нэгтгэснийг харуулахаар тогтож ядан байна.
Утсаар дуудлага хүлээн авсан өдрөө Лоран огт мартдаггүй. Хөлбөмбөгт шидэт үлгэр гэж байдаг бол түүний л түүх байх ёстой, бас сайхан төгсгөлтэй гэдэгт итгэх хүн Лоранаас өөр байхгүй биз ээ.
Арсеналын албан ёсны сэтгүүлийн сурвалжлагч Жулиен Лоренс түүнтэй уулзаж ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна. (Ливерпүүлтэй хийсэн тоглолтын өмнөхөн ярилцсан яриа шүү.)
Арсеналд ирснээс хойш юу хамгийн их таалагдав?
Надад хамгийн таалагдсан зүйл гэвэл бүх юм нь тоглогчийг хөлбөмбөгөөс өөр зүйлд сатааралгүй сайн тоглох талаар л төвлөрч байхаар зохион байгуулагдсан байсан нь юм даа. Бусад бүх зүйлийг зохицуулчихсан. Том клубын чанар энд харагдаж байгаа юм уу даа. Сэтгэл санаа чинь ерөөсөө л Клубын төлөө хамаг бүхнээ зориулахад л чиглэсэн байдаг. Өөр юунд ч санаа зовох шаардлагагүй. Ганц жишээ хэлэхэд миний Франц дахь гэрээс энд нүүж ирэх асуудлыг бүгдийг нь зохицуулсан.
Мэдээж клубын байгууламжууд үнэхээр сэтгэл татам. Францтай харьцуулах юм биш. Бэлтгэлийн бааз, талбайн чанар зэргээр бол хол хаяна. Францын лигт тоглодог зүлэгнээс хавьгүй илүү шүү.
Шинэ багийнхныхаа тухай анх юу гэж бодож байв?
Юуны өмнө баг маань миний өмнө тоглож байсан багаас эрс өөр байсныг хэлэх ёстой. Том том шагнал авч байсан том одуудтай өмнө нь тоглож үзээгүй байсан болохоор мэдээж асар их ялгаа байсан. Тийм авъяастай, том тоглогч нар гэхэд бүгд их эелдэг, даруу хүмүүс. Маш сайн бүрэлдэхүүн. Хүн бүр бэлтгэлээ шамдан хийж, нэг нэгнийхээ төлөө ажилладаг. Хэн ч өөрийгөө бүхнээс дуугүүр, клубээс илүү гэж үздэггүй.
Үнэхээр тус болсон. Одоо ч хэвээрээ. Энд ирэхээсээ өмнө би англиар ерөөсөө ярьж байгаагүй болохоор эхний хэдэн бэлтгэлээр франц тоглогч нараар дасгалжуулагчдын хэлснийг орчуулуулж байлаа. Тэднийхээ ачаар л би маш хурдан идээшиж чадсан. Би Англи хэлний сургалтад хамрагдаад одоо бараг талбай дээрх ярианууд, бас хувцас солих өрөөнд болдог наргиануудыг ч ойлгодог болоод байгаа. Анх ирэхдээ залуусаас зарим нэг хэрэгтэй үгээ асууж байсан юм. “Man on”(хүнээ ав), “time” (цаг), “up” (дээшээ) гэх мэт. Хамгаалагчийн хувьд би хүмүүстэй их харьцаж тоглолон учраас иймэрхүү үгсийг мэдэх шаардлагатай байдаг л даа.
Лондонтой танилцаж амжсан уу?
Үгүй ээ, хараахан амжаагүй байна. Би зочид буудалдаа л байнаа одоогоор. Гэхдээ удахгүй байранд орох байх. Зочид буудалд байхаар тух муутай юм. Лондон хотын төвөөр ч орох цаг гараагүй байна шүү дээ. Гэйл Клишитэй нэг удаа оройн зоогонд орсон. L’Atelier гээд сайхан франц ресторанд орсон. Зочид буудлын хоол гурван долоо хоног идсэний дараа сайхан франц хоолоо идэхэд таатай байсан гэж. Одоохондоо машин аваагүй байгаа болохоор ийш тийшээ ч явж чадахгүй юм. Хэдэн долоо хоногийн дараагаас харин хоттойгоо сайхан танилцаж эхлэх байх гэж найдаж байна.
Арсенал таныг сонирхож байгаа тухай анх хэзээ сонсов?
Маш сайн санадаг. 5 дугаар сарын 17-ны Даваа гараг байсан юм. Хагас сайнд нь бид улирлын сүүлийн тоглолтоо Лилльтэй хийчихээд байж байлаа. Тэгтэл Даваа гарагт Турт миний дасгалжуулагч байсан Даниель Санчез залгадаг юм байна. Босс тэр хоёр сайн танилууд байсан бөгөөд миний тоглолт түүнд их таалагдаж байгаа тухай хэлсэн.
Таван долоо хоног болоход ч ёстой зүсэн зүйлийн юм бодогдсон шүү. Анх их хурдан бүтчих байх гэж бодож байсан ч Лориен хэр их мөнгө нэхэж байгааг сонсоод сэтгэлээр уначихсан. Тэгээд л нэг шат ахиад хоёр шат ухраад байгаа ч юм шиг сонин байж байснаа арай гэж нэг юм болсон шүү. Лориен ч сүүлдээ энэ бол миний хувьд маш том боломж юм гэдгийг ойлгосон доо. Ямар Лиг 1-ийн дундаж клуб байгаа биш дэлхийн хамгийн том клубуудын нэг Арсенал ирж байхад Лориен миний боломжийг үгүйсгэхгүй л дээ.
Арсеналыг том клуб гэдгийг одоо мэддэг болоо биз дээ?
Мэдээж. Багийн нэг хэсэг болчихоор бүр илүү мэдэрдэг юм байна. Францад байхдаа Премьер лигийн тоглолтыг амралтын өдрүүдээр үзэж, Арсеналыг хардаг байлаа. Гэхдээ клубын эргэн тойрны уур амьсгал, фэнүүдийн сэтгэл хөдлөл, бусад зүйлсийг зурагтаар харахгүй шүү дээ. Австрид бэлтгэл хийхээр очиход өдөр бүр л мянга гаран фэнүүд хүлээж байдаг байсан. Өмнө нь тийм юм би л лав харж байгаагүй. Фэнүүдийн клубээ хайрлах хайр нь үнэхээр гайхамшигтай. Жинхэнэ хайр гэж л энэ байх. Арсеналд хамаг юмаа зориулж байгаа нь өөр соёлтой Франц хүний хувьд их содон санагдсан. Манай тэнд гэхэд хөлбөмбөгийн өмсгөлтэй фэн гудамжаар явж байхыг барагтай л бол харахгүй. Харин энд бол хаа сайгүй шүү.
Гишүүдийн өдөр, фотодуудлагын өдөр танд хэр таалагдав?
Өө их таалагдсан. Их урт өдөр байсан ч сайхан байсаан. Клубт хэрэг болох бүх фото зураг, бичлэгүүдээ хийлгээд, дараа нь бэлтгэлээ хийчихээд фэнүүдтэй уулзсан. Францад бол бүгдээрээ нэг зураг авахуулчихаад л харьцгаадаг. Клубын хэмжээ хэр зөрүүтэй байгаа нь энэ мэт үйл ажиллагаануудаар харагдаж байгаа юм л даа.
Клубын түүхийг хэр мэдэх вэ?
Ноён Вэнгэр ирээд франц тоглогч нарыг авчирч эхлэхээс эхлээд л мэднэ дээ. Франц тоглогч нартай болохоороо ч тэр үү тэнд нэлээн дэмжлэгтэй шүү. Хос цом авч байсан улирлыг үзэж байсан. Бас мэдээж 2004 оны ЯЛГУУСАН улирлыг ч үзсэн.
Арсэн Вэнгэр |
Бэлтгэлийн үеийн хурд, хэмнэл ёстой галзуурмаар. Хүн бүр л биеэ 200 хувь дайчилж зүтгэнэ. Гарааны бүрэлдэхүүнд байраа эзлэе гэвэл тэгэхээс ч аргагүй. Лиг нь угаасаа тийм өрсөлдөөнтэй пижигнэсэн тоглолттой байдаг болохоор бэлтгэл нь тэрнийгээ дагаад эрчтэй байхгүй болдоггүй байх л даа.
Эхэндээ ч үнэндээ хэцүү байсаан. Бие маань бүрэн сэргэлт автлаа их уддаг байлаа. Ялангуяа өдөрт хоёр удаа бэлтгэл хийж байхад бүр хэцүү байсан ч бага багаар ахисаар байгаад бие маань энэ шинэ хэмнэлд дасч эхэлсэн шүү. Өдөр ирэх тусам бэлтгэл дээр ч, тоглолт дээр ч улам эрчтэй болоод байгаагаа мэдэрч байна. Хэлний асуудал ч ариллаа, юм бүхэн яг сайхан гольдролдоо орж байна даа.
Мэргэжлийн тоглогч болох хоёр зам байдаг. Хамгийн түгээмэл, уламжлалт гэж хэлж болох зам нь бүүр багаасаа аль нэг академид орж ахьсаар яваад үндсэн багт дэвших, эсвэл над шиг түгээмэл биш замаар явж болдог. Би бүүр нэлээн оройтоод 17 нас хүрсэн хойноо Францын хоёрдугаар дивизионы Гвингамп гээд багийн академид элсэж байсан юм. Дараахан нь тэр лигтээ анхны тоглолтоо хийсэн.
Намайг баруун ар дээр тоглуулаад байсанд би тийм ч дуртай байгаагүй. Дараа нь би Францын гуравдугаар дивизионд тоглож байсан Тур луу шилжсэн. Тэд их амбицтай клуб байсан юм. Би төвийн хамгаалагчаар тоглож байлаа. Аз туршсан нүүдэл байсан ч тэнгэр түшиж бид дээшээгээ дэвшиж чадсан. Тэр улирал бид их сайн тоглосны дараа Лориен намайг авсан даа. Лиг 1-т ганц улирал тоглоод л энд ирсэн маань энэ шүү дээ. Хүмүүс шаргуу хөдөлмөрлөж, өөртөө итгэлтэй байвал хамгийн галзуу мөрөөдөл чинь хүртэл биелэх боломжтой гэдгийг би биеэрээ батлаад явж байна.
Тэгэхээр та багадаа мэргэжлийн хөлбөмбөгчин болъё гэж боддоггүй байжээ?
Харин тийм. Түрүүн хэлсэн дээ. Нэлээн том болтлоо хөлбөмбөгчин болох талаар боддоггүй явж байсан. Ер нь хөлбөмбөгт тэгтлээ донтоогүй байсан хэрэг. Зүгээр сонирхлоороо тоглоод л зугаацаад явж байлаа. 15, 16 насандаа бол юун хөлбөмбөгчин болох хичээлдээ шамдаад л таван онцын эзэн болоод явж байлаа шүү дээ.
Гэхдээ танайхан хөлбөмбөгчид байсан байх аа?
Францын төв хэсэгт Тулль гээд жижигхээн хот бий. Манай тэр хавиар хүмүүс голцуу рагби сонирхдог байсан ч манайхан хөлбөмбөгт амиа тавьдаг байсан юм. Би дөрөвтэйдээ тоглож эхэлсэн. Амралтын өдрүүдээр явж аавынхаа тоглохыг хардаг байлаа. Аав маань довтлогч байсан бөгөөд Францын гурав, дөрөвдүгээр дивизионд их сайн тоглосон. Ах маань ч гэсэн тоглодог. Гэхдээ доод түвшинд л дээ.
Томас Вэрмалэнтэй хэр нийцэж байна?
Би Томастай их сайн харьцаатай. Тэр их сайн тоглогч бас их сайн хүн. Маш шаргуу. Бид хоёр тэр талаараа төстэй байх. Төвлөрөл, хөдөлмөрч зан, шийдэмгий гээд бидэнд төстэй талууд их бий. Хамт тоглоход их амар байдаг. Хэлний хувьд ч асуудалгүй. Анхны өдрөөс л хоорондоо сайн ойлголцоод ирсэн. “Верминатор” гээд хоч нь ч таалагдаад байгаа.
Та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?
Надад Криштиано Рональдо шиг ур чадвар байхгүй, Видич шиг бахим биш. Гэхдээ би өөрийнхөө чадлын хэмжээнд тэмцдэг. Энэ түвшинд хүрэх гэж би их хичээсэн, ингээд зогсоно гэсэн бодол ч алга.
Таны давуу талууд?
Би шаргуу тэмцдэг, бас бууж өгдөггүй. Айлын тоглогчийг барьж тоглох үедээ довтлогч нарт амьсгалах зав өгдөггүй. Нэгийн эсрэг нэг халз тоглох маш дуртай. Ур чадварын хувьд би үргэлж өөрийгөө хөгжүүлэхийг хичээж ирсэн. Ялангуяа Арсеналд би довтолгоо эхлүүлэх хүн учраас дамжуулалт дээрээ анхаарч хичээллэдэг. Тоглолтын явцыг уншиж, айлын хүмүүсийн үйлдэл, дамжуулалт, бөмбөг хааш явах зэргийг урьдчилан тааварлах тал дээр их сайжирсан.
Тэгж ярьцгаадаг юм. Миний дуртай тохиолдол л доо. Биеийн, ур чадварын, бас сэтгэл санааны халз тулаан. Хуурмаг хөдөлгөөн, шийдвэр гаргалт гээд яг л жинхэнэ тулаан шиг байдаг. Довтлогчид сайн хөлөөрөө хаалга руу цохих боломж гаргахгүй байх гэж их хичээдэг. Ийм тохиолдолд нэлээн ухаан зарж тоглох ёстой.
Өөрийн тоглолтоос сайжруулах хэрэгтэй байгаа талыг нэрлэ гэвэл?
Миний хувьд мэдээж туршлага хангалтгүй байгаа. Тэр тал дээр сайжрахын тулд дээд түвшинд тоглох хэрэгтэй. Энд харин дээд түвшин байна. Хичээллээд сурчихдаг юм биш туулж гарч байж олж авдаг юм шүү дээ. Зарим нэг тохиолдолд туршлага хэрэг болно гэдгийг би мэдэж байгаа. Биеийн тамирын хувьд ч гэсэн илүү хөгжүүлэх хэрэгтэй. Хамгаалагчийн хувьд нэг их том хүн биш учраас жаахан жин нэмэх хэрэгтэй байна. Шилдэг хамгаалагч байхын тулд бие томтой байх албагүй гэж би боддог. Бусад талаараа нөхчихнө шүү дээ.
Та Тони Адамсын алдарт 6 дугаарыг авч байгаагаа мэдэх үү?
Энэ дугаарыг зүүдэг байсныг нь анзаараагүй ч түүний тухай би мэддэг байсан. Өөрийнхөө хүрсэн түвшинд хүрэхийн тулд хэрхэн шаргуу ажилласныг нь би биширч байгаа. Энд бол нэлээн нөлөө бүхий байсан юм билээ. Мундаг төвийн хамгаалагч, бас хүчтэй ахлагч байсан. Тухайн үедээ тийм ч ур чадвартай тоглогч байгаагүй ч маш сайн ажиллаж чадсан учраад их сайхан замналаар явсан юм билээ.
Таны хувьд шүтээн чинь хэн бэ?
Лоран Блан. Миний хувьд тэр төгс хамгаалагч. Үнэхээр чадварлаг, бусдын хайрыг татсан, жинхэнэ удирдагч. Тоглож байгааг нь харах юм бол ерөөсөө “дарга”. Хамгаалалтын төвд түүнтэй байхад бол айна гэж байхгүй дээ.
Нэг их урам хугараагүй ээ. Тэгээд ч ДАШТ-ээр тоглосон тоглогчид бүрэлдэхүүнд дуудагдаагүй болохоор нэг их найдаагүй. Шигшээ гэж ярихаасаа өмнө Арсеналынхаа гарааны бүрэлдэхүүнд тогтмол багтдаг болох тухайгаа бодсон нь дээр л дээ. Ийм ч байх ёстой. Эндээ байнга сайн тоглоод байх юм бол шигшээгийн үүд нээгдэх боломжтой шүү дээ.
Та Польшийн шигшээд тоглох боломжтой юу?
Бололгүй яахав. Өвөө маань Польш хүн, гэхдээ аав маань Францад төрсөн болохоор би польш хэл мэдэхгүй. Өнгөрсөн улирлаар Польшийн хөлбөмбөгийн холбооныхон надтай уулзаж энэ талаар асуухад би сонирхож байгаагаа хэлсэн. Гэвч одоо байдал өөр болсон. Тэр үед би Францын шигшээ намайг хэзээ ч дуудахгүй байх гэж боддог байсан. Одоо би Арсеналын тоглогч болсон болохоор бүх зүйл өөр. Би ихэрхүү зан гаргах гээгүй л дээ гэхдээ Арсеналд тоглож байгаа хүнд Францын шигшээд дуудагдах боломж өндөр шүү дээ. Би Польшуудыг хүндэтгэдэг гэхдээ хэзээ нэгэн цагт Францын төлөө тоглох боломжийг алдмааргүй байна.
Ярилцлагын төгсгөлд асуухад, таны Польш нэрийг хүмүүс хэлэх гэж бөөн юм болж байна. Та яг яаж зөв хэлэхийг зааж өгөөч.
Ко-си-элни гэж дуудна. Францад бас энд зарим хүмүүс Ко-ши-элни гэж дуудаад байдаг юм.
Дуртай тоглогчийн маань амбасын үеийн ярилцлага Арсенал цэг ком дээр гарсан байхыг хараад чадан ядан бантагнасан Цогоо
No comments:
Post a Comment