Анатолий Рыбаковын Арбатын хүүхдүүд гурамсан романыг саяхан уншиж
дууслаа. Уг нь их эрт дууссан боловч ажил, ажил, ажил гэсээр сэтгэгдлээ
сийрүүлэх зав одоо л гарч байна. Анх Горбачевт
уншуулахад бараг өдөржин, шөнөжингөө сууж уншиж дуусгаад, яаралтай хэвлэж гарга
гэж тушаасан гэлцэх юм билээ. Хажууд нь байсан биш би яаж мэдэх вэ.
Үйл явдал нь 1930-аад оны орчмоос Дэлхийн 2-р дайн хүртэл
явж байгаа. Ер нь товчхондоо гэвэл “Их
хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэсэн сургаалийг дагахгүй бол ямар үр
дагавартайг харуулж байгаа гэж ойлгож болно. Ленин нас барахаасаа өмнө
гэрээслэл бичиж Намын төв хороонд үлдээсэн гэсэн яриа байдаг бөгөөд уг гэрээслэлд
Троцкийг өөрийнх нь оронд тавьж Сталиныг дэвшүүлэхгүй байх тухай санал болгосон
байдаг байна. Сталин өөрөөсөө бусдыг үл
тоодог ба намын ахмад гишүүд түүнийг үл тоомсорлодогт яснаасаа дургүй байж.
Лениний үхлийг өөрийн дээш гарах боломж гэж харж байсан учраас өөрийн бүх
үйлдлийг нарийн тооцоолж элдэв арга саам хийн дээшээ гарч ирсэн байна.
Аливаа гэнэн цайлган сэтгэлтэй улс ямагт тэргүүн эгнээнд
золиос болж байдгийг энэ зохиол маш тод томруун харуулдаг.
Саша Панкратов бол угийн цэх шударга зантай, ажил
мэргэжилтэй сайн, сурлага, мэдлэгээр ч муугүй, найз нөхөддөө ханилгаатай, Орос
орны ирээдүй болсон шинэ залуу сэхээтний төлөөлөл. Өөрөөр хэлбэл жинхэнэ Орос
мужик. Аливаа эрүүл ухаантай хүний зангаар магтаал хэтэрвэл хор болдог гэж
боддог учраас ханын сонин дээр Сталиныг магтсан шад оруулахын оронд ангийн
нөхрийг нөхөрсөг шоглосон нь дээр гэж үзсэн нь өөнтөгч нөхдийн хараанд өртөж
улс төрийн хэрэг үүсдэг. Уг нь эрх мэдэлтний улыг нэг долоогоод, уучлал өршөөл
эрсэн бол асуудал хүчээ авахгүй намжих байсан боловч түүний цэх шударга, нэрээ
хичээмхий зан гай болж орхино. (Ер нь ингэдгийг нь бодохоор энэ шал хэрэггүй
зан мэт)
Үлгэр дуурайлаа болгож явдаг Марк ах уг нь дээгүүр жаалж
байгаа л даа. Төв хорооны орлогч гишүүн энэ тэр болоод. Ганц утсаар ярихад л
асуудал намжих. Тэгэхдээ “тэднийхэн” тэгдэггүй хүмүүс. Үнэнээр явбал үхэр
тэргээр туулай гүйцэж болно оо доо. Гэвч харамсалтай нь энэ удаа тэгсэнгүй. Гурван
жил Сибирийн цөллөг.
Хэзээнээс нааш намын дотор том статустай байсан Ленинград
буюу одоогийнхоор Санкт Петербургийн намын хорооны зүтгэлтэн Киров Сталинд
таалагддаггүй байжээ. Нөхөр Сталинаас өөр үзэлтэй байж яав ч таарахгүй. Шинэ
эдийн засгийн бодлого гэгч хэрэгжихийн хэрээр маш амжилттай ажиллаж байгаа
зарим нэг нөхөд ч түүнд таалагдахгүй. Гэхдээ сахалт тэднийг шууд няслаад
няслаад явчихаж арай л завдахгүй. Шалтаг алга. Террористууд. Троцкий нам, эх
орноосоо хөөгдсөнийхөө төлөө намын одоогийн удирдлагуудыг алан хядаж, төрийн
эрхийг булаахаар оролдож байгаа. Үүнд итгэх хүн байна уу? До яамныхан олчихно.
Нөхөр Сталин тэдэн даалгавар өгөх ч шаардлага байхгүй. (Саша Барон Кохэний
Дарангуйлагч кинон дээр гардаг хоолой хэрчих үйлдэлэрхүү юм хийчихэд л бараг
болчихно. Бага зэргийн хэтрүүлэг хэрэглэв. Өршөөх ажаамуу.) Кировыг алчихлаа.
Нам, засагт нөхөж баршгүй гарз учрах нь тэр. Сталин “маш их эмгэнэв”.
Эхний ботийн нэр Арбатын хүүхдүүд. Өөрөөр хэлбэл Сашагийн
ангийнхан. Янз бүрийн ааш зантай, янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүс. Ёстой л
“эрдмийн ширээнд тохой залган” сууцгааж асан хүүхдүүд амьдралын эргүүлэгт
хэрхэн хөл алдаж, унаж, босож явааг харуулна. Гурамсан романы эхний хэсэгт үе
тэнгийн нөхөд хэрхэн өөр өөрийн явах ёстой замыг олж, мөрөө хөөн одож байгааг
харуулдаг. Юра Шарок, Нина Иванова,
түүний дүү Варя, Максим, Вика, Лена. Саша бол мэдээж Сибирь лүү явж байгаа.
Харин бусад нь хаашаа явж байгаа бол?
Хаашаа явж байгаа нь дараагийн боть болох Айдас романаас
мэдэгдэнэ. Сталин өөрийн бодож төлөвлөж байсан ажлаа зугуухан эхлэх нь Орос
орны алдартай хатуу өвлийн эрч чангарах мэт. Нэг хүний гарт төвлөрсөн
хязгааргүй эрх мэдэл. Түүний хямсганан муухай харах төдийгөөр хүмүүсийн амьдрал
нуран унаж, балран бүдгэрнэ. (Түүний өвөр дээр суугаад зургаа авахуулснаар
алдаршсан халимаг охины түүхийг саяхан уншсан. Пан-Монголист үзэлтэй байсан
ааваас нь болоод тэр хөөрхөн охиноос амьдралыг нь булаан авсан гэдэг юм. Энэ
тэгэхдээ өөр түүх л дээ.)
Кировыг “алдсанаас” болж маш их “гашуудсан” Сталин түүний өс
хонзонг Оросын ард түмнээс авч эхлэв. Ер нь түүнийг анхнаасаа үл тоомсорлодог
байснаараа намын ахмад гишүүд буруутай. Түүнээс өөр үзэл бодолтой байж
зүрхэлсэн Төв хорооны гишүүд буруутай. Сталинаас өөр хүнд итгэж зүрхэлсэн үсчин
өвгөн буруутай. Цэх шударга байж, мужик зан гаргаж чаддаг бүх хүн буруутай.
Буруу, буруу, буруу бүхэн бусдын буруу. (хүүхдийн дуунаас эш татав. ) Сталин
ганцаараа буруугүй. Тэр бол бурхан. Тэрээр хүмүүст амьдрал бэлэглэж байлаа. Яг
л болор жүнз шиг. Маш олон болор жүнзнүүдийг тэр хана, тааз, хаалга руу
дураараа шидэлж байлаа. Үхлийн тухай ярих юм биш. Агуу их үйлсийг бүтээхэд
багаахан хэмжээний гарз юу ч биш шүү дээ. Харин агуу их зүйл гэдгээ мань эр
хүмүүсийн боддогоос эрс өөрөөр тодорхойлсонд л хамаг гай нь оршиж байна. Гэтэл
баруун зүгт Гитлерийнхэн гал өрдөөд түймэрт бэлдээд байдаг. Түймрийн замд
Зөвлөлтийн ард түмэн айдсаараа аргамжигдчихаад хөдлөх аргагүй.
Санаандгүй сонгосон түймэр хэмээх миний тодорхойлолтод
жигтэйхэн зохисон Үнс чандруу гэдэг роман бол гурамсан романы төгсгөл. Сталины
өгсөн зохиолын дагуу До яамныхны дэглэсэн асар том ажиллагаа ерөнхийдөө дуусах
шатандаа орсон. Улс төрийнхнөөр эхлээд цэргийнхэн дунд үргэлжилсэн ажиллагаа
одоогоор төрсөн бууриа буюу До яамандаа эргэн ирж эх барьж авсан тусгай
ажилчдаа хөнөөж байв. Яг л төрүүлсэн эхээ барьж иддэг шавж мэт. (уг нь
сурснаараа шавьж гээд биччихмээр байвч дүрмээр шавж гэж бичдэг болсон гэсэн) Нар
буцах 6 сарын 22-ны өдрийн Барбосса ажиллагааны тухай хүн болгон л мэдэх
байлгүй. “Германы фашистууд итгэл эвдэн довтолсон” гэж ирээд л бидний багад
ухуулдаг байв аа. Үнэхээр итгэл даадаггүй яасан муухай царай шигээ сэтгэлтэй
улс байдгийн бэ гэж өсвөр нас хүртлээ л бодож явлаа. Улс төр, цэргийнхнийгээ
ингэж их цөлмөчихсөн байсан улс руу цахилгаан дайралт хийхээр орсон Германууд
ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг юм байгаа биз дээ.
Нэг мэдсэн чинь хадуурчихсан явж байна. Уг нь би хөөрхий
Сашагийн тухай бичье гэж эхэлсэн юм. Нөхцөл байдлын тухай мэдээллийг хүргэх
гэсээр хэтэрхий нуршиж уншигч таныг чилээсэн бол өршөөх ажаамуу.
Саша бол тэнэг. Уншиж дууссаныхаа дараа би ингэж бодов.
Тэнэг хүнийг тэнгэр түшдэг гэдэг биз. Айсуй аянганаас зайлсхийлгэх гэсэндээ
тэнгэр түүнийг хүйтэн бороонд норгож. Талийгаач Кировоос хойш Сашагийн асуудал
үүссэн бол энэ зохиол ингэж удаан үргэлжлэхгүйсэн. Талд төөрсөн хүмүүс алсад
байгаа цэгээр баримжаа авч, тэрхүү газрыг л зорин алхдаг шиг Сибирийн цөллөгт
арга мухардан ирсэн Саша ангийн охины дүү Варяг өөрийн луужин, ирээгүй
амьдралын бэлэг тэмдэг болгоно. Ер нь ирээдүйгээ харж байгаа хүн өнөөдрийг
тэвчдэг хойно доо.
Варягийн хувьд богино жолоотой бүсгүй хүний зөнгөөр нөмөр
нөөлөг хайж хэсэг тэмтчинэ. Түүнийг гэсэн эрчүүд олон байсан ч цөллөгөнд “сайн
дураараа” явсан хүлцэнгүй Саша шиг мужик олон байсангүй. Яахав хөөрхий гуравхан
жил тэсэхэд гайгүй сайн нөхөр болчих хүн ирнэ шүү дээ. Үнэндээ тэр дурласан
байж. Өдөр болгон ээжид нь тусалж, ачилсаар байгаад түүндээ дурлачихсан байж.
Уг нь ингээд тэр хоёр уулзсан бол ч… Сибириэс Варяг мөрөөдөх Саша, цөллөгөөс
Сашаг хүлээх Варя.
Үнэндээ энэ зохиол улс төр, хэлмэгдүүлэлт, хууралт,
мэхлэлтийн тухай биш юм. Энэ бол ерөөсөө хүний араншинг харуулсан нэвтэрхий
толь. Арбатын хүүхдүүд амьдралын шуурганд ямар зүгт яаж явж байгаагаар уншигч
хүмүүсийг толинд харуулж байгаа хэрэг. Хүн болгон өөрийгөө Саша шиг байгаасай
гэж хүсдэг байх. Төгс хүн гэж байхгүй шүү дээ. Дүрүүдээс та өөрийгөө хайгаарай.
Би өөрийгөө хоёр ч газраас олсон. Хоёулангийнх нь зан чанар таалагдсан ч, хувь тавилан нь таалагдаагүй.
Цаашаа бичмээр байвч уншаагүй хүмүүсээ бодоод ингэсгээд
зогсоё доо. Угаасаа хэтэрхий нуршчихлаа. Зохиолын бараг ихэнхийг ингээд
биччихлээ.
Цогоо
2013.10.09
Улаанбаатар хот
No comments:
Post a Comment