Thursday, August 30, 2018

ТУУЛЬЧ БИЙДЛИЙН ҮЛГЭРҮҮД: АЗ ЖАРГАЛЫН УСАН ОРГИЛУУР (Ж.К.Роулинг)



Уулын орой дээр шидэт цэцэрлэг байдаг гэнэ. Өндөр хашаа, хүчирхэг шидээр хамгаалагдсан уг цэцэрлэгт аз жаргалын усан оргилуур байдаг гэлцдэг. Жилдээ ганц удаа, наран ургахаас шингэх хүртэл хамгийн урт үргэлжилдэг тэр өдөр аз жаргалгүй нэгэнд тэрхүү усан оргилуур өөд тэмцэх завшаан тохиох бөгөөд цэнгэг усанд нь булхаж чадвал үүрдийн аз жаргалыг олно хэмээнэ. Нэрлэсэн тэр өдөр үүр гэгээрэхээс өмнө хэдэн зуун хүн улс гүрний өнцөг булан бүрээс тус цэцэрлэгийг зорин иржээ. Эрэгтэй эмэгтэй, баян хоосон, залуу хөгшин, шидтэй шидгүй зүсэн зүйлийн хүмүүс харанхуйд нэгэн дор цугларч дор бүрнээ цэцэрлэгт орохоор сонгогдоосой хэмээн хүсэцгээнэ.

Ядарсан гурван шидтэн эмэгтэй цугласан улсын захдуухан нар мандахыг хүлээн зогсохдоо хамаг зовлонгоо ярилцаж, сэтгэлээ нээлцжээ. Эхний шидтэнийг Аша гэнэ. Хүнд өвчтэй тэрээр ямар ч анагаагч дээр очоод эдгэрсэнгүй тул аз жаргалын усан оргилуур түүнд тусалж насыг нь уртасгаж өгөх байх хэмээн найдсаар ирсэн ажээ. Удаах шидтэн нь Альтеда. Хорон санаат шидтэн орон гэрийг нь тонож, хамаг алт, шидэт савааг нь булаан одсон тул усан оргилуураас ядуу зүдүү амьдралыг нь дуусгаад, эд баялагтай болгож өгөхийг гуйхаар яваа юм. Харин гурав дахь шидтэнийг Амата гэх бөгөөд хайртай амраг нь хаяж одсоноос зүрх нь шархалж, гунигт автжээ. Усан оргилуур түүний уйтгар гунигийг үлдэн хөөж өгөх болов уу гэж санана. Гурван биенээ өрөвдсөн бүсгүйчүүд боломж гарч гэмээ нь хамтдаа усан оргилуур өөд зүтгэе хэмээн сэтгэл нэгджээ.

Үүрийн гэгээ бүрэнхий тэнгэрийг зүсэн гэрэлтэхэд хананд цав гарч цуурхай үүслээ. Цугларсан олон түрхрэн урагшилж, тус тусын зовлонг оргилуурт сонсгохоор шуугилдав. Ханын чанад дахь цэцэрлэгээс чөдөр өвс мушгиран мөлхсөөр гарч ирээд олны дундуур сүлжин эхний шидтэн Ашаг ороон татав. Цаадах нь удаах шидтэний гараас атгалаа. Альтеда гурав дахь шидтэн Аматагийн хувцаснаас чанга гэгч нь зуурав. Харин Амата дэргэд нь байсан эцэнхий муу морьтой унжгар хөлөг баатрын хуяг дуулганд орооцолдчихжээ. Чөдөр өвс гурван шидтэнийг чирсээр хананы цуурхайгаар ороход өнөөх хөлөг баатар ч мориноосоо ховхрон тэдэнд чирэгдсээр оджээ.

Уурлаж бас гутарсан олон ардын бухимдлын дуу өглөөний тэнгэрт нүргэлснээ ханын онгорхой хаагдахтай зэрэгцэн нам гүм болов. Хэдий санаандгүй боловч Аматаг илүү хүн дагуулаад ирлээ гэж Аша, Альтеда хоёр жигтэйхэн уурлалаа.

- Усан оргилуурт зөвхөн ганц л хүн булхах учиртай! Гурван биеийнхээ хэнийг оруулахаа шийдэхэд хэцүү байхад нэмээд нэгийг аваад ирэх гэж дээ, хэмээн тэд үглэнэ.

Хананаас чанагш нутагт Хийморьгүй эрхэм хэмээх нэрээр олонд танигдсан тэрхүү хөлөг баатар өөрт тохиолдсон энэ явдлыг тунгааж эхлэв. Гурвын гурван шидтэний эсрэг зүтгээд ид шидгүй, сэлэм жадны олигтой эрдэмгүй, эгэл эрчүүдээс ч онцгойроод байх юмгүй мань эрд ялан дийлж усан оргилуурт хүрнэ гэх найдлага огт алга байлаа. Тиймээс тэрээр өөрийн боломжоос татгалзаж, ханын цаана буцаж гаръя хэмээн нөгөө гуравт хэллээ.

Үүнийг сонсоод Амата цухалдаж орхив.

- Өө хулчгар аа! Алив наад илдээ барь, хөлөг баатар минь! Зорилгодоо хүрэхэд минь бидэнд тусла, - хэмээн тэрээр хөлөг баатрыг загналаа.

Тэгээд гурван шидтэн ганц хөлөг баатрын хамт шидэт цэцэрлэгийн гүн рүү явцгаав. Өглөөний наранд дурайх жимийн хоёр талаар элдэв төрлийн ховор ургамал, цэцэг жимс алаглан ярайна. Тэд ямар ч саадгүй явсаар усан оргилууртай уулын бэлд хүрэв. Гэтэл уулын бэлийг бүхэлд нь ороосон аварга мангас тэднийг хүлээж байлаа. Цүлхийсэн том, минчийсэн сохор цагаан өт байв. Дөхөж ирэхтэй нь зэрэг муухай нүүрээ тэдэн рүү эргүүлэн ийнхүү хэлэв:

“Гашуун зовлонгоо надад амсуулаач”

Хийморьгүй эрхэм илдээ сугалж мангасыг цавчтал илд нь хугарч орхижээ. Тэгэхэд нь Альтеда өт рүү чулуу шидэв. Аша, Амата хоёр ч мэддэг бүх шившлэгээ илгээж зам гаргахыг оролдсон боловч илд, чулууны нэгэн адил тусыг эс олов. Өт тэдэнд зам тавьсангүй.

Нар өндөрт хөөрөхийн алдад тамирдаж цөхөрсөн Аша мэлмэрүүлэн уйлж эхлэв. Тэгтэл өнөөх аварга өт нүүрээ түүний нүүрт хүргэн хацрыг нь даган урсах нулимсыг нь уулаа. Нулимсаар нь цангаагаа тайлмагцаа өт хажуу тийш мурилзан мөлхсөөр ойролцоох нүх рүү орж алга болов.

Өтийг алга болсонд баярласан гурван шидтэн, хөлөг баатрын хамт уул өөд өгсөж эхэллээ. Үдээс өмнө усан оргилуурт хүрэх юм биш үү? Уулын эгц энгэрээр дээш өгсөж явтал замын талд газар дээр ийнхүү сийлсэн байв.

“Арвин хөдөлмөрийнхөө шимийг амсуулаач”

Хийморьгүй эрхэм өөрт байсан ганц зоосоо уулын налуу энгэр дээрх өвсөн дээр тавьтал өнхөрсөөр доош унан алга болжээ. Гурван шидтэн, хөлөг баатрын хамт үргэлжлүүлэн дээш авирсаар л байсан боловч өч төчнөөн цагийн дараа бахь байдгаараа ганц ч алхам урагшилсангүй. Уулын оргил тэртээд, өнөөх бичиг өмнө нь хэвээр л байлаа. Үд хэвийж үдэш дөхөхийн хэрээр бүгдийн урам мохож эхлэхэд Альтеда бусдаас хурдан, улам шаргуу алхаж нөхдөө зоригжуулан, уриалж байсан боловч аанай л урагш огт ахиж өгдөггүй.

- Алив нөхөд минь, зоригтой! Хэрхэвч бууж өгөхгүй юм шүү, - хэмээн тэрээр аахилаад хөмсгөнд нь бөнжийх хөлсийг гараараа шудрав.

Хөлсний дусал гялалзсаар хөсөр унахад замыг нь хааж асан өнөөх бичиг ор мөргүй арилж, тэд дээш өгсөх боломжтой боллоо. Хоёр дахь саадыг давж чадсандаа бахдсан тэд оргил өөд аль хурднаараа цааш зүтгэсээр модод, цэцэгс алагласан оргилд болор мэт гялтганах усан оргилуурын барааг олж харав.

Хариугүй хүрдгийн даваан дээр оргилыг тойрон нэгэн горхи замыг нь хөндөлдөн урсаж байхтай таарлаа. Цэвэр тунгалаг горхины ёроол дахь цэгээн чулуун дээр ийнхүү сийлжээ.

“Элээсэн цагийнхаа эрдэнээс амсуулаач”

Хийморьгүй эрхэм бамбайн дээрээ сууж хөвөхийг оролдсон ч бүтэлгүйтэж, бамбай нь живж одов. Гурван шидтэн түүнийг уснаас татаж гаргаад горхин дээгүүр харайхаар оролдсон авч бас л чадсангүй. Энэ зуур наран тэнгэрийн хаяа руу улам гудайсаар. Аргаа барсан нөхөд горхины эрэгт сууж бичгийн утгыг тайлахаар бодоцгоов. Амата хамгийн түрүүнд учрыг оллоо. Тэрээр шидэт саваагаа дохиж өөрийг нь хаяад одсон амрагийн тухай хамаг сайхан дурсамжийг оюун санаанаасаа ялган горхины усанд хаяж орхив. Горхины ус дурсамжийг урсгахад оронд нь гишгүүр чулуунууд урган гарч гурван шидтэн, хөлөг баатрын хамт цааш гаран оргил руу явлаа.

Тэдний өмнө яралзах ховроос ховор цэцэг навч, ургамал модод дунд усан оргилуур мяралзан харагдана. Тэнгэр бадмааргийн өнгөөр улааран тунарч, тэдний хэн нь усан оргилуурт булхахаа шийдэх цаг тулгарав.

Хэцүү шийдвэр гаргахын урдаар хүнд өвчиндөө шаналсан хөөрхий Аша үхэтхийн унав. Оргилд зүтгэсэн хэцүү аянд хамаг тамираа барсан нь энэ ажээ. Гурван найз нь түүнийг усан оргил руу өргөөд явъя гэтэл үхлүүт өвчтэй Ашагийн бие хүрэхийн эцэсгүй өвдөж, нөхдөө болиулав. Тэгтэл Альтеда хавь ойрт байгаа хамаг хэрэгтэй гэж бодсон ургамал, навчнуудыг цуглуулж Хийморьгүй эрхмийн бортоготой усаар найруулж хандлаад Ашагийн ам руу цутгаж гэнэ. Тэр даруй Аша босоод ирэв. Шаналган зовоож байсан хамаг өвчин ор мөргүй алга болж, бүрэн илааршжээ.

- Би эдгэрчээ, - гэж тэрээр баярлан хашгираад. – Усан оргилуурт булхах хэрэггүй болов. Альтеда чи ор! гэлээ.

Гэвч Альтеда хормогчоороо дүүрэн ургамал түүгээд завгүй байлаа.

- Эдгэршгүй энэ өвчнийг анагааж чадсан юм чинь эрдэнэс алтыг хангалттай олох бус уу, Амата чи ор! – гэж тэр хэлэв.

Хийморьгүй эрхэм мэхийн ёсолж Аматаг усан оргилуурын зүг залахад цаадах нь толгой сэгсрэв. Хамаг харуусал, гомдлоо горхины усанд урсгасны дараа хуучин амрагийн харгис, өөдгүй занг нэхэн санаснаар барахгүй хаяад явсан нь харин ч золтой хэрэг болсныг тэрээр ухаарчээ.

- Бидэнд үргэлж эелдэг өгөөмөр хандаж байсны хариуд эрхэм та усан оргилуурт булхана уу! – хэмээн тэрээр Хийморьгүй эрхэмд найр тавьжээ.

Ийнхүү шингэх нарны сүүлийн туяа тэнгэрт цацрахтай зэрэгцэн зуу зуун хүмүүсийн дундаас сонгогдсон цаглашгүй их аз завшаандаа итгэж ядсан хөлөг баатар аз жаргалын усан оргилуурт орж явчихав. Нар шингэмэгц зэвэрсэн хуягтай Хийморьгүй эрхэм усан сангаас сүр жавхлантайяа гарч ирээд өөрийн харсан хамгийн эелдэг бөгөөд үзэсгэлэнтэй эмэгтэй Аматагийн өмнө өвдөг сөхрөв. Амжилтдаа бахадсан хөлөг баатар түүний гарыг, зүрх сэтгэлтэй нь хамт гуйсан бөгөөд Амата ч мөн адил өөрт нь тохирох жинхэнэ эр хүнийг олов хэмээн жигтэйхэн баярлажээ.

Гурван шидтэн хөлөг баатрын хамтаар гар гараа барилцан уулнаас буусан бөгөөд дөрвүүл урт удаан, аз жаргалтай сайхан амьдарсан ба тэдний хэн нь ч усан оргилуурын усыг ид шидгүй эгэл жирийн ус гэдгийг огтхон ч гадарлаагүй билээ.

АЗ ЖАРГАЛЫН УСАН ОРГИЛУУР ҮЛГЭРИЙН ТАЛААР
АЛБУС ДАМБЛДОРЫН ТЭМДЭГЛЭЛ

Аз жаргалын усан оргилуур үлгэр олны таашаалд нийцсэн мөнхийн бүтээлүүдийн нэг учраас Хогвартст зул сарын жүжигчилсэн тоглолт тавих цорын ганц оролдлогын сэдэв болсон юм.

Тэр үед ургамал судлалын багш байсан профессор Хэрбэрт Бийри [1] сайн дурын драмын уран сайханд зүрх сэтгэлээ өгсөн хүн байсан бөгөөд олонд таашаагдсан энэхүү хүүхдийн сайхан үлгэрээр сургуулийн ажилчид, сурагчдад Зул сарын бэлэг барья хэмээн санаачилсан билээ. Би тэр үед Хувиргахуйн ухааны залуухан багш байсан ба Хэрбэрт надад “тусгай эффект”-ийг хариуцуулсан нь бүрэн ажиллагаатай аз жаргалын усан оргилуур, гурван шидтэн хөлөг баатрын хамт дээш өгсөхийн хэрээр тайзны гүн рүү орж алга болох учиртай өвс ногоо бүхий жижиг уул байсан юм.

Миний үүсгэсэн усан оргилуур, уул хоёр захиалсан үүргийг тун сайн гүйцэтгэхээр хийгдсэн гэдгийг хэлбэл өөрийгөө магтаж онгирсон хэрэг болохгүй болов уу гэж найдаж байна. Харамсалтай нь жүжгийн үлдсэн хэсгийн талаар ингэж хэлэх арга даан ч алга даа. Шидэт амьтдын арчилгааны багш Силванус Кэттлбурны өгсөн аварга “өт” элдвээр аягласныг эс тооцоод хэлэхэд жүжгийн гамшигт үр дагаварт хүний хүчин зүйл ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Найруулагчаар ажилласан профессор Бийри хамар дор нь өрнөж байсан сэтгэл хөдлөлийн орооцолдооныг ер анзаарсангүй. Амата болон Хийморьгүй эрхмийн дүрд сонгогдсон хоёр сурагч хөшиг нээгдэхээс нэг цагийн өмнө хүртэл үерхэж байгаад салсныг, бас тэгээд нөгөө “Хийморьгүй эрхэм” маань “Аша”-д сэтгэлтэй болсныг тэр яаж ч мэдэх билээ.

Аз жаргалын усан оргилыг зорьсон нөхөд оргилд хүрч чадаагүй гэдгийг хэлэх нь илүүц биз. Хөшиг нээгдэж ч амжаагүй байхад профессор Кеттлбурнын “өт” (Ашвиндер [2] гэдгийг нь тэгэхэд мэдсэний дээр нэмээд Томруулах шившлэгтэй) гэнэт бөөн оч цацруулан тэсрээд их танхимаар нэг утаа, элдэв бутархай тарааж орхилоо. Миний уулын бэлд цацаж орхисон асар том галт өндгүүдээс нь гал авалцаж эхлэхтэй зэрэгцэн “Амата”, “Аша” хоёр маш ширүүн халз тулалдаж эхэлсэн бөгөөд профессор Бийри тэнэсэн шившлэгт өртөж, тайз дүрэлзэн шатаж түймэр дэгдэхэд хүмүүс их танхимаас зугтацгаав. Тэр үдшийн уран сайхны арга хэмжээ эмнэлгийн жигүүрийн бүрэн хүчин чадалд хүрснээр өндөрлөсөн юм. Их танхимаас утааны эхүүн үнэр арилж өгөхгүй хэдэн сарын нүүр үзсэн ба профессор Бийрийн толгой хэвийн хэмжээндээ орж, профессор Кеттлбурн тэнсэн харгалзах захиргааны арга хэмжээгээ [3] дуусгах гэж тэрнээс ч удаж билээ. Захирал Армандо Диппет үүнээс хойш аливаа жүжигчилсэн тоглолт тавихыг бүрмөсөн хориглосон бөгөөд энэхүү бахдам уламжлал өнөөг хүртэл Хогвартст хүчин төгөлдөр үргэлжилсээр байгаа билээ.

Манай золгүй тоглолтоос үл хамаараад Аз жаргалын усан оргилуур үлгэр нь Бийдлийн үлгэрүүд дундаас хамгийн алдартай нь боловч мөн л Шидтэн ба дэвхэрдэг тогоо үлгэрийн адил өөрийн гэсэн эсэргүүцэгчидтэй билээ. Яг энэ үлгэрийг Хогвартсын номын сангаас зайлуулахыг хэд хэдэн эцэг эх шаардаж байсан бөгөөд тэдний дунд Брутус Малфойн удмын, нэгэн цагт Хогвартсын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн асан ноён Люшиус Малфой байсан нь цэвэр санаандгүй тохиолдол биз ээ. Ноён Малфой өөрийн хүсэлтээ ийнхүү сийрүүлэн бичсэн байсныг сонирхуулъя:

Шидтэн болон маглуудын эвцэлдэж байгаа тухай аливаа уран зохиолын болон баримтат номуудыг Хогвартсын номын сангаас зайлуулах хэрэгтэй. Би хүүгээ шидтэн магглтай сууж байгаа тухай өгүүлсэн зохиол уншаад өөрийн удмын цэвэр цусыг бохирдуулах санаа битгий аваасай гэж хүсэж байна.

Номыг зайлуулахгүй гэсэн миний шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар дэмжсэн бөгөөд шийдвэрээ хамгаалж ноён Малфой руу би ингэж бичсэн билээ:

“Цэвэр цусны гэгдэх өрхүүд өөрсдийн садан төрлийн магл болон магл гаралтай өрхүүдийг ургийн бичгээсээ хасаж бусдыг хуурах замаар өөрсдийнхөө цусыг цэвэр гэж зарладаг билээ. Тэгээд ч зогсохгүй бөх зүрх гарган өөрсдийнх нь үгүйсгэдэг үнэнийг өгүүлсэн ажлуудыг хориглох шаардлага тавьж байдаг. Цусанд нь Магл цус холилдоогүй ганц ч шидтэн энэ хорвоо дээр байхгүй учраас энэ талаар өгүүлсэн аливаа бүтээлийг сурагчдын мэдлэгт хүрэх замаас зайлуулахыг ойлгомжгүй бөгөөд ёс суртахуунгүй хэрэг гэж үзэж байна.” [4]

Энэхүү захидал ноён Малфойн намайг Хогвартсын захирлын албанаас огцруулах, харин миний түүнийг Лорд Волдемортын хамгийн дуртай Үхэл идэгчийн байрнаас зайлуулах урт настай аяны эхлэл болсон билдээ.



[1] - Профессор Бийри төдий удалгүй ШТУА-д (Шидтэний Тайзны Урлагийн Академи) багшлахаар Хогвартсаас явсан ба энэ үлгэрийг аз нь харьсан гэж үзээд тайзанд тавихаас аль болох зайлсхийж явдгаа надад аминчлан ярьсан удаатай билээ. А.Д.

[2] - Энэ сонирхолтой амьтны талаар илүү дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл авахыг хүсвэл “Гайхамшигт адгууснууд, тэдгээрийг хаанаас олох вэ?” номыг уншина уу. А.Д.

[3] - Шидэт амьтдын арчилгааны хичээлийн багшаар ажиллах хугацаандаа профессор Кеттлбурн нийт жаран хоёр удаа тэнсэн харгалзах захиргааны арга хэмжээнд орж байсан. Миний өмнөх захирал профессор Диппет тэр хоёрын харьцаа байнгын түгшүүртэй байдаг байсан ба захирал түүнийг осолтой хүн гэж үздэг байлаа. Намайг захирал болох үед профессор Кеттлбурн харьцангуй томоожсон байсан нь түүнийг хөл гарын нэг бүтэн хагасаа алдаж амьдралын хэв маягаа төвшрүүлэхээс аргагүй болсных гэж үзэх улс байдаг билээ. А.Д.

[4] - Миний энэ хариултаас улбаалж ноён Малфой над руу олон тооны захидал илгээсэн нь ихэнхдээ миний ухаан саруул эсэх, эцэг эхийн минь тухай, бас миний хувийн ариун цэврийн талаар доромж утгатай байсныг энд дурдах нь илүүц биз ээ. А.Д.

Орчуулсан: ЧҮНДЖ Д.Цогчулуун (2018.07.31 №2)
Зургийн эх сурвалж: https://www.deviantart.com/etherealemzo/art/Fountain-of-fair-fortune-195812010

No comments: