Sunday, December 02, 2018

Тинэйшиус ди - ӨРГӨЛ

Жак Блак ер нь күүл гар л даа. Байгаа байдал, тоглож байгаа кинонууд энэ тэр гээд л. Энэ дуун дээр гэхэд л зүгээр үлгэр ярьчихаж байгаа мөртөө ёстой хүүрнэн өгүүлнэ гэдэг шиг л балай авч байгаа юм. Үүнийг эс өгүүлэн үлгэрийг ярих ину:

ӨРГӨЛ

"Энэ бол дэлхийн хамгийн гоё дуу" өргөл. Эрт дээр үед манай энэ дүү Кайл бид хоёр урт гэгчийн замаар хамтдаа замын унаанд дайгдчих санаатай явж байлаа. Гэтэл гэнэт гялалзсан гялгар чөтгөр замын голд гараад ирэв. Тэгээд тэр хэлрүүн:

- Ертөнцийн хамгийн гоё дууг дуулахгүй бол сүнсийг чинь залгиж орхино шүү.

Тэгэхээр нь Кайл бид хоёр хоёр биенээ нэгэнтээ хараад, - Тэгье ээ, л гэлээ. Тэгээд толгойд орсон эхний дууг тоглож эхлэсэн нь харин яг дэлхийн хамгийн шилдэг дуу байж таарсан юм. Үнэхээр дэлхийн хамгийн гоё дуу байлаа. Нүд рүү минь хараад л үнэнийг мэдэж болно. Нэг дээр нэгийг нэмээд хоёр, ахиад нэгийг нэмбэл гурав болно гэдэг шиг л яахын аргагүй хувь тавилан байсан юм. Буман жилдээ ганц удаа ч юм уу наран гялайж, саран гийгүүлээд, өвс ургамал нахиалдаг. Муу адгуусны манарсныг хэлэх хэрэг ч байхгүй биз. Шөвгөр үзүүртэй сүүлээ шавхуурдаад л нам болов. Тэгээд биднээс асууруун:

- Сахиулсан тэнгэрүүд үү, таануус?

Хариуд нь бид:

- Үгүй чиш. Бид бол хүмүүс.

Рок. Энэ бол дэлхийн хамгийн шилдэг дуу биш ээ. Зүгээр л дуун өргөл. Дэлхийн хамгийн гоё дуугаа санаж чадахгүй байгаа. Үгүй ээ, үгүй. Тэр л хорвоогийн хамгийн гоё дуу байсансан. Экээнь охсон тэр нэг дуу хорвоогийн хамгийн сайхан дуу байсан юмсан. Хамгийн сонирхолтой нь юу гээч найзууд аа. Тэр нэгэн шөнө бидний дуулсан дуу одоогийн энэ дуунаас тэс ондоо байж билээ. Энэ бол зүгээр л дуун өргөл. Итгэж үзээрэй. Ай нөхөр минь чи тэнд байсан ч болоосой. Саналыг чинь сонсохсон. Ай сда. Бурхан минь. Бурхны авралаа гэж. Зогсож чадахгүйдээ бүр гайхаж орхисон доо.

Гээд үлгэр дуусвай. Дууны дундуур Жак Блакийн далжиганаж байгаа, ярианы өнгө өгсөж уруудаж байгаа нь үнэн донжтой. Арын бусад зэмсгүүд ч үнэхээр гоё. Марзганаад байгаа юм шиг мөртөө мангар сериүс. Тэртэй хоёр мянгаад оны эхээр Тинэйшиус дитэй, тэр тусмаа энэхүү Өргөлтэй, танилцуулсан "үүлэн үст" хэмээх мэргэн бууч Мэрсэр Хадбаатар анддаа талархаж явдгаа үүгээр илэрхийлсү.


Saturday, December 01, 2018

Хөөе! Энд хүн байна уу?

Хөөе! Энд хүн байна уу? Сонсож байвал толгой дохиорой. Гэрт хүн байна уу? За, тайвшир даа. Чамайг жаахан гунигтай байгаа гэж сонссон. Гунигийг чинь нимгэлээд өгье. Дэмнээд босгоод өгье. Уужим амьсгаа аваад жаахан тайвширчих. Юу болсныг надад ярь. Бүгдийг нь хэрэггүй, зүгээр л юу болсныг товчхон л. Бас хаана чинь өвдөж байгааг.




Wednesday, November 28, 2018

Чамд хайртай гэж ойрд би хэлэл үү?

Арван жил яахын аргагүй хурдан өнгөрчээ. Ай даа, чамайгаа хайрлахгүй байх арга алга л. Биеэн тасдаад гаргаж өгсөн бээлийн чинээ жаахан охин чинь том том ярьсан бие хүн болчихож. Бэр, хүргэн гэж хоёр талдаа бишүүрхэнгүй очицгоож байсан улс одоо аль хэдийн хүү, охин нь болж дотноссон байна. Арван жилд юуг эс үзэв дээ, хоёулаа. Алдаа ч байсан, оноо нь ч байсан. Халуун бүлээрээ хамтдаа байгаа маань л хамгийн сайхан нь юм даа.

Хайртай хүнтэйгээ хуваалцсан аз жаргал л чухам аз жаргал гэж ярьдагсан. Чамайгаа инээлгэх би хамгаас дуртай. Олон юм бодохгүй охинтойгоо хамт намайг шоолж чанга хөхрөхөд чинь миний хамаг асуудал нам гүмтэй хамт алга болох шиг санагддаг. Олон нийтийн газар тэнэг үйлдэл хийж чамайг инээлгэх бас гоё байдаг. Хүмүүсээс ичих, намайг шоолох хоёр мэдрэмж нүүрэнд чинь тодорч байгааг харж баясах хамгаас сайхан. Охинтойгоо зугаацаж байхыг минь харж зогсохдоо хайр ундруулан баясаж байгааг чинь би мэдэрдэг. Чинийхээ төлөө тэр мөчид би аз жаргалыг хамт эдэлдэг.

Салхин талд чинь алхаж нөмөрлөх би дуртай. Сэрүүн орой хүйтэн хөлийг чинь гэдсэндээ нааж дулаацуулах би дуртай. Ууртай байхад чинь улам дэвэргэж уурыг чинь барах бас сайхан байдаг. Уучлал гуйгаад гарын хоол ногоотой хуургаа хийж өгөх бас дуртай. Дулаан хөнжилдөө дугжирч байхад минь дуудаж босгоод шумуул алуулдагт чинь ч бас дуртай. Унтаж байхад ганцаараа баахан ярьчхаад сонссонгүй гэж бухимддагт чинь ч бас хайртай. Чамтайгаа хамт өнгөрөөж байгаа мөч бүхэндээ би хайртай. Цаашдаа ч бас олон жил хамтдаа байна гэхээр сэтгэл нэн дулаахан.

Америк зохиолч Хэнри Ван Дайк нэгэнтээ хэлсэнчлэн: "Хүлээж байгаа хүнд цаг хэт удаан, айсан хүнд түргэн, гашуудсан хүнд урт, баярласан хүнд богино, харин хайрлаж дурласан хүнд цаг хугацаа үүрд мөнх байдаг."

ЧАМДАА ХАЙРТАЙ ШҮҮ!


Monday, November 12, 2018

More than a manager

Өчигдөр тоглолт хүлээнгээ Бобби Робсоны тухай "More than a manager" гээд баримтат киног үзэв. Нас барахад нь хөлбөмбөгийнхөн тэр аяараа эмгэнэл илэрхийлж, гашуудаад тухайн үед бөөн юм болж байсан нь яахын аргагүй юм байна гэдгийг энэ киног үзэж байж ойлгов. Барсаг дасгалжуулж байсан гэдгийг нь мэддэг байсан ч муухай жийгдээд явсныг нь тэндээс бас мэдэв. Гөлийсөн күрэнүүд :P

Ер нь их сайхан өөдрөг, шаргуу дайчин хүн байжээ гэж бодогдов. Шоуриньо харин төгсгөл хавьд их аятайхан үг хэлчихлээ. Маш их үнэлж, хүндэтгэж явдаг юм байна. Их олон хүний хайрыг хүлээсэн болохоор мөнхийн хутгийг олсон гэсэнэрхүү утгатай юм. Яг сийрүүлбэл: "A person only dies when the last person that loves him dies." Монголчилбол: "Түүнд хайртай хамгийн сүүлийн хүн өөд болох хүртэл тухайн хүн амьдарсаар л байдаг" гэх маягийн. Саяхан гарсан Коко гээд хүүхэлдэйн кинон дээрхтэй ижил санаа юм уу даа гэж бодлоо.

Ер нь хувиа хичээж, довоо шарлуулаад явахын оронд хүн олонтойгоо, сэтгэл сайтай тус дэмтэй явбал ингээд үйл хэрэг нь үлдэж, нэр нь цагийг эзэлдэг юм байна даа гэж бодож явдаг маань улам л лавшрахуй.

Жич: Сайхан кино санал болгосон Nasanbat Khanoi анддаа талархмуй.


Monday, October 08, 2018

Москвагийн бороо

Бороо шаагисан Москваг санаж байна
Борхон нүд чинь жаргалтай байжээ
Тэгэхэд Терри нь халтираад унасан юм
Тэнгэрт хальсан бөмбөг нь "Баяртай" гэж хэлсэн

Москвагийн бороо зүүдэнд алсаас шивэрнэ эээээээ

Челси болон Юнайтедын домог болон мөнхөрсөн Жон Терри зодог тайлжээ. Баяртай!!