Өчигдөр шөнө зүүдэлж байна аа. Нэг нөхөртэй чулуугаар байлдаж байх юм. Миний цэцэн мэргэн гэж хэлэх юм биш. Газраас чулуу аваад л шидэх юм. Чулуу нь замдаа байгаа хаалга, цонхны сиймхий чөлөөгөөр сүнгэнэтэл нисч очоод л нөгөө нөхрийн цохон дээр буух. Тойрч гүйлдээд л шидээд л. Нөгөөх сүүлдээ зугтаж нуугдах оролдлого хийж эхэлж байна. Бараа нь харагдахгүй байсан ч хаана байгааг нь баримжаалж байгаад л чулуугаа хөөргөхөөр яая аа гээд л нөгөө муу маань орилно. Миний онгироо хөөрүү гэж арай дэндүү, зүгээр л газраас атгаж аваад л шидээд, давшаад явах юм. Тэгээд нэг суун тусаад газраас чулуу аваад шидлээ гэсэн чинь бөөн пэрц, карри атгаад цацчихав. Агаарт нунтаг халуу ногоо пургиад, хамар ам руу орж хахаж цацаад балрахыг шахаад дараагийн зүүд рүүгээ орсон доо.
Эндээс сургамж болох зүйл юу вэ хэмээвээс, онгирч болохгүй юм байна. Чулуу шидмээр байгаа бол чулуугаа л шидүүштэй. Гар хөл доорхоо сайн харж бай.
Өчигдөр харих замдаа "Indian curry" гэсэн гунзаны хажуугаар явж өнгөрснөөс болов уу хэмээн бодож байна. "Монгол хорхог" гэсэн газрын хажуугаар өнгөрсөн бол халуун чулуу шидэж байж шүү дээ.
No comments:
Post a Comment