Friday, July 19, 2019

ХАЛАМЖТАЙ НӨХӨР


Олон арван жил хамтдаа сайхан амьдарсан эхнэр нөхөр хоёр байж гэнэ ээ. Нөхөр нь ойрноос гэргийгээ урьдынх шигээ сайн сонсохгүй байна уу даа гэж бодох болж. Сонсголыг нь дэмнэх эмчилгээ ч юм уу хэрэг болох вий гэж санаа зововч яг хэлэх дээрээ тулмагц яахаа мэдсэнгүй. Ингээд тэднийхнийг үздэг эмч дээр очоод зөвлөгөө хүсчээ. Санаа нь зовсон нөхөрт эмч их энгийн арга зааж өгөв. Гэргийгээсээ холхон зогсож байгаад энгийн яриандаа ярьдаг шигээ чангаар юм хэлээд үз, сонсож байна уу үгүй юу. Сонсохгүй байвал жаахан дөхөж байгаад ахиад нэг хэлээд үз. Тэгээд сонсохгүй бол багахан дөхөөд гэхчлэн үзээд их ойртоод байвал сонсголын төхөөрөмж хэрэгтэй болсон гэж үзнэ хэмээжээ.

Маргаадар нь нөхөр гэргийгээ галын өрөөнд хоол хийж байхыг нь хараад эмчийн зөвлөгөөг хэрэгжүүлж үзэхээр шийдлээ. Холхон зогсож байгаад:

- Хонгор минь ээ, оройн хоолонд юу байгаа билээ? – гэж асуув. Хариу алга. Ахиад жаахан ойртоод:
- Хонгор минь ээ, оройн хоолонд юу байгаа билээ? – гэлээ. Бас л чимээгүй. Энэ мэтээр жаахан дөхөх болгондоо асуух боловч гэргий нь ерөөсөө хариу дугарсангүй. Нөхрийн сэтгэл үймэрч гүйцэв. Хөөрхий гэргийнх нь сонсгол үнэхээр муудсан бололтой. Яг ард нь алхаж очоод:
- Хонгор минь дээ, оройн хоолонд юу хийж байна даа? – хэмээн аядуухан асуувал, эхнэр нь ихэд бухимдсан өнгөөр:

- Тав дахь удаагаа хариулъя, ТАХИА мэдэв үү, тахиа. – хэмээн загнажээ.

Бусдыг асуудалтай гэж бодоод шийдэл хайж байтал өөрөө асуудал байх нь бас бий шүү. Сайн бодоорой л гэмээр байна даа.

Бантагнасан: Цогоо
2019.07.19

Эх сурвалж: https://alltimeshortstories.com/concerned-husband-funny/

Зургийн эх сурвалж: https://www.stickers-factory.com/angry-chicken-stickers-sticker-13052.html

No comments: