Wednesday, September 11, 2013

ТОМАШ РОСИЦКИ: “АМЬДРАЛДАА ХЭЗЭЭ Ч ОДООГИЙНХ ШИГ ИНГЭЖ ИХ ЦАНГАЖ БАЙГААГҮЙ”


Өнгөрсөн улирлын эхний 30 тоглолтын алийг нь ч гараанаас эхлүүлээгүй гэхэд Томаш Росицки клубыг дөрөвдүгээр байр эзлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тунчиг эгзэгтэй үед формондоо орж Чех хагас хамгаалагч маань Буучдыг 16 дахиа дараалан Аваргуудын лигт шалгарахад туслав.

Вэст Бромвич Албионыг 2-1ээр хожиход хийсэн хоёр гоол, Эмирэйтс Цэнгэлдэхэд Манчестер Юнайтедтай 1-1ээр тэнцэхэд Тео Валкотод өгсөн дамжуулалт нь Арсеналыг нөгөө алдартай 4-р байрыг эзлэхэд гол түлхэцийг үзүүлсэн.

Одоо 32 настай залуу эр Буучдын найман жилийн цомын ганг тайлахаар хэзээ хэзээнийхээс илүү цангаж байна.

Ердөө энгийн. Миний зорилго бол цом. Би лигт түрүүлмээр байна. Би энэ клубт ирээд найман жил болж байна. Энэний төлөө ирсэн, одоо цаг нь болсон. Мэдээж их хэцүү тэмцээн. Английн лигт өөр олон хүчтэй багууд байгаа нь тодорхой. Тэгэхдээ надад бусад хүмүүсийн юу гэх сонин биш байна. Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн чадах бүхнийг хийнэ. Бэлтгэл дээр өдөр бүр хамгаа гаргаж өөрийн мөрөөдөлдөө хүрэхийг чармайна. Карьерынхаа турш одоогийнх шигээ ингэж их цангаж үзээгүй.


Манчестер Юнайтед, Манчестер Сити, Челси зэрэг багууд менежерээ сольсоныг далимдуулах хэрэгтэй хэмээн Томаш үзэж байна. Мөн түүнээс гадна гол тоглогч нараа хадгалж үлдэж чадсан нь Умард Лондонгийн клубын хувьд тогтвортой байдлаа хадгалж, тайтлын төлөө зүтгэхэд нь том нэмэр болно гэж хэлж байна.

Өнгөрсөн жилийнхтэй адилхан Манчестер Юнайтед, Манчестер Сити, тэгээд Челси байх болно. Жил болгон л адилхан. Манайх менежерээ хэвээр нь үлдээсэн нь бага хэмжээний давуу тал болж болох юм. Эдгээр клубуудын менежерүүд нь дасах гэж хэсэг хугацаа авч магадгүй. Тоглогч нартаа өөрийн санаагаа ойлгуулж, өөрийн хүссэнээрээ тоглуулж эхэлтэл хугацаа зарцуулж магадгүй. Манчестер Юнайтедын хувьд амжилт олохын тулд тэгтлээ их өөрчлөлт хийх хэрэггүй байж магадгүй юм. Гэхдээ мэдээж өөрчлөлт бол өөрчлөлт. Юу болохыг хэн ч мэдэхгүй. Өөрчлөлт бүр хэцүү байдаг, бид тогтвортой байдлаа хадгалсан нь их тус болох байх гэж бодож байна.

Миний Арсеналд тоглож байх хугацаанд зуны наймаагаар хүнээ алдаагүй анхны тохиолдол болж байна. Том тоглогч явуулаагүй нь бидний хувьд их том давуу тал. Багийн ойлголцол, дотоод уур амьсгал маш чухал, бидэнд одоогоор энэ сайн байгаа. Өнгөрсөн улирлын төгсгөл рүү багийнхан нэгнийхээ төлөө үнэхээр тэмцэж байсныг харсан байх. Манай багийн хамгийн авууштай нь тэр байна даа.


Росицки Арсеналд 2006 онд ирэхдээ Чехийн лигийн аварга, Бундеслигийн аварга гэсэн гуншинтай байсан. Харамсалтай Эмирэйтс цэнгэлдэхэд ирснээсээ хойш хэд хэдэн хүнд гэмтэлд өртсөн, ялангуяа 2008 оны 2-р сараас 2009 оны 9-р сар хүртэл 18 сарын турш гэмтлийн улмаас тоглож чадаагүй юм. Плэймэкер маань өнгөрсөн улирлыг ч бас гэмтэлтэй эхлүүлсэн боловч гэмтлээ эдгээснийхээ дараа улаан цагаан өмсгөлтнүүдийнхээ дунд харах нүдний баясгалан болж гялалзсаар улирлыг тун өндөрт үдэж билээ.

Өнгөрсөн улиралд миний өсгийндөө хийлгэсэн хагалгаа удаан эдгэж байсан учраас залуустай хамт улирлын өмнөх бэлтгэл хийж чадаагүй. Тэгэхдээ тэрний өмнөх жилд улирлын өмнөх бэлтгэлд бүтэн хамрагдсан. Тэгж чадах юм бол улирлын турш сайн тоглоход их хэрэг болдог. Ач холбогдол нь энэ л дээ.

Клубын олон залуу тоглогч нар энэ зуны Азийн аялалд явсан. Чуба Акпом, Сэрж Гнабри, Гедион Зелалем, Игнаси Микүэл гэх мэт. Росицкид тэдний тоглолт таалагдсан бөгөөд өөрсдийгөө сайжруулахад нь туслахдаа баяртай байх болно хэмээж байна.

Тэдний хувьд багийнхантайгаа аялалд хамт явна гэдэг үнэхээр их туршлага. Тэд ахмад туршлагатай тоглогч нараас маш их юм сурч авна. Авъяас бол хангалттай байгаа нь харагдаж байна. Одоо харин тэд яахаас их юм шалтгаална, хэр их махруу хичээх вэ гэдгээс нь. Миний харснаар тэд их сайн тоглож, амжилтанд хүрэхийг их эрмэлзэж байсан. Ааш зангийн хувьд ч тэд их сайн хөвгүүд, тэд их амжилттай байвал би тэдний өмнөөс баяртай байх болно. Дараагийн шатандаа амжилттай шилжээсэй гэж би хүсч байна.

Мэдээж ахмад тоглогчийн хувьд би өөрийн мэдэх, тэдний мэдэхгүй зүйлсийг хуваалцах, заахыг хичээдэг. Өөрийн чадах боломжоороо тэдэн туслахыг хичээдэг. Тэгээд үлдсэн нь тэднээс өөрсдөөс нь хамаарна. Залуу хөвгүүд үнэхээр авъяастай тоглогч нар. Өмнө нь урт зам хүлээж байгаа ч гэсэн авъяастай нь хараажаар ил, өөрсдөө ч илүү ихийг сурахыг хүсч байгаа. Хамгийн чухал нь тэр шүү дээ.

Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: Арсенал цэг ком

Thursday, September 05, 2013

МЭСҮТ ӨЗИЛ: АРСЕНАЛД ӨГСӨН АНХНЫ ЯРИЛЦЛАГА


Мэсүт Өзилийн Арсенал Плэйер буланд өгсөн анхны ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Арсеналд тавтай морил, Мэсүт. Манай Клубт элсэхэд хэр санагдаж байна? 
Их сайхан байна аа. Энд надад тулгарах шинэ дуудлагуудыг би алгаа дэлгэн угтаж байна. Лондонгийн амьдрал, шинэ багийнхан, менежер, фэнүүд, тэгээд Премьер лигийг ч гэсэн. Миний сэтгэл үнэхээр хөдөлж байна. Миний хувьд төгс шийдвэр болсон одоо үр дүнг нь харах л үлдлээ.

Чухам Арсеналыг сонгоход юу нөлөөлөв? Арсэн Вэнгэр шийдвэрт чинь хэрхэн нөлөөлөв? 
Арсенал Английн том клубуудын нэг учраас сонгосон. Менежер ч дэлхийн зиндааны хүн – тэрнийгээ олон жил харуулсан. Маш олон тоглогч нар түүний удирдлагын дагуу өөрсдийгөө хөгжүүлж чадсан нь миний Арсеналыг сонгосон шалтгаан байсан. Би өөрийгөө улам хөгжүүлмээр байна, бас би тоглолтын арга барилыг мэдрэхийг хүсч байна. Ур чадвартай, довтолгоо зонхилсон тоглолт үзүүлдэгээрээ Арсенал алдартай. Би үүнд яг сайхан зохицно гэж бодож байна. Ийм ч учраас энэ клубт нэгдсэн.

Клубын амбиц, төлөвлөгөө таны шийдвэрт хэр нөлөө үзүүлсэн бэ? 
Үнэхээр чухал нөлөөтэй. Хамгийн чухал зүйл юу байсан бэ гэхээр менежер надад итгэл үзүүлж байгаа. Өөрийн чадварыг харуулж, талбай дээр зугаацахыг би хүсч байна. Би өөрийн тоглолтоороо багийнхандаа тус болж чадна гэж бодож байна.

Клубт нэгдэхийн өмнө Пэр Мэртезакер, Лукас Подолски нартай зөвлөлдөв үү? 
Харамсалтай нь чадаагүй ээ. Хамаг юм их хурдан болоод өнгөрсөн. Менежертэй утсаар их удаан ярихад тэр өөрийн алсын хараа, миний тухай юу гэж бодож байгаа тухайгаа тодорхой ярьсан л даа. Тэр яриа нь намайг ятгаж дөнгөсөн учраас би одоо Арсеналд байна.

Арсеналын тоглолтын хэв маягийн тухай. Танд хэр таалагдаж байгаа вэ? 
Өмнө хэлсэнчлэн Арсенал бол ур чадварын хувьд дэлхийн хамгийн шилдгүүдийн нэг. Менежер үргэлж гоё, довтолгоотой тоглолт үзүүлэхийг хичээдэг. Би энд их зохицно гэж бодож байна, яагаад гэвэл би түргэн, нэгийн хүрэлтээр тоглох дуртай. Клубын нэг хэсэг болж багтаа туслана гэдэг надад таалагдаж байна.

Баг маань энэ жил цом авна гэдэгт хэр итгэлтэй байна? 
Мэдээж авна. Сүүлийн хэдэн жил Арсенал төдийлөн амжилт гаргаж чадахгүй байсан. Улам амжилттай баймаар байна. Цом хожмоор байна. Фэнүүд ч гэсэн тэгж хүсч байгаа гэж бодож байна. Маш хүчтэй бөгөөд залуу бүрэлдэхүүн маань менежерийн удирдлагын дагуу зөндөө их өсөж дэвжих байх. Бидэнд чадвар байгаа учраас цом хожиж чадах болно гэж би бодож байна. 

Өнгөрсөн таван жилийн турш та Европт хэнээс ч илүү олон гоолын боломжийг нээлттэй тоглолтоос үүсгэсэн байдаг. Та гоолын дамжуулалтыг гоолтой адилхан гэж үздэг үү? 
Тийм ээ, мэдээж. Гоолын дамжуулалтууд амжилтыг дагуулдаг, би тийм боломж үүсгэх дуртай тоглогч. Багийнхан маань намайг тийм ч амиа бодсон тоглогч биш гэдгийг мэдэх байх. Би гоолын дамжуулалт өгөх эсвэл өөрөө гоолдохдоо маш их баярладаг. Хамгийн гол нь баг маань зорилгодоо хүрч, эерэг хөлбөмбөг тоглох шүү дээ.

Премьер лиг Ла Лигээс өөр хэв маягтай. Та хэрхэн дасан зохицож, өөрийнхөө тоглолтод ямар шинж чанар нэмнэ гэж бодож байгаа вэ? 
Би энэ лигт тоглох гэж байгаадаа их баяртай байна. Хүн болгон Премьер Лигийн хамгийн хүчтэй лиг гэж мэднэ. Үнэхээр олон шилдэг багуудтай. Би өөрийгөө энд батламаар байна. миний хувьд шинэ дуудлага, шинэ даалгавар. Би тэсэн ядан хүлээж байна. Боссын удирдлага доор багтайгаа цуг сайжирмаар байна. Миний сэтгэл их хөдөлж байна. Бага байх үеэ эргэн саная.

Торны хөлбөмбөг (affenkafig – cage football) таны ур чадварт их нөлөө үзүүлсэн гэж ярьцгаадаг. Яагаад гэдгийг хэлж өгөхгүй юу?
Талбай их жижигхэн байсан. Ихэнхдээ би өөрөөсөө тав, зургаан насаар ах хүүхдүүдтэй тоглодог байсан. Тэгэхэд бас тийм ч өндөр биш байлаа. Өөрөөсөө ахмад, биерхүү хүмүүсийн эсрэг их зогсох шаардлагатай болдог. Талбай их жижигхэн учраас булангийн цохилт гэж байхгүй тоглолт байнга үргэлжилчихдэг байсан. Энэ миний амьдралд их хэрэг болсон шүү. Миний ур чадвар сайн гэдгийг та бүхэн харцгаасан биз дээ.

Хөлбөмбөгөөр зугаа цэнгэл хийж байх үедээ өөрийгөө хэнтэй зүйрлэж бодох дуртай байсан бэ? 
Саяхан би Зинедин Зиданыг шүтдэг тухайгаа хэлсэн. Миний хувьд тэр төгс тоглогч. Агаарт сайн. Хамгаалалтад сайн тусладаг, довтолгоондоо сайн. Миний шүтээн байсан. Сонин хэвлэлд ч муугаар хэлэгддэггүй, хувийн амьдралын талаар ч тэр. Миний хувьд ёстой даган дуурайх ёстой хүн. Тиймээс би өөрийгөө Зинедин Зидан гэж боддог байсан даа.

Английн ард түмний хувьд анх 2009 оны УЕФА Андер-21 аварга дээр Германууд Английг 4-0оор хожиход гол үүрэг гүйцэтгэж анхааралд нь өртсөн. Тэр багт Тео Валкотт, Киеран Гиббс нар байсан. Тэр тоглолтыг санаж байна уу? 
Ямар ч байсан их сайхан үе байсаан. Бид Андер-21 Европын Аваргад түрүүлсэн. Тэр баг маань үнэхээр класс баг байсан. Үнэхээр сайн тоглогч нараас бүрдсэн, удирдлагад маань Хорст Хрубеш, Диетар Эйлц зэрэг дасгалжуулагч нар. Үнэхээр гоё үе байсан. Тэр тоглолтод ёстой илүүрхсэн. Өөрсдийн боломжийг ч гүйцэт гаргаж тийм харьцаагаар ялах нь ч шударга байсан. Миний хувьд ч сайхан туршлага болсон.

Хувь хүний хувьд Лондон шиг хотод ирэх хэр санагдаж байна? 
Би их боддог. Лондон хотын тухай их олон сайн зүйлсийг сонсож байсан. Энэ бол “Дэлхийн хот” учраас их олон зүйл болдог байх. Маш олон зүйлсийг хийж болно. Би энэ хотыг харахыг их хүсч байгаа. Тэгэхдээ гол нь тэнд ажиллана гэдэг нь чухал шүү дээ.

Арсеналын фэнүүдэд хандаж юу хэлэх вэ? 
Арсеналд тоглох гэж байгаадаа би их баярлаж байна. Миний хувьд нэр төрийн хэрэг. Бид хамтдаа амжилттай улирлыг үдэх байх гэж найдаж байна.

Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: Арсенал цэг ком

'ӨЗИЛ АРАЙ ДЭНДҮҮ АВЪЯАСТАЙ'


Өнгөрсөн мягмар гаригт Арсенал Германы шигшээгийн тоглогч Мэсүт Өзилийг багтаа элсүүлсэн билээ. 24 настай тоглогчийн ур чадварын тухай илүү дэлгэрэнгүй мэдэхийн тулд Германы хөлбөмбөгийн мэргэжилтэйн Рафаэл Хонигстейнтэй уулзаж мэдээлэл авав. Тухлан сууж, таалан соёрхоно уу: 

Энэ их том наймаа болсон. Яагаад гэвэл Өзил яг одоо оргил үе рүүгээ орж байгаа учраас өөрийнхөө хамгийн чухал үеүдийг Арсеналд өнгөрөөх нь зүйн хэрэг. Тэгээд бас Дэлхийн Аваргын өмнөх жил болж байгаа учраас бүүр ч чухал. Германчууд энэ талаар их ам сайтай байгаа. Яагаад гэвэл Арсенал клубээсээ авахуулаад менежерээ хүртэл яг л Өзилийн хамгийн сайн чадварыг уутлан гаргаж ирж чадах газар болохоор тэр. Уран мэдрэмжтэй, бүтээлч тоглогчдын адил түүний тоглолт менежерийн бүрэн итгэлийн үрээр гарч ирдэг. 

Рафаэл Хонигстейн: "Тэрээр 2010 оноос хойш л Германы төлөө гайхалтай тоглолт үзүүлсээр байгаа. Багийн тоглолтыг явуулж байгаа хүн нь. Ямар ч гэсэн довтолгоон дээр."

Сид Лөүи байх нэг удаа хэлж байсан юм. “Мэсүт Өзил өөрийгөө хэр сайн гэдгээ ч мэддэггүй байх” гэж. Энэ үнэн байж магадгүй юм. Тэр итгэмээргүй зүйлсийг хийж чаддаг бөгөөд тэрнийг нь харж байхдаа энэнээс илүү сайн хийж чадах байх даа гэсэн бодлыг төрүүлдэг. Бүр арай дэндүү авъяастай мөртлөө заримдаа тоглолтыг өөрийн боломжоороо удирдаж чаддаггүй. Тэрээр Германы төлөө 2010 оноос хойш гайхалтай тоглолт үзүүлсээр байгаа. Олон сайн тоглогч нартай боловч Мэсүтийн нэр хамгийн түрүүнд бичигддэг. Багийнхаа тоглолтыг явуулж байгаа хүн нь. Ямар ч гэсэн довтолгооны хувьд. 

Вэнгэрийн гэж хэлэгдэж болох наймааны шинж чанарыг төгс агуулсан. Ур чадварын хувьд арай дэндүү авъяастай, нэгийн хүрэлтээр тоглох маш их дуртай. Хүмүүсийн шүүмжилдэг нэг зүйл юу вэ гэвэл, түүнийг цөөхөн гоол хийж байна гэдэг. Германы төлөө мөн адил, гоё байрлалд байнга ордог ч хангалттай хүчтэй байж чаддаггүй. Сайн дасгалжуулагч, зөв хүмүүстэйгээ тоглох юм бол энэ тал дээр дорхноо сайжрах биз. Нас нь ч тийм хөгшин биш. Хүмүүст танигдаад удаж байгаа гэхэд ид үедээ ч ороогүй шүү дээ. Тэр бол ямар ч багт очсон улам сайн болгож чадах хүн, мэдээж Арсеналыг ч гэсэн сайжруулна. 

Арсеналын тоглолтын арга барил бага зэрэг өөрчлөгдөх хэрэгтэй. Бүгдээрээ 10 дугаарт тоглоод байж болохгүй шүү дээ. Өзилийн хамгийн сайн тоглолт довтлогчийн ард тоглоход гардаг гэж би бодож байгаа, ингэснээр тэр байнга хойш, урагш гүйгээд байхгүй болж өөрийн сайн тоглолтоо гаргах боломжтой болдог. Үнэхээрийн суут санаа гаргахын тулд түүнд цаг хугацаа, орон зай хэрэгтэй. 

Рафаэл Хонигстейн: "Ур чадварын хувьд арай дэндүү авъяастай, нэгийн хүрэлтээр тоглох маш их дуртай. Тэр бол ямар ч багт очсон улам сайн болгож чадах хүн, мэдээж Арсеналыг ч гэсэн сайжруулна."

Баруун, зүүн жигүүрт одоогийн Кацорлагийн тоглож байгаа шиг байрлалд плэймэкерээр тоглож байсан. Арсэн Вэнгэр төвийн плэймэкерүүдийг жигүүрт тоглуулж сургадаг туршлагатай. Өзил тэр байрлалууд дээр тоглож чадах нь тодорхой боловч жигүүрээр голлон тоглолт явдаг Премьер лигийн хувьд түүнийг жинхэнэ 10 дугаарт тогловол зохимжтой байх гэж би үзэж байна. 

Арсеналчууд бөмбөг эзэмшиж тоглодогоороо алдартай. Өзил тэр тал дээр маш сайн. Премьер лигт гайгүй хурдан идээших байх. Ширүүн тоглолт, таклуудад ямар байдлаар хариу барих нь вэ гэдгийг нь харах л хэрэгтэй байх. Сүүлийн хэдэн жилд их юм сурсан учраас энд ч гэсэн дасан зохицохдоо хурдан байх болов уу. Хүнийхээ хувьд ч гэсэн их хэрсүү хүн шүү дээ. 

Бантагнасан: Цогоо 
Эх сурвалж: Арсенал цэг ком

Мэсүт Өзил: Арсеналын шинэ тоглогч бол “үзэсгэлэнтэй боловч эмзэг цэцэг”



Бернабэу цэнгэлдэхэд цоо шинэхэн галактико болсон Гарэт Бэйлийн танилцуулга дээр ирсэн Реал Мадридын 20 мянган фэн ганц түүний нэрийг дуудаад зогссонгүй. “Өзилийг бүү зараач” гэсэн үгс алдарт цэнгэлдэхийг дүүргэн цуурайтаж байсан нь клубын ерөнхийлөгч Флорентино Перезд таагүй байгаа нь илт харагдаж байсан юм.

Хэдэн цагийн дараа Мэсүт Өзил Арсенал руу 42,4 сая паундаар зарагдлаа гэсэн мэдээлэл баталгаажихад гашуудал жинхэнээсээ урсаж эхэллээ.

Реалын од Кристиано Роналдо Герман тоглогчийг явсанд “уурлаж” байгаа тухайгаа ярьсан бол хамгаалагч Серхио Рамос багийн андынхаа Реалд хамгийн сүүлд тоглохдоо өмсөж байсан өмсгөлийг барьсан зургаа твиттерт тавьж, “ассистын хаан”-д гашуудаж байгаагаа зарлажээ. Реалын фэнүүдийн дунд Испанийн АС сэтгүүлээс явуулсан санал асуулгад 66 хувь эсэргүүцсэн санал өгч.


Тэдний гутарч байгааг ойлгоход амархан. Одоо 24 настай Өзил сүүлийн 5 жилд Европын шилдэг 5 лигийн хэнээс нь ч илүү гоолын дамжуулалт өгч, боломж үүсгэсэн байдаг. 

Бэйлтэй шууд харьцуулсан хүснэгтээс харвал Өзил бараг бүх үзүүлэлтээрээ илүүрхэж байгаа юм. Реал арай илүү өндөр түвшинд тоглодог гэдгээр дамжуулалт болон үүсгэсэн боломжийг тайлбарлаж болох боловч Герман эр цохилтын оновч, дамжуулалт, хууралтаар хамаагүй өндөр чадвартай байгаа юм.

Испанийн хөлбөмбөгийн мэргэжилтэн Жон Карлин ярьж байна: Барселонагийн фэнүүдээс өрсөлдөгч нарынхаа ямар тоглогчийг багтаа авбал хамгийн хурдан дасан зохицож тэдний стилийн тоглолт үзүүлэх вэ гэж асуух болгонд бүгд Өзил гэж хариулдаг. Хөлбөмбөгийн хувьд тэр маш түргэн сэтгэдэг, тэгээд үнэхээрийн төгс ур чадвартай. Бусад тоглогч нараас хамаагүй түргэн үйлдэл хийдэг тоглогч нарын нэг. Үнэхээрийн чадварлаг бөмбөг тогтоолтоороо тэр талбайг ажиглаж гоолын дамжуулалт өгч болох зайг олж харах хугацааг өөртөө гаргаж чаддаг. 

Перез бол маш их маягтай хүн. Урлагийн бүтээл цуглуулагч түүний хувьд Пикассо, Далигийн бүх зурагнуудыг өглөө гэхэд нэмээд Мирошийн зургийг авахаар санаархаж мэдэх л хүн. Юм цуглуулахын донтой ч гэж хэлж болохоор. Иско зах дээр гарч ирэнгүүт Перез түүнийг авахаар санаархсан. Уг нь тэдэнд Искогийн хэрэг тийм ч их байгаагүй боловч Реал авахгүй бол өөр хэн нэгэн гарч ирээд авчихна гэдгийг мэдэж байсан учраас авсан. 

Нэгэнт Иског авчихсан учраас түүнийг тоглуулах ёстой гэсэн дарамт Анчилотти дээр ирсэн. Хажууд нь Өзил гэсэн эцсийн бүтээгдэхүүн байсаар байтал тэр шүү дээ. Тэгээд эд нар дээр Бэйл, Лука Модрич гэсэн нөхдийг нэмээд өгөхөөр бүүр асуудал үүснэ. Хэн нэгнийг явуулах хэрэгтэй болно оо доо. 

Тэр хэн нэгэн нь Түрк цагаачийн хүү, Гэлзэнкирхэнд “сармагчны тор” гэж гэгддэг хашаатай хайрган талбай дээр тоглож өссөн Өзил болж таарлаа. Шалкэгийн академиар хүмүүжин гарч ирсэн Өзил Вэрдэр Брэмэн рүү 19 настайдаа 2008 оны 1-р сард очоод Уефагийн цомын финалд хүрэхэд нь туслав.

Өзилийн шигшээгийн дасгалжуулагч Ёахим Лөв:



Англичууд түүнийг анх 2009 оны Европын 21 наснаас доошх аваргын тэмцээнээр харсан. Тэрээр Английг 4-0оор нам цохисон Германы багийн гол тоглогч байлаа.

Тор-Кристиан Карлсэн (15 жил Европын клубуудэд скаут хийсэн): Өзил 17 настайгаасаа л хамаг скаутуудын сэтгэлийг хөдөлгөдөг байсан. Тэгэхдээ тэр тэмцээн түүний хувьд жинхэнэ тэсрэлт болсон л доо. Тэр үнэхээр гайхалтай байсан учраас хүмүүсийн санаанд тод үлдсэн. Түүнтэй тоглож байсан Германы хүүхдүүд үнэхээр тасарчихсан байсан бөгөөд бүгдээрээ л Шигшээ баг руугаа суга суга дэвшицгээсэн. 

Шигшээгийн хувьд ч гэсэн тэрээр дороо нэрд гарсан. 2010 оны Дэлхийн Аваргаар Английг 4-1, Аргентиныг 4-0 харьцаагаар устгахад гол тоглогч байсан нь түүнийг ФИФА-гийн бэлгэдлийн шигшээ, Реалын бүрэлдэхүүнд орох боломжийг олгожээ. Роналдод гоолын дамжуулалт өгч, Барсаг түлхэн аваргын суудалд Реалыг залахаас бусад үедээ Өзил даруухан, Мадридын оддын замналаас холуур амьдарч байлаа. Лалын шашинтай тэрээр тоглолт болгоны эхэнд Коран судраас эш татаж, Рамаданы үеэр аль болох боломжоороо мацаг барьдаг. 

Арсеналд түүнийг шигшээ багийн анд Пэр Мертезакер, Лукас Подолски хоёр, мөн түүнийг авахын тулд клубын рекорд үнэ санал болгосон Германаар ярьдаг менежер хүлээн авч байна. 

Өзил Арсэн Вэнгэрийн өөрт нь үзүүлж байгаа итгэл түүнийг наашаа ирэхэд хэрэг болсон гэж хэлсэн бол Карлины ярьж байгаагаар өөрийгөө хүнд хэрэгтэй гэж мэдрэхийг хүсч байгаа тоглогчид Эмирэйтс яг сайхан тохирох юм байна.

Түүнд эргэлзэх ганц зүйл гэвэл заримдаа тоглолтоос алга болчихдог. Тэр менежерээс их хайр мэдрэхийг хүсдэг. Тэр маш үзэсгэлэнтэй боловч хэврэг цэцэг шиг. Гэхдээ түүнийг их асарч тордох юм бол юуг ч хийж чадна. 

Өзилийн наймаанд шинэ багийнхан нь үнэхээр баяртай хандаж байна. Подолски, Санти Кацорла, Жак Вилшэр, Аарон Рамси нар багийнхаа шинэ гишүүний талаар баяртайгаар твитлэсэн бол клубын онлайн дэлгүүрт өмсгөлийн худалдаа энгийн үеийнхээс 12 дахин илүү эрчимжсэн байна.

Карлсен Өзилийг Лондончуудын хувьд гайхалтай сайн тохирох тоглогч гэж үзэж байгаа бөгөөд хэтэрхий их итгэл хүлээлгээд тоглогчийг дарамтанд оруулах вий хэмээн санаа зовж байна.

Өзилийн тоглолтыг тун тансаг нарийн, зөн билэг, бүтээлч гэсэн үгүүдээр тодорхойлно. Тиймээс Арсеналын хэв маяг бол түүний авъяас чадварт төгс тохирно. Тэгэхдээ түүнийг хэсэг харзнах хэрэгтэй. Яагаад гэвэл Английн хөлбөмбөг бол түүний мэддэгээс тэс ондоо. Тоглогч нар хамаагүй ширүүн, Испанид байдгаас бага зай гаргаж тоглоно. Энэ улиралд Премьер Лигт шинээр элссэн олон довтолгооны хагасууд байна. Челсигийн Виллиан, Ман Ситигийн Стеван Ёветич, Спурсын Эрик Ламела гэх мэт. Эдгээр тоглогч нараас илүү гэдгээ баталж чадах эсэхийг зөвхөн цаг хугацаа л харуулна. 

Мадридад түүнийг алдсандаа гашуудаж байна. Арсеналд бол аль хэдийн хайрлагдаад эхэлсэн. Өзилийн хувьд ч хийх ажил их байна даа.

Бантагнасан: Цогоо
Эх сурвалж: БиБиСи