Wednesday, October 02, 2013

ВЭНГЭРИЙН 17 ЖИЛ


Арсеналын хамгийн амжилттай бөгөөд хамгийн удаан ажиллаж байгаа менежер Арсэн Вэнгэрийн ажиллаж эхэлсний 17 жилийн ой өнөөдөр (10 дугаар сарын 1) тохиож байна.

Өнгөрсөн бүтэн сайн өдрийн Свансид хийсэн тоглолт түүний 964 дэх тоглолт, 558 дахь хожил байлаа.

Түүний хожлын хувь нь 57.9 байгаа бол энэ хугацаанд нийт 1786 гоол орсон нь тоглолт тутамд дунджаар 1.85 гоол орж байсан гэсэн үг юм. Харин энэ хугацааны гоолын зөрүү нь +857.

Арсэн Вэнгэрийн тоглолтууд

Энэ нь тэрээр Арсеналыг урьд өмнө удирдаж байсан бүх менежерүүдээс олон тоглолт хийж, олон хожил авчирч (мөн олон хожигдол, бас тэнцээ) байсан гэсэн үг юм. Тэрээр өмнөх менежерүүдээс олон цом хожсон (коммюнити шилд зэргийг оруулаад 11 ширхэг) ба хожлын хувиар ч хамаагүй илүү.

Түүний багууд өмнөх менежерүүдээс илүү олон гоол хийсэн (яг арынхаа хүний багаас хоёр дахин илүү) бөгөөд Арсеналын түүхэнд байсан бүх менежерүүдээс илүү олон удаа лиг, Хөлбөмбөгийн Холбооны Цом, Лигийн Цом, Европын тоглолтууд болон Коммюнити шилдийн тоглолтуудыг удирдаж явуулсан.

1996 оны 8 дугаар сард Японы Грампус Эйт хэмээх багийг удирдаж байх үедээ Брюс Риокийг залгамжилж Арсеналыг удирдах болно хэмээн зарлагдсан ч албан ёсоор 10 сарын 1-нд Арсеналын хүн болсон юм. Япон дахь багийн гэрээ дууссаны дараа албан ёсны анхны тоглолтоо 1996 оны 10-р сарын 12-ны өдөр Блакбурны талбай дээр хийж 2-0оор хожиж байв.


Дэлхийн Хоёрдугаар дайны үед ажиллаж байсан Жорж Аллисоны 13 жилийн хугацааг дөрвөн жилийн өмнө гүйцэхдээ Вэнгэр клубын хамгийн удаан ажиллаж байгаа менежер болсон юм.

Клубыг удирдан лигт түрүүлсэн 6 менежер байдгийн нэг нь Вэнгэр. Харин Хөлбөмбөгийн Холбооны цомыг нэгээс олон удаа өргөсөн цорын ганц менежер. Арсеналын нэр дээр байдаг 27 томоохон цомуудыг 7 хүн хамтран цуглуулсан (Чапман, Аллисон, Виттакер, Мий, Грам, Неил, тэгээд Вэнгэр).

Хожлын хувь ярьвал Вэнгэрийн 57.9 хувь бусад менежерүүдээс хавьгүй илүү байгаа юм. Дайнаас хойшх менежерүүдээс тэр л ганцаараа нийт тоглолтын талаас илүүд нь хожсон гэсэн үзүүлэлттэй. Нарийн ярьвал дараагийнхаа 130 тоглолтод хожигдсон ч гэсэн хамгийн өндөр хожлын хувьтай нь хэвээрээ л байх болно.

Арсеналын Премьер лигийн тоглолтын 78.9 хувийг (644 тоглолт) удирдаж, нийт онооны 83.2 хувийг (1279 оноо) цуглуулсан байдаг. Мөн Европын тоглолтын 68.7 хувийг (169) удирдсан.
Хамгийн багадаа 100 тоглолт хийсэн менежерүүдийн хожлын хувь
Анхныхаа бүтэн улиралдаа Вэнгэр дотоодын тэмцээний хос цом авсан (Английн лигт түрүүлсэн анхны менежер) ба энийгээ 4 жилийн дараа дахин давтсан. Хос цом бүхий 2001-02 улирал түүний хувьд хамгийн өндөр хожлын хувьтай нь хэвээрээ байгаа. 60 тоглолтынхоо 65 хувийг хожсон.

60 хувиас илүү хожилтой байсан эхний гурван улиралд Арсенал лигтээ түрүүлсэн (1997-98, 2001-02, 2003-04) боловч гурав дахь түрүүнээс хойш лигт түрүүлэх хэцүү болж эхэлсэн. Дараагийн улиралд нь Арсеналын хожил 64.9 хувьтай (Вэнгэрийн хувьд дээрээсээ хоёр дахь үзүүлэлт) байсан боловч түрүүлж чадсангүй. Түүнээс хойш хоёр ч удаа 60 буюу түүнээс дээш хувийн хожилтой байсан ч (2007-08, 2009-10) хоёуланд нь түрүү байхгүй. Уг нь бол 2007-08 улирлын хожлын хувь хос цомтой 1997-98 улирлынхаас ч сайн байсан шүү дээ.


Вэнгэрийн удирдсан бүх улиралд Арсенал 4 дүгээр байрнаас доор байрлаж байгаагүй. Одоогоор Франц эрийн удирдлага доор 17 улирал дараалан эхний дөрөвт улирлыг дуусгаж байгаа нь клубын хувьд дээд амжилт. Өмнө нь 1930-31 улирлаас 1934-35 улирлын хооронд 5 улирал дараалан энэ амжилтыг үзүүлж байсан.

Арсеналын эхний дөрөвт багтаж улирлыг дуусгасан нийт улирлуудын 42.5 нь Вэнгэрийн удирдлага доор байжээ.

Энэхүү тогтвортой амжилт нь хуучин цэнгэлдэх Хайбери болон одоогийн Эмирэйтс цэнгэлдэх дэх үзүүлэлтийг харьцуулахад тод харагдана. Арсенал шинэ цэнгэлдэхдээ нүүж орсноосоо хойш цом хожоогүй ч гэсэн энэ үзүүлэлт нь өмнөх цэнгэлдэхэд хийсэн Вэнгэрийн үзүүлэлттэй ихээхэн төстэй байгаа юм.

Хайбери дэх хожлын хувь 70.6 байсан бол Эмирэйтсийнх 68.2 байна. Харин тоглолт бүрд оруулсан гоолын хувьд яг адилхан (Эмиртэйтст 2.16, Хайберид бас 2.16) боловч шинэ гэртээ хавьгүй багыг алдсан (Эмирэйтст 0.77, Хайберид 0.82).


Энэ 17 жилийн турш Вэнгэр 187 тоглогчийг тоглуулсан нь Арсеналын үндсэн багт гарч тоглосон нийт тоглогчдын 22.9 хувийг бүрдүүлж байна. Патрик Виейра менежерийн төлөө хамгийн олон тоглолт (402 тоглолт, нийт тоглолтын 41.7 хувь) тоглосон бол Вэнгэрийг ирэхэд байсан тоглогчдоос Деннис Бергкамп хамгийн олон (376 тоглолт) тоглосон.

Түүний төлөө хамгийн олон тоглосон 10 тоглогч нарын дунд одоогийн бүрэлдэхүүнээс ганц Тео Валкотт л байгаа бөгөөд мань эр одоогоор 270 тоглолт хийчихээд байна.

Эдгээр 187 тоглогчдоос ердөө 27 нь л менежерийн төлөө ганц тоглосон бол 22 тоглогч 200 болон түүнээс дээш тогложээ.

Хамгийн олон тоглосон 10 тоглогч
Вэнгэрийн удирдлага доор Арсеналд тоглож байсан тоглогчдын талаас илүү нь (96) гоол хийжээ. Энэ хугацааны хамгийн олон гоолтой тоглогч нь мэдээж Клубын хамгийн олон гоолтой Тиерри Анри байна. Вэнгэрийн үед орсон нийт 1786 гоолны 228 нь түүний нэр дээр бүртгэлтэй ба 12.8 хувийг дангаара эзэлж байна. Хамгийн олон гоолтой 10 тоглогчдын маань гоолууд нийт гоолын 48.3 хувийг эзэлж байгаа юм.
Хамгийн олон гоолтой 10 тоглогч
Яг өнөөдөр Английн лигт ажиллаж байгаа 91 менежерээс хамгийн удаан ажиллаж байгаа нь Арсэн Вэнгэр. Хоёрдугаарт жагсаж байгаа Эксэтэр Ситигийн Пол Тисдэйлын хугацааг хоёр нугалсанаас илүү удаан байгаа. Энэ жагсаалтад өөр хэн ч тасралтгүй 5 жилээс дээш ажиллаагүй байгаа. Долоо нь буюу найман хувь нь тус тусын клубт гурван жилээс илүү хугацаагаар ажилласан.

Премьер лигийн хувьд Алан Пардью хамгийн удаан ажиллаж байгаа хоёр дахь хүн болж таарч байгаа юм. Түүний ажилласан хугацаа бараг гурван жил. Хоёроос дээш жилээр клубтээ ажиллаж байгаа менежерүүд гэвэл Сэм Аллардайс (Вэстхам), Мартин Ёол (Фулэм), Малки Макай (Кардифф Сити).


Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: Арсенал цэг ком

No comments: