Thursday, November 27, 2014

Ном уншдаг охинтой болзоорой

Роүзмэйри гээд охины бичсэн энэ фэйсбүүкийн пост хаа сайгүй тарсныг хөрвүүлчихлээ. Манай залуучуудад зориулсан сайхан зөвлөгөө байна. За тэгээд охидод ч гарын авлага болохоор л юм.

 НОМ УНШДАГ ОХИНТОЙ БОЛЗООРОЙ

Ном уншдаг охинтой болзоорой. Хувцас авах мөнгөөрөө ном авдаг, хэт их ном цуглуулчихсан учраас хувцасны шүүгээндээ зайгүй охинтой болзоорой. Унших номын жагсаалтаа гаргасан, бүүр 12 настайгаасаа номын сангийн уншигч болсон охинтой болзоорой.

Ном уншдаг охин олоорой. Барьж яваа цүнхэнд нь уншиж амжаагүй ном байнга байдгаараа тэд илхэн байдаг юм. Номын дэлгүүрийн банзан тавиур луу шимтэн ширтэж, хүссэн номоо олж хараад чимээгүйхэн хашгиран баярлаж байдгаараа тэд илхэн байдаг юм. Хуучин номын худалдаан дээр шарласан хуудсыг тааламжтайяа үнэрлээд зогсож байгаа этгээд охиныг харж байна уу? Тэр чинь уншигч. Номын хуудсыг үнэрлэхгүй өнгөрч чадахгүйгээр барахгүй үнгэгдэж, шарласан хуудсанд нь бүүр амиа тавина гээч.

Гудамжны төгсгөлийн кофены газарт ном уншаад, хүн хүлээж байгаа бүсгүй бол тэр охин. Хажууд нь байгаа аяга руу сэмхэн өнгийгөөд харахад кофеных нь сүү гүйцэт холилдоогүй дээгүүр нь хөвж байх вий. Яагаад гэвэл тэр аль хэдийн номын ертөнцөд, зохиолчийн төсөөлөлд хөл алдчихсан яваа. Суу. Цаадах чинь чам руу муухай харна, яг л ном уншдаг охид саад болсон хүмүүс рүү хардаг шиг. Уншиж байгаа ном нь таалагдаж байгаа эсэхийг асуу. 

Шинэ кофе түүнд авч өг.

Муракамигийн тухай юу гэж боддогоо хэл. Бөгжний ахан дүүсийн эхний бүлгийг гүйцэт уншсан эсэхийг мэд. Жеймс Жойсын Улиссыг ойлгосон ухаантан болж харагдах гэж байна уу үгүй юу гэдгийг нь анзаараарай. Түүнээс Алисад хайртай юу эсвэл Алисын оронд баймаар байна уу гэдгийг асуу.

Ном уншдаг охинтой болзоход үнэхээр амар. Төрсөн өдөр, шинэ жил, ойн баяруудаараа ном бэлэглэхэд л болно. Үгээр, найргаар, дуугаар бэлэг барь. Неруда, Паунд, Секстон, Камминсыг бэлэглэ. Үгс бол хайр юм гэдгийг ойлгодгоо түүндээ харуул. Ном, амьдрал хоёрыг ялгаж мэддэг нь ойлгомжтой ч гэсэн тэр чинь өөрийнхөө дуртай ном шигээ амьдрах гэж үзнэ дээ. Хэрвээ тэгж чадаж гэмээ нь хэзээ ч чамайг буруутгахгүй.

Яагаад вэ гэвэл тэр чадах эсэхээ л үзэх гэсэн хэрэг.

Түүнд худал хэл. Учир мэддэг хүн бол худал хэлэх хэрэгтэй байдгийг ойлгох л ёстой. Үгээр илэрхийлж болшгүй зорилго, үнэт зүйлс, ялгаа, харилцан яриа байдаг. Хамаг юм дуусчихаагүй байна шүү дээ.

Түүний өмнө бүтэлгүйт. Ном уншдаг охин бүтэлгүйтэл үргэлж оргил өөд чиглүүлдгийг мэддэг. Бүх юманд төгсгөл байдгийг бас бүх номын дараагийн дэвтрийг үргэлжлүүлэн бичих боломжтой гэдгийг ойлгодог. Бас ахин дахин шинээр эхэлсэн ч баатар хэвээрээ байж болдгийг. Бас амьдралд ганц хоёр эсрэг дүр байх ёстойг.

Чамаас тэс өөр юмсаас яасан гэж айх вэ? Ном уншдаг охид хүмүүсийг өсөж хөгждөг гэдгийг ойлгодог яг л зохиолын дүр шиг. Мэдээж Бүрэнхий цувралынхыг эс тооцно шүү дээ.

Ном уншдаг охиноо олсон бол өөртөө ойрхон байлга. Шөнийн хоёр цагт сэрэхэд чинь номоо тэврээд уйлж байвал аяга цай хийж өгөөд, тэвэр. Ганц хоёр цаг номондоо ороод алга болсон ч эргээд чам руу ирэх нь зайлшгүй. Номынхоо дүрүүдийг жинхэнэ байдаг юм шиг л ярина цаадах чинь, тэгэхдээ хэсэг хугацаанд ч гэсэн тэд амьдардаг юм шүү.

Чи агаарын бөмбөлгөн дээр гэрлэх саналаа тавих болно. Эсвэл рок тоглолт дээр. Эсвэл өвдчихөөд хэвтэж байхад нь. Скайпаар.

Хацраа чилтэл инээмсэглэж байхдаа яагаад зүрх чинь хайрандаа хага үсрээд цээжээр чинь нэлийтэл урсчихгүй байгааг гайхах болно. Та хоёр амьдралынхаа түүхийг хамтдаа бичиж, хачин хачин нэртэй, сонин сонин зуршилтай хүүхдүүдтэй болно. Цаадах чинь хүүхдүүддээ Малгайтай муур, Аслан хоёрыг танилцуулаад л, магадгүй хоёулантай нь нэг өдөр ч танилцуулж магадгүй. Өтөл насныхаа өвлийг хамтдаа алхаж өнгөрүүлнэ, гутлын чинь цасыг унагааж байхдаа Кийтсээс эш татан амандаа бувтнана.

Чи ном уншдаг охинтой болзох эрхтэй. Чиний амьдралыг төсөөлж болох хамгийн гоё өнгөөр будах охинтой үерхэх эрхтэй. Нэгэн хэвийн гөлгөр царай, уйтгартай өдрүүд, олигтой сэтгэл хөдөлгөхгүй санал тавих гэж байгаа бол ганцаараа насыг барсан чинь дээр дээ. Харин ертөнцийг, түүнээс цаана байгаа ертөнцүүдийг хүсч байгаа бол ном уншдаг охинтой болзоорой.

Эсвэл, ном бичдэг охинтой болзвол бүр дээр ч юм уу.
Rosemarie Urquico


(Болхи, чадвар муутай орчуулгыг тэсэж уншсан танд баярлалаа)
2014.11.25

Thursday, November 06, 2014

ӨВӨЛ АЙСУЙ!

Номын тэмдэглэл бичилгүй хэсэг болчихжээ. Тэгээд бодов. Ямар номын тухай бичих вэ гэж. Ойрмогхон уншсан хоёр роман байна. Уншсан гэж нэгийг нь дахин уншиж байгаа юм. Нөгөөх нь Жорж Мартины "Хаан ширээний тоглоом" буюу "Гал мөсний дуун" цувралын эхний дэвтэр л дээ. Монгол хэлнээ орчуулагдаад өчигдрөөс худалдаанд гарсан байна билээ. Кино нь ЭйчБиӨү сувгаар цуврал болон гараад нэгэнт 4 улирлыг үдсэний дараа номыг нь унших хүсэл төрж байгаа нь энэ л дээ. Аливаа киноноос зохиол нь хамаагүй сайн байдаг гэсэн теоремыг л батлах гэж үзсэн хэрэг. 

