Thursday, December 06, 2018

Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл

ХИС-ийн Сэтгүүлзүй, медиа технологийн тэнхимийн 2-р ангийн оюутан Н.Энхтэнгэр "БУРХНААС ГУЙСАН НҮГЭЛТЭЙ ХҮСЭЛ" хэмээх бүтээлээрээ "Алтан үзэг" сэтгүүл зүйн оюутны улсын наадмын тэргүүн шагналыг хүртжээ.

Түүнийг нь сая уншаад эмзэглэв, самсаа шархирав. Ийм амьдралыг өнөөдөр ч туулж байж мэдэх олон хүүхдүүдийг бодож сэтгэл өвдлөө. Аминчхан л бодол юм даа гэхдээ ийм айхтар амьдрал үзүүлээгүй аав ээждээ талархан сөгдье. Аав минь ээжид гар хүрэх битгий хэл ширүүхэн ч загнаж байгаагүй хүн дээ. Хөгшин аав, нагац аав хоёр маань ч бас ерөөсөө орон гэртээ ам мурийж хэрэлдэж байгаагүй улс байдаг юм.

Унших хаяг нь: http://www.ub.life/p/16592


Wednesday, December 05, 2018

КИНО СОНИРХОН ҮЗЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ



Ойрмогхон хэд хэдэн монгол кино харлаа. Уг нь харагдах байдал юм хум нь их гоё болжээ. Улаанбаатар ч сайхан харагдах юм. Гэхдээ л үзээд дуусахад урам хугарах нь их юм аа. Харилцан яриа, жүжиглэлт зэрэг мэдээжийн яриануудыг орхиод өөрт бодогдож явдаг зарим юмыг хэлье л дээ. Би зүгээр л үзэгчийн хувиар хувийн бодлоо хэлж байгаа гэдгийг бодолцон үзнэ үү.

Уран бүтээлч нар ямар сэдэв барьж, сэтгэлийн дуудлагаараа ямар кино хийх нь тэр улсын өөрсдийн асуудал мөн хэдий ч бас нэг том зургаа харвал их сайхан гэгээтэй юм хийж баймаар байна аа. Амьдралд болж бүтэхгүй юм байгаа нь үнэн, ядуу байгаа нь үнэн, архидан согтуурах явдал газар авсан нь үнэн, орон гэрийн хүчирхийлэл байгаа, салах нийлэх сүүлрэх явалдах явдал байдаг нь үнэн. Гэхдээ тэр болгоныг нэгд нэгэнгүй харуулах хэрэг байдаг ч юм уу. Гэр бүлийн нандин холбоотой, хүчтэй гэр бүлийг харуулахын тулд заавал аль нэгийг нь сорилтод оруулах албагүй л дээ. Хамтдаа бэрхшээлийг сөрж байгаагаар харуулж болно шүү дээ. Сэтгэлийн хаттай, хүчирхэг эмэгтэй хүнийг харуулахын тулд заавал өөр хэн нэгнийг муу хүн болгож харуулах шаардлага ч байхгүй гэж боддог. Хүчирхийлүүлж зовж байгаа, тэгээд тэрнийгээ ялан дийлж байгаа хүнийг харуулахдаа ихэвчлэн үйлдлийг нь шууд харуулах, тэгээд ялан дийлж байгааг нь ч бас яг эргээд нөгөө хүнд нь хүч хэрэглэж байгаагаар харуулдаг нь миний бодлоор тун буруу. Тэрийг үзсэн хүүхдийн сэтгэлд юу буух вэ? “Хүнийг ингэж хүчирхийлдэг юм байна. Эргүүлээд тэр хүнийг хүчирхийлж өшөөгөө авах нь зөв юм байна” гэсэн далд илгээмж үзэгчдэд очно шүү дээ. Ерөөсөө л хэрхэн хүчирхийлэл үйлдэх вэ гэсэн гарын авлага, сурах бичиг л болно.

Манайхан нэг гоё том том төсөл хэрэгжүүлмээр байна шдээ. Монгол хүн дэлхийг аварч байгаа маягийн ч юм уу, эсвэл ирээдүй рүү аялж байгаа ч юм уу. Яг ямар сэдэвтэй нь хамаагүй ч үзсэн хүн ирээдүйн талаар сайхан бодолтой үлдэх, хүүхдүүд “би том болоод ийм хүн болно оо” гэж бодогдохуйц нэг тиймэрхүү кинонууд хиймээр байна шүү дээ. Охин маань кино үзэх их дуртай. Ялангуяа ид шид, уран зөгнөлт чиглэлийн кинонуудад бүр дуртай. Үзэхээрээ “би Хэрмайони болно” эсвэл “Би Галадриэл” гэх мэтээр дүрүүдэд өөрийгөө оноож үздэг. Монгол кино үзэх дургүй. Үзэхээрээ ямар нэг дүр өмчилж авдаггүй.

Манайхан уран бүтээлч хүмүүсийг нийгмийн “соён гэгээрүүлэгчид” гэж хүндэтгэн үздэг байсан. Одоогоор бол манай хэд “улам бухимдуулагчид” болчихоод л байна. Сайхан юм хий л дээ. Дашрамд хэлэхэд, уйлуулсан болгон сайн бүтээл биш. “Сайхан кино болжээ. Зөндөө уйллаа” бол магтаал биш шүү. Муу кино үзээд “арай ч дээ” гэж сэтгэл шимшрэн уйлах үе байдаг.

Ингээд биччихсэн хойноо харсан чинь энэ сэтгэгдэл зөвхөн киноны бүтээлчдээр хязгаарлагдахгүй бололтой санагдаад явчихлаа.

Зургийг эх сурвалж: интернэтээс (http://www.indiaeducation.net/careercenter/masscommunication/film-making/)

Monday, December 03, 2018

Гөлийсөн муур

Саявтархан эхнэртэйгээ сугадалцаад алхаж явтал нэг муур яг буруу талаас гарч ирээд зам хөндлөн алхдаг юм даа. Тэгэхээр нь би:

- Өө нохой, муу гөлийсөн муур өврөөс гараад явчихлаа, гэхэд эхнэр асууж байна.
- Өврөөс гарахаар яадаг юм?
- Гарзтай шт.
- Өө тэгээд чинийхээс гарсан юм минийх рүү орчихно биз дээ?
- Юу гэсэн үг юм?
- Эмэгтэйчүүд чинь буруу энгэртэй дээлтэй байдаг биз дээ?
- Нээрээ тийм бил үү? гэсэн харилцан яриа болоод өнгөрч билээ.

Хүүхнээ зөв талдаа сугадаж явахын ач тус аа гэж.

Sunday, December 02, 2018

Тинэйшиус ди - ӨРГӨЛ

Жак Блак ер нь күүл гар л даа. Байгаа байдал, тоглож байгаа кинонууд энэ тэр гээд л. Энэ дуун дээр гэхэд л зүгээр үлгэр ярьчихаж байгаа мөртөө ёстой хүүрнэн өгүүлнэ гэдэг шиг л балай авч байгаа юм. Үүнийг эс өгүүлэн үлгэрийг ярих ину:

ӨРГӨЛ

"Энэ бол дэлхийн хамгийн гоё дуу" өргөл. Эрт дээр үед манай энэ дүү Кайл бид хоёр урт гэгчийн замаар хамтдаа замын унаанд дайгдчих санаатай явж байлаа. Гэтэл гэнэт гялалзсан гялгар чөтгөр замын голд гараад ирэв. Тэгээд тэр хэлрүүн:

- Ертөнцийн хамгийн гоё дууг дуулахгүй бол сүнсийг чинь залгиж орхино шүү.

Тэгэхээр нь Кайл бид хоёр хоёр биенээ нэгэнтээ хараад, - Тэгье ээ, л гэлээ. Тэгээд толгойд орсон эхний дууг тоглож эхлэсэн нь харин яг дэлхийн хамгийн шилдэг дуу байж таарсан юм. Үнэхээр дэлхийн хамгийн гоё дуу байлаа. Нүд рүү минь хараад л үнэнийг мэдэж болно. Нэг дээр нэгийг нэмээд хоёр, ахиад нэгийг нэмбэл гурав болно гэдэг шиг л яахын аргагүй хувь тавилан байсан юм. Буман жилдээ ганц удаа ч юм уу наран гялайж, саран гийгүүлээд, өвс ургамал нахиалдаг. Муу адгуусны манарсныг хэлэх хэрэг ч байхгүй биз. Шөвгөр үзүүртэй сүүлээ шавхуурдаад л нам болов. Тэгээд биднээс асууруун:

- Сахиулсан тэнгэрүүд үү, таануус?

Хариуд нь бид:

- Үгүй чиш. Бид бол хүмүүс.

Рок. Энэ бол дэлхийн хамгийн шилдэг дуу биш ээ. Зүгээр л дуун өргөл. Дэлхийн хамгийн гоё дуугаа санаж чадахгүй байгаа. Үгүй ээ, үгүй. Тэр л хорвоогийн хамгийн гоё дуу байсансан. Экээнь охсон тэр нэг дуу хорвоогийн хамгийн сайхан дуу байсан юмсан. Хамгийн сонирхолтой нь юу гээч найзууд аа. Тэр нэгэн шөнө бидний дуулсан дуу одоогийн энэ дуунаас тэс ондоо байж билээ. Энэ бол зүгээр л дуун өргөл. Итгэж үзээрэй. Ай нөхөр минь чи тэнд байсан ч болоосой. Саналыг чинь сонсохсон. Ай сда. Бурхан минь. Бурхны авралаа гэж. Зогсож чадахгүйдээ бүр гайхаж орхисон доо.

Гээд үлгэр дуусвай. Дууны дундуур Жак Блакийн далжиганаж байгаа, ярианы өнгө өгсөж уруудаж байгаа нь үнэн донжтой. Арын бусад зэмсгүүд ч үнэхээр гоё. Марзганаад байгаа юм шиг мөртөө мангар сериүс. Тэртэй хоёр мянгаад оны эхээр Тинэйшиус дитэй, тэр тусмаа энэхүү Өргөлтэй, танилцуулсан "үүлэн үст" хэмээх мэргэн бууч Мэрсэр Хадбаатар анддаа талархаж явдгаа үүгээр илэрхийлсү.


Saturday, December 01, 2018

Хөөе! Энд хүн байна уу?

Хөөе! Энд хүн байна уу? Сонсож байвал толгой дохиорой. Гэрт хүн байна уу? За, тайвшир даа. Чамайг жаахан гунигтай байгаа гэж сонссон. Гунигийг чинь нимгэлээд өгье. Дэмнээд босгоод өгье. Уужим амьсгаа аваад жаахан тайвширчих. Юу болсныг надад ярь. Бүгдийг нь хэрэггүй, зүгээр л юу болсныг товчхон л. Бас хаана чинь өвдөж байгааг.