Thursday, September 05, 2013

МЭСҮТ ӨЗИЛ: АРСЕНАЛД ӨГСӨН АНХНЫ ЯРИЛЦЛАГА


Мэсүт Өзилийн Арсенал Плэйер буланд өгсөн анхны ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Арсеналд тавтай морил, Мэсүт. Манай Клубт элсэхэд хэр санагдаж байна? 
Их сайхан байна аа. Энд надад тулгарах шинэ дуудлагуудыг би алгаа дэлгэн угтаж байна. Лондонгийн амьдрал, шинэ багийнхан, менежер, фэнүүд, тэгээд Премьер лигийг ч гэсэн. Миний сэтгэл үнэхээр хөдөлж байна. Миний хувьд төгс шийдвэр болсон одоо үр дүнг нь харах л үлдлээ.

Чухам Арсеналыг сонгоход юу нөлөөлөв? Арсэн Вэнгэр шийдвэрт чинь хэрхэн нөлөөлөв? 
Арсенал Английн том клубуудын нэг учраас сонгосон. Менежер ч дэлхийн зиндааны хүн – тэрнийгээ олон жил харуулсан. Маш олон тоглогч нар түүний удирдлагын дагуу өөрсдийгөө хөгжүүлж чадсан нь миний Арсеналыг сонгосон шалтгаан байсан. Би өөрийгөө улам хөгжүүлмээр байна, бас би тоглолтын арга барилыг мэдрэхийг хүсч байна. Ур чадвартай, довтолгоо зонхилсон тоглолт үзүүлдэгээрээ Арсенал алдартай. Би үүнд яг сайхан зохицно гэж бодож байна. Ийм ч учраас энэ клубт нэгдсэн.

Клубын амбиц, төлөвлөгөө таны шийдвэрт хэр нөлөө үзүүлсэн бэ? 
Үнэхээр чухал нөлөөтэй. Хамгийн чухал зүйл юу байсан бэ гэхээр менежер надад итгэл үзүүлж байгаа. Өөрийн чадварыг харуулж, талбай дээр зугаацахыг би хүсч байна. Би өөрийн тоглолтоороо багийнхандаа тус болж чадна гэж бодож байна.

Клубт нэгдэхийн өмнө Пэр Мэртезакер, Лукас Подолски нартай зөвлөлдөв үү? 
Харамсалтай нь чадаагүй ээ. Хамаг юм их хурдан болоод өнгөрсөн. Менежертэй утсаар их удаан ярихад тэр өөрийн алсын хараа, миний тухай юу гэж бодож байгаа тухайгаа тодорхой ярьсан л даа. Тэр яриа нь намайг ятгаж дөнгөсөн учраас би одоо Арсеналд байна.

Арсеналын тоглолтын хэв маягийн тухай. Танд хэр таалагдаж байгаа вэ? 
Өмнө хэлсэнчлэн Арсенал бол ур чадварын хувьд дэлхийн хамгийн шилдгүүдийн нэг. Менежер үргэлж гоё, довтолгоотой тоглолт үзүүлэхийг хичээдэг. Би энд их зохицно гэж бодож байна, яагаад гэвэл би түргэн, нэгийн хүрэлтээр тоглох дуртай. Клубын нэг хэсэг болж багтаа туслана гэдэг надад таалагдаж байна.

Баг маань энэ жил цом авна гэдэгт хэр итгэлтэй байна? 
Мэдээж авна. Сүүлийн хэдэн жил Арсенал төдийлөн амжилт гаргаж чадахгүй байсан. Улам амжилттай баймаар байна. Цом хожмоор байна. Фэнүүд ч гэсэн тэгж хүсч байгаа гэж бодож байна. Маш хүчтэй бөгөөд залуу бүрэлдэхүүн маань менежерийн удирдлагын дагуу зөндөө их өсөж дэвжих байх. Бидэнд чадвар байгаа учраас цом хожиж чадах болно гэж би бодож байна. 

Өнгөрсөн таван жилийн турш та Европт хэнээс ч илүү олон гоолын боломжийг нээлттэй тоглолтоос үүсгэсэн байдаг. Та гоолын дамжуулалтыг гоолтой адилхан гэж үздэг үү? 
Тийм ээ, мэдээж. Гоолын дамжуулалтууд амжилтыг дагуулдаг, би тийм боломж үүсгэх дуртай тоглогч. Багийнхан маань намайг тийм ч амиа бодсон тоглогч биш гэдгийг мэдэх байх. Би гоолын дамжуулалт өгөх эсвэл өөрөө гоолдохдоо маш их баярладаг. Хамгийн гол нь баг маань зорилгодоо хүрч, эерэг хөлбөмбөг тоглох шүү дээ.

Премьер лиг Ла Лигээс өөр хэв маягтай. Та хэрхэн дасан зохицож, өөрийнхөө тоглолтод ямар шинж чанар нэмнэ гэж бодож байгаа вэ? 
Би энэ лигт тоглох гэж байгаадаа их баяртай байна. Хүн болгон Премьер Лигийн хамгийн хүчтэй лиг гэж мэднэ. Үнэхээр олон шилдэг багуудтай. Би өөрийгөө энд батламаар байна. миний хувьд шинэ дуудлага, шинэ даалгавар. Би тэсэн ядан хүлээж байна. Боссын удирдлага доор багтайгаа цуг сайжирмаар байна. Миний сэтгэл их хөдөлж байна. Бага байх үеэ эргэн саная.

Торны хөлбөмбөг (affenkafig – cage football) таны ур чадварт их нөлөө үзүүлсэн гэж ярьцгаадаг. Яагаад гэдгийг хэлж өгөхгүй юу?
Талбай их жижигхэн байсан. Ихэнхдээ би өөрөөсөө тав, зургаан насаар ах хүүхдүүдтэй тоглодог байсан. Тэгэхэд бас тийм ч өндөр биш байлаа. Өөрөөсөө ахмад, биерхүү хүмүүсийн эсрэг их зогсох шаардлагатай болдог. Талбай их жижигхэн учраас булангийн цохилт гэж байхгүй тоглолт байнга үргэлжилчихдэг байсан. Энэ миний амьдралд их хэрэг болсон шүү. Миний ур чадвар сайн гэдгийг та бүхэн харцгаасан биз дээ.

Хөлбөмбөгөөр зугаа цэнгэл хийж байх үедээ өөрийгөө хэнтэй зүйрлэж бодох дуртай байсан бэ? 
Саяхан би Зинедин Зиданыг шүтдэг тухайгаа хэлсэн. Миний хувьд тэр төгс тоглогч. Агаарт сайн. Хамгаалалтад сайн тусладаг, довтолгоондоо сайн. Миний шүтээн байсан. Сонин хэвлэлд ч муугаар хэлэгддэггүй, хувийн амьдралын талаар ч тэр. Миний хувьд ёстой даган дуурайх ёстой хүн. Тиймээс би өөрийгөө Зинедин Зидан гэж боддог байсан даа.

Английн ард түмний хувьд анх 2009 оны УЕФА Андер-21 аварга дээр Германууд Английг 4-0оор хожиход гол үүрэг гүйцэтгэж анхааралд нь өртсөн. Тэр багт Тео Валкотт, Киеран Гиббс нар байсан. Тэр тоглолтыг санаж байна уу? 
Ямар ч байсан их сайхан үе байсаан. Бид Андер-21 Европын Аваргад түрүүлсэн. Тэр баг маань үнэхээр класс баг байсан. Үнэхээр сайн тоглогч нараас бүрдсэн, удирдлагад маань Хорст Хрубеш, Диетар Эйлц зэрэг дасгалжуулагч нар. Үнэхээр гоё үе байсан. Тэр тоглолтод ёстой илүүрхсэн. Өөрсдийн боломжийг ч гүйцэт гаргаж тийм харьцаагаар ялах нь ч шударга байсан. Миний хувьд ч сайхан туршлага болсон.

Хувь хүний хувьд Лондон шиг хотод ирэх хэр санагдаж байна? 
Би их боддог. Лондон хотын тухай их олон сайн зүйлсийг сонсож байсан. Энэ бол “Дэлхийн хот” учраас их олон зүйл болдог байх. Маш олон зүйлсийг хийж болно. Би энэ хотыг харахыг их хүсч байгаа. Тэгэхдээ гол нь тэнд ажиллана гэдэг нь чухал шүү дээ.

Арсеналын фэнүүдэд хандаж юу хэлэх вэ? 
Арсеналд тоглох гэж байгаадаа би их баярлаж байна. Миний хувьд нэр төрийн хэрэг. Бид хамтдаа амжилттай улирлыг үдэх байх гэж найдаж байна.

Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: Арсенал цэг ком

No comments: