Wednesday, April 18, 2018

ГАЗ ЖАРАН ЕСТЭЙ ДУРСАМЖ


Хөгшин аавынхаа машины тухай дүү нартайгаа ярилцаж байгаад нэг явдлыг дурсав. Газ-69 гэж олны дунд нэршсэн тэрэг л дээ. Арай богиновтор 4 хаалгатайг нь А69, арай урт, арын кабинд ханаа дагасан вандан маягийн суудалтайг нь Б69 гэж ялгадаг байсныг хүмүүс мэддэг биз. Өвөөгийн тэрэг тийм урт суудалтай нь байсан юм. Уг нь даавуун бүхээгтэй байдгийг нь Монголын цаг уурт тохиромжтой, төмөр бүхээг болгож сайжруулсан тийм тэрэг байлаа.

Олон жилийн өмнө дөө. Нэг зун хүргэн ахынхан маань нутаг явахаар болов. Хүргэн ах, авга эгч, тэгэхэд дөнгөж мэндлээд удаагүй байсан Одноо дуу гурав маань Баян-Өлгий рүү онгоцоор явах болоход манайхан Дарханаас Улаанбаатар руу хүргэж өгсөн юм. Бөөнөөрөө чихээд л явсан. Газ-69ийн нэг авууштай нь тэр л дээ. Мааангар олон хүн ордог. Тэгээд манайхан хүнээ хүргэж өгөөд буцацгаав өө. Манайх гэр бүлээрээ, аав, ээж, дөрвөн хүүхэд, дээр нь аавын нэг найз, тэгээд авга ах Нямдорж. Удаан явцгаасан болохоор буцахдаа бүгд унтлаа. Арын кабиндаа манайхан гудас дэвсээд унтчихдаг байсан юм. Аав жолоо барьсаар байгаад ядарсан болохоор ахад түр шилжүүлээд, амрахаар хажуулсан байлаа. Ер нь бүгдээрээ л унтацгааж байсан. Дүү охин болон жолоо барьж байгаа ах хүү хоёроос бусад нь л даа.

Унтаж байтал нойрон дунд хэд хэд айхтар донслов. Тар няр буугаад л явчихсан. Дүү охины дуу хадаад л явчихлаа. Байдгаараа орилоод л байна. Нүдээ нээсэн чинь машины шал дээр харагдаж байх юм. Гайхаад хартал таазан дээр хэвтэж байна. Хамаг юм ундуй сундуй болсон. Унтаж байсан хоёр дүү бас гайхаж манарсан харцтай. Тэгээд бүгдээрээ гарцгаалаа машинаасаа. Таазан дээгүүр мөлхөөд урд талын жолоочийн хаалгаар л гарсан байх. Гараад хартал замын хажууд уруугаа харчихсан хэвтэж байдаг юм. Ээж ухаангүй. Чирч гулдраад гаргацгаалаа. Аавын хуйх нь урагдаад нүүр лүүгээ унжаад ороод ирчхэж. Дүү орилсоор л. Ах машинаа тойроод л гүйгээд байна. Дүүг доор нь орилоод байна гэж бодсон гэж сүүлд нь ярьж байсан. Нөхөр тэгэхэд аль эрт бидэнтэй цуг гараад ирчихсэн машины хажууд л орилоод байгаа юм. Ах сандарсандаа болоод харахгүй л хажуугаар нь гүйгээд байсан байна билээ.

За тэгээд ах машин тойрч гүйхээ болиод аавын толгойг боох ажиллагаа эхлэв. Тэр хооронд ээж ухаангүй хэвээрээ. Ээжийг сэргээх гэж янз бүрээр л үзсэн юм. Алгадаж малгадаад л. Тэгж байтал гэнэт өндийгөөд ирэв ээ. “Хүүхдүүд зүгээр үү?” “Зүгээр” гэнгүүт буцаад унаад өгсөн. Инээдмийн кинонд гардаг шиг л санагдаж байж билээ. Дахиад хэсэг татаж чангааж байгаад ээжийг босгож ирэнгүүт аавын толгойг ээж боолоо. Ахын боолт гэж сапирсан юм байсан л даа. Яг урагдсан хэсгийг нь тойруулаад л боочихсон байсан санагддаг юм. Хөөрхий сандарсан л даа. Тэгж байтал араас ирж явсан машинууд зогсоод яав ийв гэцгээгээд бид хэдийг суулгаж Баруунхараа хүргэж өгсөн. Баруунхараад манай садангийн айл байдаг байсан болохоор тэднийд очоод, аавыг эмнэлэгт хүргэж толгойд нь оёдол хийлгэж байж билээ. Машин хөмрөх үед жолоочийн суудлын арын завсарт хавчуулаад тавьсан байсан хорин литрийн канистрын амсар аавын толгойд тусч язласан байсныг сүүлд нь мэдсэн.

За тэгээд юу болсон бэ гэхээр ах хүү тамхи татна аа. Газ 69-ийн хаалганы цонх доошоо буудаггүй, урд талын жижигхэн салхивч, гурвалжингаар тамхиа гаргаж хаясан байгаа юм. Тэгтэл нүднийх нь буланд нөгөө тамхи шатахууны сав руу орчих шиг зэрвэс харагдаж л дээ. Гайхаад эргэж харахдаа жолоогоо зүүн тал руугаа цуг дарчихсан байгаа юм. Улаанбаатараас Дархан явах замд яг Баруунхараа руу урууддаг дээр нэг их сайхан шулуухан зам, хоёр талаараа наран цэцэг ургасан талбай байдгийн тэнд л дээ. Замын хажуугийн ховил руу шууд копутаараа шааж өндийж ирээд, хошуун дээрээ эргээд дээшээ хараад уначихсан гэдэг юм. Дүү охин сэрүүн, яг ахын ард суугаад зам руу харж явсан болохоор эхнээс нь авахуулаад л орилоод байсан гэсэн.

Тухайн үедээ миний хувьд төдийлөн аймаар санагдаагүй өнгөрсөн энэ явдлыг сүүлд бодохоор аймаар санагддаг юм. Даваадоржийнх гэдэг айл тэр чигээрээ байхгүй болж болох байж шүү дээ гэж бодогдоод. Яахав бага зэргийн хэтрүүлэгтэй л дээ. Аав толгойдоо оёдлын сорвитой болсноос өөр ямар ч хохиролгүй хал балгүй салснаа бодохоор азтай л өнгөрсөн санагддаг. Ахад харин нэг хэсэгтээ л хэцүү байсан байх даа хөөрхий. Дурсамж нэг иймэрхүү.

Saturday, November 18, 2017

АНИРГҮЙН ЧИМЭЭ

Саймон Гарфункел хоёрын гайхамшигтай дуунуудын нэгийг гэнэт монголчилмоор санагдаад. Дууны үг англиараа хавсаргасан бичлэгийн тайлбар хэсэг бий.

АНИРГҮЙН ЧИМЭЭ

Түнэр харанхуй – миний анд,
Тухлан ярилцахаар би ирэв, ахиад л.
Чимээгүй сүүдэгнэх нэгэн үзэгдэл бүртийсээр
Чивэлт үрээ унтах зуур минь үлдээн оджээ
Тархинд суулгасан өнөөх үр нь харин
Тэндээ байсаар л
Аниргүйн чимээн дунд.

Тавгүй зүүдэнд би ганцаар
Бүдэг гэрлийн цагирган бүрхүүл доогуур
Хүрмээ чийгтэж, зах нь хайртал
Туучин алхав чулуун замаар.
Элдэв өнгийн эрээн гэрэл
Эгээтэй л нүдийг минь нэвт сүлбэсэнгүй
Шөнийн харанхуйг зуран хуваасан тэр гэрэл
Аниргүйн чимээг нэвтлэн алдана.

Бялхан цацрах тунгалаг гэрэлд
Буман хүмүн, магадгүй бүр их,
Бүхнийг үл өгүүлэн ярилцаж,
Бусдыг анирдалгүй бүгдийг сонсож,
Сэтгэл шингээгүй дуу бичицгээвч
Харин, ганц үг ган хийж
Аниргүйн чимээг хөндөж эс зүрхлэнэ.

“Тэнэгүүд” хэмээн би уурлав.
“Тахал мэт тархдаг нам гүмийг
Та нар эс мэднэ үү.
Үгийг минь сонс, хичээл болно.
Гарыг минь барь, таныг түшье”
Хэлэх үг минь чимээгүй дусал мэт унав
Аниргүйн чимээнд цуурайтан одов.

Харин хүмүүс бөхийсөөр, залбирсаар
Эрээн гэрлэн хиймэл бурхаддаа.
Түүнээс гарах гэрлэн дохио анивчсаар
Үг үүсгэж анхааруулан гэрэлтэж
Ийн хэлрүүн:
“Зөнч мэргэн үгсийг
Сийрүүлэн бичив.
Хонгилын хана, түрээсийн танхимд
Аниргүйн чимээнд аяар шивнэтүгэй”


Hello darkness, my old friend
I've come to talk with you again
Because a vision softly creeping
Left its seeds while I was sleeping
And the vision that was planted in my brain
Still remains
Within the sound of silence

In restless dreams I walked alone
Narrow streets of cobblestone
'Neath the halo of a street lamp
I turned my collar to the cold and damp
When my eyes were stabbed by the flash of a neon light
That split the night
And touched the sound of silence

And in the naked light I saw
Ten thousand people maybe more
People talking without speaking
People hearing without listening
People writing songs that voices never shared
No one dared
Disturb the sound of silence

"Fools," said I, "you do not know
Silence like a cancer grows
Hear my words that I might teach you
Take my arms that I might reach you"
But my words like silent raindrops fell
And echoed in the wells of silence

And the people bowed and prayed
To the neon god they made
And the sign flashed out its warning
In the words that it was forming
And the sign said "The words of the prophets are written on the subway walls
And tenement halls
And whispered in the sound of silence"

Sunday, October 29, 2017

САЛАН ОДОХЫН ЕРӨӨЛ


Бөгжний эзэн киноны жижигхэн хоббитуудын нэг Перегрин Түк буюу Пиппиний дүрд тоглосон Шотландын жүжигчин Билли Боидын дуулсан энэ дуунд сүүлийн үед гүехэндүүхэндүү орж явчив аа хөөрхий. Бөгжний эзний угтвар бүтээлээс сэдэвлэн хийсэн Хоббит хэмээх гурамсан киноны сүүлийн ангийн дуу болон гарсан энэ дуу их олон утгаараа салан одохын ерөөл болж байна уу гэлтэй үнэхээр сэтгэл хөндөм сайхан дуу юм. Сэтгэл ингээд хөндөөд байхаар нь орчуулаад нөхөдтэйгээ хуваалцюу хэмээв. Дууных нь үг эх хэлээрээ уг бичлэгийн танилцуулга хэсэгт байгаа болно.

САЛАН ОДОХЫН ЕРӨӨЛ

Цэлмэг тэнгэрийн гэрэл бөхөхийг харлаа
Сэнгэнүүр салхин санаа алдахыг ч бас анирлав.
Цасан ширхэг бударсаар ахан дүүсийн минь цогцсыг бүрхэхүй
Салах одох эцсийн үгээ энд би хэлсү.

Шөнийн харанхуй бүрхэж
Энэ өдөр эцэслэв.
Харгуй намайг татна
Хөөсөөр би одъюу тэр харгуйг,
Толгодыг цаагуур, моддын доогуур
Гэрэл үзээгүй харанхуй газраар
Цэнгэг горхины мөнгөн урсгал тэнгисээд зорих тэрхэн газраар.

Үүлсийн доогуур, оддын бараанаар
Жавартай өвлийн цэлмэг өглөөн цасан дээгүүр
Гэрээд зорьсон жимүүд рүү
Хүрэх газраа эс мэдсээр
Зорин одъюу.
Ганзага нийлэн өдийг хүртэл бид хамтдаа
Гэвч аз жаргалыг хүсээд
Салан одсу энэ өдөр.
Үзсэн газар минь тоогүй олон
Үүрсэн зовлон минь ч чамгүй олон
Хэдий ч би харууссан нь үгүй
Ганзага нийлсэн хань нөхдөө мартах учиргүй ээ.

Шөнийн харанхуй бүрхэж
Энэ өдөр эцэслэв
Харгуй намайг татна
Хөөсөөр би одъюу тэр харгуйг,
Толгодыг цаагуур, моддын доогуур
Гэрэл үзээгүй харанхуй газраар
Цэнгэг горхины мөнгөн урсгал тэнгисээд зорих тэрхэн газраар.

Эдгээр дурсамжаа тээгээд
Ээнэгшин дассан таны ерөөлөөр
Гэрээд зорьсон жимүүд рүү
Хүрэх газраа эс мэдсээр
Зорин одъюу.
Ганзага нийлэн өдийг хүртэл бид хамтдаа
Гэвч аз жаргалыг хүсээд
Салан одсу энэ өдөр.

Та бүхэндээ сайхныг ерөөсөөр салан одсу, би.



Дууны үгийг англиар сонирхвол нэг иймэрхүү.

Billy Boyd - The Last Goodbye

I saw the light fade from the sky
On the wind I heard a sigh
As the snowflakes cover my fallen brothers
I will say this last goodbye

Night is now falling
So ends this day
The road is now calling
And I must away
Over hill and under trees
Through lands where never light has shone
By silver streams that run down to the Sea

Under clouds, beneath the stars
Over snow one winter’s morn
I turned at last to paths that lead home
And though where the road then takes me
I cannot tell
We came all this way
But now comes the day
To bid you farewell
Many places I have been
Many sorrows I have seen
But I don’t regret
Nor will I forget
All who took that road with me

Night is now falling
So ends this day
The road is now calling
And I must away
Over hill and under tree
Through lands where never light has shined
By silver streams that run down to the Sea

To these memories I will hold
With your blessing I will go
To turn at last to paths that lead home
And though where the road then takes me
I cannot tell
We came all this way
But now comes the day
To bid you farewell

I bid you all a very fond farewell.

Tuesday, October 24, 2017

Кастамерын бороо

Энийг нэг ингэж орчуулж үзэв.

Кастамерын бороо

Сөгдөн мөргөхийг шаардах
Эрхэм та хэнсэн билээ хэмээн
Сэхүүн ноёнтон асууна.

Өөр арьс нөмөрсөн ч
Өнөөх л муур
Нүднээ илхэн бус уу.

Алтан шаргал, цусан улааныг нөмөрсөн ч
Арслангийн савар үргэлж хэвээрээ.
Таны савар урт гэв үү,
Минийх ч бас дутахгүй урт.

Ийнхүү тэр, Кастамерын ноёнтон,
Хүүрнэн хүүрнэсээр, хүүрнэн хүүрнэсээр.
Ханхай танхимын чинь дээгүүр тэнгэр уйлагнахад,
Харин гэвч сонсох хүн ганц үгүй.
Ханхай танхимын чинь дээгүүр тэнгэр уйлагнасаар.



Дууных нь үг англиар:

And who are you, the proud lord said,
that I must bow so low? 
Only a cat of a different coat, 
that's all the truth I know.
In a coat of gold or a coat of red, 
a lion still has claws, 
And mine are long and sharp, my lord, 
as long and sharp as yours.
And so he spoke, and so he spoke, 
that lord of Castamere, 
But now the rains weep o'er his hall, 
with no one there to hear. 
Yes now the rains weep o'er his hall, 
and not a soul to hear.

Thursday, September 28, 2017

Ц.Доржготов : Сүнсэнд шингэсэн гэмшил /Өгүүллэг/

"Утгын чимэг - 2008" уралдааны тэргүүн байрыг эзэлсэн Ц.Доржготовын "Сүнсэнд шингэсэн гэмшил" хэмээх энэ өгүүллэгийг Равдан гуайн уншсанаар 2009 онд үзээд ёстой цурхиртал уйлж билээ. Ганцаараа байсан болохоор ёстой ичиж нэрэлхэлгүй аваад хаясан. Нагац аав, ээж хоёр маань өөд болоод удаагүй ч байсныг хэлэх үү. Хөөрхий муу эмгэн нь эмээ шиг, өвгөн нь өвөө шиг санагдаад. Хоёулаа бие биенээ их л цаашлуулдаг буянтай ч хоёр хөгшин байж билээ. Өвөө маань нэг удаа "Төрийн хутгуур" гэж хэлж байсан юм шүү.

Ц.Доржготов : Сүнсэнд шингэсэн гэмшил /Өгүүллэг/

Сэдваанчиг Сэрээдэнэ хоёр дөрвөн ханатдаа утаа уугиулж дөнгөхөө болив. Нас гэж талийсан хоёр. Аргагүй л ийм болдог хорвоо байж. Эмгэн "Дулаан газар өвөлжинө" гээд охиныдоо төвлөж, өвгөн уулын мухрын өвөлжөөнд, отгон хүүгийндээ хоцорчээ. "Малын амьсгаа, хөх өтгөнөөсөө хол үхэхгүй" гэж Сэдваанчиг бөглөрөх гэж буй мэнгэртэй цээж хяхтнуулжээ. Аравдугаар анги дүүргээд сургуулиас завсардсан хоёр ач нь, отгон хүү бэр хоёрт нь бүл болохоор тэднийд өвгөнтэй хамт өвөлжив. Хоёр ач, отгон хүү бэртэйгээ Сэдваанчигт тун сайхан. Гэхдээ насыг хамт элээсэн эмгэнээ сэмхэн их үгүйлнэ. Тэрсхэн хоёр ач нь дүрсгүйтэх нь ядарсан өвгөнд халгаатай ч, "тэсвэрлэе" гэж хатуу шийдсэн учир нүд аньж, эрхи эргүүлсээр өдрийг барна. Хааяа амсхийх зуур хоёр ачдаа бөх ярьж, шилээ шөргөөж, цээж ханхалзуулах санаатай. Уг нь мань эр залуудаа бузгай барилдаж, сумын наадамд түрүүлж байсан агаад бяр нь багтахгүй бөх болж харагдахын тулд хоолойгоо шахаж бүдүүн дуугарах, их идэх гэж мангарлах, мөн бөхөрхүү алхаа гишгээгээр алцганаж явсан нас түүнд бий. Зөнөг өвөөгөө уйдсан хоёр ач нь ёргионо. Өвгөн янхир араг яс хэрзэгнүүлснээ юм бараг үзэхээ больсон мөндөр шиг хоёр цэхэр нүдээр ач нарынхаа бие бялдрыг шинжлэн гөлөрч гөлөрч,
-Та муу хоёр золигт уг нь бөхийн удам гарцаагүй байх ёстой сон гэж сөөнгөдөхөд эцэнхий нүүрт нь удахгүй учрах үхлээ мартсан баяр гийх агаад архаг мэнгэрийн цэр дүүрсэн цээж удахгүй унтрахын дохио юу гэлтэй, ой гутам хэржгэнэснээ нэгэн битүүхэн дорой авиа болон тээр цааш хяхтнасаар завхрав.

Өвгөн гэр дулаацсан хойно яарамгүй өндийнө. Нэг өглөө хоёр ач нь малдаа явахын өмнө дундаа түмпэнтэй мах тавьчихсан идэж сууснаа хоорондоо шивнэлдэж, хөхрөлдөөд байх юм. Өвгөн сэм харвал бөхийн удамт нөгөө хоёр чинь үхрийн бадруун сээр хуга шаах гэж буй бололтой. Ээлжлээд л нөгөө сээрийг нүцгэн нударгаараа дэлсэх юм. Сээр хугардаггүй ээ. Дахиад л гөвших юм. Өвгөн "Зөв! Дахиад сайн шаа!" гэж сэм дэмжив. Нөгөө хоёрын гар нь өвдсөн бололтой "ёо ёо" гээд гараа үлээцгээн, унан тусан хөхрөлдөж хөхрөлдөж, сээрээ хугалж дийлэлгүй гарцгаав. Өвгөн "Эвий нь л олсонгүй дээ. Тэрнээс биш сээр хуга шаадаг л юм гэсэн. Би тэгж сээр хугалж үзээгүй ээ. Хоёр хүү минь эвий нь л олсонгүй. Миний удамд сээр хуга шаах хүү заавал байх ёстой сон" гэж хэвтлээ.

Сэдваанчиг босож, бэрийнхээ гарын цайг зооглож, цагаан тос, зөөлөн боов шүдгүй амандаа маймарч сууснаа түмпэнтэй мах авч, амандаа үмхчихмээр зөөлөн юм эргүүлдэв. Тэгтэл хоёр ачий нь хугалж дийлээгүй мөлжүүртэйгээ үхрийн сээр нүдэнд тусчээ. Өвгөн сээрийг авч, эргүүлж тойруулж үзсэнээ хэрзгэр том ясан гараараа дэлсэж орхитол сээр хуга үсрээд, хоёр хэсэг болон түмпэнд тонхийн ойчив.

Гайхсан бэрий нь нүд орой дээрээ гарснаа,
-Аав аа, та яасан мунадаг юм бэ гэж дуу алдахад Сэдваанчиг додигорхон зуумалзсан боловч, бярандаа таарсан хариу үг олсонгүй.

Эзгүй ууланд өвөлжингөө уйссан бэр, гадаа үхрийн зэл цэвэрлэж буй хоёрт, зэлүүд нутагт ховор юмны нэг, хөгжилтэй мэдээ дуулгаж, баясгахаар нөгөө хугархай сээрийг нэг нэгээр нь хоёр гартаа олимпийн бамбар мэт мандуулсаар гарч гүйлээ.

Өвгөн их маадгар "Хоёр ачийгаа хугарсан сээр үзээд яах бол?" хэмээн хэ хэ гэсээр хоцров.
Зэлний хүйдэс хамж байсан нөгөө хоёр руу бэргэн гүйж очоод хугархай сээрээ үзүүлж,
-Та муу хоёр үүнийг хар! Намайг харж байхад аав ганцхан шаагаад ингээд хоёр хэсэг болгочихлоо гэвэл нөгөө хоёр үхтлээ инээж,
-Үгүй ээ! Наад сээрийг чинь, бид хоёр өвөөд мэдэгдэлгүй төмрийн жижиг хөрөөгөөр сэм хөрөөдөөд, арай салгалгүй хөрөөдсөн газраа өөхөөр сайн шаваад тогтоочихсон юм. Харин та өвөөд битгий хэлээрэй! Бид хоёр өвөөгөө үхэхээс нь өмнө ганц сайн баярлуулах гэсэн юм гээд хоёул гэрт уралдан гүйж орлоо. Тэгээд бөх өвөөдөө,
-Өвөө та ямар мундаг юм бэ? Та яаж тэр үхрийн сээрийг хуга шааж чадав аа? Бид хоёр таван сарвуугаа бяцартал зөндөө гөвшөөд хугалж дийлээгүй юм шүү дээ?! гэвэл өвөө нь баяртайгаар,
-Юманд чинь эв гэж бас байдаг юм! Дан хар бяраар бөх болохгүй шүү гэж сургамжилсан харцаар мялаажээ.

Дүрсгүй, уйдсан хоёр ач нь "Өвөө та одоо ийм бяртай байгаа юм чинь залуудаа ёстой аварга бөх байсан байх аа" гээд толгой сэгсрэн магтлаа! Хоёр ачийнхаа магтаалыг Сэдваанчиг сонсоод сэтгэл нь хөөрсөндөө умс шиг хөх нүүрээ үрчийлгэн уйлах дөхөв. Ач нарын нь хоолой зангирсан хэдий ч, "Манай өвөө гартаа ямар аймаар хүчтэй юм бэ?" гэж шогширсоор. Өвөө нь хөөрч хэнхэлзсээр. Үндсэндээ тэр гурав ийнхүү наргиж, урт өвлийг барж буй билээ.

Хавар болж, газрын дор бууж, дулаарч, тараг сүү дэлгэрэх үед эмгэн Сэрээдэнэ хөдөөлж, хоёр биенээ санасан өвгөн эмгэн хоёр дөрвөн ханатаа юуны түрүү овойлгов. Хоёул тусдаа амьдрах нэг л ондоо. Сүүлийн жилүүдэд хоёул яльтай яльгүй юмнаас болж үг сөрмөлцөж, муудалцах, тэр ч байтугай, хэрэлдэх болсон гээч. Өвлийн хэдэн сарыг тус тусдаа өнгөрөөсөн хоёр хөгшин бие биедээ их л эелдэг хэд хонов.

Тэгтэл хэрэг бишидлээ. Олон хүүхэд, ач зээ нараасаа болж тэр хоёрын хэрүүл үүсдэг юм. Бас л тэгжээ. Өвгөн хэнийг зэмлэж, хэнийг буруутгана, тэр болгоныг эмгэн тас өмөөрнө. Өвгөнд энэ нь их лайтай. Эмгэн ямагт өвгөнийг үгүйсгэж, хүүхдүүдээ зөвтгөнө. Хүүхдүүдээ дэс дараалан зөвтгөж, өвгөн тэр болгонд, дэс дараалан буруудна. Хэрүүл ингэж цааш үргэлжлэхэд, эцэстээ өвгөний тэвчээр барагдаж, уур нь оргилж, байх суух газраа олж ядна. Уухилна. Оволзоно. Хүүхэд бүрээ зөвтгөж, өвгөнийг буруутгах гэж ухаангүй улайран зүтгэх эмгэндээ хэлэх муу үг олсонгүй. Дэмий л,
-Чи муу төрийн хутгуур гэж цоллов.
Хамгийн муу үгээ цээрлэлгүй хэлж, өшөөгөө авч буй нь тэр.
Хэрүүл дээр санаандгүй орж ирсэн отгон хүү нь, эргэнэг хавиар идэж уух юм хайнгаа, хоёр бие рүүгээ давшлан хэрэлдэж буй зөнөг эцэг эх хоёрыгоо харж харж,
-Яваад бай, яваад бай! Давшаад бай, давшаад бай гэж ташуур өгч, дохуурхаад гарч одов.
"Төрийн хутгуур" гэсэн үгний учрыг эмгэн сайн олоогүй ч сүрхий хорсчээ. Хэрүүлд улангасахаараа давахын төлөө хамгийн муухай хорон үг олж хэлэх гэж хорхойсдог эмгэний удмын гажиг сэдэрч,
-Чи өөрийгөө их сүрхий хүн гэж бодож байна уу? Тэр үхрийн сээрийг чинь, хоёр ач чинь төмрийн хөрөөгөөр хөрөөдөж, хөрөөдсөн ормоо царцуу өөхөөр шавж тогтоогоод чамайг дамшиглах гэж түмпэнд тавьчихсан юм гэсэн шүү, зөнөг толгойт оо! Чи муу хөрөөдсөн сээр хуга шаачихаад, зөнөгөө мэдэхгүй онгирч, хүүхдүүдийнхээ элэг доог болсноо одоо мэдэж ав!.. Хэлэх үггүй болов уу, хэрүүлч ээ?.. Ичиг, ичиг гэж хорыг нь малтав.

Өвгөн нэг л хачин, сэжигтэй, таг чимээгүй болчихсон гэнэ. Тэр дахиж үг унагасангүй. Хэвтээд өгч. Удалгүй өвгөний лагшин гэнэт чилээрхэв. Хамгийн аймшигтай нь өвгөн буруу харж хэвтчихээд дуугардаггүй. Эмгэн ухаангүй сандарлаа. Эр хүнийг эр чадлаар нь басамжилна гэдэг ийм аюултай ажээ. Сүүлдээ цөхөрсөн эмгэн өвгөндөө "Тэр сээр чинь хөрөөдөөгүй сээр байсан юм. Би уурандаа чамайг дийлэх гэж хөрөөдсөн сээр гэж худал хэлсэн юм" гэж аргадсан боловч Сэдваанчиг бас л дуугарсангүй. Өвгөн нь, тиймхэн залинд хууртагдахаар хүн биш гэдгийг Сэрээдэнэ чавганц дэндүү сайн мэдэх тул яаж ч чадахаа болилоо.

Өвгөн дуугарахгүй буруу харж хэвтсэн чигтээ хэд хоноод 90 насандаа амьсгал хураав. Эмгэн орилоод салдаггүй. "Би юунд тийм хэрэг хийв ээ?" гэж уйлаад, гэртээ хүн ороход дургүйцэж, гав ганцаар мэгшихийг хичээнэ. Хөөрхий тэр чавганц, бас удахгүй бололтой. Өвгөнөө гомдоогоод явуулчихсан. Өвгөн нь ганц удаа ч эргэж хараагүй. Ганц үг ч хэлээгүй. Ийм их харууслыг өтөл эмгэн даахгүй нь түмэн зөв. "Явах" гэж морио эмээллэчихсэн өвгөнд хөндлөнгийн ялимгүй шалтаг таарвал түүнийг аваад залрах эгзэгтэй мөч отож байсныг эмгэн анзаарсангүй. Өчүүхэн утсанд амь нь дөнгөж торж байсныг мэдсэнгүй. Эмгэний харуусал зүрхтэйгээ цуг мөхдөг болов уу, эсвэл сүнсэнд нь шингээд, хойт насанд нь буухиалдаг болов уу?.. Яадаг бол?..

Тэнэг тоглоом оо гэж?!.. Заримдаа бас гай чирдэг ажээ!