Tuesday, February 14, 2017

Б. Ринчин: Юуны магад

"Гуч хүрээд би сая тогтнолоо." - КУНЗ.
Дөч хүрээд би сая тогтниюу. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж ч магад буюу. Тэгвэл, сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэг, зүрхнийхээ улаан цусаар ургууланхан, намайг хүн болгосон эх орондоо анхилам үнэрээр нь ачий нь магтан хариулаюу.

Цаст уулын оргилоос цагаан болоюу, толгой минь. Тэгээд мөнх билгийн налина лянхуа цэцэг, сэтгэл зүрхэнд минь дэлгэрэнхэн цэцэглэж магад буюу. Тэгвэл, гайхамшигт сайхан цэцэгийн анхилмал үгээр, намайг сурган хүмүүжүүлсэн Багш нарынхаа ачий нь магтан хариулаюу.

Сэтгэл минь гүн нуураас амгалан болоюу. Тэгээд үгсийн уран бүтээлч болж ч магад буюу. Тэгвэл, сэтгэлийн чин үгээр хүсэн сэтгэхүйн гайхамшигт сайхан орд босгон, гялалзсан үзэсгэлэн гоогоор нь төрсөн нутаг, ард түмэндээ ачий нь магтан хариулаюу.

Санаа сэтгэл минь одооныхоос сайхан болоюу. Тэгээд үгсийн уран барималч болж ч магад буюу. Тэгвэл, сэтгэл зүрхнийхээ нандин бодлын гантигаар хүсэн сэтгэхүйн гайхамшигт хөрөг бүтээн босгож, дур булаам арвисын үзэсгэлэнгээр нь, ард түмнийхээ ачтан хөвүүдийн ачий нь магтан хариулаюу.

1932.2.10.

Sunday, February 12, 2017

Багын явдал #4

Ариунсанаа гэж үеэл байлаа. Байлаа ч гэж одоо ч гэсэн байгаа л даа. Насаар арай эгчмэд учраас бидний хэдэн тэрсхэн хөвүүдийг тувт шоглоно. Урт үсээ урдуураа унжуулж, нүдээ бүлтийлгэхээр нь жинхэнээсээ айж, үнхэлцэг хагарах шахдагсан. Жорлонгийн суултуурнаас мангас гарч ирдэг, гэхдээ дээрээс нь давс цацаж байгаад шээвэл доороос гарч ирж чаддаггүй гэж хэлсэнд нь үнэмшсэнээс болоод жорлон орж шээж чадахгүй давсгаа чинэртэл явцгаадаг байлаа шүү дээ.
Нэг зун бид хэд Эрдэнэтэд байдаг нагац ахындаа сурагчийн амралтаар цугларч таарсан юм. Бидний хэдэн эрчүүд нийлж байгаад байнга биднийг чадаж, шоглож байдаг эгч нараас салах гээд хор найруулж билээ. Шууд утгаараа шүү. Баахан эм, тэгээд харагдсан хортой гэж бодогдохуйц бүх юмыг хольж хийгээд сүүлдээ ч нөгөөх маань бараг жинхэнэ хор болсон байх аа.
Охин маань "хор" найруулж байна гээд элдэв өнгөтэй уусмалууд холиод, зэвүүн зэвүүн инээгээд байхыг хараад урд өмнөхөө эрхгүй санагалзаж дурсамжаа хуваалцав.
"Үеэлээ алсан уу" гэж үү? Алаагүй ээ. Яг цаг нь болоход нээрээ үхчих байх гэж бодсон уу яасан өгч төвдөөгүй юм.

Monday, February 06, 2017

Thanks for the memories...


Лигийн хамгийн формлог байгаа баг, тэр тусмаа лигийг тэргүүлж байгаа баг, бас долоо хоногт ганцхан тоглолт зөвхөн Премьер лигт хийж байгаа багт хусууллаа шүү дээ гэж бодож голоо зогоох гэж их хичээлээ. Үнэнийг хэлэхэд миний дэмжиж байх хугацаанд Арсенал маань лигийн аваргын төлөө ганц хоёрхон удаа л нэлээн ноцтой үзсэн байх. Бирмингэмийн Тэйлор манай Эдуардогийн хөлийг, аваргын горьдлоготой нь цуг хугалчихсан гэхэд болно доо. Бусад үед нь Арсенал маань улирлын эхэн эсвэл сүүл хагаст нь маш сайн тоглоод нөгөөд нь маш муу тоглодог нэг тийм зүй тогтолорхуу юмтай болчихсон. Энэ улирал ч гэсэн эхний хоёр тоглолтод гомбоормогцоо дараагийн арван хэдэн тоглолтод яав гэмээр сайхан тоглож хүмүүсийн итгэлийг сэргээж аваад уламжлалт муу тоглолтуудаа хийж эхэлсэн. Яг зохиолын дагуу.

Ялагдашгүй 49-ийн тухай Арсеналын бүх фэнүүд мэдэх байх. Тухайн үеийн бүрэлдэхүүн бараг хүн бүрийн “мөрөөдлийн” багт байдаг биз. Тэр үеийн бүрэлдэхүүнийг одоо харахад бүх тоглогчийнх нь ур чадвар, тоглолтын гүйцэтгэлийн түвшин яг торгон ирэн дээрээ нэг цэгт, нэг цагт огтлолцож таарсан юм шиг санагддаг. Одоогийн бүрэлдэхүүнд байгаа тоглогч нараас ялгаатай нэг зүйл нь тэдэнд ялагчийн сэтгэлзүй, тэмцэх чанар илүү байсан. Одоогийн Челси, хэдэн жилийн өмнөх Юнайтедад байдаг нэг тийм зэвүүн, дургүй хүрмээр тоглолт байдаг даа. Харахад их муу л тоглоод байгаа юм шиг мөртөө яаж ийгээд хожчихдог. Манайхан энийг түрүүлэх багийн ёндоо гэж яриад байдаг. Үнэндээ цаанаасаа аз ивээгээд байгаа юм биш л дээ. Үнэхээр аварга болохыг хүссэн тоглогч бол байдгаа шавхаад л багийнхаа төлөө тоглох ёстойгоо мэддэг. Уржигдар бол манайхаас тийм юм огт харагдаагүй. Харин эсрэгээрээ Челсигийн тоглогч нар яг жигд ажиллагаатай механизм шиг л явж байгаа юм. Багийнх нь тоглогч бөмбөг авлаа, урагшаа гүйх ёстой нөхөд нь яг л гүйж байна. Хүнээ хуураад, зайгаа гаргаад хийх ёстойгоо хийгээд л явж байгаа юм. Манайд ийм юм алга.

Манайд ийм юм яагаад байхгүй байгааг олохыг хичээе л дээ. Тоглогч нар муу байна уу? Тоглолт болгоны дараа муулуулдаг Жигу, Рамзи, Габриэл, Кокэлин гэх мэт дундаж тоглогч нараас болдог болов уу? Үнэнийг хэлэхэд саяын тоглолт дээр Кошелни, Өзил хоёр ч муу байсан. Санчезыг бараг харагдаагүй ч гэж хэлж болно. Сүүлийн 10 жилийн Арсеналын улирлын зүй тогтол нэг хэмтэй байгааг харвал энэ асуудал тоглогч нараас хамааралтай гэдэг нь буруу болж таарна. Тоглогч гэснээс сүүлийн 5 жилийн тоглогчийн наймаа арилжааны нийлбэр дүнгээр Арсенал Челсигээс илүү гарсан шүү. Тэгэхээр “Манайх Челсигээс бага мөнгө зарцуулдаг” гэсэн шалтаг газар авахаа байсан. “Тэднийх сайн тоглогчийг мөнгөөр зодож авдаг” гэсэн шалтаг ч бас явахгүй. Учир нь Премьер лигийн багуудын цалингийн цэсний хэмжээгээр манайх дөрөвт орж байгаа. Челсигээс ердөө 18 сая паундаар бага. Ард байгаа багаас 35 саяар их. Тоттэнхамынхыг бараг нугалж байгаа гэхэд болно. Ноднингийн аварга Лэйстерийн цалингийн төсвөөс бараг 3 дахин их. (эх сурвалж) “Харамч эзэнтэй” гэх тайлбар ч бас газар авахгүй. Яагаад гэвэл тэр нөхөр Вэнгэрийг 42.5 сая паундаар Өзил, 35 саяар Санчезыг аваад зогсохгүй өнгөрсөн жил 36 саяар Жака, 35 саяар Мустафи, 16 саяар Перез гэсэн наймаа хийхэд огт саад хийгээгүй. Ер нь багийн эзнээс мөнгө гарах ч шаардлага байхгүй гэж үзэж болно. Делойттын гэх мэт хөлбөмбөгийн санхүүгийн элдэв жагсаалтуудад Арсенал маань хөлбөмбөгөөс олсон орлогоороо тогтмол эхний аравт явж байдаг. Бизнесээр бодвол бахдам амжилт шүү.

Тоглогч нар ирдэг явдаг, эзэд ч бас явдаг ирдэг, мөнгө өсдөг үрждэг гэтэл Арсеналын байгаа байдал яг хэвээрээ топ дөрөв 20 жил, аваргуудын лигийн хэсгийн тоглолт 16 жил. “Зарим багуудын мөрөөдөөд ч хүрэхгүй амжилт” гэж хүмүүс мэтгэх. Гэхдээ л багад үзсэн “Банштай зутан” гэдэг кино шиг л санагдах юм. Энэ бахдам амжилттай он жилүүдэд ганц зүйл л тогтмол байгаа нь Арсенал клубын эрхэм менежер месье Арсэн Вэнгэр. Арсенал клубын тэргүүнд залраад 20 дахь улирлынхаа сүүлийн хагаст ороод явж байгаа энэ хүнийг танилцуулах нь илүүц биз. Түүний Арсенал дахь карьерыг хоёр хувааж болно. Цомоор дүүрэн эхний хагас, бүтээн байгуулалтын хоёр дахь хагас гэж. Эхнийх нь 1996/97-2004/05, дараагийнх нь 2005/06-2014/15. Сүүлийн хоёр улирлыг оруулаагүй. Зарим хүмүүс эхний хагас дахь амжилтыг өмнөх менежер Жорж Грэмийн үлдээсэн систем болон Арсэн Вэнгэрийн шинэчлэлийн хослол гэж ярьцгаадаг. Аль нь ч гэлээ тэр үеийн Арсеналд аваргын сэтгэлзүй байсан гэдэг нь бол үнэн юм.

Харин хоёрдугаар хагасийн эхний хэдэн жил бол үнэхээр барзгар байсан. Магадгүй Вэнгэрийн хамгийн том амжилттай үе нь ч байж болох. Талбай дээр гайхалтай тоглолт үзүүлэхээс гадна санхүүгийн хувьд хамаагүй давуу талтай багуудтай талбайн гадна ч сайн үзэлцэж байсныг нь үнэлүүштэй. Гэхдээ Арсенал тэр үеийг амжилттай давсан. Талбайн гаднах шилжилийн үеэ өнгөрүүлсэн, одоо урагшаа довтлох цаг. Гэтэл урагшаа довтолж чаддаггүй ээ. Миний бодлоор Вэнгэрийн ир нь мохсон. Анх ирэхдээ шинэчлэгч, урагш чирэгч байсан бол одоо хөгжлийг хойш татагч, хуучинсаг хүн болж. Арван жилийн турш алдаа гаргахгүй гэж хичээнгүйлэн зүтгэж, ширхэг зоосыг ч нарийн төлөвлөж явсаар өөрийн эрхгүй мөн чанар нь өөрчлөгдсөн байна. Клубын төлөөлөн удирдах зөвлөлд хөлбөмбөгийн хүн нэг ч байдаггүй юм. Бүгд бизнесмэнүүд. Арсенал клубын удирдлагын бүтцэд хөлбөмбөгтэй холбоотой хүн ганц л бий. Тэр нь Арсэн Вэнгэр. Хөлбөмбөгтэй холбоотой, холбоогүй бүх асуудлыг Вэнгэр л ганцаар зохицуулдаг гэдэг. Хуучин цагийнхаар бол Хенри Норрис, Хэрбэрт Чапман хоёрыг нэг хүнд оруулчихвал Арсэн Вэнгэр гарахаар байгаа юм. Түүхээ уншдаг Арсеналын фэнүүд мэднэ дээ.

Нэг хүнд хамаг эрх мэдэл төвлөрөх нь эхэн үедээ клубын үйл ажиллагааг зүгшрүүлэх ач холбогдолтой байж болох авч яваандаа хөгжлийг боомилох муу дагавартай. Вэнгэрийн энэ хэв маягтай төстэй эрх мэдэлтэй байсан хүн бол Алекс Фергюсон. Гэхдээ ялгаатай нь мань эр өөрийн ажлуудыг хүмүүст хуваарилаад өөрөө ерөнхийд нь баздаг байсан. Туслах менежерүүдээ ч үе үе сольдог байсан. Харин Вэнгэр Пат Райсыг туслахаараа 16 жил ажиллуулаад, одоо талбайн хажууд Стив Боулдтай сууж байгаа. Тойрон хүрээлсэн хүмүүс бүгд өөрийнх нь үгээр яваад байхаар сүүлдээ шинэ сэргэг санаа гарахаа байна. Вэнгэрийн эриний эхэн үед Арсеналын тоглогч нар авиртай гэдгээрээ зартай байжээ. Тони Адамс, Лий Диксон, Мартин Кеовн, Патрик Виера, Тиерри Анри, Лоран, Деннис Бергкамп гээд энэ жагсаалт цаашаагаа хөвөрнө. Эдний хэн нь ч талбай дээр болон талбайн гадна өөрийн бодлоо хамаагүй хэлнэ. Вэнгэртэй ч ана мана үздэг байсан гэдэг. Талбай дээр алдаа гаргасан нэгнээ бол хага баздаг байсан гэдэг. Анриг анх ирэхэд, Бэргкампыг ч анх ирэхэд нь Арсеналын архаг тоглогч нар “хүмүүжүүлж” өгсөн гэж өөрсдөө дурссан байдаг. Ийм тоглогч нартай байхад Вэнгэрт тоглогч нарын талбай дээрх сахилгын асуудал ерөөсөө асуудал биш байжээ. Шинэ тоглогч нарыг хуучцуул нь зохих ёсоор хүмүүжүүлж өгдөг байж. Манай одоогийн тоглогч нарт тийм хүн алга. Вэнгэрийн эриний хоёр дахь хагасын нийтлэг төрх тэр. Nice guys = Нусгай жаалууд. Энгэр дээрх логоны төлөө тоглодог тоглогч магадгүй ганц Вилшэр л байх. Арван хэдхэн настай жаал талбай дээр гарч ирээд шигшээгийн ах Лампард, Рүүнийтэй мөчөөрхөлцөж, цомын баяраараа “Тоттэнам бол б**с – Б***с бол Тоттэнам” гэж дуулж гүүнерүүдийн цөсийг хөөргөдөг жинхэнэ ганнер.


Хожигдох бол асуудал биш л дээ. Хөлбөмбөгт байх ёстой зүйл. Жаран чавганц уралдсан ч нэг нь түрүүлдэг гэдэг биз. Харин яаж тоглоод хожигдов гэдэг бол шал өөр асуудал. 90 минутын турш балбалцаад ганц гоолоор хусуулах, эсвэл од нь гийж онгод нь орсон хаалгачийг балбаж балбаж ганц сөрөгт унаж байвал “за яах вэ манай өдөр биш байж” гэж бодно. Саяын Бямбын тоглолт шиг ямар ч тэмцэлгүй үхээнц тоглоод хожигдож байгааг би хувьдаа дээрээс улбаатай гажуудлын үр гэж бодож байна. Арсэн Вэнгэрийн эрин төгсгөлдөө ирсэн байна. 20 жил сайхан байлаа одоо харамсалтай нь өөрийн байгуулсан сайхан бүхнээ харлуулж эхэлж байна. Арсенал хөлбөмбөгийн клубын олон суутнуудын эгнээнд түүний нэр тодоос тод гэрэлтэх байранд хэдийн очсон. Эмирэйтс цэнгэлдэх, Колни дахь бэлтгэлийн төв, Ялагдашгүй 49, Холбооны цомын 6 түрүү гээд олон гавъяа түүнийх. Гэвч... Монгол хэлэнд “хав болох” гэж үг байдаг. Хөгжлийн нэг түвшинд хүрээд тэрнээсээ дээшлэх ч үгүй, доошлох ч үгүй байхыг хэлдэг. Арсэн Вэнгэрийн Арсенал хав болжээ. Явах цаг нь болж. 

Tuesday, November 29, 2016

Киноны тухай

Зиак, Спортын цонхын Sport Window Olnooгийн дуудлагаар нэг ийм асуулга бөглөх болов. Юм бичих, кино үзэх дуртай юм чинь бичээд л хаялаа.

1. Хамгийн анх үзэж байсан кино:
Анх үзэж байсан киногоо санадаггүй юм өө. Багад “Бушхүүгийн үлгэр” дээрх шулам гарахад үеэлийнхээ хамт хөгшин ээжийн араар нуугдаж байсан тухай яриа байдгаас улбаалан бодвол тэр хавьцаа л байгаа байх. Тэр сүүжнээс амилж босч ирдэг магнайдаа аалзтай шулмаас миний үеийн ихэнх хүүхэд айдаг байсан байх өө. Нүд нь эргэлдэж ирээд л аймаар шүү. Одоогийн хүүхдүүд тэр байтугай зомби үзээд яваа юм чинь тэрнийг хараад инээдмийн кино байна гэж бодох байх даа. Уг нь аймшгийн хэсэг юм байгаамшт.

2. Хамгийн сүүлд үзсэн кино:
 Зиак сүүлд үзсэн кино гэвэл өнгөрсөн бүтэн сайн өдөр гэртээ сайхан хүүхэн Блэйк Лайвлигийн тоглосон Зэрлэгүүд гээд киног эхнэртэйгээ үзсэн. Салма Хаек ч бас сайхан л даа гэхдээ нөгөөх нь арай халуухан юм. Цаг хугацаа гэж явж өгчээ. Салма Хаек “Үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл” дээр бол ёстой тас байдаг даа.

3. Киног таны үгээр тодорхойлбол:
Кино тэгээд миний хувьд элдэв мэдрэмжийн эх юм даа. Номтой адил. Ном уншихаар өөрийн төсөөлөлдөө тэнэдэг бол кино үзэхээр найруулагчийн төсөөлөлд.

4. Хамгийн олон удаа давтаж үзэж байсан кино:
Олон удаа давтаж үзсэн кино гэхээр яг тэр гэж орж ирэхгүй юм. Би хөөрхий талийгч Робин Виллиамст их дуртай байсан болохоор кинонуудыг нь тааралдах бүрт нүд салгаж чадахгүй үзээд суучихдаг. What dreams may come, Dead poets society, Good morning, Mrs.Doubtfire, Patch Adams гээд л дуусахгүй ээ. Эхний хоёрыг эс тооцвол ер нь тоглосон кинонууд нь голдуу эерэг, инээдмийн, хөнгөвтөр байдаг болохоор үзэхэд ер нь амархан байдаг даа.

5. Киноны дуртай хэсэг:
Ер нь киноноосоо шалтгаална даа. Үзэхийг их хүсч байсан киноны эхлэх гээд дуншиж байх хэсэгт их дуртай. Сэтгэл хөдлөөд юу гарах бол гэж бодохоор гоё байдаг юм. Яг тэр хэсэг гээд тухайлаад хэлэх гэхээр санаанд юм орж ирэхгүй байна. Янз бүр дээ. Шоушенкаас оргосон нь дээр Моцарт сонсоод сууж байдаг хэсэг байна. Se7en дээр Жон Дог алах гээд буу шагайчихсан байж байхад илгээмж ирдэг хэсэг хэдий муухай ч бас их сэтгэл хөдөлгөдөг. Сибирский цирюлник дээр Толстой алсын уулын оройгоос Жулиа Ормондыг хараад сууж байдаг хэсэг байна. Доктор Стрэйнжлав дээр хамгийн сүүлд бүгдээрээ атомын бөмбөгт санаа зовохоо больж байгаа хэсгийг хараад татаж унахаа шахаж байлаа. Парадизо кинотеатрын төгсгөлд баахан үнсэлтүүдийн монтажийг хараад нулимс унагаж байсан.

6. Боломж олдвол ямар киноны аль дүрээр амьдрах вэ?
Хиппи нартай кино үзэхээр тэдэн шиг амьдармаар санагддаг юм. Das Weilde Lieben гээд нэг герман кино үзэж байлаа. Тэрэн дээрх Принц шиг ч амьдармаар, заримдаа л даа. Парадизо киночаатрын залуу шиг байвал гоё ч юм шиг санагдах үе байна. Дуртай киногоо үзээд л. The Giver гээд кинон дээр нэг өвгөн гардаг юм. Цэвэр утопи нийгэмд хуучин цагийн дурсамж, мэргэн ухааныг өвлөж авах ёстой ганцаараа амьдардаг хүн байдаг юм. Өдөржингөө ном уншаад л сууж байдаг. Санаа нь их сайхан байдгийн. Ер нь л юу ч хийхгүй өдөржингөө кино үзээд л, ном уншаад л, эсвэл юу яагаад байж байх санаатай хүн юмдаг уу даа.

7. Таалагддаг эрэгтэй, эмэгтэй жүжигчин:
Эрэгтэй жүжигчдээс гэвэл дээр хэлсэн Робин Виллиамс байна. Хэлэх гээд бодсон чинь их олон юм аа. Гари Олдман, Жонни Дэпп, Вүүди Харрелсон, Энтони Хопкинс, Итан Хоук эд нарын тоглосон киног бол асуудалгүй шууд үздэг. Бусдыг нь өөр хэн хэн байна? Найруулагч нь хэн байна гэх мэт шалгуур тавьж хардаг.

Эмэгтэй жүжигчдээс гэвэл их олон хайртууд байна шүү дээ. Хамгийн анх Ла бум үзээд Софи Марсод дурласан, тэр чигээрээ л явж байна. Маленаг үзээд Моника Беллучийг шүтсэн тэр чигээрээ л байна. Нээрээ Моника гэснээс Ирреверсибл гээд үзэхэд их хэцүү кинон дээрээс хойш бүр харахаар л хөөрхий минь гэж бодогдоод байдаг болчихсон. Тоглосон кино болгоныг нь үг дуугүй үздэг эмэгтэй жүжигчин гэхээр хүн байхгүй юм байна аа. Өө нээрээ Шарлотт Гэйнсброу байна. Царай муутай юм шиг мөртөө яагаад ч юм их таалагдаад байдаг. Нимфоманиакийг үзсэнээс болсон юм болов уу хаха.

Азиас гэвэл эрэгтэй жүжигчин Тони Леунг, Энди Лау, хоёулаа нөгөө Тамын хэрэг гээд Департедын ориг киног дээр тоглодог. Тони ер нь чадалтай жүжигчин шүү. Солонгосын Чой Мин Сик байна. Тэгээд Жеки Чан. Сүүлийн үеийн кинонуудаас нь их гүрний үзэл гарах гээд байдаг болсноос биш уг нь их аятайхан харизматай жүжигчин. Эмэгтэйчүүдээс гэвэл Магги Чеунг байна. Жан Жи И, Мишель Ёо. Жан Жи Игийн тоглосон Ассассин гээд киног үзсэн. Маш гоё.

Монгол жүжигчдээс гэвэл хуучны хүмүүс л арай чанартай санагдаад байдаг юм. Чимэд-Осор гуай байна. Думаа авгайд тоглодог жүжигчний нэрийг мэдэхгүй юм даа. Сүүлийн үеийн жүжигчид голдуу тайп кастууд болчхоод байна л даа. Хижээл насны буурь суурьтай баян хүний дүр гэнгүүт Мягмарнаран гуай, Төмөрбаатар гуай шууд санаанд буух гэх мэтээр. Тэгээд ч монгол киног их ховор үздэг болохоор жүжигчдийнх нь сайн мууг шүүх хэмжээний мэдээлэл алга л даа. Өө тийм Танихгүй эмэгтэйн захидал дээр тоглодог Долгор, түүний нөхөр Чинзориг байна. Сайхан хос. :P

8. Дуртай хүүхэлдэйн кино:
Хүүхэлдэйн кинонд одоо ч дуртай хэвээр. Диснейн, Пиксарын хүүхэлдэйн кинонууд, Гиблигийн бүтээлүүдийг бол алгасахгүй үздэг. Ер нь бараг бүгдэд нь дуртай дөө. Охинтойгоо зэрэгцээд л үзээд суучихна. Бүрэн хэмжээний кинонуудаас гадна бас богино цувралуудыг ч хааяа эгзэг нь таарвал үзээд суучихдаг. Мангагаар хийсэн Наруто гэх мэт цувралуудыг бол үзэж чаддаггүй юм. Дургүйдээ ч биш зүгээр зураглал нь арай онцгүй санагдаад гэх үү ер нь нэг үзье гэж онцгойлон хүсээгүй л яваад байгаа. Дуртай гэвэл Мононокэ гүнж, Хөрш Тоторо, Волли, Тоглоомын түүх гэх зэргээр явж өгнө дөө. Спирит гээд мустангийн тухай киног бол байсхийгээд нэг үздэг. Дуунууд нь маш гоё болохоор асуудал байхгүй.

9. Дуртай монгол кино:
“Гэрлэж амжаагүй явна”. Манай мэргэжлийнхний тухай кино болохоор нь үзэх дуртай. Ер нь их амьдралтай, аятайхан кино шүү. Автосамосвалтай давхиж ирээд экскатарчин залууг тасхийтэл нь нааж унагаад аваад явж байгаа, сүүлд нь инженер дээрээ машинаа өгөх гэж согтуу ороод ухамсрын шанаа аваад “Баярлалаа” гээд гарч байгаа нь их хөгжилтэй байдаг. Жаахан соц нийгмийн үнэр ханхлах гээд байгаагаас биш дажгүй шүү. Бас “Давааны цаана даваа” байна. “Ээж л хэлээд байгаагаас биш уг нь үнэн шүү” гэдэг алдарт үгийг тэндээс сурч байлаа. Нэг муу үхэрнээс болж хайран сапер залуу үхдгийг бодохоор л гол харлаад байдаг юм.

10. Дуртай цуврал:
Цуврал гэвэл алдарт Найзууд байна даа. Хичнээн ч жил, хичнээн ч удаа үзэв. Яг л багын найзууд уулзаад аль эрт болж өнгөрсөн паянгаа дандаа ярьдаг мөртөө ярих бүртээ чин сэтгэлээсээ инээдэг шиг л Найзуудын инээдтэй явдлуудыг үзэх бүртээ баясаж суудаг даа. Сэтгэл тавгүй, жаахан гундуу үедээ аль нэгийг ангиас нь эхлээд хоёр гурвыг дараалаад үзчихээд сэргээд л явчихдаг. Яг л багын найзуудтайгаа хэд гурван кружка хашраангаа оройжингоо маазарчихсан юм шиг. Зөө тэгээд одоогийн моодонд ороод байгаа бүхнийг л үзэж байна дөө. Гот, Хөзрөн байшин гэх мэт. Жинхэнэ мөрдөгчдийн шинэ сизн ямар байх бол гэж бодож байна. Westworld гэж цувралыг эхлүүлэх санаатай бодоод л байна.

11. Дуртай киноны төрөл:
Төрөл бүр дээ. Инээдмийн, драмын, байлдаантай, зөгнөлт гээд таалагдвал бүх төрлийнхийг. Сүүлийн үед ер нь хурц өрнөлтэй киноноос илүү намуун дөлгөөн аястай юм сонирхох хандлагатай байгаа.

12. Дуртай найруулагч:
За, лагууд байна. Стэнли Кубрик, Алфред Хичкок, Дэвид Финчер, Ким Ки Дук, Жан И Моу, Никита Михалков, Спилберг, Ларс вон Триер. Сүүлийн үед Кристофер Ноланы кинонуудыг таашааж байгаа.

13. Шилдэг таван киногоо нэрлэнэ үү?
Миний хувьд шилдэг гэхээсээ илүү байнга үздэг кинонуудаа жагсаавал:

  1. Dead poets society – Киноны үйл явдал, залуусын хүсэл мөрөөдөл, хоорондын харилцан ярианууд, соундтрак, сүүлд нь гаргаж байгаа араншингууд гээд юм юмтай гоё кино шүү. 
  2. Princess Mononoke – Мононокэ шдээ. хэхэ 
  3. Its a wonderful life – Амьдрал сайхан гэдгийг санах хэрэгтэй болсон үедээ үздэг хэхэ. Бас надгүйгээр миний эргэн тойрны хүмүүс ямар байх байсан бол гэж төсөөлмөөр санагдсан үедээ. 
  4. Singing in the rain – Дуу, бүжиг, инээдэм. Зүгээр л үзэж инээх дуртай. 
  5. Love actually – Жил бүр зул сарын хавьцаа үзсээр бараг заншил болчихож дээ. 

14. Долоо хоногт дунджаар хэдэн кино үздэг вэ?
 Ер нь олондоо орох болов уу. Өнжөөд нэг үзчих хандлагатай. Гэрийнхэн байхгүй байхад бол өдөрт ядаж нэгийг үзчихээд л байдаг байсан.

15. Ямар киноны аль дүр таныг илүүтэй санагдуулах вэ?
Арай туранхай байхдаа Singing in the rain дээр гардаг Космотой төстэй байсан гэж найз маань хэлж байсан юм. Сүүлд харин таргалаад Шарталтын Алан шиг болсон юм болов уу?

16. Хамгийн сүүлд үзсэн монгол кино:
Санаанд орохгүй байна. Ер нь Монгол киног нэг их үзээд байдаггүй. Өө нээрээ тийм, Аав гээд кино үзсэн. Гэрийнхнээсээ хол байхдаа үзсэн болоод тэр үү их дажгүй л санагдсан. Ганц үзээд өнгөрөхөд боломжийн гэх үү дээ.

17. Би (чэлленжид дуудагч) таньд ямар киног санагдуулж байна:
Загалмайлсан эцгийн Лука Брази шиг царайтай юм уу? хаха

18. Одоогийн байдлаар таны хувьд хамгийн их хүлээлтийг үүсгээд буй кино:
Вэстворлд гээд цувралыг дөнгөж эхлүүлж байгаа болохоор хэр бол гэсэн хүлээлттэй байгаа. Ноланы шинэ киног хэр болсныг хармаар байна. ДиСигийн хэдэн шинэ кинонууд гайгүй шиг болоосой гэсэн горьдлого. ГоТ-н шинэ улирал сэтгэлд нийцтэй байх болов уу гэсэн найдлага...

19. Кино үзэх таатай орчин:
Кино театрт эсвэл гэртээ ганцаараа чихэвчээр. Төвлөрч үзэх дуртай болохоор хажуугаас хүн юм хум асуугаад, шажигнуулж барихад их дургүй.

20. Найзууддаа санал болгох кино:
Хүмүүс тэгээд таарсан таарсан кинондоо л дуртай байдаг шдээ. Тийм ийм гэх юм алга. Харж байгаад дан сүүлийн үеийн гэлтгүй бас хуучны гоё кинонуудыг ч үзэж л байх хэрэгтэй.

Friday, October 28, 2016

Лоран Кошиелни

Боссиелнигийн ёстой гоё видео олж үзэв. Эхэнд нь явж байгаа монолог нь ч бас их сайхан үг юм. Паоло Мальдинигийн номондоо бичсэн үгийг ашигласан бололтой. Сайхан санагдаад монгол хэл рүүгээ сийрүүлэв.
Чи бол багийн ахлагч, багаа үлгэрлэн дагуулах ёстой. Багийнхан чинь чиний нүд рүү хараад чамд итгэх ёстой. Чи бол хамгаалагч, өөрийн тактикыг мэдэгдэж болохгүй. Үл үзэгдэж аюул тарь, өрсөлдөгчдөө сөөм газар ч бүү өг. Өөрийн хөдөлгөөнийг эцсийн миллиметрт хүртэл тооцоол. Хөлбөмбөг бол өчүүхэн төдий алдах эрхгүй, сантиметр бүрийг нэхдэг тоглоом. Хормын өмнө эсвэл хойно дамжуулахад тэр алдаа болно. Амьсгалах төдий түргэлэх юм уу алгуурлахад бөмбөгөөс зөрнө. Эргэн тойронд чинь хожилд хэрэгтэй бүхий л сантиметрүүд тоглолтын эхнээс дуустал минут, секунд бүрт байна. Чи сантиметр нэг бүрийн төлөө тэмцэх ёстой, чи тэр сантиметрийн төлөө шургаж унатлаа гүйх ёстой. Шүдээрээ мэрж, хумсаараа маажаад ч болтугай тэр сантиметрийн төлөө тулалдах ёстой. ЯАГААД ГЭВЭЛ ТЭР САНТИМЕТРҮҮД НИЙЛСЭЭР ЯВААД ЯЛАЛТ БОЛОН ЯЛАГДЛЫН ЗӨРҮҮ БОЛДОГ.
You’re a captain, you have to lead your team. When your team-mates look you in the eye, they must believe in you. You are a defender, never give your tactics away. Be invisible and dangerous, don’t give up any ground to your opponent. Gauge your movements to the very last millimetre. Football is a game of centimetres with a very small margin of error. Pass just a fraction too early or too late and it’s a foul. A second too quick or too slow and you’ve missed the ball.But you’re surrounded by the centimetres you need to win, they’re every minute and every second of the game. You have to fight for every centimetre, you have to run yourself into the ground for that centimetre. You have to fight tooth and nail for that centimetre. BECAUSE WHEN YOU ADD UP ALL THOSE CENTIMETRES, WHAT YOU GET IS THE DIFFERENCE BETWEEN VICTORY AND DEFEAT.