Monday, July 29, 2019

Жорлонгийн тухай

Орцонд, лифтэнд яадгаараа дуудуулан үйлээ үзэж байгаа нөхдийн тухай постуудыг хөндлөнгөөс "Болж муу хогнууд, хүртэх ёстойгоо хүртэж байгаа нь тэр" гэж муулан унших зуур бас өөр нэгэн бодол төрснийг ийнхүү сийрүүлье ээ.

Улсын ярилцах нь энэ Солонгос улс хичнээн ч жилийн өмнө юмб дээ бас л баас шээсэндээ хутгалдсан байсан юм гэнэ билээ. Гудамж талбай, булан тохойгоор нь өтгөн шингэн дүүрсэн юм байх. Асуудлыг бол амархан л шийдсэн юм билээ. Нэгдүгээр давхрын албан байгууллагуудын жорлонг нийтэд нээлттэй байлгахыг шаардсан юм байна. Хэн ч орж ирээд "жорлон хаана байна" гэхэд шууд л тэнд гээд зааж өгөөд оруулах ёстой. Оруулахгүй гэж татгалзсан газрыг шургаад торгуулж болдог ч гэл үү дээ. Одоо бол гудамжинд нус цэр л гэхээс биш өтгөн шингэн бол харагдахгүй шүү.

Харьцуулан бодоход манай Монголд нэгдүгээр давхрын хамаг байгууллагуудын жорлон тас хаалттай. Яахав ахыг орцонд баасныг өмөөрөх гэсэнгүй л дээ. Зүгээр л цаад шалтгааныг нь л өнгөцхөн бодоод л. Байгаа газрынхаа сайн сайхныг нь Монголдоо буулгах юмсан гэж хааяа боддымөө.


Saturday, July 27, 2019

Rag'n'Bone Man - Skin

Ер нь л сонсох бүр улам дотогшилдог сайхан дуу юм аа.

Тэр чимээг сонсох үед
Туурга хана нурж эхлэхэд
Чамайг би бодож байлаа
Чиний тухай

Хөдөрсөн арьс минь хөгширч
Хөрсөн амьсгал минь гүйцэх цагт
Чамайг л би бодох болно
Чиний тухай


Thursday, July 25, 2019

Рутгер Хауэр төрлөө арилжжээ

Рутгер Хауэр төрлөө арилжжээ. 1982 оны БлэйдРаннерын төгсгөлийн энэ хэсгээр л төсөөлөгдөөд байдаг юм. Сөрөг голдуу дүрээр л үлдэж дээ.

"Хүмүүс та нарын итгэж ч чадахгүй олон зүйлсийг би үзсэн. Довтлох хөлгүүд Орионы мөргөцгийн тэрүүхэнд дүрэлзтэл шатаж байлаа. Таннхаузерийн хаалганы тэрүүхэнтэй түнэр харанхуйд с-цацраг гялалзаж байхыг ч би харсан. Тэр бүх агшнууд цаг хугацаанд үрэгдэж одно. Яг л бороонд урсах нулимс шиг. Үхэх цаг боллоо."


Friday, July 19, 2019

ХАЛАМЖТАЙ НӨХӨР


Олон арван жил хамтдаа сайхан амьдарсан эхнэр нөхөр хоёр байж гэнэ ээ. Нөхөр нь ойрноос гэргийгээ урьдынх шигээ сайн сонсохгүй байна уу даа гэж бодох болж. Сонсголыг нь дэмнэх эмчилгээ ч юм уу хэрэг болох вий гэж санаа зововч яг хэлэх дээрээ тулмагц яахаа мэдсэнгүй. Ингээд тэднийхнийг үздэг эмч дээр очоод зөвлөгөө хүсчээ. Санаа нь зовсон нөхөрт эмч их энгийн арга зааж өгөв. Гэргийгээсээ холхон зогсож байгаад энгийн яриандаа ярьдаг шигээ чангаар юм хэлээд үз, сонсож байна уу үгүй юу. Сонсохгүй байвал жаахан дөхөж байгаад ахиад нэг хэлээд үз. Тэгээд сонсохгүй бол багахан дөхөөд гэхчлэн үзээд их ойртоод байвал сонсголын төхөөрөмж хэрэгтэй болсон гэж үзнэ хэмээжээ.

Маргаадар нь нөхөр гэргийгээ галын өрөөнд хоол хийж байхыг нь хараад эмчийн зөвлөгөөг хэрэгжүүлж үзэхээр шийдлээ. Холхон зогсож байгаад:

- Хонгор минь ээ, оройн хоолонд юу байгаа билээ? – гэж асуув. Хариу алга. Ахиад жаахан ойртоод:
- Хонгор минь ээ, оройн хоолонд юу байгаа билээ? – гэлээ. Бас л чимээгүй. Энэ мэтээр жаахан дөхөх болгондоо асуух боловч гэргий нь ерөөсөө хариу дугарсангүй. Нөхрийн сэтгэл үймэрч гүйцэв. Хөөрхий гэргийнх нь сонсгол үнэхээр муудсан бололтой. Яг ард нь алхаж очоод:
- Хонгор минь дээ, оройн хоолонд юу хийж байна даа? – хэмээн аядуухан асуувал, эхнэр нь ихэд бухимдсан өнгөөр:

- Тав дахь удаагаа хариулъя, ТАХИА мэдэв үү, тахиа. – хэмээн загнажээ.

Бусдыг асуудалтай гэж бодоод шийдэл хайж байтал өөрөө асуудал байх нь бас бий шүү. Сайн бодоорой л гэмээр байна даа.

Бантагнасан: Цогоо
2019.07.19

Эх сурвалж: https://alltimeshortstories.com/concerned-husband-funny/

Зургийн эх сурвалж: https://www.stickers-factory.com/angry-chicken-stickers-sticker-13052.html

Monday, July 01, 2019

ТАВТАЙ НОЙРСООРОЙ, САР АА

Хаалганд хадаас
Хаяанд шил
Шалаар тараасан
Шовх зүү, бас
Асаалттай зурагт
Би чиний эзгүйд
Буу агсан унтдаг.
Орны дэргэд ирт мэс
Атгасан гарт минь харилцуур утас
Шалан дээр нохойгоо хэвтүүлж
Тавиур дээр мөнгө зэхээстэй.
Цор ганцаар ахуйд зүүд хүртэл ирэхгүй
Зовж байна би, тэвчих арга алга.

Яалтай ч билээ би, ердөө л жаахан охин
Яах билээ, гэрэл бөхөж харанхуй нөмрөхөд,
Гэнэт сэвших салхи, гиншиж эхлэв үү
Гэр лүү минь дагасан тэр хүн гадаа ирэв үү.

Сар минь, амгалан нойрсооч,
Нарыг би одоо хүснэм
Яг өдийд л мандахгүй бол
Яалт ч үгүй би өнгөрчээ.
Сарыг бушуухан эс үдвээс
Саатах юмгүй цаг минь дуусаа.

Усан санд аварга загас
Урдах модонд чөтгөр шуламс
Гаж донтой хөршийн өвгөн
Ганихарч намайг байнга ажина.
Хөлийн чимээ хонгилд дугарах шиг
Орны хөндийд юу ч юм байх шиг
Гадаах бут руу гүйгээд орчихов уу
Цонхны цаадах тавцан дээр
Цомцойгоод сууж байна том хар хэрээ
Ханын цаанаас хэн нэгний
Хумсаараа маажих зэвүүн чимээ

Яалтай ч билээ би, ердөө л жаахан охин
Яах билээ, гэрэл бөхөж харанхуй нөмрөхөд,
Гэнэт сэвших салхи, гиншиж эхлэв үү
Гэр лүү минь дагасан тэр хүн гадаа ирэв үү.

Сар минь, амгалан нойрсооч,
Нарыг би одоо хүснэм
Яг өдийд л мандахгүй бол
Яалт ч үгүй би өнгөрчээ.
Сарыг бушуухан эс үдвээс
Саатах юмгүй цаг минь дуусаа.

Тэртээ дээр гарсан чи минь
Танхил намайгаа яаж аврах вэ?
Тийшээ намайг аваачхаар
Түнэр харанхуй айсуй
Хомхой амаа ангайсаар
Ор луу минь зүтгэж
Нүүрийг минь үнсэвч
Гарыг минь иднэ.

Яалтай ч билээ би, ердөө л жаахан охин
Яах билээ, гэрэл бөхөж харанхуй нөмрөхөд,
Гэнэт сэвших салхи, гиншиж эхлэв үү
Гэр лүү минь дагасан тэр хүн гадаа ирэв үү.

Сар минь, амгалан нойрсооч,
Нарыг би одоо хүснэм
Яг өдийд л мандахгүй бол
Яалт ч үгүй би өнгөрчээ.
Сарыг бушуухан эс үдвээс
Саатах юмгүй цаг минь дуусаа.

Сарыг бушуухан эс үдвээс
Саатах юмгүй цаг минь дуусаа.
Сарыг бушуухан эс үдвээс
Саатах юмгүй цаг минь дуусаа.