Лигийн хамгийн
формлог байгаа баг, тэр тусмаа лигийг тэргүүлж байгаа баг, бас долоо хоногт ганцхан
тоглолт зөвхөн Премьер лигт хийж байгаа багт хусууллаа шүү дээ гэж бодож голоо
зогоох гэж их хичээлээ. Үнэнийг хэлэхэд миний дэмжиж байх хугацаанд Арсенал
маань лигийн аваргын төлөө ганц хоёрхон удаа л нэлээн ноцтой үзсэн байх. Бирмингэмийн
Тэйлор манай Эдуардогийн хөлийг, аваргын горьдлоготой нь цуг хугалчихсан гэхэд
болно доо. Бусад үед нь Арсенал маань улирлын эхэн эсвэл сүүл хагаст нь маш
сайн тоглоод нөгөөд нь маш муу тоглодог нэг тийм зүй тогтолорхуу юмтай
болчихсон. Энэ улирал ч гэсэн эхний хоёр тоглолтод гомбоормогцоо дараагийн
арван хэдэн тоглолтод яав гэмээр сайхан тоглож хүмүүсийн итгэлийг сэргээж аваад
уламжлалт муу тоглолтуудаа хийж эхэлсэн. Яг зохиолын дагуу.
Ялагдашгүй 49-ийн
тухай Арсеналын бүх фэнүүд мэдэх байх. Тухайн үеийн бүрэлдэхүүн бараг хүн
бүрийн “мөрөөдлийн” багт байдаг биз. Тэр үеийн бүрэлдэхүүнийг одоо харахад бүх
тоглогчийнх нь ур чадвар, тоглолтын гүйцэтгэлийн түвшин яг торгон ирэн дээрээ
нэг цэгт, нэг цагт огтлолцож таарсан юм шиг санагддаг. Одоогийн бүрэлдэхүүнд
байгаа тоглогч нараас ялгаатай нэг зүйл нь тэдэнд ялагчийн сэтгэлзүй, тэмцэх
чанар илүү байсан. Одоогийн Челси, хэдэн жилийн өмнөх Юнайтедад байдаг нэг тийм
зэвүүн, дургүй хүрмээр тоглолт байдаг даа. Харахад их муу л тоглоод байгаа юм
шиг мөртөө яаж ийгээд хожчихдог. Манайхан энийг түрүүлэх багийн ёндоо гэж яриад
байдаг. Үнэндээ цаанаасаа аз ивээгээд байгаа юм биш л дээ. Үнэхээр аварга
болохыг хүссэн тоглогч бол байдгаа шавхаад л багийнхаа төлөө тоглох ёстойгоо
мэддэг. Уржигдар бол манайхаас тийм юм огт харагдаагүй. Харин эсрэгээрээ
Челсигийн тоглогч нар яг жигд ажиллагаатай механизм шиг л явж байгаа юм.
Багийнх нь тоглогч бөмбөг авлаа, урагшаа гүйх ёстой нөхөд нь яг л гүйж байна.
Хүнээ хуураад, зайгаа гаргаад хийх ёстойгоо хийгээд л явж байгаа юм. Манайд ийм
юм алга.
Манайд ийм юм
яагаад байхгүй байгааг олохыг хичээе л дээ. Тоглогч нар муу байна уу? Тоглолт
болгоны дараа муулуулдаг Жигу, Рамзи, Габриэл, Кокэлин гэх мэт дундаж тоглогч
нараас болдог болов уу? Үнэнийг хэлэхэд саяын тоглолт дээр Кошелни, Өзил хоёр ч
муу байсан. Санчезыг бараг харагдаагүй ч гэж хэлж болно. Сүүлийн 10 жилийн
Арсеналын улирлын зүй тогтол нэг хэмтэй байгааг харвал энэ асуудал тоглогч
нараас хамааралтай гэдэг нь буруу болж таарна. Тоглогч гэснээс сүүлийн 5 жилийн
тоглогчийн наймаа арилжааны нийлбэр дүнгээр Арсенал Челсигээс илүү гарсан шүү.
Тэгэхээр “Манайх Челсигээс бага мөнгө зарцуулдаг” гэсэн шалтаг газар авахаа
байсан. “Тэднийх сайн тоглогчийг мөнгөөр зодож авдаг” гэсэн шалтаг ч бас
явахгүй. Учир нь Премьер лигийн багуудын цалингийн цэсний хэмжээгээр манайх
дөрөвт орж байгаа. Челсигээс ердөө 18 сая паундаар бага. Ард байгаа багаас 35
саяар их. Тоттэнхамынхыг бараг нугалж байгаа гэхэд болно. Ноднингийн аварга
Лэйстерийн цалингийн төсвөөс бараг 3 дахин их. (эх сурвалж) “Харамч эзэнтэй” гэх тайлбар ч
бас газар авахгүй. Яагаад гэвэл тэр нөхөр Вэнгэрийг 42.5 сая паундаар Өзил, 35
саяар Санчезыг аваад зогсохгүй өнгөрсөн жил 36 саяар Жака, 35 саяар Мустафи, 16
саяар Перез гэсэн наймаа хийхэд огт саад хийгээгүй. Ер нь багийн эзнээс мөнгө
гарах ч шаардлага байхгүй гэж үзэж болно. Делойттын гэх мэт хөлбөмбөгийн
санхүүгийн элдэв жагсаалтуудад Арсенал маань хөлбөмбөгөөс олсон орлогоороо тогтмол
эхний аравт явж байдаг. Бизнесээр бодвол бахдам амжилт шүү.
Тоглогч нар ирдэг
явдаг, эзэд ч бас явдаг ирдэг, мөнгө өсдөг үрждэг гэтэл Арсеналын байгаа байдал
яг хэвээрээ топ дөрөв 20 жил, аваргуудын лигийн хэсгийн тоглолт 16 жил. “Зарим
багуудын мөрөөдөөд ч хүрэхгүй амжилт” гэж хүмүүс мэтгэх. Гэхдээ л багад үзсэн “Банштай
зутан” гэдэг кино шиг л санагдах юм. Энэ бахдам амжилттай он жилүүдэд ганц зүйл
л тогтмол байгаа нь Арсенал клубын эрхэм менежер месье Арсэн Вэнгэр. Арсенал
клубын тэргүүнд залраад 20 дахь улирлынхаа сүүлийн хагаст ороод явж байгаа энэ
хүнийг танилцуулах нь илүүц биз. Түүний Арсенал дахь карьерыг хоёр хувааж
болно. Цомоор дүүрэн эхний хагас, бүтээн байгуулалтын хоёр дахь хагас гэж.
Эхнийх нь 1996/97-2004/05, дараагийнх нь 2005/06-2014/15. Сүүлийн хоёр улирлыг
оруулаагүй. Зарим хүмүүс эхний хагас дахь амжилтыг өмнөх менежер Жорж Грэмийн
үлдээсэн систем болон Арсэн Вэнгэрийн шинэчлэлийн хослол гэж ярьцгаадаг. Аль нь ч гэлээ тэр
үеийн Арсеналд аваргын сэтгэлзүй байсан гэдэг нь бол үнэн юм.
Харин хоёрдугаар
хагасийн эхний хэдэн жил бол үнэхээр барзгар байсан. Магадгүй Вэнгэрийн хамгийн
том амжилттай үе нь ч байж болох. Талбай дээр гайхалтай тоглолт үзүүлэхээс
гадна санхүүгийн хувьд хамаагүй давуу талтай багуудтай талбайн гадна ч сайн
үзэлцэж байсныг нь үнэлүүштэй. Гэхдээ Арсенал тэр үеийг амжилттай давсан.
Талбайн гаднах шилжилийн үеэ өнгөрүүлсэн, одоо урагшаа довтлох цаг. Гэтэл
урагшаа довтолж чаддаггүй ээ. Миний бодлоор Вэнгэрийн ир нь мохсон. Анх ирэхдээ
шинэчлэгч, урагш чирэгч байсан бол одоо хөгжлийг хойш татагч, хуучинсаг хүн болж.
Арван жилийн турш алдаа гаргахгүй гэж хичээнгүйлэн зүтгэж, ширхэг зоосыг ч
нарийн төлөвлөж явсаар өөрийн эрхгүй мөн чанар нь өөрчлөгдсөн байна. Клубын
төлөөлөн удирдах зөвлөлд хөлбөмбөгийн хүн нэг ч байдаггүй юм. Бүгд
бизнесмэнүүд. Арсенал клубын удирдлагын бүтцэд хөлбөмбөгтэй холбоотой хүн ганц
л бий. Тэр нь Арсэн Вэнгэр. Хөлбөмбөгтэй холбоотой, холбоогүй бүх асуудлыг
Вэнгэр л ганцаар зохицуулдаг гэдэг. Хуучин цагийнхаар бол Хенри Норрис, Хэрбэрт
Чапман хоёрыг нэг хүнд оруулчихвал Арсэн Вэнгэр гарахаар байгаа юм. Түүхээ
уншдаг Арсеналын фэнүүд мэднэ дээ.
Нэг хүнд хамаг
эрх мэдэл төвлөрөх нь эхэн үедээ клубын үйл ажиллагааг зүгшрүүлэх ач
холбогдолтой байж болох авч яваандаа хөгжлийг боомилох муу дагавартай. Вэнгэрийн
энэ хэв маягтай төстэй эрх мэдэлтэй байсан хүн бол Алекс Фергюсон. Гэхдээ
ялгаатай нь мань эр өөрийн ажлуудыг хүмүүст хуваарилаад өөрөө ерөнхийд нь
баздаг байсан. Туслах менежерүүдээ ч үе үе сольдог байсан. Харин Вэнгэр Пат
Райсыг туслахаараа 16 жил ажиллуулаад, одоо талбайн хажууд Стив Боулдтай сууж
байгаа. Тойрон хүрээлсэн хүмүүс бүгд өөрийнх нь үгээр яваад байхаар сүүлдээ
шинэ сэргэг санаа гарахаа байна. Вэнгэрийн эриний эхэн үед Арсеналын тоглогч
нар авиртай гэдгээрээ зартай байжээ. Тони Адамс, Лий Диксон, Мартин Кеовн,
Патрик Виера, Тиерри Анри, Лоран, Деннис Бергкамп гээд энэ жагсаалт цаашаагаа
хөвөрнө. Эдний хэн нь ч талбай дээр болон талбайн гадна өөрийн бодлоо хамаагүй
хэлнэ. Вэнгэртэй ч ана мана үздэг байсан гэдэг. Талбай дээр алдаа гаргасан
нэгнээ бол хага баздаг байсан гэдэг. Анриг анх ирэхэд, Бэргкампыг ч анх ирэхэд
нь Арсеналын архаг тоглогч нар “хүмүүжүүлж” өгсөн гэж өөрсдөө дурссан байдаг.
Ийм тоглогч нартай байхад Вэнгэрт тоглогч нарын талбай дээрх сахилгын асуудал
ерөөсөө асуудал биш байжээ. Шинэ тоглогч нарыг хуучцуул нь зохих ёсоор
хүмүүжүүлж өгдөг байж. Манай одоогийн тоглогч нарт тийм хүн алга. Вэнгэрийн
эриний хоёр дахь хагасын нийтлэг төрх тэр. Nice guys = Нусгай жаалууд. Энгэр
дээрх логоны төлөө тоглодог тоглогч магадгүй ганц Вилшэр л байх. Арван хэдхэн
настай жаал талбай дээр гарч ирээд шигшээгийн ах Лампард, Рүүнийтэй
мөчөөрхөлцөж, цомын баяраараа “Тоттэнам бол б**с – Б***с бол Тоттэнам” гэж
дуулж гүүнерүүдийн цөсийг хөөргөдөг жинхэнэ ганнер.
Хожигдох бол
асуудал биш л дээ. Хөлбөмбөгт байх ёстой зүйл. Жаран чавганц уралдсан ч нэг нь
түрүүлдэг гэдэг биз. Харин яаж тоглоод хожигдов гэдэг бол шал өөр асуудал. 90
минутын турш балбалцаад ганц гоолоор хусуулах, эсвэл од нь гийж онгод нь орсон
хаалгачийг балбаж балбаж ганц сөрөгт унаж байвал “за яах вэ манай өдөр биш байж”
гэж бодно. Саяын Бямбын тоглолт шиг ямар ч тэмцэлгүй үхээнц тоглоод хожигдож
байгааг би хувьдаа дээрээс улбаатай гажуудлын үр гэж бодож байна. Арсэн
Вэнгэрийн эрин төгсгөлдөө ирсэн байна. 20 жил сайхан байлаа одоо харамсалтай нь
өөрийн байгуулсан сайхан бүхнээ харлуулж эхэлж байна. Арсенал хөлбөмбөгийн
клубын олон суутнуудын эгнээнд түүний нэр тодоос тод гэрэлтэх байранд хэдийн
очсон. Эмирэйтс цэнгэлдэх, Колни дахь бэлтгэлийн төв, Ялагдашгүй 49, Холбооны
цомын 6 түрүү гээд олон гавъяа түүнийх. Гэвч... Монгол хэлэнд “хав болох” гэж
үг байдаг. Хөгжлийн нэг түвшинд хүрээд тэрнээсээ дээшлэх ч үгүй, доошлох ч үгүй
байхыг хэлдэг. Арсэн Вэнгэрийн Арсенал хав болжээ. Явах цаг нь болж.
No comments:
Post a Comment