Thursday, September 05, 2013

Мэсүт Өзил: Арсеналын шинэ тоглогч бол “үзэсгэлэнтэй боловч эмзэг цэцэг”



Бернабэу цэнгэлдэхэд цоо шинэхэн галактико болсон Гарэт Бэйлийн танилцуулга дээр ирсэн Реал Мадридын 20 мянган фэн ганц түүний нэрийг дуудаад зогссонгүй. “Өзилийг бүү зараач” гэсэн үгс алдарт цэнгэлдэхийг дүүргэн цуурайтаж байсан нь клубын ерөнхийлөгч Флорентино Перезд таагүй байгаа нь илт харагдаж байсан юм.

Хэдэн цагийн дараа Мэсүт Өзил Арсенал руу 42,4 сая паундаар зарагдлаа гэсэн мэдээлэл баталгаажихад гашуудал жинхэнээсээ урсаж эхэллээ.

Реалын од Кристиано Роналдо Герман тоглогчийг явсанд “уурлаж” байгаа тухайгаа ярьсан бол хамгаалагч Серхио Рамос багийн андынхаа Реалд хамгийн сүүлд тоглохдоо өмсөж байсан өмсгөлийг барьсан зургаа твиттерт тавьж, “ассистын хаан”-д гашуудаж байгаагаа зарлажээ. Реалын фэнүүдийн дунд Испанийн АС сэтгүүлээс явуулсан санал асуулгад 66 хувь эсэргүүцсэн санал өгч.


Тэдний гутарч байгааг ойлгоход амархан. Одоо 24 настай Өзил сүүлийн 5 жилд Европын шилдэг 5 лигийн хэнээс нь ч илүү гоолын дамжуулалт өгч, боломж үүсгэсэн байдаг. 

Бэйлтэй шууд харьцуулсан хүснэгтээс харвал Өзил бараг бүх үзүүлэлтээрээ илүүрхэж байгаа юм. Реал арай илүү өндөр түвшинд тоглодог гэдгээр дамжуулалт болон үүсгэсэн боломжийг тайлбарлаж болох боловч Герман эр цохилтын оновч, дамжуулалт, хууралтаар хамаагүй өндөр чадвартай байгаа юм.

Испанийн хөлбөмбөгийн мэргэжилтэн Жон Карлин ярьж байна: Барселонагийн фэнүүдээс өрсөлдөгч нарынхаа ямар тоглогчийг багтаа авбал хамгийн хурдан дасан зохицож тэдний стилийн тоглолт үзүүлэх вэ гэж асуух болгонд бүгд Өзил гэж хариулдаг. Хөлбөмбөгийн хувьд тэр маш түргэн сэтгэдэг, тэгээд үнэхээрийн төгс ур чадвартай. Бусад тоглогч нараас хамаагүй түргэн үйлдэл хийдэг тоглогч нарын нэг. Үнэхээрийн чадварлаг бөмбөг тогтоолтоороо тэр талбайг ажиглаж гоолын дамжуулалт өгч болох зайг олж харах хугацааг өөртөө гаргаж чаддаг. 

Перез бол маш их маягтай хүн. Урлагийн бүтээл цуглуулагч түүний хувьд Пикассо, Далигийн бүх зурагнуудыг өглөө гэхэд нэмээд Мирошийн зургийг авахаар санаархаж мэдэх л хүн. Юм цуглуулахын донтой ч гэж хэлж болохоор. Иско зах дээр гарч ирэнгүүт Перез түүнийг авахаар санаархсан. Уг нь тэдэнд Искогийн хэрэг тийм ч их байгаагүй боловч Реал авахгүй бол өөр хэн нэгэн гарч ирээд авчихна гэдгийг мэдэж байсан учраас авсан. 

Нэгэнт Иског авчихсан учраас түүнийг тоглуулах ёстой гэсэн дарамт Анчилотти дээр ирсэн. Хажууд нь Өзил гэсэн эцсийн бүтээгдэхүүн байсаар байтал тэр шүү дээ. Тэгээд эд нар дээр Бэйл, Лука Модрич гэсэн нөхдийг нэмээд өгөхөөр бүүр асуудал үүснэ. Хэн нэгнийг явуулах хэрэгтэй болно оо доо. 

Тэр хэн нэгэн нь Түрк цагаачийн хүү, Гэлзэнкирхэнд “сармагчны тор” гэж гэгддэг хашаатай хайрган талбай дээр тоглож өссөн Өзил болж таарлаа. Шалкэгийн академиар хүмүүжин гарч ирсэн Өзил Вэрдэр Брэмэн рүү 19 настайдаа 2008 оны 1-р сард очоод Уефагийн цомын финалд хүрэхэд нь туслав.

Өзилийн шигшээгийн дасгалжуулагч Ёахим Лөв:



Англичууд түүнийг анх 2009 оны Европын 21 наснаас доошх аваргын тэмцээнээр харсан. Тэрээр Английг 4-0оор нам цохисон Германы багийн гол тоглогч байлаа.

Тор-Кристиан Карлсэн (15 жил Европын клубуудэд скаут хийсэн): Өзил 17 настайгаасаа л хамаг скаутуудын сэтгэлийг хөдөлгөдөг байсан. Тэгэхдээ тэр тэмцээн түүний хувьд жинхэнэ тэсрэлт болсон л доо. Тэр үнэхээр гайхалтай байсан учраас хүмүүсийн санаанд тод үлдсэн. Түүнтэй тоглож байсан Германы хүүхдүүд үнэхээр тасарчихсан байсан бөгөөд бүгдээрээ л Шигшээ баг руугаа суга суга дэвшицгээсэн. 

Шигшээгийн хувьд ч гэсэн тэрээр дороо нэрд гарсан. 2010 оны Дэлхийн Аваргаар Английг 4-1, Аргентиныг 4-0 харьцаагаар устгахад гол тоглогч байсан нь түүнийг ФИФА-гийн бэлгэдлийн шигшээ, Реалын бүрэлдэхүүнд орох боломжийг олгожээ. Роналдод гоолын дамжуулалт өгч, Барсаг түлхэн аваргын суудалд Реалыг залахаас бусад үедээ Өзил даруухан, Мадридын оддын замналаас холуур амьдарч байлаа. Лалын шашинтай тэрээр тоглолт болгоны эхэнд Коран судраас эш татаж, Рамаданы үеэр аль болох боломжоороо мацаг барьдаг. 

Арсеналд түүнийг шигшээ багийн анд Пэр Мертезакер, Лукас Подолски хоёр, мөн түүнийг авахын тулд клубын рекорд үнэ санал болгосон Германаар ярьдаг менежер хүлээн авч байна. 

Өзил Арсэн Вэнгэрийн өөрт нь үзүүлж байгаа итгэл түүнийг наашаа ирэхэд хэрэг болсон гэж хэлсэн бол Карлины ярьж байгаагаар өөрийгөө хүнд хэрэгтэй гэж мэдрэхийг хүсч байгаа тоглогчид Эмирэйтс яг сайхан тохирох юм байна.

Түүнд эргэлзэх ганц зүйл гэвэл заримдаа тоглолтоос алга болчихдог. Тэр менежерээс их хайр мэдрэхийг хүсдэг. Тэр маш үзэсгэлэнтэй боловч хэврэг цэцэг шиг. Гэхдээ түүнийг их асарч тордох юм бол юуг ч хийж чадна. 

Өзилийн наймаанд шинэ багийнхан нь үнэхээр баяртай хандаж байна. Подолски, Санти Кацорла, Жак Вилшэр, Аарон Рамси нар багийнхаа шинэ гишүүний талаар баяртайгаар твитлэсэн бол клубын онлайн дэлгүүрт өмсгөлийн худалдаа энгийн үеийнхээс 12 дахин илүү эрчимжсэн байна.

Карлсен Өзилийг Лондончуудын хувьд гайхалтай сайн тохирох тоглогч гэж үзэж байгаа бөгөөд хэтэрхий их итгэл хүлээлгээд тоглогчийг дарамтанд оруулах вий хэмээн санаа зовж байна.

Өзилийн тоглолтыг тун тансаг нарийн, зөн билэг, бүтээлч гэсэн үгүүдээр тодорхойлно. Тиймээс Арсеналын хэв маяг бол түүний авъяас чадварт төгс тохирно. Тэгэхдээ түүнийг хэсэг харзнах хэрэгтэй. Яагаад гэвэл Английн хөлбөмбөг бол түүний мэддэгээс тэс ондоо. Тоглогч нар хамаагүй ширүүн, Испанид байдгаас бага зай гаргаж тоглоно. Энэ улиралд Премьер Лигт шинээр элссэн олон довтолгооны хагасууд байна. Челсигийн Виллиан, Ман Ситигийн Стеван Ёветич, Спурсын Эрик Ламела гэх мэт. Эдгээр тоглогч нараас илүү гэдгээ баталж чадах эсэхийг зөвхөн цаг хугацаа л харуулна. 

Мадридад түүнийг алдсандаа гашуудаж байна. Арсеналд бол аль хэдийн хайрлагдаад эхэлсэн. Өзилийн хувьд ч хийх ажил их байна даа.

Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: БиБиСи

No comments: