Wednesday, December 05, 2018

КИНО СОНИРХОН ҮЗЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ



Ойрмогхон хэд хэдэн монгол кино харлаа. Уг нь харагдах байдал юм хум нь их гоё болжээ. Улаанбаатар ч сайхан харагдах юм. Гэхдээ л үзээд дуусахад урам хугарах нь их юм аа. Харилцан яриа, жүжиглэлт зэрэг мэдээжийн яриануудыг орхиод өөрт бодогдож явдаг зарим юмыг хэлье л дээ. Би зүгээр л үзэгчийн хувиар хувийн бодлоо хэлж байгаа гэдгийг бодолцон үзнэ үү.

Уран бүтээлч нар ямар сэдэв барьж, сэтгэлийн дуудлагаараа ямар кино хийх нь тэр улсын өөрсдийн асуудал мөн хэдий ч бас нэг том зургаа харвал их сайхан гэгээтэй юм хийж баймаар байна аа. Амьдралд болж бүтэхгүй юм байгаа нь үнэн, ядуу байгаа нь үнэн, архидан согтуурах явдал газар авсан нь үнэн, орон гэрийн хүчирхийлэл байгаа, салах нийлэх сүүлрэх явалдах явдал байдаг нь үнэн. Гэхдээ тэр болгоныг нэгд нэгэнгүй харуулах хэрэг байдаг ч юм уу. Гэр бүлийн нандин холбоотой, хүчтэй гэр бүлийг харуулахын тулд заавал аль нэгийг нь сорилтод оруулах албагүй л дээ. Хамтдаа бэрхшээлийг сөрж байгаагаар харуулж болно шүү дээ. Сэтгэлийн хаттай, хүчирхэг эмэгтэй хүнийг харуулахын тулд заавал өөр хэн нэгнийг муу хүн болгож харуулах шаардлага ч байхгүй гэж боддог. Хүчирхийлүүлж зовж байгаа, тэгээд тэрнийгээ ялан дийлж байгаа хүнийг харуулахдаа ихэвчлэн үйлдлийг нь шууд харуулах, тэгээд ялан дийлж байгааг нь ч бас яг эргээд нөгөө хүнд нь хүч хэрэглэж байгаагаар харуулдаг нь миний бодлоор тун буруу. Тэрийг үзсэн хүүхдийн сэтгэлд юу буух вэ? “Хүнийг ингэж хүчирхийлдэг юм байна. Эргүүлээд тэр хүнийг хүчирхийлж өшөөгөө авах нь зөв юм байна” гэсэн далд илгээмж үзэгчдэд очно шүү дээ. Ерөөсөө л хэрхэн хүчирхийлэл үйлдэх вэ гэсэн гарын авлага, сурах бичиг л болно.

Манайхан нэг гоё том том төсөл хэрэгжүүлмээр байна шдээ. Монгол хүн дэлхийг аварч байгаа маягийн ч юм уу, эсвэл ирээдүй рүү аялж байгаа ч юм уу. Яг ямар сэдэвтэй нь хамаагүй ч үзсэн хүн ирээдүйн талаар сайхан бодолтой үлдэх, хүүхдүүд “би том болоод ийм хүн болно оо” гэж бодогдохуйц нэг тиймэрхүү кинонууд хиймээр байна шүү дээ. Охин маань кино үзэх их дуртай. Ялангуяа ид шид, уран зөгнөлт чиглэлийн кинонуудад бүр дуртай. Үзэхээрээ “би Хэрмайони болно” эсвэл “Би Галадриэл” гэх мэтээр дүрүүдэд өөрийгөө оноож үздэг. Монгол кино үзэх дургүй. Үзэхээрээ ямар нэг дүр өмчилж авдаггүй.

Манайхан уран бүтээлч хүмүүсийг нийгмийн “соён гэгээрүүлэгчид” гэж хүндэтгэн үздэг байсан. Одоогоор бол манай хэд “улам бухимдуулагчид” болчихоод л байна. Сайхан юм хий л дээ. Дашрамд хэлэхэд, уйлуулсан болгон сайн бүтээл биш. “Сайхан кино болжээ. Зөндөө уйллаа” бол магтаал биш шүү. Муу кино үзээд “арай ч дээ” гэж сэтгэл шимшрэн уйлах үе байдаг.

Ингээд биччихсэн хойноо харсан чинь энэ сэтгэгдэл зөвхөн киноны бүтээлчдээр хязгаарлагдахгүй бололтой санагдаад явчихлаа.

Зургийг эх сурвалж: интернэтээс (http://www.indiaeducation.net/careercenter/masscommunication/film-making/)

No comments: