Wednesday, October 09, 2013

Арбатын хүүхдүүд ээ гэж…

Анатолий Рыбаковын Арбатын хүүхдүүд гурамсан романыг саяхан уншиж дууслаа. Уг нь их эрт дууссан боловч ажил, ажил, ажил гэсээр сэтгэгдлээ сийрүүлэх зав одоо л гарч байна. Анх Горбачевт уншуулахад бараг өдөржин, шөнөжингөө сууж уншиж дуусгаад, яаралтай хэвлэж гарга гэж тушаасан гэлцэх юм билээ. Хажууд нь байсан биш би яаж мэдэх вэ.

Үйл явдал нь 1930-аад оны орчмоос Дэлхийн 2-р дайн хүртэл явж байгаа.  Ер нь товчхондоо гэвэл “Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэсэн сургаалийг дагахгүй бол ямар үр дагавартайг харуулж байгаа гэж ойлгож болно. Ленин нас барахаасаа өмнө гэрээслэл бичиж Намын төв хороонд үлдээсэн гэсэн яриа байдаг бөгөөд уг гэрээслэлд Троцкийг өөрийнх нь оронд тавьж Сталиныг дэвшүүлэхгүй байх тухай санал болгосон байдаг байна.  Сталин өөрөөсөө бусдыг үл тоодог ба намын ахмад гишүүд түүнийг үл тоомсорлодогт яснаасаа дургүй байж. Лениний үхлийг өөрийн дээш гарах боломж гэж харж байсан учраас өөрийн бүх үйлдлийг нарийн тооцоолж элдэв арга саам хийн дээшээ гарч ирсэн байна.

Аливаа гэнэн цайлган сэтгэлтэй улс ямагт тэргүүн эгнээнд золиос болж байдгийг энэ зохиол маш тод томруун харуулдаг.

Саша Панкратов бол угийн цэх шударга зантай, ажил мэргэжилтэй сайн, сурлага, мэдлэгээр ч муугүй, найз нөхөддөө ханилгаатай, Орос орны ирээдүй болсон шинэ залуу сэхээтний төлөөлөл. Өөрөөр хэлбэл жинхэнэ Орос мужик. Аливаа эрүүл ухаантай хүний зангаар магтаал хэтэрвэл хор болдог гэж боддог учраас ханын сонин дээр Сталиныг магтсан шад оруулахын оронд ангийн нөхрийг нөхөрсөг шоглосон нь дээр гэж үзсэн нь өөнтөгч нөхдийн хараанд өртөж улс төрийн хэрэг үүсдэг. Уг нь эрх мэдэлтний улыг нэг долоогоод, уучлал өршөөл эрсэн бол асуудал хүчээ авахгүй намжих байсан боловч түүний цэх шударга, нэрээ хичээмхий зан гай болж орхино. (Ер нь ингэдгийг нь бодохоор энэ шал хэрэггүй зан мэт)

Үлгэр дуурайлаа болгож явдаг Марк ах уг нь дээгүүр жаалж байгаа л даа. Төв хорооны орлогч гишүүн энэ тэр болоод. Ганц утсаар ярихад л асуудал намжих. Тэгэхдээ “тэднийхэн” тэгдэггүй хүмүүс. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэж болно оо доо. Гэвч харамсалтай нь энэ удаа тэгсэнгүй. Гурван жил Сибирийн цөллөг. 

Хэзээнээс нааш намын дотор том статустай байсан Ленинград буюу одоогийнхоор Санкт Петербургийн намын хорооны зүтгэлтэн Киров Сталинд таалагддаггүй байжээ. Нөхөр Сталинаас өөр үзэлтэй байж яав ч таарахгүй. Шинэ эдийн засгийн бодлого гэгч хэрэгжихийн хэрээр маш амжилттай ажиллаж байгаа зарим нэг нөхөд ч түүнд таалагдахгүй. Гэхдээ сахалт тэднийг шууд няслаад няслаад явчихаж арай л завдахгүй. Шалтаг алга. Террористууд. Троцкий нам, эх орноосоо хөөгдсөнийхөө төлөө намын одоогийн удирдлагуудыг алан хядаж, төрийн эрхийг булаахаар оролдож байгаа. Үүнд итгэх хүн байна уу? До яамныхан олчихно. Нөхөр Сталин тэдэн даалгавар өгөх ч шаардлага байхгүй. (Саша Барон Кохэний Дарангуйлагч кинон дээр гардаг хоолой хэрчих үйлдэлэрхүү юм хийчихэд л бараг болчихно. Бага зэргийн хэтрүүлэг хэрэглэв. Өршөөх ажаамуу.) Кировыг алчихлаа. Нам, засагт нөхөж баршгүй гарз учрах нь тэр. Сталин “маш их эмгэнэв”.

Эхний ботийн нэр Арбатын хүүхдүүд. Өөрөөр хэлбэл Сашагийн ангийнхан. Янз бүрийн ааш зантай, янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүс. Ёстой л “эрдмийн ширээнд тохой залган” сууцгааж асан хүүхдүүд амьдралын эргүүлэгт хэрхэн хөл алдаж, унаж, босож явааг харуулна. Гурамсан романы эхний хэсэгт үе тэнгийн нөхөд хэрхэн өөр өөрийн явах ёстой замыг олж, мөрөө хөөн одож байгааг харуулдаг.  Юра Шарок, Нина Иванова, түүний дүү Варя, Максим, Вика, Лена. Саша бол мэдээж Сибирь лүү явж байгаа. Харин бусад нь хаашаа явж байгаа бол?

Хаашаа явж байгаа нь дараагийн боть болох Айдас романаас мэдэгдэнэ. Сталин өөрийн бодож төлөвлөж байсан ажлаа зугуухан эхлэх нь Орос орны алдартай хатуу өвлийн эрч чангарах мэт. Нэг хүний гарт төвлөрсөн хязгааргүй эрх мэдэл. Түүний хямсганан муухай харах төдийгөөр хүмүүсийн амьдрал нуран унаж, балран бүдгэрнэ. (Түүний өвөр дээр суугаад зургаа авахуулснаар алдаршсан халимаг охины түүхийг саяхан уншсан. Пан-Монголист үзэлтэй байсан ааваас нь болоод тэр хөөрхөн охиноос амьдралыг нь булаан авсан гэдэг юм. Энэ тэгэхдээ өөр түүх л дээ.)

Кировыг “алдсанаас” болж маш их “гашуудсан” Сталин түүний өс хонзонг Оросын ард түмнээс авч эхлэв. Ер нь түүнийг анхнаасаа үл тоомсорлодог байснаараа намын ахмад гишүүд буруутай. Түүнээс өөр үзэл бодолтой байж зүрхэлсэн Төв хорооны гишүүд буруутай. Сталинаас өөр хүнд итгэж зүрхэлсэн үсчин өвгөн буруутай. Цэх шударга байж, мужик зан гаргаж чаддаг бүх хүн буруутай. Буруу, буруу, буруу бүхэн бусдын буруу. (хүүхдийн дуунаас эш татав. ) Сталин ганцаараа буруугүй. Тэр бол бурхан. Тэрээр хүмүүст амьдрал бэлэглэж байлаа. Яг л болор жүнз шиг. Маш олон болор жүнзнүүдийг тэр хана, тааз, хаалга руу дураараа шидэлж байлаа. Үхлийн тухай ярих юм биш. Агуу их үйлсийг бүтээхэд багаахан хэмжээний гарз юу ч биш шүү дээ. Харин агуу их зүйл гэдгээ мань эр хүмүүсийн боддогоос эрс өөрөөр тодорхойлсонд л хамаг гай нь оршиж байна. Гэтэл баруун зүгт Гитлерийнхэн гал өрдөөд түймэрт бэлдээд байдаг. Түймрийн замд Зөвлөлтийн ард түмэн айдсаараа аргамжигдчихаад хөдлөх аргагүй.

Санаандгүй сонгосон түймэр хэмээх миний тодорхойлолтод жигтэйхэн зохисон Үнс чандруу гэдэг роман бол гурамсан романы төгсгөл. Сталины өгсөн зохиолын дагуу До яамныхны дэглэсэн асар том ажиллагаа ерөнхийдөө дуусах шатандаа орсон. Улс төрийнхнөөр эхлээд цэргийнхэн дунд үргэлжилсэн ажиллагаа одоогоор төрсөн бууриа буюу До яамандаа эргэн ирж эх барьж авсан тусгай ажилчдаа хөнөөж байв. Яг л төрүүлсэн эхээ барьж иддэг шавж мэт. (уг нь сурснаараа шавьж гээд биччихмээр байвч дүрмээр шавж гэж бичдэг болсон гэсэн) Нар буцах 6 сарын 22-ны өдрийн Барбосса ажиллагааны тухай хүн болгон л мэдэх байлгүй. “Германы фашистууд итгэл эвдэн довтолсон” гэж ирээд л бидний багад ухуулдаг байв аа. Үнэхээр итгэл даадаггүй яасан муухай царай шигээ сэтгэлтэй улс байдгийн бэ гэж өсвөр нас хүртлээ л бодож явлаа. Улс төр, цэргийнхнийгээ ингэж их цөлмөчихсөн байсан улс руу цахилгаан дайралт хийхээр орсон Германууд ёстой дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг юм байгаа биз дээ.

Нэг мэдсэн чинь хадуурчихсан явж байна. Уг нь би хөөрхий Сашагийн тухай бичье гэж эхэлсэн юм. Нөхцөл байдлын тухай мэдээллийг хүргэх гэсээр хэтэрхий нуршиж уншигч таныг чилээсэн бол өршөөх ажаамуу.

Саша бол тэнэг. Уншиж дууссаныхаа дараа би ингэж бодов. Тэнэг хүнийг тэнгэр түшдэг гэдэг биз. Айсуй аянганаас зайлсхийлгэх гэсэндээ тэнгэр түүнийг хүйтэн бороонд норгож. Талийгаач Кировоос хойш Сашагийн асуудал үүссэн бол энэ зохиол ингэж удаан үргэлжлэхгүйсэн. Талд төөрсөн хүмүүс алсад байгаа цэгээр баримжаа авч, тэрхүү газрыг л зорин алхдаг шиг Сибирийн цөллөгт арга мухардан ирсэн Саша ангийн охины дүү Варяг өөрийн луужин, ирээгүй амьдралын бэлэг тэмдэг болгоно. Ер нь ирээдүйгээ харж байгаа хүн өнөөдрийг тэвчдэг хойно доо.

Варягийн хувьд богино жолоотой бүсгүй хүний зөнгөөр нөмөр нөөлөг хайж хэсэг тэмтчинэ. Түүнийг гэсэн эрчүүд олон байсан ч цөллөгөнд “сайн дураараа” явсан хүлцэнгүй Саша шиг мужик олон байсангүй. Яахав хөөрхий гуравхан жил тэсэхэд гайгүй сайн нөхөр болчих хүн ирнэ шүү дээ. Үнэндээ тэр дурласан байж. Өдөр болгон ээжид нь тусалж, ачилсаар байгаад түүндээ дурлачихсан байж. Уг нь ингээд тэр хоёр уулзсан бол ч… Сибириэс Варяг мөрөөдөх Саша, цөллөгөөс Сашаг хүлээх Варя.

Үнэндээ энэ зохиол улс төр, хэлмэгдүүлэлт, хууралт, мэхлэлтийн тухай биш юм. Энэ бол ерөөсөө хүний араншинг харуулсан нэвтэрхий толь. Арбатын хүүхдүүд амьдралын шуурганд ямар зүгт яаж явж байгаагаар уншигч хүмүүсийг толинд харуулж байгаа хэрэг. Хүн болгон өөрийгөө Саша шиг байгаасай гэж хүсдэг байх. Төгс хүн гэж байхгүй шүү дээ. Дүрүүдээс та өөрийгөө хайгаарай. Би өөрийгөө хоёр ч газраас олсон. Хоёулангийнх нь зан чанар таалагдсан ч, хувь тавилан нь таалагдаагүй.

Цаашаа бичмээр байвч уншаагүй хүмүүсээ бодоод ингэсгээд зогсоё доо. Угаасаа хэтэрхий нуршчихлаа. Зохиолын бараг ихэнхийг ингээд биччихлээ.

Цогоо
2013.10.09
Улаанбаатар хот 

Wednesday, October 02, 2013

ВЭНГЭРИЙН 17 ЖИЛ


Арсеналын хамгийн амжилттай бөгөөд хамгийн удаан ажиллаж байгаа менежер Арсэн Вэнгэрийн ажиллаж эхэлсний 17 жилийн ой өнөөдөр (10 дугаар сарын 1) тохиож байна.

Өнгөрсөн бүтэн сайн өдрийн Свансид хийсэн тоглолт түүний 964 дэх тоглолт, 558 дахь хожил байлаа.

Түүний хожлын хувь нь 57.9 байгаа бол энэ хугацаанд нийт 1786 гоол орсон нь тоглолт тутамд дунджаар 1.85 гоол орж байсан гэсэн үг юм. Харин энэ хугацааны гоолын зөрүү нь +857.

Арсэн Вэнгэрийн тоглолтууд

Энэ нь тэрээр Арсеналыг урьд өмнө удирдаж байсан бүх менежерүүдээс олон тоглолт хийж, олон хожил авчирч (мөн олон хожигдол, бас тэнцээ) байсан гэсэн үг юм. Тэрээр өмнөх менежерүүдээс олон цом хожсон (коммюнити шилд зэргийг оруулаад 11 ширхэг) ба хожлын хувиар ч хамаагүй илүү.

Түүний багууд өмнөх менежерүүдээс илүү олон гоол хийсэн (яг арынхаа хүний багаас хоёр дахин илүү) бөгөөд Арсеналын түүхэнд байсан бүх менежерүүдээс илүү олон удаа лиг, Хөлбөмбөгийн Холбооны Цом, Лигийн Цом, Европын тоглолтууд болон Коммюнити шилдийн тоглолтуудыг удирдаж явуулсан.

1996 оны 8 дугаар сард Японы Грампус Эйт хэмээх багийг удирдаж байх үедээ Брюс Риокийг залгамжилж Арсеналыг удирдах болно хэмээн зарлагдсан ч албан ёсоор 10 сарын 1-нд Арсеналын хүн болсон юм. Япон дахь багийн гэрээ дууссаны дараа албан ёсны анхны тоглолтоо 1996 оны 10-р сарын 12-ны өдөр Блакбурны талбай дээр хийж 2-0оор хожиж байв.


Дэлхийн Хоёрдугаар дайны үед ажиллаж байсан Жорж Аллисоны 13 жилийн хугацааг дөрвөн жилийн өмнө гүйцэхдээ Вэнгэр клубын хамгийн удаан ажиллаж байгаа менежер болсон юм.

Клубыг удирдан лигт түрүүлсэн 6 менежер байдгийн нэг нь Вэнгэр. Харин Хөлбөмбөгийн Холбооны цомыг нэгээс олон удаа өргөсөн цорын ганц менежер. Арсеналын нэр дээр байдаг 27 томоохон цомуудыг 7 хүн хамтран цуглуулсан (Чапман, Аллисон, Виттакер, Мий, Грам, Неил, тэгээд Вэнгэр).

Хожлын хувь ярьвал Вэнгэрийн 57.9 хувь бусад менежерүүдээс хавьгүй илүү байгаа юм. Дайнаас хойшх менежерүүдээс тэр л ганцаараа нийт тоглолтын талаас илүүд нь хожсон гэсэн үзүүлэлттэй. Нарийн ярьвал дараагийнхаа 130 тоглолтод хожигдсон ч гэсэн хамгийн өндөр хожлын хувьтай нь хэвээрээ л байх болно.

Арсеналын Премьер лигийн тоглолтын 78.9 хувийг (644 тоглолт) удирдаж, нийт онооны 83.2 хувийг (1279 оноо) цуглуулсан байдаг. Мөн Европын тоглолтын 68.7 хувийг (169) удирдсан.
Хамгийн багадаа 100 тоглолт хийсэн менежерүүдийн хожлын хувь
Анхныхаа бүтэн улиралдаа Вэнгэр дотоодын тэмцээний хос цом авсан (Английн лигт түрүүлсэн анхны менежер) ба энийгээ 4 жилийн дараа дахин давтсан. Хос цом бүхий 2001-02 улирал түүний хувьд хамгийн өндөр хожлын хувьтай нь хэвээрээ байгаа. 60 тоглолтынхоо 65 хувийг хожсон.

60 хувиас илүү хожилтой байсан эхний гурван улиралд Арсенал лигтээ түрүүлсэн (1997-98, 2001-02, 2003-04) боловч гурав дахь түрүүнээс хойш лигт түрүүлэх хэцүү болж эхэлсэн. Дараагийн улиралд нь Арсеналын хожил 64.9 хувьтай (Вэнгэрийн хувьд дээрээсээ хоёр дахь үзүүлэлт) байсан боловч түрүүлж чадсангүй. Түүнээс хойш хоёр ч удаа 60 буюу түүнээс дээш хувийн хожилтой байсан ч (2007-08, 2009-10) хоёуланд нь түрүү байхгүй. Уг нь бол 2007-08 улирлын хожлын хувь хос цомтой 1997-98 улирлынхаас ч сайн байсан шүү дээ.


Вэнгэрийн удирдсан бүх улиралд Арсенал 4 дүгээр байрнаас доор байрлаж байгаагүй. Одоогоор Франц эрийн удирдлага доор 17 улирал дараалан эхний дөрөвт улирлыг дуусгаж байгаа нь клубын хувьд дээд амжилт. Өмнө нь 1930-31 улирлаас 1934-35 улирлын хооронд 5 улирал дараалан энэ амжилтыг үзүүлж байсан.

Арсеналын эхний дөрөвт багтаж улирлыг дуусгасан нийт улирлуудын 42.5 нь Вэнгэрийн удирдлага доор байжээ.

Энэхүү тогтвортой амжилт нь хуучин цэнгэлдэх Хайбери болон одоогийн Эмирэйтс цэнгэлдэх дэх үзүүлэлтийг харьцуулахад тод харагдана. Арсенал шинэ цэнгэлдэхдээ нүүж орсноосоо хойш цом хожоогүй ч гэсэн энэ үзүүлэлт нь өмнөх цэнгэлдэхэд хийсэн Вэнгэрийн үзүүлэлттэй ихээхэн төстэй байгаа юм.

Хайбери дэх хожлын хувь 70.6 байсан бол Эмирэйтсийнх 68.2 байна. Харин тоглолт бүрд оруулсан гоолын хувьд яг адилхан (Эмиртэйтст 2.16, Хайберид бас 2.16) боловч шинэ гэртээ хавьгүй багыг алдсан (Эмирэйтст 0.77, Хайберид 0.82).


Энэ 17 жилийн турш Вэнгэр 187 тоглогчийг тоглуулсан нь Арсеналын үндсэн багт гарч тоглосон нийт тоглогчдын 22.9 хувийг бүрдүүлж байна. Патрик Виейра менежерийн төлөө хамгийн олон тоглолт (402 тоглолт, нийт тоглолтын 41.7 хувь) тоглосон бол Вэнгэрийг ирэхэд байсан тоглогчдоос Деннис Бергкамп хамгийн олон (376 тоглолт) тоглосон.

Түүний төлөө хамгийн олон тоглосон 10 тоглогч нарын дунд одоогийн бүрэлдэхүүнээс ганц Тео Валкотт л байгаа бөгөөд мань эр одоогоор 270 тоглолт хийчихээд байна.

Эдгээр 187 тоглогчдоос ердөө 27 нь л менежерийн төлөө ганц тоглосон бол 22 тоглогч 200 болон түүнээс дээш тогложээ.

Хамгийн олон тоглосон 10 тоглогч
Вэнгэрийн удирдлага доор Арсеналд тоглож байсан тоглогчдын талаас илүү нь (96) гоол хийжээ. Энэ хугацааны хамгийн олон гоолтой тоглогч нь мэдээж Клубын хамгийн олон гоолтой Тиерри Анри байна. Вэнгэрийн үед орсон нийт 1786 гоолны 228 нь түүний нэр дээр бүртгэлтэй ба 12.8 хувийг дангаара эзэлж байна. Хамгийн олон гоолтой 10 тоглогчдын маань гоолууд нийт гоолын 48.3 хувийг эзэлж байгаа юм.
Хамгийн олон гоолтой 10 тоглогч
Яг өнөөдөр Английн лигт ажиллаж байгаа 91 менежерээс хамгийн удаан ажиллаж байгаа нь Арсэн Вэнгэр. Хоёрдугаарт жагсаж байгаа Эксэтэр Ситигийн Пол Тисдэйлын хугацааг хоёр нугалсанаас илүү удаан байгаа. Энэ жагсаалтад өөр хэн ч тасралтгүй 5 жилээс дээш ажиллаагүй байгаа. Долоо нь буюу найман хувь нь тус тусын клубт гурван жилээс илүү хугацаагаар ажилласан.

Премьер лигийн хувьд Алан Пардью хамгийн удаан ажиллаж байгаа хоёр дахь хүн болж таарч байгаа юм. Түүний ажилласан хугацаа бараг гурван жил. Хоёроос дээш жилээр клубтээ ажиллаж байгаа менежерүүд гэвэл Сэм Аллардайс (Вэстхам), Мартин Ёол (Фулэм), Малки Макай (Кардифф Сити).


Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: Арсенал цэг ком