Wednesday, November 28, 2018

Чамд хайртай гэж ойрд би хэлэл үү?

Арван жил яахын аргагүй хурдан өнгөрчээ. Ай даа, чамайгаа хайрлахгүй байх арга алга л. Биеэн тасдаад гаргаж өгсөн бээлийн чинээ жаахан охин чинь том том ярьсан бие хүн болчихож. Бэр, хүргэн гэж хоёр талдаа бишүүрхэнгүй очицгоож байсан улс одоо аль хэдийн хүү, охин нь болж дотноссон байна. Арван жилд юуг эс үзэв дээ, хоёулаа. Алдаа ч байсан, оноо нь ч байсан. Халуун бүлээрээ хамтдаа байгаа маань л хамгийн сайхан нь юм даа.

Хайртай хүнтэйгээ хуваалцсан аз жаргал л чухам аз жаргал гэж ярьдагсан. Чамайгаа инээлгэх би хамгаас дуртай. Олон юм бодохгүй охинтойгоо хамт намайг шоолж чанга хөхрөхөд чинь миний хамаг асуудал нам гүмтэй хамт алга болох шиг санагддаг. Олон нийтийн газар тэнэг үйлдэл хийж чамайг инээлгэх бас гоё байдаг. Хүмүүсээс ичих, намайг шоолох хоёр мэдрэмж нүүрэнд чинь тодорч байгааг харж баясах хамгаас сайхан. Охинтойгоо зугаацаж байхыг минь харж зогсохдоо хайр ундруулан баясаж байгааг чинь би мэдэрдэг. Чинийхээ төлөө тэр мөчид би аз жаргалыг хамт эдэлдэг.

Салхин талд чинь алхаж нөмөрлөх би дуртай. Сэрүүн орой хүйтэн хөлийг чинь гэдсэндээ нааж дулаацуулах би дуртай. Ууртай байхад чинь улам дэвэргэж уурыг чинь барах бас сайхан байдаг. Уучлал гуйгаад гарын хоол ногоотой хуургаа хийж өгөх бас дуртай. Дулаан хөнжилдөө дугжирч байхад минь дуудаж босгоод шумуул алуулдагт чинь ч бас дуртай. Унтаж байхад ганцаараа баахан ярьчхаад сонссонгүй гэж бухимддагт чинь ч бас хайртай. Чамтайгаа хамт өнгөрөөж байгаа мөч бүхэндээ би хайртай. Цаашдаа ч бас олон жил хамтдаа байна гэхээр сэтгэл нэн дулаахан.

Америк зохиолч Хэнри Ван Дайк нэгэнтээ хэлсэнчлэн: "Хүлээж байгаа хүнд цаг хэт удаан, айсан хүнд түргэн, гашуудсан хүнд урт, баярласан хүнд богино, харин хайрлаж дурласан хүнд цаг хугацаа үүрд мөнх байдаг."

ЧАМДАА ХАЙРТАЙ ШҮҮ!


Monday, November 12, 2018

More than a manager

Өчигдөр тоглолт хүлээнгээ Бобби Робсоны тухай "More than a manager" гээд баримтат киног үзэв. Нас барахад нь хөлбөмбөгийнхөн тэр аяараа эмгэнэл илэрхийлж, гашуудаад тухайн үед бөөн юм болж байсан нь яахын аргагүй юм байна гэдгийг энэ киног үзэж байж ойлгов. Барсаг дасгалжуулж байсан гэдгийг нь мэддэг байсан ч муухай жийгдээд явсныг нь тэндээс бас мэдэв. Гөлийсөн күрэнүүд :P

Ер нь их сайхан өөдрөг, шаргуу дайчин хүн байжээ гэж бодогдов. Шоуриньо харин төгсгөл хавьд их аятайхан үг хэлчихлээ. Маш их үнэлж, хүндэтгэж явдаг юм байна. Их олон хүний хайрыг хүлээсэн болохоор мөнхийн хутгийг олсон гэсэнэрхүү утгатай юм. Яг сийрүүлбэл: "A person only dies when the last person that loves him dies." Монголчилбол: "Түүнд хайртай хамгийн сүүлийн хүн өөд болох хүртэл тухайн хүн амьдарсаар л байдаг" гэх маягийн. Саяхан гарсан Коко гээд хүүхэлдэйн кинон дээрхтэй ижил санаа юм уу даа гэж бодлоо.

Ер нь хувиа хичээж, довоо шарлуулаад явахын оронд хүн олонтойгоо, сэтгэл сайтай тус дэмтэй явбал ингээд үйл хэрэг нь үлдэж, нэр нь цагийг эзэлдэг юм байна даа гэж бодож явдаг маань улам л лавшрахуй.

Жич: Сайхан кино санал болгосон Nasanbat Khanoi анддаа талархмуй.