Зохиолын хувьд их сонирхолтой хэлбэрээр бичигдсэн. Гол дүрийн хэд хэдэн хүнийг сонгон авч болж буй үйл явдлыг тэдний харж буй өнцгөөс тайлбарласан нь миний хувьд их сонирхолтой шийдэл болж уу гэж санагдсан. Ингэсэн нь тухайн баатрыг ямар үзэл бодолтой, ямар зарчимтай, үүссэн нөхцөл байдалд ямархуу маягаар хандаж байгааг харахад их дөхөм болгож өгсөн юм шиг. Мөн бусад баатруудынхаа үйлдлүүдийг өөрийнхөөрөө хэрхэн тайлбарлаж байгааг ч бас харуулсан нь жинхэнэ амьдрал дээрх хүмүүсийн харилцаанд үл ойлголцол хэрхэн үүсдэгийг сануулах мэт. 


Кино нь гараад удаж байгаа болохоор ихэнхи хүмүүс энэ зохиолын талаар мэдэж байгаа байх л даа. Номыг нь уншчихсан хүмүүс ч олон байгаа байх. Тэгэхдээ энд гардаг үйл явдлыг цухас ч болох нь ээ тайлбарлахгүйгээр энэхүү романы тэмдэглэлийг бичнэ гэж байж болшгүй хэрэг биз. Үндсэндээ Долоон ванлиг дахь эртний сурвалжит 7 том гэр бүлийн эрх мэдлийн төлөөх тэмцлийг харуулсан гэж үзэж болно. Өвөл, зун нь хэдэн жилээр ч хамаагүй үргэлжлэх үлгэр домгийн энэ газрын Умард зүгийг илбэн тохинуулагч Винтерфэлийн Старкийн удмынхны тухай энэхүү номонд зонхилон өгүүлэх боловч энд гарах дүр бүр нь тунчиг сонирхолтой. Хүний орчлонд байдаг хар цагаан бүхэн энд байраа олсон ба хааны ордон дахь эрх мэдэл, шунал тачаал, хайр дурлал, эд баялгийн төлөөх чимээгүй бөгөөд цуст дайныг уншигч танд таалагдахгүй байх аргагүйгээр дүрсэлсэн.


Зохиолыг унших зуур би Старкийнхны бардам бөгөөд нэр төрөө эрхэмлэх, зарчимч занг өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрж байсан ч хажуугаар нь чухам энэ занг нь зэмлэн бодож байлаа. Өөрийн эрхгүй тэдний төлөө санаа тавьж, амьд гарчихаасай гэж далд хүсэхдээ ингэж бодож байсан хэрэг л дээ. Уншигч танд ямар хүн таалагддаг вэ? Бүх төрлийн хүмүүс энд бий. Ухаантайгаас тэнэг хүртэл, зальтайгаас бодь сэтгэлтэн хүртэл, эрэлхэг зоригтойгоос аймхай хулчгар хүртэл бүх төрлийн хүмүүс таны замд таарах бөгөөд үлгэр домгийн аварга чоноос авахуулаад луу хүртэл гарна. Гол болон туслах дүрийн баатруудын харилцан яриа болон хэлж байгаа үгсийг туйлын үнэн гэж хүлээн авахаа та бүхэн азнасан нь дээр гэдгийг юуны өмнө анхааруулах хэрэгтэй байх. Үнэхээр өрөвдөөд явж байсан хүн өр лүү чинь өшиглөөд ороод ирэх вий. 


Эхний энэ роман дээр үйл явдал 3 газар өрнөдөг. Эхнийх нь мэдээж Долоон ванлигийн нийслэл Кингс Ландинг хотод хамаг хор найруулах ажиллагаанууд явагдах ба олон жилийн өмнө бут цохигдож, нуран унасан Таргареэн вангийн удмаас амьд үлдсэн хүү, охин хоёр Дорно зүгт далайн чанадаас эргэн ирж, өшөө авахаар чөлөөт хотуудаар хэсүүчлэн тусламж эрнэ. Харин энэ эрх мэдлийн тэмцлээс тэс өмнөө тэмцэл Вэстэросын умард хэсэгт хэдэн зууны турш үргэлжилж байдаг. Тэнгис далайг гаталж ирсэн (Монголын нууц товчоо шиг бичмээр санагдаад) Анхны хүмүүс ямар нэгэн ер бусын хүчинтэй тулалдан ялж энэ газар нутагт эзэн суух болсон гэгдэх бөгөөд ялагдсан дайсны хүчнийг дахин ирүүлэхгүйн тулд асар том Ханыг байгуулсан гэж домогт өгүүлэх аж. Мөс болон чулуу ашиглан босгосон энэхүү хана нь хэдэн зуун фут өндөр бөгөөд өрнөөс дорно хүртэл хэдэн зуун миль газарт үргэлжлэн Долоон ванлигийг зэрлэг Умардаас тусгаарлаж байдаг. Ханыг Шөнийн харуулууд хэмээх хүчин хамгаалах бөгөөд энд бүх Долоон ванлигаас ирсэн цэргүүд тусгай тангараг өргөн зүтгэдэг. Нэгэнт тангараг өргөсөн шөнийн харуул эхнэр, хүүхэд авахгүй, эд хөрөнгө, газар нутаг болон эрх мэдэл эзэмшихгүйгээр нэгэн сэтгэлээр Долоон ванлигийн төлөө Ханан дээр зүтгэсээр насыг барах учиртай. 


Хатуу ширүүн умардын эзэд болох Винтерфэлийн Старк бол Роберт хааны багын найз. Тэдний нөмөр нөөлөг байсан Жон Аррин нас барж тэргүүн сайдын орон зай суларсан ба ван өөрийн найз Нэд Старкийг түүний оронд томилохоор Винтерфэлд ирснээр романы гол үйл явдал эхэлнэ. Төрсөн нутаг шигээ эрс зантай Старк хэдий дургүй байсан ч найзынх нь амь насанд аюул заналхийлж байж магадгүй талаар олж мэдсэн тул Өмнө зүг Кингс Ландинг руу явахаас өөр аргагүй байдалд орно. Сурвалжит гэр бүлүүд бүгд өөрсдийн уриатай бөгөөд Старкийнхны уриа “Өвөл айсуй”. 


Хэтэрхий нуршихаасаа өмнө ингээд өндөрлөе дөө. Өвөл айсуй!

Sunday, August 31, 2014

Харанхуй

2

Алганы хонхорхойд тогтсон усыг хамартаа сорж хэсэг байлгаснаа дахин доошоо урсгав. Угаалтуурын цагаан паалан ёроол түүний хүрэнтэж нөжирсөн цусаар хучигджээ. Ар дагзан дээрээсээ цэв хүйтэн усаар шүршээд хэсэг болж байгаа болохоор толгой хага таших мэт өвчин бага ч гэсэн намдсан мэт. Дахиад хэсэг гоожуулчихад хамрын цус тогтох болов уу? Эсвэл зүгээр хөвөнгөөр бөглөчихөөд гардаг ч юм бил үү? Цагтаа очоогүй хүнийг яадгийг мэднэ шүү дээ. Тэдний эгнээнд орж байснаас үхсэн нь дээр гэж хэлдэг хүмүүсийг ойлгохгүй юм. Үхлийг хайх хэрэггүй биш үү? Эцэстээ хүн болгон дээр ирэх тэр уулзалтыг аль болох хойшлуулж байсан нь дээр гэж би үзнэ. Тасралтгүй мэт үргэлжлэх энэ толгойн өвчнийг зогсоох төгс арга тэр л байна. Эрүүл ухаан хаана хэрэгтэй юм бэ. Өнөөдөр болж байхад маргааш хэнд хамаатай юм. Ёс суртахуун, хүнлэг, төвшин сэтгэл гэнэ шүү, муу баас. Эднийд байрлаж болно гэж бодсон тэр өдрийг ёстой хараал идээсэй. Новш гэж энэ толгойны өвчин алах нь ээ. Бушуухан Цогоо дээр очих юмсан. За байз уржигдрын боодлын мөнгийг өгөөгүй байдаг. Ганц ширхэгийг гуйж авч байгаад өрөнд нь явж өгдөг ч юм бил үү? Ядаж байхад дандаа санаандгүй газар луу явуулахыг яана. П****, энэ Идэрээ нээрээ, үхсэнээ хийж хамаг боодол урсгачихав аа. Хохь нь муу новш хүн өдөхөөр ингэж байгаа юм. Энэ яагаад босохгүй байгаа юм бол? Тоосго илүүдчихэв үү? Сая босоод наашаа орох гэж явахад хөл нь татганаад хөдөлж байсан шүү дээ. Ийм нарийн голтой хүн гэж юу байх вэ дээ. Зүгээр ухаан алдаа биз. Дараа хүний юманд хамаагүй хүрэхгүй биз. Хичээл хэрэгтэй шүү. За байз Цогоо чинь юунд дуртай билээ? Аятайхан хөлд нь сууж байгаад ганц удаа аргалчих юмсан. Өрөнд явж өгвөл хоёр боодлыг шагналд өгдөг байсан хэвээрээ болов уу? За ашгүй цус тогтчихлоо. Нээрээ Цогоо чинь ном, хөгжим гэхээр үхдэг байсан гэж ярьдаг байсан. Энэ Идэрээгийн хэдэн номноос аваачаад өгчихье. Ганц удаагийн хэрэглээ өгчих байлгүй дээ. Амьсгаа гэж энэ бүдүүн баагий нээрээ яаж ингэж хөлжиж чадав аа. За энэ хэдийг авчихад болох байлгүй дээ. Өчигдрийн хар үстэй хүүхэн байгаа болов уу? Буцахдаа гэрээр нь дайраад гарна аа. Орой харин хэнийд хонох вэ? Идэрээ бид хоёр ч дахиж уулзана гэж лөөлөө болоо байлгүй.

3

Ялаа. Цээжин дээр гүйлдэх ялаанууд үнэхээр төвөгтэй. Хичнээн ч олуулаа байгаа юм. Яасан муухай өмхий үнэртэй газар вэ. Толгой нь таллаад айхтар их өвдөхөд гараараа дарах санаатай хөдлөх гэсэн чинь чадсангүй. Новш. Яагаад хөдөлдөггүй билээ. Харанхуй байгаа юм болов уу эсвэл нүдээ нээж чадахгүй байна уу? За байз юу боллоо. Идэрээгийнхээс гарсан. Цогоо дээр очсон. За яах вэ зодуулах бол байх. Хаа очиж хоншоортой зан гаргасан шүү. Тэндээс гарч өр цуглуулах хүмүүстэй цуг явсан. Энэ гар яагаад хөдлөхгүй байна аа. За байз нэг эмчээс өр нэхнэ гэж ярьж байсан. Байр луу нь орж явахад гэнэт харанхуй оргиод явчихсан даа. Дагзны энд их хөндүүр байхын. Араас цохьсон юм болов уу? Тэгмээргүй юм. Цогоогийн хүмүүс ард явж байсан шүү дээ. Байз энэ нүд яагаад өвдөөд байгаа юм бол. Харанхуйд нүд дасдаг даа. Ийм харанхуй байгаа юм байх даа. Магадгүй толгойн өвчнөөс болоод дасч өгөхгүй байгаа юм болов уу? Нүд эргэлдүүлэхээр мэдрэгддэг биз дээ? Юу болоод байна аа? Аягандаа байгаа нүд мэдрэгддэг биз дээ? Сохорчихов уу? Сохор хүмүүс нүдээ мэдэрдэг биз дээ? Аньсага чийгтээд мэдрэгдмээр юм. Түнэр харанхуй. Харанхуй. Тас харанхуй. Хав хар. Сүүдрийн сүүдэр. Нөгөө хүн нь нүдний эмч гэж Цогоо хэллүү? Новш чинь хоёр боодлынхоо төлөө намайг шийтгэсэн юм байх даа? Өртэй хүмүүсээс эрхтэн авдаг гэж ярьж байсан даа дээхэн. Минийх тэгэхдээ тийм ч их биш шүү дээ. Тэрний төлөө нүд авна гэж байхгүй дээ. Үгүй байлгүй дээ. Би зүүдэлж байгаа юм болов уу? Зүүд ийм бодит байхгүй дээ. Зүүдэндээ өмхий үнэрийг мэдэрнэ гэж байхгүй. Гар хүлээтэй байгаа юм болов уу? Хуруугаа хөдөлгөж ч болохгүй байна гэж баймгүй юм. Хуруу бас тасарсан юм болов уу? Цогоогийн нэг хүн яг ард явж байсан даа. Араас цохиж унагаад хамаг эрхтэн хулгайлчихна гэж байхгүй дээ. Цогоогоос хүмүүс их айдаг. Өөрөө ч хэрцгий гэж хүмүүс ярьдаг. Ийм харгислал үйлдэх хүн мөн үү харин. Хоёрхон боодол шүү дээ. Тэрнээс өмнө авсан бүх боодлуудынхаа мөнгийг бүрэн өгдөг байсан. Ийм хүнийг шийтгэнэ гэж үү? Ухархайгаар хатгуулж өвдөж байна. Аньж, нээж байгаагаа мэдрэхгүй юм. Гар хөдлөхгүй ч өвдөхгүй. Бас хуруунууд мэдрэгдэхгүй. Новш гэж ямар газар байгаа юм бол оо. Юу болоод байна аа. Би үхчихсэн юм болов уу? Үхчихвэл яадгийг хэн мэдэхгүй шүү дээ. Тархи нь амьд мөртөө зүрх нь зогсчихсон байдаг гэж хаанаас билээ уншиж байсан санагдах юм. Ямар аймаар юм бэ? Тархи хүчилтөрөгчөөр дутахаараа ингэж өвддөг юм болов уу? Цогоо намайг алчихаж байгаа юм байх даа? Эсвэл би өөрөө осолдоод үхчихэв үү? Ер нь үхсэн гэдгийг яаж мэдэх юм бэ? Гэрэлтэй туннель энэ тэр харагддаг гээгүй юм уу? За тэр ч тэгээд эмнэлэгт үхэж байсан нөхдийн яриа байх аа. Ямар над шиг харанхуй подизонд араасаа дагздуулсан биш. Аа новш гэж там диваажин. Над шиг хогийн новш тамд л очих байх. Там гэж байхгүй шүү дээ. Тэр чинь амьдрал. Би үхсэн бол амьдрал дууссан гэсэн үг. Үхэл. Юуны эхлэл вэ? Харанхуй?

1

Өө, Идэрээ?

Wednesday, August 20, 2014

Охиноо уйлуулчихлаа

Охиноо уйлуулчихлаа. Уг нь миний нуруун дээр хэвтээд хоёулаа Шрек үзээд сууж байсан юм. Тэгтэл Фионагийн аав үхээд, оршуулгын ёслол нь их л гунигтай боллоо. Охин асууж байна:
- Аав аа, аав нь үхчихсэн үү?
- Тэглээ.
- Ээж нь хөгшрөөд үхэх үү? 
- Тэгнэ ээ гээд хариулсан чинь уйлаад эхэлдэг юм.
- Ийийий би ээжийгээ үхүүлмээргүй байна аа...
- Ээж нь үхэхгүй шдээ. Энэ хүүхэлдэйн киноны ээж үхнэ гэж хэлсэн байхгүй юу.
- Тэхдээ намайг хөгшрөхөөр миний ээж үхнэ биз дээ?
- Тэгнэ л дээ. Тэгэхдээ болоогүй шүү дээ.
- иийийийийийийий гээд бүүр чанга уйлаад байхаар нь нуруунаасаа буулгаж байгаад хүн төрдөг, амьдардаг, үхдэгийг сайн дэлгэрэнгүй тайлбарлаад, сэтгэл санааны хохирлыг дэлгүүрээс зайрмаг захиж авчруулах замаар цайрууллаа. Уг нь ч үхэл, амьдрал, оршуулга, хурим гээд мэддэг юм л даа. Тэгэхдээ ойр дотныхон нь бас үхдэг гэдгийг гэнэт ухаарав бололтой. Хүүхэдтэйгээ чухал сэдвээр ярих ч лүд юм аа.

Wednesday, August 13, 2014

Oh, Captain! My Captain!

Хамгийн дуртай жүжигчдийн маань нэг Робин Виллиамс өчигдөр хорвоог орхин оджээ. Анх “Хатагтай Доубтфайр” гээд кинон дээр танилцсанаас хойш хичнээн ч киног нь үзэж, инээхдээ инээж, уйлахдаа уйлж явсныг ёстой хэлж мэдэшгүй. Сэтгэлд хоногшсон олон дүр байдаг ч би ганц киног нь л ярья. Үнэнийг хэлэхэд тэр кинон дээр нөхөр өөрөө тийм ч сайн тоглоогүй гэж би боддог юм. Магадгүй инээдмийн кино биш болохоор тэр байх. 

Нас барсаныг нь мэдээд хүндэтгэл үзүүлэх зорилгоор 1989 онд гарсан Dead poets society гээд киног үзлээ. Үйл явдлын хувьд 1959 он хавьцаа хуучинсаг хэв маяг бүхий хөвгүүдийн дотуур байртай сургуульд дэвшилтэт сэтгэлгээ бүхий Англи хэл, уран зохиолын багш ноён Китинг ирж, улмаар хөвгүүдийг чөлөөтэй сэтгэж, өөрийн хүссэн зүйлээ хийх урам зориг өгч байгаа тухай гардаг юм. Анхны хичээл дээрээ хүүхдүүдийг сургуулийн алдрын танхимд дагуулан орж, бахархал болсон үе үеийн залуу сурагчдын зургийг харуулж байгаад Carpe diem гэдэг үг зааж өгнө. Латинаас хөрвүүлбэл “Seize the day” буюу утгачилах юм бол “тултал амьдрах” тухай. Энэ санаагаа батлахын тулд шүлгийн бадгийг ашигладаг юм.

Gather ye rosebuds while ye may, 
  Old Time is still a-flying;
And this same flower that smiles today
  Tomorrow will be dying.

Чадаж байгаа дээрээ дэлбээгээн цуглуул 
  Цаг хугацаа зогсолтгүй урагшилсаар 
Чам руу инээмсэглэн буй эдгээр цэцэгс
  Цаг нь болоод маргааш гэхэд үхэцгээх болно. (Муухан орчуулга болсныг би мэдэж байгаа.) 

Цаг хугацаа чамайг хүлээхгүй учраас хүсэл зоригоо хөөцөлдөх зав өөртөө гаргаж байхыг ноён Китинг хөвгүүдэд ойлгуулдаг. Тус дунд сургууль маш дэг жаягтай, хуучны хэв маягтай бөгөөд Айви лиг буюу Америкийн томоохон найман их сургуульд элсэх стандартын сургалттай. Ийм ч учраас том амбицтай эцэг эхчүүд хөвгүүдээ ирээдүйн хуульч, эмч гэх мэт хүндэтгэлтэй мэргэжлийн хүмүүс болгохын тулд энэ сургуульд өгдөг. Уран зохиолын хичээл тухайн хүмүүсийн ирээдүйн амьдралд огт чухал биш гэсэн нийтлэг ойлголттой, хөтөлбөр нь ч гэсэн тэрнийхээ дагуу. Яруу найргийг ойлгохын тулд түүний төгс байдлыг хэвтээ тэнхлэг, хэр чухал вэ гэдгийг босоо тэнхлэгт оруулаад огтлолцох цэг үүсэх талбайг тухайн яруу найргийг хэр гайхалтай вэ гэдгийг тодорхойлно гэх мэт марзан агуулга ч байх шиг. Эдгээрийг “баас” гэж үзсэн Ноён Китинг залуу хөвгүүдэд амьдралын үнэн зорилго бол хүний хүсэл тачаал, хайр дурлал бөгөөд хууль, инженер, эмнэлэг зэрэг мэргэжлүүд зүгээр л амьдралын хэрэглэгдэхүүн гэж сургана. 

Төрөлх сургуульдаа эргэн ирж багшилж байгаа ноён Китингийн тухай хөвгүүд судлахдаа багшийгаа “Dead poets society” буюу Өнгөрсөн найрагчдийн нийгэмлэг хэмээх сургуулиас гадуурх нууц бүлгэмийн гишүүн байсныг мэддэг. Романтик мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуус дуртай найргаа уншиж, онгодоо хөгжөөдөг байсныг мэдсэн хөвгүүд энэ бүлгэмийг нь сэргээнэ. Ноён Китингийн өвөрмөц заах арга барил хөвгүүдэд нөлөөгөө үзүүлж өөрсдийн хүссэн зүйлсийг хийж эхэлдэг. 

Төрүүлсэн үр, хүүхэддээ хайргүй эцэг эх гэж байдаггүй байх. Туулж өнгөрүүлсэн амьдрал, замналдаа харамсах зүйлгүй хүн ч гэж байдаггүй биз. Тийм ч учраас өөрийн хийсэн алдааг битгий давтаасай гэсэндээ, өөрт олдоогүй боломжийг хүүхдүүддээ гаргаж өгөхийг хүссэндээ бид хайртай хүүхдүүдээ бас бие даасан хувь хүн юм гэдгийг мартдаг. Хувь хүний чөлөөт сонголт гэсэн хамгийн үнэтэй зүйлийг мартаж тэдний өмнөөс шийдвэр гаргадаг. Зөвшөөрөөгүй тохиолдолд тэднийг нухчин дарж, өөрийн үйлдлийг тэдний сайн сайхны төлөө хэмээн өөртөө муйхраар итгүүлнэ. Хөөрхий хүүхдүүдэд эцэг эхийгээ сөрж зүрхлэх хүч байхгүй. Хангалттай хүч өөртөө хуримтлуулсан үед хэтэрхий оройтсон байх нь олонтаа. 

Кинон дээр гардаг зүйлсийг хэлэлгүйгээр эдгээрийг олигтой тайлбарлахад их төвөгтэй юм. Сонирхож уншсанд баярлалаа гэх үү дээ. Энэ киног үзээгүй хүн байвал яаралтай олж үзэхийг санал болгоё. Уран зохиол, яруу найраг, чөлөөт хүсэл, зүгээр амьд байх биш жинхэнээсээ амьдрах тухай. Кинон дээр амьдралынхаа мөрдлөг болгочихмоор үг, хэлц үгнүүд маш их гардаг. Ямар нэг киног дээр нь гардаг ганц үгээр илэрхийлэх боломжтой бол энэ кинон дээр маш олон алдартай шүлгүүд гардаг учраас тэрнийг нь гэж хэлэхэд их хэцүү юм. Гэхдээ яг ганцыг хэлнэ гэх юм бол “Oh, Captain! My Captain!” гэж хэлээд ширээн дээр зогсож байгаа эдгээр хүүхдүүд бүрэн төлөөлөх байх аа. 

2014.08.13