Tuesday, November 05, 2019

бэлгийн тохуурхал

Оюу Толгойн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйнхны зааварчилгаа дээр sexual harassment гэдэг үгийг "бэлгийн тохуурхал" гэж орчуулсан байна гээд тухайн үедээ хөхөрцгөөж байж билээ. Тохуурхаад байхдаа яахав дээ энэ тэр гээд. Гэхдээ л тэнд байгаа бүх ажилчид энэ талаар мэдээлэлтэй, болох болохгүйн заагийг ойлгочихсон л байдаг байсан. Манай улсын "захын хар овоохой" болсон Оюу Толгой уг нь энэ мэтээр ажилчдаа нийгмийн боловсрол, хотын соёлд сургаад явдаг. Одоо харин энэ боловсролыг улсын хэмжээгээр эзэмшүүлмээр байна аа. Үндсэн хуулийн цэцийнх нь хамаг том дарга ингээд айлын онгоцоор зүгээр нисч чадахгүй үйлчлэгчийг нь “тохуурхаад” яваа нь энэ талын боловсрол хэр түвшинд байгааг харуулж байгаа хэрэг. “МИАТ-ийн онгоцонд энэ явдал болсон бол...” гэсэн сэдэвтэй яриа ч бас зөндөө яваад амжсан. Өнөөх л хохирогчийг буруутгаж хэргийг намжаадаг явдал. Хөх бөгсгүй солонгос хүүхний юунд нь болж гэхчлэн асуудлыг дүйвүүлж гэмтнийг анхаарлаас зайлуулж байна. Манайхны дунд байдаг нэг муу зан бий. Шогийн мэдрэмж ухааныг илэрхийлдэг гэж ярьдгийг шууд утгаар нь ойлгодог болохоор юм болгоны инээдтэй талыг дөвийлгөж, өөрийн ухааныг харуулах дуртай. Уг нь ухаантай хүн бол хэдийд маазрах, хэдийд шүүмжлэхээ мэддэг байх ёстой юм л даа. Асуудал шийдэгдэх яагаа ч үгүй байхад маазарч, элдэв мийм хийж гаргасаар байгаад эрчийг нь алдуулж замхруулах явдал маш түгээмэл. Бараг албаар тэгээд байгаа ч юм болов уу гэж хардахаар. Харин энд яриад байгаа бэлгийн тохуурхлын асуудал бол тоглоом биш. Манай хуулинд уг нь бэлгийн дарамт, хүчингийн хэргийн тухай заалтууд байсан ч “Дараа нь Зөрчлийн тухай хуулинд оруулна” гэж тайлбарлаад хассаныхаа дараа нөгөө хуулиндаа оруулахаа “мартчихсан” гэж Мэргэн дүүгийн нэг постноос дээхэн уншиж байсан. Тэгэхээр энэ төрлийн асуудал манай улсын газар нутагт өрнөх юм бол шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй болж таарах нь уу? Одоо энэ явдлаар дөрөө хийж энэ талын зохицуулалтуудаа цэгцэлж авмаар юм биш үү? Тэр чиглэлд тэмцэх хэрэгтэй юм шиг санагдах юм.



Дашрамд дурдахад нөхрийг одоо хүмүүс өмөөрөөд эхэлсэн байна билээ. Яг халуун дээр нь өмөөрвөл нөгөө хүндээ хортой тул хэд хоног харзнаж, “ухаантай” хүмүүсийн маазраагаар тайвшруулж байгаад алгуурхан ганц нэг хүнээр өмөөрүүлж эхэлдэг нэг тийм тактик аль дээрээс хойш л харагдаад байгаа даа. Уг нь ийм тактикийг нь сөргүүлээд л баймаар байгаа юм л даа.

No comments: