Monday, December 14, 2015

Үгүй нээрээ бодохоор л урам хугарах юм.

Үгүй нээрээ бодохоор л урам хугарах юм. Банк дээрэмдсэн хүмүүсийг өмөөрөх хүмүүс ямар их байна аа. Дээрэм хэзээнээс хүмүүсийн дуртай гэмт хэрэг болчихсон юм? Тэр таалаад, дэмжээд байгаа хүмүүсийн гэрт буу тулгаж ороод байсан мөнгийг нь хуу хамбал “гэгээн цагаан өдөр, хоншоортой” үйлдэл хийлээ гэж хариу баяр хүргэх болов уу? Үгүй шүү дээ. Шилийн сайн эрсийн үе өнгөрсөн шүү манайхаан. Надад байхгүй юмыг зүгээр хүчээр булаагаад авдаг үйлдэл бол, уучлаарай нөхөд минь, хулгай. Хулгайчийг өөхшүүлэх гэдэг бол бүдүүн баргаар хэлэх юм бол хам хэрэг шүү! Төр засгийн эрхэнд байгаа хүмүүс тэрбум, тэрбумаар нь идэж байхад энэ бол юу ч биш гэнэ үү?

Үгүй дээ хонгорууд минь, нэг хулгайчийг нөгөө хулгайчаасаа бага хулгайлсан гэж магтах юм уу? Өөр хүмүүс зөндөө хулгай хийж байгаа нь чиний хулгай хийх шалтаг болохгүй шүү дээ. Нийтээрээ ийм хулгайч сэтгэлтэй байх юм бол энэ орон маань яаж хөгжих юм бэ? Өөрөө хулгай хийдэг хүнийг дэмждэг байж үр хүүхэддээ юу сургах юм бэ? Хулгай хийх муу гээд хүүхэддээ хэлтэл өөдөөс тань “Та тэр хүнийг зөв гээд байсан шүү дээ” гэж л хэлнэ.

No comments: