Wednesday, November 27, 2019

Хүнээ судлахгүй бол...

Хүнээ судалж байж шүүмжлэхгүй бол ингэнэ шүү дээ.

Парламентийн нэгэн гишүүн нөгөөхөөсөө асуулт асуухдаа:
- Миний л мэдэхээр түүнд эдийн засгийн ухааны зэрэг цол үгүй... - гэж хэлэхэд цаадах нь:

- Та миний сийвийг тоож хараагүй бололтой. Би Эдийн засгийн ухааны профессор байсан, одоо ч хэвээрээ байгаа. - гэж хариулаад амыг нь таглажээ.

Брэкситээс үүдэх эдийн засгийн үр дагаварын тухай ярилцаж байхдаа ийнхүү мэтгэлцсэн байна.

Би нэг удаа энэ хүн шиг ингэж ам руугаа алгадуулах шахаж байсан тохиол буй. Хүний эрхийн төлөө тэмцдэг найзынхаа фэйсбүүкийн пост дээр "эмэгтэйчүүд ер нь дарлуулаад байгаа юм байдаг ч юм уу дөө" гэх маягийн коммэнт бичээд хаясан чинь яг тэр чиглэлээр өч төчнөөн жил тэмцээд, ажиллаад явж байгаа хүнтэй цэц булаалдсан байж таардаг юм. Ид халчихсан бичиж байтал миний муу найз намайг сэрэмжлүүлж цаашдын ичгүүрээс ангижруулж билээ.


Tuesday, November 26, 2019

Тусгаар тогтнол

Анхдугаар үндсэн хуулиа баталж, улсаа тунхагласны мэндийг Монгол хүн бүрт хүргэе ээ!

Арван хэдэн жилийн өмнө Монгол туургатны цахим өртөө сүлжээн дээрээс Хөх нуурын Дээд Монголчуудын тухай нэг нийтлэл уншаад сэтгэл өвдөж байснаа санадаг юм. Тэнд суугаа элэг нэгтнүүд минь амьдрахын эрхээр думдад эсвэл төвөд хүний аль нэг нь болохоо сонгож явдаг гэснийг уншиж эмзэглэсэн хэрэг. Бас нэгэн хэсэгт нь дээд монгол хүн төвөд хүнд дээрэлхүүлж аргаа баран шаралхахдаа "Төвөд гэж улс байдаггүй, Монгол гэж нэртэй улс байдаг" гэж хэлж улалзуулдаг тухай нь уншаад зүрх шимширч байсан даа. Бум-Очирын нийтлэл байсан санагддаг юм. Тусгаар тогтнолын тухай бодохоор тэр нийтлэлийг эрхгүй санадаг. Их үнэтэй олдсон гэдгийг л өөртөө сануулж байгаа хэрэг юм уу даа.

Friday, November 22, 2019

Matchbox Twenty - Bright Lights

Хамаг хайр чинь яваад өгөхөөр
Хонгор минь ээ
Хожим тулах зовлонгоос минь
Хэн намайг аврах билээ.
Саатаж үлдэхэд чинь хангалттай
Сайхан зүйл олж хараач,
Хурц гэрэл чамайг минь авахгүй гэвэл
Хонгор минь бушуухан эргэ
Эргээд гэртээ ирээч

Энэ Матчбокс Түэнти бас л гоё хамтлаг шүү. Зөндөө олон гоё дуутай. Энэ дуу, Bent, If you're gone гуравт нь бол ухаангүй дуртай.


Thursday, November 21, 2019

Гэй

Ютүбээр Фрэдди Меркүригийн дурсгалд зориулсан тоглолтын бичлэг үзэж суув. Элтон Жон "Шоу үргэлжлэх ёстой" гээд л дуулж өгч байна аа. Би:

- Энэ Элтон Жон дуулж байна.
- Аан нөгөө "Golden Circle" дээр гардаг.
- Аанхаа.
- Гэй гэл үү?
- Гэй.

Анни Лэннокс, Дэвид Боуи хоёр "Дарамтанд" дуулав.
- Энэ эмэгтэй нь күүл юм аа. Харин Дэвид Боуи sucks.
- Юүгсүгийн? Өдөөд байгаа юм уу?
- Өджийн.

Хэсэг байзнаад Жорж Майкл "Somebody to love" дуулав.

- Энэ Жорж Майкл. Нөгөө Last Christmas дуулдаг.
- Ямар?
- Яагаав нөгөө... гээд би аялав.
- Аан, мэдкүшт.
- Энэ бас гэй.
- Өө, тийм үү? Фрэдди гэй. Элтон Жон гэй. Энэ Жорж Майкл гэж. Өөр хэн гэй байна?
- Сам Смит.
- Айн?
- Сам Смит ээ.
- Аан. Вилл Смит гэж сонслоо шт.
- Үгүй, үгүй. Вилл Смитийн эхнэр эртээдийн кинонд тоглодог шт. Нөгөө ерөнхийлөгчийг алах гээд байдаг кинон дээр Холбооны Мөрдөх Товчооны агент болдог. Сүүлд алуулчдаг.
- Нөгөө хар уу? Тэр үхчдиймүү?
- Алуулчихсан.
- Аан.
...

Гээд байж байтал Аксл Роуз гараад ирэв. Цагаан шорттой. Жинсэн яак нөмгөн эгэлдрээд. Нөгөөх чинь хараад шоолж гарав.
- Энийг эмэгтэй хүн байна гэж харлаа шт.
- Аксл Роуз гэж дуучин л даа. ГанзнРоуз хамтлагийн дуучин.
- Ямар тэнэг бариу шорттой юм. Энэ бас гэй үү?
- Үгүй үгүй. Дандаа гэй гэж юу байсын.
- Ингэхэд дандаа гэй дуучин гэж байх юм, лесби дуучин байдаггүй юм уу?
- Мэдэхгүй. Одоогоор “Би лесби” гэж хэлсэн дуучныг би мэдэхгүй байна.
- Аан.

Манай гэрт өрнөдөг яриа нэг иймэрхүү.

#ЭнэрлэнгийнЯриа

Billy chip

Ер нь болж өгвөл эерэг, өөдрөг юм бичиж, тарааж байх хүсэлтэй явдаг хүн билээ би.

Сая харин энийг хараад өөрийн эрхгүй хуваалцмаар санагдав. 20 настайдаа мотоциклийн ослоор өөд болсон дүүгийнхээ дурсгалд зориулаад гэр бүлийнхэн нь ийм жетон гаргасан байна. Дээр нь өөд болохоосоо өмнө ээж рүүгээ бичсэн эцсийн үгийг бичсэн гэнэ.

Яаж ашиглах вэ гэхээр энэ жетоныг кофе шопоос худалдаж аваад хүнд бэлэг маягаар өгнө. Нөгөө хүн нь тэр жетоныг барьж энэ кофе шопт ирээд үнэд нь таарах умдааг захиалж уух гэх мэт. Яахав купон шиг л, гэхдээ ингээд харахад өөд болсон талийгчийнх нь тухай хүмүүс сайнаар дурсаж ярих шалтгаан болох ч юм шиг. Энэ залуу амьддаа их тусархуу хүн байсныг нь санагалзаж ийнхүү дурсаж байгаа гэнэ. Манайд ч бас нэг иймэрхүү туршлага нэвтрүүлбэл болохгүй гэх юм байхгүй л санагдаж байна.

Кофе шопуудад бас нэг түгээмэл үйлчилгээ байдаг нь илүү кофе авч "хүлээлгэнд" оруулах. Хэрэг болсон нэгэн орж ирээд "хүлээлгэнд" кофе байгаа бол авч уучихаад гараад явдаг гэхчлэн иймэрхүү бусдад хандсан үйлчилгээг дэлгэрүүлээсэй. Байдаг бол сурталчлаасай.

Сайн сайхан дэлгэрээсэй.


Tuesday, November 19, 2019

Үнсье, барья

Зүрхний андтайгаа "найз"-ласны 12 жилийн ой болж байгаа гэж фэйсбүүкээс сануулж байх юм. Өглөө харчихаад "Үнсье, барья" гэж бичих санаатай сууж байтал нөхөр өрсөөд мэссэнжэрээр мэнд хүргэчихлээ. Өрсүүлсэндээ шар хөдлөөд энэ постыг оруулж байна.

Өөр нэг зүрхний андтай гурвуулаа нэг удаа Зулзага явж билээ. Рэд хот чили пэппэрсийн энэ дууг сонсоод яг энэ эхлэл дээрх шиг нь л явж байхдаа их таашаалтай сонсож байснаа санагалзав. Үхтлээ инээж байснаа ч бас. Тэр аяллаас үлдсэн зургийг харж хааяа сайхан мишээдэг ээ.

Road trippin' with my two favorite allies
Fully loaded we got snacks and supplies
It's time to leave this town
It's time to steal away
Let's go get lost
Anywhere in the U.S.A.

Let's go get lost
Let's go get lost

Замд гарцгаая аа зүрхний хоёр андтайгаа
Зугаа болгох хүнс, зууш дүүрэн бэлдээстэй
Зайлъя энэ хотоос
Цаг нөхцөөе гадуур
Алга болоод өгье
Америкийн хаа ч юм

Алга болцгооё
Алга болцгооё

гэгээд л сайхан явж билээ.

Өө тийн бараг мартах шахлаа, "хайртай шүү, үнсье!"


Хүүхнүүд юу хэлэв?

Өнөөдөр “Эрцүүлийн өдөр” гэж хэд хэдэн газраас харлаа. Яг үнэн эсэхийг мэдэхгүй ч манай “Налчига тайлан”-гийнхан нэг ийм сурвалжлага бэлдсэнийг монголчлон хүргэж байна аа.

Эмэгтэйчүүд бүх хүмүүсийг зайл цаашаа гэжээ.

Хүүхэдтэй гаргахыг сонгосон, эсвэл гаргахгүй гэснийг нь, хүүхэд гаргаад ажилдаа эргэж орсныг нь эсвэл хүүхэд гаргасан учраас ажилдаа ороогүйг нь, дэндүү туранхай, дэндүү тарган, дэндүү дураараа, дэндүү бүрэг, дэндүү халуухан, хангалттай халуухан биш, эсвэл ерөөсөө амьд арзайж зүрхэлснийх нь төлөө элдвээр хэлж, шүүн хэлэлцээд байгаагаас нь залхсандаа эмэгтэйчүүд бүх хүмүүсийг зайлцгаа цаашаа хэмээсэн байна.

Нэтан Муир энэ талаарх сэтгэгдлийг судалж байгаа бөгөөд яагаад гэвэл энэ мэдээг мэдээлэхэд эрэгтэй хүн маш сайн тохирох юм байж л дээ.

Нэтан Муир: Хэрвээ та үтрээтэй бол хүмүүс таны хийсэн болгоныг хэлэлцэн шүүх эрхтэй, үтрээгээ яахыг тань хүртэл. Ямартаа ч саяхан болтол ийм байсан билээ. Би эдгээр эмэгтэй хүмүүсийн төлөөлөлтэй уулзсан ба эднийг “Хэлүүтирати” гэж хэн ч дуудаагүй бөгөөд тэдний уцаарлаад байгаагийнх нь учрыг асуусан юм.

Донна Шэрридан (олон үгтэй эмэгтэй): Хангалттай ш дээ. Юу гэх гээд байгааг чинь маш ойлгомжтой, та нарын зөв юм байна, бид хүссэн бүхнийг чинь хийе. Худлаа, худлаа, тоглосон юм. Зайлцгаа.

Миний хэлэх юм үүгээр дууслаа.


OK boomer!

Сүүлийн үед нэлээн түгээмэл хэрэглэгдэх болсон хэлцүүдийн нэг “OK boomer” гэдгээс үүдэн энэ бичвэрийг сийрүүлж байна аа. Сэтгэлгээ нь хоцрогдож хуучирсан, бусдыг ойлгох чадваргүй, голдуу ахмад үеийн нөхдийг шоглож шинэ үеийнхэн ийнхүү хэлдэг болсон байна. "Өвгөцүүлтэй яриад байх юм алга" гэсэн л утга юм уу даа. Жаахан доромж тал руугаа. Ямар үеийнхэн нь ямар үеийнхнээ шоолоод байгаа юм бэ? гэсэн асуултын дагуу гүүглдээд иймэрхүү мэдээлэл олсноо та бүхэнд бас хэрэг болуужин хэмээн ийнхүү хуваалцаж байна аа. Ер нь ч барууны хэвлэл мэдээлэлд энэ нэр томъёог түгээмэл хэрэглэдэг болсон тул товчхон ч атугай ийнхүү мэдээлэл өгсү.

Ерөнхийдөө барууныхныг доорх маягаар 7 үе болгон хувааж үзээд байгаа юм байна.

- Алдуул үе (The Lost Generation)
- Аугаа үе (The Greatest Generation)
- Аниргүй үе (The Silent Generation)
- Хүүхдийн давалгааныхан (Baby Boomers)
- Икс үе (Generation X)
- Мянганыхан (Generation Y, Millenials)
- Зэт үе (Generation Z, Gen Z)



Алдуул үе
Энэ үе нь Дэлхийн 1-р дайны дараа эхэлсэн үе. Алдуул гэдэг нь дайнаас амьд гарсан улс нийтээрээ дайны дараа “баримжаа үгүй, төөрсөн, хандах зүг чиггүй” байсан учраас бөөн эргэлзээ, балмагдлын дунд байсан гэсэн утгаараа оноосон нэр юм байна. 1920-иод оны үед Парист оршин сууж асан америкийн зохиолчид, урлагийнхан тухайн үеийг хоорондоо ийнхүү нэрлэн ярилцдаг байснаас үүдэн энэ нэршил тогтсон байна. Ялангуяа Эрнст Хэмингуэй 1926 оны “Нар бас мандав” романдаа “Та бүхэн бүгд алдуул үе” гэж бичсэнээр түгээмэл хэрэглэгдэх болсон байна. Энэ үеийнхэнд нь ихэвчлэн 1883-1900 оны хооронд төрсөн улсыг хамардаг. Хамгийн эцсийн төлөөлөгч нь болох Наби Тажима гэж хүн 2018 оны 4-р сарын 21-нд өөд болсноор уг үеийнхэн бүрэн дуусчээ.

Аугаа үе
Аугаа үеийнхэн нь 1900-аад оны эхнээс 1920-иод оны дунд болон сүүл хавь хүртэлх үеийг хамардаг. Энэ үеийг бас G.I. Generation (G.I. гэдэг нь G.I. of G.I. буюу Government Issue and General Issue гэсэн утгатай Америкийн цэргийнхний хэлц юм байна), Дэлхийн 2-р дайны үе гэхчлэн хэлдэг байна. Аугаа үеийнхэн бол Дэлхийн 2-р дайны шууд оролцогчид, мөн Америкийн их хямралын хүндийг үүрэгчид байжээ. Аугаа үеийнхэн гэдэг нэршил нь 1998 онд Америкийн сэтгүүлч Том Брокавын нийтлүүлсэн номын нэрээс эхтэй юм. Тус номд энэ үеийнхнийг Их хямрал, 2-р дайны үед насанд хүрцгээсэн ба нэр алдарт гарахын тулд биш хийх ёстой зөв юмны төлөө тулалдаж байсан хэмээн тодорхойлжээ. Тэдний үед радио, телефон зэрэг технологийн үсрэнгүй хөгжлүүд явагдсан ба хүмүүсийн тэгш бус орлого, эдийн засгийн хөгжил цэцэглэлт ч бас явагдсан байна.

Аниргүй үе
Энэ үед 1920-иод оны төгсгөлөөс 1940-өөд оны эхэн хавийнхан хамаарна. Энэ үеийн залуусаас гол цөм нь бүрдэж асан МакКарти ерөнхийлөгчийн үеийн залуус аливаа зүйлийг эсэргүүцэж дуу хоолойгоо илэрхийлэхээс ихээхэн айдаг байсан гэдэг. Аниргүй хэмээх нэршил нь яг хаанаас үүсэлтэй нь төдийлөн тодорхой биш бөгөөд хамгийн анх Time сэтгүүлийн 1951 оны 11-р сарын 5-ны дугаарын “Залуу үеийнхэн” хэмээх нийтлэлд “аниргүй үеийнхэн” гэсэн нэр томъёог ашигласан байна. Энэ үеийнхэн Солонгосын дайнд оролцсон гэдгээрээ тодорхойлогддог. Мөн энэ үеийн төлөөлөгчдийн тоо харьцангуй цөөн байдаг нь өмнөх том дайнууд, хямралаас болж айлууд цөөн хүүхэдтэй байдгаас болсон байна. Энэ үеийнхнийг бас “Азтай” гэж нэрлэх явдал байдаг гэнэ. Яагаад гэвэл яг дайн, хямралуудын дараа эдийн засаг сэргэж эхэлж байх үед насанд хүрч таарцгаасан болохоор. Мөн тэднийг Барууны ертөнц, Америк улсыг өөд нь татсан үеийнхэн гэж үздэг зарим улс ч бий гэнэ.

Хүүхдийн давалгааныхан
Манайхаар бол “Алтан гахай жилийнхэн” гэсэн ч болох юм уу. Нөхдийг 1946-1964 онуудын хооронд төрсөн улс бүрдүүлдэг байна. Баруун Европ, Хойд Америкийнханд бол энэ үе нь дайны дараах төрийн тусламжийн үрээр байр сууц, боловсрол мэдлэгээр түлхүү хангагдаж таарсан тул нэлээн эрх ямбатай үе гэгдэцгээдэг. Өмнөх үеийнхнээсээ биеийн эрүүл мэнд, идэвх зүтгэлээр хавьгүй илүү бөгөөд дэлхий дахины байдлыг цагийн эрхээр сайжирна гэсэн бат итгэлтэй өсөж торницгоосон. Энэ үед орлогын хэмжээ оргилдоо хүрсэн тул хүнс, хувцас хэрэглэл нэн арвин байсны хажуугаар тэтгэврийн, “дунд насны хямралын” гэх мэт дагуур бүтээгдэхүүнүүд хүртэл түгээмэл болж байсан. Өөрсдийгөө өмнөх болон дараагийн үеүдээсээ тэс өөр, онцгой үе гэж үзэх хандлагатай. (OK boomer!)

Икс үе
За энэ үеийнхэн нь болбаас 1960-аад оны дундаас 1980-аад оны дунд хүртэлх улсыг хамардаг юм байна аа. Үүнийг сийрүүлэгч би бол яг энэ үеийн хүн болж таарч байгаа юм. Нийгмийн үнэт зүйлс ихээр шилжин өөрчлөгдөж байх үед хүүхэд нас нь тохиож таарсан үе бөгөөд гэр бүл салалт газар авч, гэрээс гадуур хүүхэд асрах үйлчилгээ төдийлөн түгээгүй байсан учраас жирэмсэн эмэгтэйчүүд ихээр хөдөлмөр эрхэлж байсан үе юм. Залуу насандаа “МТВ үеийнхэн” гэгдэж байсан. 1990-ээд оны үеэр эднийг биеэ оторлогчид, их мэдэгчид, ойворгон улс гэхчлэн гоочлох явдал их байжээ. Икс үеийнхний соёл урлагт үзүүлсэн гол нөлөө нь бол гранж рок, хип хоп хөгжмүүд, мөн инди кинонууд. (яг энэ мөрийг бичиж байхдаа Гүү Гүү Доллс хамтлагийн Айрис дууг сонсож суулаа) Харин судалгаагаар тэднийг дунд насандаа ирээд нэлээн идэвхтэй, ажил амьдралын тэнцвэрийг гайгүй сайн олсон улс байна гэдгийг тогтоосон байна. Бизнест овоо нүдтэй улс гэж энэ үеийнхнийг тодорхойлжээ.

Мянганыхан
Мянганыхан буюу заримдаа Игрэг үеийнхэн гэгдэх үе нь Икс болон Зэт үеийнхний дунд талын нөхөд юм аа. 1980-аад оны эхэн хэсгээс 90-ээд оны сүүл шинэ мянганы эхэн хавийнхныг энэ бүлэгт хамаатуулан тоолдог ба нийтээр 1981-1996 оныхныг мянганыхан гэж үзэх нь түгээмэл ажээ. Тэднийг заримдаа “давалгааныхны цуурай” гэх ба энэ нь юуны өмнө тухайн үед төрөлтийн зэрэг огцом ихэссэнээс болсон, бас нөгөөтэйгүүр хүүхдийн давалгааны үеийнхний хүүхдүүд гэдгээрээ ч бас ийнхүү нэрлэгддэг. Энэ үеийнхний түгээмэл шинж нь яг мэдээллийн технологийн эрин үед насанд хүрч таараад, элдэв тоон технологи, нийгмийн цахим сүлжээг төвөггүй хэрэглэж чаддагт оршино. Энэ үеийнхнийг бас “Би үеийнхэн” гэж тодорхойлох нь бий. Биеэ ихэд тоох, ихэрхүү нарциссист зан авир түгээмэл гаргадаг болохоор тэр гэнэ.

Зэт үе
Товчлоод ЖэнЗи гэж дууддаг. Ерөнхийдөө 1990-ээд оны сүүлээр төрсөн улсыг энэ үеийнхэн гэж үзэж байгаа. Маш залуугаасаа тоон технологи, интернэт, нийгмийн цахим сүлжээг ашиглаж сурсан гэхчлэн энэ үеийг тодорхойлдог. Экономист сэтгүүлд энэ үеийнхнийг өмнөх үеүдээс илүү их сурч боловсорсон, илүү зан сайтайн дээр илүү стресс, сэтгэл гутралтай хэмээн тодорхойлсон байдаг.

Энэ дээр бичсэн бүхэн Баруун Европ болон Хойд Америкийнхнийг ерөнхийд нь томъёолсон үеүд бөгөөд эхний хэд нь манай монголчуудын хувьд төдийлөн хамааралгүй байх магадлалтай. Гэхдээ Мянганыхан юм уу эсвэл Икс үеийнхнээс эхлээд угаасаа дэлхий хавтгайраад явчихсан учраас нэлээн дөхөмцүү байж мэдэх юм шиг санагдлаа. Яахав дэлгэрүүлж унших сонирхолтой хүмүүс эх сурвалжаас нь орж харна биз.

Энэ бичсэнтэйгээ холбоод сонирхуулахад нэг нийтлэл дээр яг одоо Хонконгод өрнөж байгаа тэмцлийн утга учрыг тус хотын удирдлагын дээд түвшинд байгаа улс огт ойлгохгүй, сэтгэл нийлэхгүй харин ч гайхаад байгааг нь энэ үеийн ялгаагаар тайлбарласан байна билээ. Нийтлэлд өгүүлснээр бол удирдлагад байгаа нөхөд давалгааныхан бөгөөд тэмцэгчдийн гол цөмийнхөн нь мянганыхан буюу миллениалууд байгаа юм. Сонирхсон улс энэ талаар нэмж уншиж болно.

Википедиагийн энэ нийтлэл дээрээс хураангуйлан бантагнасан Цогоо
https://en.wikipedia.org/wiki/Generation

Зургийг өөрөө үйлдэв.

Thursday, November 14, 2019

God save the queen



Английн шигшээгийн тоглолт үзэх гэж буй бололтой. Би нэг хэдэн фантай гаднаас орж ирэв. Нэг нь нэг тийм гудамжинд түрээд явдаг явуулын хотдог хийдэг шиг юм түрээд явж байна. Дээр нь бүүмбокс энэ тэр байрлуулсан. Нөхрийн нэрийг МD гэдэг гэнэ. Түрж байгаа юман дээр нь “Maybe D…” гээд нэрийг нь биччихсэн болохоор түүний нэрийг тэр гэж мэдээд байх шиг байгаа юм. Бүүмбоксоороо янз бүрийн чаантууд явуулаад л. Хүмүүс дагаж дуулж бариад л. Үзэгчдийн дундаас нэг нь нөхөр лүү хандаад асууж байна. Кокни аялгаар.

- Oi, MD! Mate, have you got the lineup?
- No, sorry, I don’t know the lineup.

Гээд ярилцаж байтал гэнэт God save the queen явж эхлэв ээ. Британийн төрийн дуулал болохоор цэнгэлдэх дүүрэн хүн дэрхийтэл босцгоогоод гараа элгэндээ бариад л дагаад дуулж өгч байна аа. Сонсоод байсан чинь үг нь нэг л биш ээ. “Our oil interests in Uzbekistan and Tajikistan are...”, “Лүли лүли лүли” гэхчлэн шааал далий үг тууж явах юм. Ийм үг баймааргүй юм гэж бодоод МD рүү хартал мань хүн тэнд татаж унаж байна. Би хүмүүст хэлэв.

- Хөөе, тануус худлаа юман дээр босоод байгаа юм биш үү?

Хүмүүс арай гэж нэг юм хуурамч төрийн дууллыг анзаарсан бололтой буцаад сууцгааж байна. Хөгжим ч дуугүй болов. Бүгд суудал руугаа буцаж байтал дахиад л God Dave the queen гээд эхэлж байна. Хажууд байсан ах хүү (түрүүн MD-гээс гарааны бүрэлдэхүүн асуугаад байсан) ахиад л өндөлзөөд босч ирж байх юм.

- Өө you’re hopelessly programmed, - гэж би түүнийг шоолж байна. Нөгөө муу МD л хүмүүсээр зугаацаад байсан хэрэг шүү дээ. Би бодов. “Энэ бараг дэлхийн хамгийн олон хүн оролцсон дөнгөлт болсон байх аа. Вэмбли чинь 90 мянган хүний суудалтай даа” гээд каадр хаагдаж байна.

Tuesday, November 05, 2019

бэлгийн тохуурхал

Оюу Толгойн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйнхны зааварчилгаа дээр sexual harassment гэдэг үгийг "бэлгийн тохуурхал" гэж орчуулсан байна гээд тухайн үедээ хөхөрцгөөж байж билээ. Тохуурхаад байхдаа яахав дээ энэ тэр гээд. Гэхдээ л тэнд байгаа бүх ажилчид энэ талаар мэдээлэлтэй, болох болохгүйн заагийг ойлгочихсон л байдаг байсан. Манай улсын "захын хар овоохой" болсон Оюу Толгой уг нь энэ мэтээр ажилчдаа нийгмийн боловсрол, хотын соёлд сургаад явдаг. Одоо харин энэ боловсролыг улсын хэмжээгээр эзэмшүүлмээр байна аа. Үндсэн хуулийн цэцийнх нь хамаг том дарга ингээд айлын онгоцоор зүгээр нисч чадахгүй үйлчлэгчийг нь “тохуурхаад” яваа нь энэ талын боловсрол хэр түвшинд байгааг харуулж байгаа хэрэг. “МИАТ-ийн онгоцонд энэ явдал болсон бол...” гэсэн сэдэвтэй яриа ч бас зөндөө яваад амжсан. Өнөөх л хохирогчийг буруутгаж хэргийг намжаадаг явдал. Хөх бөгсгүй солонгос хүүхний юунд нь болж гэхчлэн асуудлыг дүйвүүлж гэмтнийг анхаарлаас зайлуулж байна. Манайхны дунд байдаг нэг муу зан бий. Шогийн мэдрэмж ухааныг илэрхийлдэг гэж ярьдгийг шууд утгаар нь ойлгодог болохоор юм болгоны инээдтэй талыг дөвийлгөж, өөрийн ухааныг харуулах дуртай. Уг нь ухаантай хүн бол хэдийд маазрах, хэдийд шүүмжлэхээ мэддэг байх ёстой юм л даа. Асуудал шийдэгдэх яагаа ч үгүй байхад маазарч, элдэв мийм хийж гаргасаар байгаад эрчийг нь алдуулж замхруулах явдал маш түгээмэл. Бараг албаар тэгээд байгаа ч юм болов уу гэж хардахаар. Харин энд яриад байгаа бэлгийн тохуурхлын асуудал бол тоглоом биш. Манай хуулинд уг нь бэлгийн дарамт, хүчингийн хэргийн тухай заалтууд байсан ч “Дараа нь Зөрчлийн тухай хуулинд оруулна” гэж тайлбарлаад хассаныхаа дараа нөгөө хуулиндаа оруулахаа “мартчихсан” гэж Мэргэн дүүгийн нэг постноос дээхэн уншиж байсан. Тэгэхээр энэ төрлийн асуудал манай улсын газар нутагт өрнөх юм бол шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй болж таарах нь уу? Одоо энэ явдлаар дөрөө хийж энэ талын зохицуулалтуудаа цэгцэлж авмаар юм биш үү? Тэр чиглэлд тэмцэх хэрэгтэй юм шиг санагдах юм.



Дашрамд дурдахад нөхрийг одоо хүмүүс өмөөрөөд эхэлсэн байна билээ. Яг халуун дээр нь өмөөрвөл нөгөө хүндээ хортой тул хэд хоног харзнаж, “ухаантай” хүмүүсийн маазраагаар тайвшруулж байгаад алгуурхан ганц нэг хүнээр өмөөрүүлж эхэлдэг нэг тийм тактик аль дээрээс хойш л харагдаад байгаа даа. Уг нь ийм тактикийг нь сөргүүлээд л баймаар байгаа юм л даа.