Friday, August 30, 2019

Эрик Кантона ийн өгүүлэв

УЕФА-гийн ерөнхийлөгчийн шагнал гардахдаа Юнайтедын домогт франц тоглогч Эрик Кантона ийн өгүүлэв. Лир вангаас эш татаж ирээд л сүртэй чаасан даа. Сонсоод бантагнахаас өөр аргагүй болов.

- Та юу бодож байна вэ?
- Дэггүй хөвүүд ялаа нядлах мэт бурхдын хувьд бид зугаа төдий ажгуу. Их удахгүй шинжлэх ухааны ачаад бид эсийн хөгшрөхийг удаашруулж чаддаг болоод зогсохгүй, шинжлэх ухаанаар эсийг тодорхой төлөвт барьж чаддаг болно. Тэр үед бид үхэшгүй болно. Гэхдээ гэнэтийн осол, гэмт хэрэг, дайн тулаан л биднийг алдаг хэвээрээ байна. Харамсалтай нь гэмт хэрэг, дайн тулаан улам өснө. Би хөлбөмбөгт хайртай. Баярлалаа.


Thursday, August 29, 2019

Nostalgia

Халх голын дайны ой болж байгаа энэ цаг үед "Ахмад дайчин" нагац ааваа дурсан сууна даа. 1945 оны чөлөөлөх дайнд оролцохоор баруун хязгаараас дорно зүг хийсэн Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 6 дугаар морьт дивизийн морин марш болбоос Чингис хааны үеэс хойшх монгол цэргийн хамгийн том хэмжээний морин марш байсан гэж ярьдаг байж билээ. Яг тулаанд бол оролцож амжаагүй л гэдэг юм. "Байлдах гээд явсаар байгаад арай хийж очтол дайн дуусчихсан" гээд инээж байсансан. Хихихи гээд их доогтой инээдэг нь их хөгжилтэй санагддаг байж билээ. Яг тулаанд оролцоогүй болохоор тэгсэн үү анхандаа "Ахмад дайчин" өгөөгүй байж байгаад нэлээн сүүлд өгсөн. "Байлдаагүй хүнд өгдөг нь яаж байгаам бол" гээд инээж байсан юмдаг. Шархадны чиглэлд өвөөгөөс гадна хоёр ч бил үү ахмад дайчин явдаг. Тэгээд нэг нь харагдахаа байчихсан чинь "Хөөрхий үхчихсэн юм болов уу даа" гээд үгүйлэнгүй ярьж байсан.

Мануусыг нэлээн том болсон хойно том нагац ахыг "Ахмад дайчин" гэсэн медалиар шагнадаг юм. Уг нь ч хөөрхий насаараа цэргийн байгууллагад ажиллаж, ангийн захирагч хүртэл хийж байсан хурандаа цолтой том хүн л дээ. Өвөө гуай шоолоод байгаа юм. "Чөлөөлөх дайны үеэр сураг ч үгүй байсан хүн шүү дээ" гээд л хихихи инээх. Нагац аав минь гэж их шооч хүн байлаа даа. Ер нь хоёр өвөө маань хоёулаа л сүрхий шооч хүн байсан юм байна шүү, одоо ингээд бодоход. Хөгшин аав гэхэд залуудаа хэдэн найзтайгаа нийлээд нэг нөхрөө барьж аваад морин дээр нь буруу харуулж мордуулж ганзагаар нь даруулаад, гарыг нь ард нь хүлэнгүүтээ ташуурдчихаж байсан гэдэг юм. Нөгөөх нь зайлуул хэр удаж байж гэртээ харьсан юм байгаам бүү мэд. Юу бодогдож байсан бол доо гэхээс л инээд хүрээд байдаг. Эр улсын тоглоом хатуу гэдэг л энэ байх даа. Хүн дамшиглаж, шоолох дуртай зан маань энэ хоёр хүнээс л угшилтай бололтой гэж.

Monday, August 26, 2019

Bishop Briggs - "River"

Бишоп Бриггс гэж дуучны энэ их хөөрхөн дуу юм. Саяхнаас хальт сонсож үзэв. 

Дахилт нь:

Shut your mouth, baby stand and deliver
Holy hands, oh they make me a sinner
Like a river, like a river
Shut your mouth and run me like a river

Choke this love till the veins start to shiver
One last breath till the tears start to wither
Like a river, like a river
Shut your mouth and run me like a river

Монголчилбоос:

бүү чалч, хонгор минь
босч зогсоод, болго
ариухан гараараа намайг
аяа, нүгэлтэн болгоод орхи
олныг эс өгүүлэн намайг
урсгаад орхи, яг л гол мэт

энэ дурлалыг базаж атгаад
эс ширхэгийг нь чивчиртэл боогооч
энэ нулимс эгштэл
эцсийн амьсгал сарнитал
олныг эс өгүүлэн намайг
урсгаад орхи, яг л гол мэт




Saturday, August 10, 2019

twenty one pilots - Stressed Out

Аймаар том болохоор
Айдас бүхэн ширгэнэ гэсэн
Би гэтэл гөлгөнөсөн хэвээр
Бусдын бодлыг сонссон хэвээр

Бүрзгэр царайт гэж намайг дууддаг
Бусдаас би хараат явдаг
Бүрзгэр царайт гэж намайг дууддаг
Бусдаас би хараат явдаг

Ухрааж болдогсон ч болоосой цагийг
Эртний сайхан үе руу буцаагаад
Унттал минь ээж дуу аялаад л
Бухимдаад сууж байна гэтэл би ингээд


Friday, August 09, 2019

За нөхдөд шинэ жилийн мэнд хүргэе ээ!

Мануусын шинэ жил жил бүрийн 8 дугаар сард эхлээд хойд оных нь 5 дугаар сард дуусдаг бөлгөө. Шинэ оны мэндийг дэвшүүлээд урд жилүүдэд Арсеналын олон сайхан тоглогч нарын хийж байсан гайхамшигтай сайхан гоолуудаар нүд, сэтгэлээ баясгана уу хэмээн энэ бичлэгийг таны таалалд өргөж байна аа.

3:53 минутаас эхэлж байгаа хэсгийг эрхэм дүү Хиандр Овогт Батбаярын Нямхишигт зориулсугай.


Thursday, August 08, 2019

The Wallflowers - One Headlight

Дуртай дуунуудынхаа нэгийнх нь гоё бадгийг монголчлох гэж оролдов. Сайхан дуу шүү.

Хөгцөрч муудсан энэ газар
Хэмхэрч бутарсан хуучин тэрэг шиг
Хөдөлгөж асаах юу ч үгүй
Хямд дарс, тамхи ханхлуулсан
Хөсрийн энэ газар үргэлж л хөглөрүү
Хааяа шатаачихмаар ч юм шиг санагдаад.
Цаг үргэлж ганцаардсаар, би,
Би биш ч юм шиг
Өөрчлөгдөж гавьсан юм үгүй ч
Өмнөхөөсөө тэс ондоо, би.
Үрэгдэн буй хүсэл мөрөөдлийн
Хана хэрэм дунд хаа нэгтээ
Үхлийн тухай би бодно
Хороож барна, намайг.

Хөөе, хөөе, хөөе
Жаахан ч атугай оролдоод үзээч
Үүрдийн юм гэж үгүй сэн
Дутуу гацуугаас дээр юм
Хаа нэгтээ байж л таараа
Үнсгэлжин бид хоёр хамтдаа
Баглаж бүгдийг нь нийлүүлээд
Гэрээ зориод явна
Ганц гэрлээ асаагаад.