Friday, July 17, 2009

гарчигггүй

Нэг л жиндүүхэн санагдаж нойрноосоо сэрлээ. Урд шөнийн бүгчимд амь тэмцэн цонхоо дэлгэснээс салхи нэвт үлээжээ. Босч цонхоо хаагаад шилний цаадах орчинг харж зогслоо.

Бороо орж хоносон бололтой. Чийглэг бөгөөд уйтгартай. Вакум гэгдэх цагаан хүрээ бүхий цонхны шил “вакуум” байх ёстой дотор талаасаа цантан хөлөрсөн нь бороо үргэлжлүүлэн орсоор байгаа мэт сэтгэгдэл төрүүлэн цаанаа байгаа орчныг улам бүүдгэр харагдуулна. Байрны урд ургасан өндөр саглагар улиас модны мөчирс навчсаа даахгүй унжсан ч юм шиг, аль эсвэл цонхны шилэнд тогтсон хуурмаг борооны дуслуудыг үл даан тонгойсон ч юм шиг сонин сэтгэгдэл төрүүлнэ.

Бороо орохоор яагаад хүний сэтгэл тэгж их гунигт дарагддаг юм бол? Гуниг гэхээсээ илүү гүн бодол гэвэл тохиромжтой мэт. Борооноос болж гуниглан зогсохдоо би өөрийгөө уран бүтээлч биш гэдэгт их л харамсдаг юм. Элдвийг ургуулан бодож, төсөөлөн баяжуулаад дараа нь ямар нэг аргаар илэрхийлж бусдад харуулах юмсан гэж дандаа бодно. Тэгэх бүрдээ би өөрийн нагац эгчид халти атаархана.

Эгч маань зураач л даа. Амьдралын хэтэрхий материаллаг талд дарагдаад эгч маань бүтээл хийлгүй маш удсан. Монгол зургаар дагнасан болохоороо голдуу бурхан зурж гадаадынханд зарна. Зураас, нугалаа, үсний ширхэг бүрийг нэг бүрчлэн нарийн үзүүртэй бийрээрээ ширхэглэн дагуулж суугаа эгчийнхээ гарын хөдөлгөөнийг харан суух би их дуртай байж билээ. Хэдэн өдөр дараалан нойргүй сууж зургаа дуусгаад 300 500 доллараар зарчихлаа гэсээр инээн орж ирэх эгчийгээ хараад “авъяастай хүн ч гоё юм даа” гэж бахархан боддог байлаа. Мөнгөний ханш одоогийнхоос хавьгүй сайн байсан цаг дөө.

Наймаа голдуу хийсээр сүүлийн 10аад жилийн үдсэн байх аа. Их сэргэлэн. Нарны титмийн тэнд байдаг Говийн нэрийн барааны дэлгүүрээс ноолууран цамц авч гарч ирээд явж байтал нэг хүн нөгөөхийг нь сонирхсон юм байх. Тэр дор нь сэргэлэнтээд үнийг нь нугалж хэлээд л зарчихсан гэсэн. Гэртээ инээгээд л ороод ирж байгаа юм. Би худалдан авагчийг нь шоолоод. Хөөрхий зайлуул эгчид мөнгөө өгөөд инээгээд булан тойрсон чинь Говийн дэлгүүр, ороод харсан чинь нөгөө бараа нь хоёр дахин хямд.

Хоёр жилийн өмнө байх аа эгчийг маань Солонгост байдаг нэг урлан урьж хэдэн сараар ч билээ сууж уран бүтээлээ туурви гэж санал тавьсан юм. Бас цалинтай гэж байгаа. Сарын 800 ч бил үү 1000 ч билүү ногоон. Сайхан боломж байгаа биз. Авъяастай хүнд уран бүтээлээ туурвих орчныг нь бүрдүүлж өгөөд “юмаа хий, бид мөнгө өгье өө” гээд байдаг. Тэнд байсан хэдэн сар эгчийн минь хувьд хамгийн их бүтээлч хугацаа нь байсан байх аа.

Эгчийн зурагнуудаас заримыг нь доор орууллаа.






Monday, May 25, 2009

Хуучин блог

Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Компьютерийнхээ хуучин файлуудыг ухаж яваад аль дээр үед Оюу Толгойд ажиллаж байхдаа бичиж байсан энэ нэг блогийн нооргийг олж унштал үргэлжлүүлэн бичмээр санагдав. Таалан болгооно уу.

"Сайн байцгаана уу? Журмын олон нөхөд минь.

Улаанбаатар ч онцгүй байлаа шүү. Ядаж байхад Гүүглийнхээ нууц үгийг, нууц хариулттайгаа цуг мартаад. Блогоо үргэлжлүүлэх ямар ч боломжгүй болчихдог байшт. Тэгээгүй бол би сайхан бичих байсан юм шүү.

Ажил дээрээ ирсэн чинь нээх сайхан амсхийх шиг болж байна даа. Энд ирэхээр ингэдэг юм аа. Ойр зуурын жижиг сажиг проблемууд мартагдаад сайхан амарч буй мэт. Улаанбаатарт байснаасаа илүү аюултай орчинд орж ирж байж яахаараа ингэдийн бол? Улаанбаатарт амьдрахад хэцүү болж байх шиг байнаа. Автобусны мөнгөгүй бол гадагшаа гарах талаар бодоод хэрэггүй. Гэртээ кино үзээд л хэвтэж байсан нь дээр. Уул нь мэдээ үзвэл үзэх л дээ. Гэхдээ зурагтаар хэрүүл шуугиан, бялууны том нь чамд жижиг нь надад ирчихэж гэсэн далд утга бүхий мэтгэлцээнүүд. Арай гэж хэрүүл дуусмагц залгаад Солонгосын гутранги үзэл нэвт шингэсэн баахан сериалууд. Мангар урт нэг кино үргэлжлүүлээд гараад байна уу даа гэж бодохоор. Жүжигчид нь хувцсаа солиод л өөр сувгаар гараад байгаа юм шиг. Монголын гэсэн бүх сувгаар бараг зэрэг шахуу гарна. Сумо байна. Бүх сувгаар шууд дамжуулна. За яахав сайхан монгол аавын хүү тэнд ааглаж бярлаж эдэлж байж болно. Гэхдээ л харийн юмыг хамжааргатай гаргаж баймаар байна.

Монголын гэсэн ямар юманд хүн дуртай байна? Зурагтаар гаргаж байгаа үндэсний ямар сонирхолтой юм байна? Юу ч байхгүй. Хааяа үндэсний бөх гарахаар хэдэн хорхойтой над мэтийн гарууд л харна. Сумо бөхийн хурдан шуурхай, шударга өрсөлдөөнөөс болоод одоо тэднийг харахаар нэг л болхи, хөдөлж цөхсөн юмс харагдахын. Ядаж байхад ард түмний хүндлэл ахадсан ачаа болчихсон хэдэн бөхчүүд нь ааг цоог гээд цаанаа л нэг ёозгүй. Одоо цагаан сарын барилдаан болох гэж байна. Ноднингийн цагаан сараар бас л онцгүй байлаа шүү. Энэ удаагийнх сайхан болоосой. Сүхбат аварга маань зодог тайлдаг маш харамсалтай юм болсон. Уул нь байж байсан бол үндэсний бөхийн барилдаануудыг үзэх хүсэл минь хэвээрээ л байх байсан байх. Хүний урманд харчихмаар уран хурц барилдаантай бөх алга аа.

Үндсэрхэг үзлээ бэхжүүлэхийн тулд үндэсний бахархлаа дээшлүүлэх хэрэгтэй гэж би үздэг хүн л дээ. Үндэсний бахархлыг харин яаж дээшлүүлэх вэ? Үндэсний бахархал гэнгүүт олон хүний толгойд 13 дугаар зуун, Чингис, Хубилай гэх мэт хаад, тэгснээ бүүр Хүннү Сүннү гээд л ороод ирж байгаан. Хүннү чинь Монгол биш шт. Зүгээр л одоогийн Монгол улс байгаа нутаг дээр байсан нэг том нүүдэлчдийн улс байхгүй юу. Хүн улс гэж. Харин Сүннү гэдэг үгийг би бодохлээр нэг л сонин байгаад байгаан. Хүннү – Хүн, Сүннү – Сүн. Сүн улс гэвэл нэг л хятад маягтай. Тэгэхлээр “Эцэг өвгөд, Хүннү, Сүннү минь” гэж байгаа улс хужаагийн эрлийзүүд байх гэсэн гаргалгаа байж болж байгаан.

За энэ ч яахав. Yндэсний бахархал гэхээр иймэрхүү юм бодоод байгаа хүмүүсийг би болиосой гэж маш их хүсдэг юм. Өнгөрснөөрөө амьдрах ямар ч утгагүй. Уолт Диснейн “Хаан Арслан” гэдэг хүүхэлдэйн кинон дээр Тимоны хэлдэгчлэн “бөгсөө ардаа хаях” хэрэгтэй юм.

Сар орчмын өмнө би 1954 оны Хөлбөмбөгийн Дэлхийн Аваргын Тэмцээний финалын тоглолтын тухай орчуулж байсан юм. Германууд Унгартай тоглохоор үлдсэн байлаа. Унгарууд тэр үед үнэн хүчийг үзүүлсэн дэлхийн хамгийн шилдэг баг байлаа. Ер нь л бараг аваргууд хэмээн албан бусаар тооцогдчихсон байсан үе. Пушкаш тэргүүтэй Унгарын “Алтан баг” хэсгийн тоглолт дээр Германы багийг 6-0 гэсэн харьцаагаар бут ниргэж байсан тул финалыг бараг авчихсан хэмээн тооцож байсан байх. Гэтэл гайхамшиг болж германууд хожчих нь тэр. Ингэснээр тэр үед дайны дараа маш хүнд байдалд ороод ард түмнийх нь сэтгэл санаа маш доор унасан байсан Германуудад итгэл найдварын оч болж өгсөн гэдэг. Эдийн засгийн хөгжил нь хурдасч одоогийн их хөгжилт орон болох замдаа орсон гэдэг юм."
Бараг 3 жилийн өмнө бичиж байсан энэхүү нооргоо уншиж байсан чинь тэр үеийн сэтгэгдэл шууд л босч ирж байна.

Дээр хэлсэн энэ хөлбөмбөгийн бахархлыг манайхан саяхан бөөнөөрөө мэдэрсэн байх. Түвшинбаярыг тэр Казакийг өргөж байхад ард түмэн маань зэрэг өргөлцөж байсан байх гэж би бодож байна. Яг дэвжээний хажууд байсан дасгалжуулагч Болдбаатар ах шиг. Та нар анзаарсан уу байдгаараа биеэ чангалчихсан дагаад налж байсныг нь?

Урд өдрийнх нь Гүндэгмаагийн азгүйтлийг бодон харуусч байсан бүх харамсал хормын төдийд огт байхгүй болж ялалтын ааг монгол гэж цээжээ дэлддэг бүх л хүмүүсийн баярын уухай болон түрэн гарсан. Та тэр өдөр монголд байсан уу? Та замын цагдаа нарыг тийм өгөөмөр байхыг харсан уу? Сарын өмнө иргэний дайн болох вий гэж далдхан эмээж байсан хүмүүсийг та тэгэхэд таних байсан уу? Хувьсгалт намынхныг хаа тааралдсан газар устга гэх нь холгүй байсан ардчилсан намын лидерүүдийг та тэр өдөр таних байсан уу? Энэ өдрөөс өөр цагт согтуу төрийн тэргүүдийг та уучилж чадах байсан уу? Ард түмэн маань нэг юм гэдгийг тэгэхэд та мэдэрсэн үү? Нэг зовлонд уйлж, нэг ялалтыг даган баярлаж байгааг нь та харсан уу?

Спортын аль нэг агшин миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөж байсан тохиолдол яахын аргагүй тэр байсан. Өмнө нь би Сүхбат аваргыг зодог тайлах талаараа шийдвэрээ наадамчин олны баяр хөөр дээр ус асгах мэт хэлэхэд өөрийн эрхгүй харуусан уйлж байсан. Харин Түвшинбаярыг Олимпын аварга авахад би Монгол гэдгээрээ омогшин баярын нулимс асгаруулж байсан. Дараахан нь телевизийн нэг сувгийн хөтлөгч залуу харийн нэг орны алтан медальтанд хандан “Байнаа наад алт чинь манайд” гэж хэлэхэд бас л цээж өөд юм огшоод ирж байна лээ.

Ард түмэн ялалтад дуртай байдаг гэдгийг тэр өдөр би ойлгохын дээдээр ойлгож авсан.

Saturday, February 28, 2009

Цагаан сарын монгол киноны шуурганаас үүдэн миний толгойд буусан бяцхан хит-парад

Монгол кино үндэсний бахархал ёс заншил уламжлал гэхчлэн шалтагнуудын улмаас монгол киноны бүүм болж байгаагийн уршгаар гэх үү буянаар гэх үү баахан л монгол кинонууд үзлээ.

Хань гэдэг кино миний анзаарснаар лав давхардсан тоогоор зургаа гарлаа.
Манай өвөө гэхэд л Мандухай сэцэн хатны тэргүүн бүлгийг гурван удаа үзсэн хоёдугаарх нь алга гэцэн гайхаад сууж байна лээ. Харин нөгөөдүүл нь сая орой эхэлж харагдсан. За тэгээд анзаарсан анзаараагүй олон л кино гарлаа дөө. Аман хуур гэхэд лав л 3 сувгаар гарсан. Ирж яваа цаг хоёр гарсан. Тунгалаг тамир бас л хоёр ч сувгаар гарч харагдсан.

Хааяа нэг гарахаараа хүүхэд нас дурсуулаад гоё санагддаг байсан алтан үеийн монгол кинонууд маань нэг л сонирхолгүй санагдсан нь "эм хэдий сайн ч тун нь ихэдвэл хор болмой" хэмээх эртний сайхан үгийг эрхгүй бодогдуулж байлаа.


Ийм бодол төрснийх ч тэр үү НТВ телевизээр гарсан "Ийм нэгэн дурлал" киноны хоёр ангийг өдөр дараалан үзлээ. Яахав дээ найзуудаа боломжийн гэсэн Алтай гуайн трэйдмарк үгийг хэлмээр л санагдлаа.


Ер нь сүүлийн үед би НТВ телевизийн кино албыг их тоогоод байгаа. Тэр хэн гэчих вээ тус телевизийн ерөнхий продюсер гээд нэг махлагдуу нүдний шилтэй залуу байсан. Тэр киноны нэлээн сайн мэдлэгтэй бололтой тэгээд ч сонголт их сайн хийх юм. Одоо тэгээд орчуулга, дуу оруулалт дээрээ жоохон дэмжээд өгвөл сэпхийгээд л ирэх телевиз шиг санагдаад байгаам. Аа нээрээ Түмэн-Өлзий гэсэн байх аа. Тун боломжийн залуу байна лээ.


Ийм нэгэн дурлал ярьж байснаа хадуурдаг гэж байна. Яахав нэгэнт шинэ үеийн, тэгээд залуусын эхний хэдэн бүтээлүүдийн нэг гэдэг утгаараа сайжруулчихмаар зүйл олон ч харагдаж байна. Жүжигчний хувьд надад тэр Алтаншагай их таалагдлаа. Үнэхээр яваандаа гайгүй сайн жүжигчин болж мэдэхээр хүмүүсийн нэг байна. Лхагвасүрэн гуай ч яахав угийн авъяастай хүн. Дуу нь жоохон худлаа л болохоос. Туулайхүүд тоглодог жүжигчин бас их хөөрхөн хүү байна. Энэ нээрээ нөгөө хамтлагт бүжиглээд байдаг залуу мөн бид дээ?


Ингээд бичжээ байсан чинь надад ямар ямар жүжигчид таалагддаг юм болоо гэж бодогдож байна. Тэгээд нэрлээд байя уу гэж шийдлээ.


Нэгдүгээрт би Чимэд-Осор гуайг заавал нэрлэнэ. Үер киноны Болд өвгөн. Тунгалаг тамирын тэр улаан хувьсгалч гээд үнэхээр авсан дурдээ үнэнгээсээ хувирч ордог ясны жүжигчин хүн. Суваг солиод сууж байхад энэ хүн харагдвал би заавал кадр солигдтол нь хардаг зуршилтай болчихсон.


Хоёрдугаарт би Дамчаа гуайг хэлнэ. Монгол киноны эсрэг дүрд Жарантав гуай энэ хоёр шиг олон тоглосон хүн бараг л байхгүй байх аа. Тиймдээ ч тэр үү хааяа эерэг дүрд тоглосон харагдахаар нь баярлах ч шиг болдог юм. Ер нь тэгээд эерэг эсрэг аль ч дүр авсан сэтгэлд шингэтэл тоглоно. Хаа холуур мөрөөрөө явж байсан цагаантнуудыг дуудаж авчраад гэмгүй муу орос эрийг барьж өгч алуулж байгаа сэтгэл муутай нэгнийг тун гарамгай үзүүлснийх нь ачаар би тэр хүнийг хэсэг үзэн ядав. Миний баримталдаг хэдэн гол бодол байдаг юм.Тэдний нэг нь Аливаа киног сөрөг дүрийнх нь эрч хүчээр хэмжиж болно гэж. Сөрөг дүр хэдий хүчтэй байна тэр чинээгээрээ киноны соронз хүчтэй байдаг юм шиг надад санагддаг юм. Дамчаа гуай бол тоглосон бүх эсрэг дүр нь биш юм аа гэхэд нэлээн хэдэн дүр нь яахын аргагүй маш хүчтэй дүр. Исмэл тайж байна. Бага байхдаа Исмэл тайжийг үзэн ядаж өсч байлаа шүү дээ.

За тэгээд үлдсэнийг нь заавал дугаарлах гээд ч яахав дээ.

Нямын болон Цагааны Цэгмид гуай. Хоёулаа сор болсон жүжигчид. Дүрийнхээ текст, үйл хөдлөлийг маш энгийн амьдралд яг байх аягаар нь гаргаж өгдөг болохоор би хайртай байдаг. Үүн дээр Бумаа авгайн дүрд тоглодог жүжигчинь нэмэхээс болохгүй. Харамсалтай нь би нэрийг нь мэдэхгүй. Сумын төв дээр гэрийнхээ хаяанд суугаад тоос босгон явж байгаа тракторыг гунигтайяа дагуулан харж буй авгай та бүхний нүдэнд харагдаа биз. Халуун зунаар хар цай уугаад гээд л гомдоллож байгаа ээж. Үнэхээр шилдэг жүжигчин.


Ер нь тэр үеийн кинонууд тухайн дүрд тоглох жүжигчдээ тун гярхай олж авдаг байсан байгаа юм. Одоо бол яахав дээ тоотой хэдэн мундаг жүжигчидтэй болчихсон. Би тэднийг муу гэхгүй л дээ. Төмөрбаатар гуай, Сувд, Цэрэндагва энэ тэр гээд үнэхээр хийдгээ хийсэн мундаг хүмүүс. Тэхдээ хийсэн кино болгонд энэ хэд тоглоод байвал өөр тоглох хүн олдох ч гүй болох байх гэж бодогдоод байдаг юм. Төмөрбаатар гуайн Жамуха бол ёстой хүчтэй Жамуха байсан. Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг тэр кино үнэндээ Жамухын тухай хийсэн юм шиг санагдахаар тоглосон. Тэгээд л дараа нь нөгөө Жамуха чинь Чингис болоод гараад ирэхээр нэг л наалдаж өгөхгүй. Нөгөө мундаг хүчирхэг Жамуха нь харагдаад болж өгдөггүй. Сувд гуай ч гэсэн Мандухай сэцэн хатан дээр бол гаргууд сайн тоглосон. Үнэхээр нэгэн цаг үе Монгол төрийн голомтыг бүдэгрүүлчихгүйхэн шиг тогтоож чадаж байсан тэр их эзэгтэйн дүрийг чадамгай гаргасан. Бас л миний дуртай Дамчаа гуай энэ киноны чимэг байсан шүү гэж. Ярианыхаа сэдвээс ялимгүй хазайхад энэ Мандухай сэцэн хатан гэж ерөөсөө байгаагүй зохиомол хүн энэ тэр гэсэн зарим нэг онол байдаг бололтой юм байна лээ шүү. Энэ талаар судалмаар хорхой хааяа нэг хүрээд сачий дутахын үлгэрээр бас л бөхдөг болчоод байгаам даа.


За тэгээд үргэлжлүүлэн өгүүлэхэд, би энэ бичвэрийг сонирхон уншигч авгай танаас нэгэн зүйлийг сонирхон асуумаар санагдаад болох биш. Юу гэвэл, Чухам ямар монгол киноны ямар агшин таны хамгийн дуртай хэсэг вэ?


Би өөрийнхийг жагсаасу:


Нэг. Хамгийн их өрөвдсөн хэсэг. Тань руу нүүж явна кинон дээр хүүгээ харамладаг хэсэг. Ёстой элэг эмтэрмээр. Тэр эмээгийн байр байдал, нялх үрээ харамнасан эхийн байдал. Яаяа.
Энэ хэсэгт бас би Тунгалаг тамирын Бат Хонгорыг буудаж унагаснаа мэдээд "Ээ халаг" гээд гүйдэг хэсгийг оруулбал оруулчмаар л байна. Үнэхээр өрөвдмөөр. Тэхдээ яахав тэргүүн байр ганц л байдаг хойно. Эхнийх дээрээ л тогтохоос.

Хоёр. Хамгийн аймаар хэсэг. За энэ бол яалт ч гүй манай үеийнхний нийтлэг айдас байх гэж би бодож байна. Бушхүүгийн үлгэр дээр нөгөө муу хаан хэдэн хувхай яс өрж тавиад нэг чөтгөрийг дуудаж босгодог хэсэг. Хар цагаан зүсмийн арзайсан үстэй аймаар чөтгөрийг дүрслэн бодоход арван хэдхэн настай ахуйн дурсамж минь хүртэл тэхэд амьд сэрүүн байсан эмээ нарын маань дурсамжийн ардуур нуугдаж байгаа юм шиг санагдана.


Гурав. Хамгийн их үзэн ядсан. Шагдар. Магадгүй уншигч авгай намайг Дамчаа гуайн дүрүүдийн нэгнийг нь нэрлэх байх хэмээн хүлээж байсан байх. Тэгтэл үгүй юм аа. Би ингэж байж чадахгүй гээд сүхээ тайрдас дээр зоож орхиод хувцас чемоданаа аваад гарч байгаа аав. Дааман хаалгаа зад тийрээд гарч байгаа аав. Аавынхаа асахгүй байгаа машиныг бөөнөөрөө түрж өгч байгаа гэнэн тэнэг дөрвөн хүү. Энийг бодохоор л бүүр уур хүрээд байдаг байж билээ. Үнэндээ ийм юм амьдралд байдаг гэж мэддэггүй, үзээгүй байсан болохоор анх үзчээд би Шагдарыг үнэн голоосоо жигшин зэвүүцэж билээ. Сүүлд том охин нь манайд зарах юм байхгүй гэж хэлдэг нь үнэн зэвүүн үг. Өгсөн мөнгийг нь буцааж өгдөг хэсэг гээд ер нь энэ кинонд гоё гоё шигтгээ маш олон юм аа. Хөвгүүдийнх нь хоёр дахь болох Баяраа нь ч бил үү Бат нь ч билүү доороосоо хоёрдохдоо нэг 5 төгрөг өгсөн байсныг буцааж өгдөг хэсэг байна. Урд нь барьж байснаа унагаачихдаг. Хичнээн хэвлүүн бөгөөд бардам. Тэр хүүхдүүд үнэхээр сайн тоглосон шүү.


Дөрөв. Хамгийн их инээсэн. Уул нь нэг их инээдтэй кадр биш л дээ. Тэхдээ яг тэр кадрыг үзэж байхад болсон яриа асар инээдтэй байсан болохоор энэ хэсгийг үзээд би өөрийн эрхгүй инээдэг юм. Манай Дурлалын ХАС админ багаасаа морь малд их сүрхий хүү байлаа л даа. Нэг удаа ХАС-ын эгч, хүргэн эх бид дөрөв гэрт нь Мандухай сэцэн хатан үзээд сууж байлаа. Нэг мундаг байлдаан болоод л хоёр талын цэргүүд морьтой давхиж ирээд л бүдэрч унаад, онхолдоод л шороо бужигнаад ёстой л дайн болж байлаа. Нэлээн харж сууснаа ХАС шогшорлоо. "Хайран сайхан морьнууд ёстой жигшсэн байх даа" гээл. Тэгсэн эгч асууж байнаа. "Жигшихээрээ яадаг юм?". Хүргэн ах түрүүлээд хариуллаа. "Дахиж кинонд тоглохоо байчихдаг байхгүй юу" гээд. Бид хэд ёстой элгээ хөштөл инээсэн. Би бүүр сүүлд нь бодоод л ганцаараа инээгээд байдаг болчихсон байсан.


Тав. Хамгийн их бахархсан. Хатанбаатар кинон дээр Манлайбаатар Дамдинсүрэнгийн босоогоороо үхдэг хэсэг. Магадгүй тухайн үедээ ховорхон гардаг байсан өвөөгийнхөө нулимсыг энэ кадртай давхцуулаад анх харснаас болсон байх. Яалтчгүй нэг омогшил бахархал гэмээр хий ходоод гэдэсний мухраас дээшээ түрхэрч зүрхээр дайран огшин гарч ирээд самсааны тэрүүгээр гижиг сэрвэгнүүлж өнгөрөөд нулимсны сүвийг маань нимгэлчихгээд байдаг юм.


За тэгээд зургаа долоо гээд жагсаагаад байвал оройжингоо л юм болох нь шиг байна ингэсгээд хумья даа.


Та бүхэн өөрсдийн Монгол кино хитээ жагсаагаад үзвэл ямар вэ?

Sunday, January 18, 2009

Шадар гурван цэргийн тухай

Төмөр багтай хүн бол номноосоо 180 хэм эсрэг хийгдсэн кино. Хэзээ ч тийм юм байхгүй. Яахав кино нь гоё л доо. Тэрэн дээр Габриэль Бурн Д'Артаньяны дүрийг их гоё гаргадаг. Нэг тийм ихэмсэг мөртлөө их чимээгүй. Ер нь хараад байхад Д'Артаньяны дүр хамгийн гоё нь. Арамисийн гүйлгээ ухаан, Портосын хүч чадал, Атосын ихэмсэг бөгөөд шударга зан бүгд Д'Артаньянд байдаг. Хамгийн супер нь. ^:)^

Номон дээрээ Арамис хуйвалдаан хийж байгаад 14 дүгээр Луигийн ихрийн өрөөснийг хаан ширээнд залах оролдого хийгээд бүтэлгүйтдэг. Тэгээд Портосто хамт зугтаж байх зуур Портос үхдэг. Атос харин хүү Бражелонтойгоо зэрэг үхдэг. Бражелоны хайртай хүүхэнтэй суух зорилгоор Луи түүнийг алс хол дайнд явуулангуут нөгөө тэнэг шарандаа үхээд өгье гээд учир утгагүй тулаанд оролцоод үхдэг. Яг тэр үед нь Атос гэртээ үхэж байдаг. Д'Артаньян бол харин дайнд Француудыг удирдаж яваад тэр үеийн цэргийн хамгийн том "Маршал" цолыг хүртэж байхдаа бөмбөгөнд өртөж нас бардаг. Яг энэ хэсэг эхлэх гэж байхад би уншихаа зогсоод номооо хойш нь тавьж өдөржингөө явж билээ. Уншихаар хайртай дүр маань үхэх гээд байдаг. Цаашаа уншмаар байдаг. Ёстой зөрчилдөөн болсон доо. Сүүлд нь үхээгүй байгаа хэсгийг нь уншиж бас болно шүү дээ гэж өөртөө итгүүлж байж үргэлжлүүлсэн шүү. Тэгээд л бөмбөг дэлбэрээдэхсэн чинь л нулимс бөмбөрч орж ирээд манантаад явсан даа хөөрхий.

Ер нь бол номын дараалал нь ийм байдын:

1. Шадар гурван цэрэг
2. Хорин жилийн хойно
3.1. Бражеллон бээл
3.2. Арван жилийн дараа
3.3. Луиз де ла Валиер
3.4. Төмөр багтай хүн

Анзаараад байхад нэг гоё нь эхний номон дээрээ 4-үүлээ нийлж байгаад Хатан хааныг авардаг. Хоёр дахь дээрээ өөр хаант улсын хааныг бараг аврахаа шахдаг харин 3 дахь номон дээрээ нэг нь л ганцаараа нэг хаант улсыг дахин сэргээдэг. 14 дүгээр Луи өөрийн багш Мазаринигээс хэтэрхий хараат бас дорой байна гэж уурлаад Д'Артаньян хааныг баахан доромжилчоод албаа хаяж явангуутаа Английн 2 дугаар Карл хааныг хаан ширээнд нь суулгахад маш их нэмэр болдог. Тэр хэсгийг уншиж байхдаа хайрт баатраараа үнэхээр бахархаж байлаа. Та нар Бражелоны бээл гэдэг номыг нь уншсан бол тэрэн дээр Арамисын Д'Артаньяныг магтдаг хэсэг байгаа, үнэхээр гайхалтай.

Тэр бол морьтой хүн биш ерөөсөө кентавр л гэсэн үг гээд.