Thursday, August 30, 2018

ТУУЛЬЧ БИЙДЛИЙН ҮЛГЭРҮҮД: АЗ ЖАРГАЛЫН УСАН ОРГИЛУУР (Ж.К.Роулинг)



Уулын орой дээр шидэт цэцэрлэг байдаг гэнэ. Өндөр хашаа, хүчирхэг шидээр хамгаалагдсан уг цэцэрлэгт аз жаргалын усан оргилуур байдаг гэлцдэг. Жилдээ ганц удаа, наран ургахаас шингэх хүртэл хамгийн урт үргэлжилдэг тэр өдөр аз жаргалгүй нэгэнд тэрхүү усан оргилуур өөд тэмцэх завшаан тохиох бөгөөд цэнгэг усанд нь булхаж чадвал үүрдийн аз жаргалыг олно хэмээнэ. Нэрлэсэн тэр өдөр үүр гэгээрэхээс өмнө хэдэн зуун хүн улс гүрний өнцөг булан бүрээс тус цэцэрлэгийг зорин иржээ. Эрэгтэй эмэгтэй, баян хоосон, залуу хөгшин, шидтэй шидгүй зүсэн зүйлийн хүмүүс харанхуйд нэгэн дор цугларч дор бүрнээ цэцэрлэгт орохоор сонгогдоосой хэмээн хүсэцгээнэ.

Ядарсан гурван шидтэн эмэгтэй цугласан улсын захдуухан нар мандахыг хүлээн зогсохдоо хамаг зовлонгоо ярилцаж, сэтгэлээ нээлцжээ. Эхний шидтэнийг Аша гэнэ. Хүнд өвчтэй тэрээр ямар ч анагаагч дээр очоод эдгэрсэнгүй тул аз жаргалын усан оргилуур түүнд тусалж насыг нь уртасгаж өгөх байх хэмээн найдсаар ирсэн ажээ. Удаах шидтэн нь Альтеда. Хорон санаат шидтэн орон гэрийг нь тонож, хамаг алт, шидэт савааг нь булаан одсон тул усан оргилуураас ядуу зүдүү амьдралыг нь дуусгаад, эд баялагтай болгож өгөхийг гуйхаар яваа юм. Харин гурав дахь шидтэнийг Амата гэх бөгөөд хайртай амраг нь хаяж одсоноос зүрх нь шархалж, гунигт автжээ. Усан оргилуур түүний уйтгар гунигийг үлдэн хөөж өгөх болов уу гэж санана. Гурван биенээ өрөвдсөн бүсгүйчүүд боломж гарч гэмээ нь хамтдаа усан оргилуур өөд зүтгэе хэмээн сэтгэл нэгджээ.

Үүрийн гэгээ бүрэнхий тэнгэрийг зүсэн гэрэлтэхэд хананд цав гарч цуурхай үүслээ. Цугларсан олон түрхрэн урагшилж, тус тусын зовлонг оргилуурт сонсгохоор шуугилдав. Ханын чанад дахь цэцэрлэгээс чөдөр өвс мушгиран мөлхсөөр гарч ирээд олны дундуур сүлжин эхний шидтэн Ашаг ороон татав. Цаадах нь удаах шидтэний гараас атгалаа. Альтеда гурав дахь шидтэн Аматагийн хувцаснаас чанга гэгч нь зуурав. Харин Амата дэргэд нь байсан эцэнхий муу морьтой унжгар хөлөг баатрын хуяг дуулганд орооцолдчихжээ. Чөдөр өвс гурван шидтэнийг чирсээр хананы цуурхайгаар ороход өнөөх хөлөг баатар ч мориноосоо ховхрон тэдэнд чирэгдсээр оджээ.

Уурлаж бас гутарсан олон ардын бухимдлын дуу өглөөний тэнгэрт нүргэлснээ ханын онгорхой хаагдахтай зэрэгцэн нам гүм болов. Хэдий санаандгүй боловч Аматаг илүү хүн дагуулаад ирлээ гэж Аша, Альтеда хоёр жигтэйхэн уурлалаа.

- Усан оргилуурт зөвхөн ганц л хүн булхах учиртай! Гурван биеийнхээ хэнийг оруулахаа шийдэхэд хэцүү байхад нэмээд нэгийг аваад ирэх гэж дээ, хэмээн тэд үглэнэ.

Хананаас чанагш нутагт Хийморьгүй эрхэм хэмээх нэрээр олонд танигдсан тэрхүү хөлөг баатар өөрт тохиолдсон энэ явдлыг тунгааж эхлэв. Гурвын гурван шидтэний эсрэг зүтгээд ид шидгүй, сэлэм жадны олигтой эрдэмгүй, эгэл эрчүүдээс ч онцгойроод байх юмгүй мань эрд ялан дийлж усан оргилуурт хүрнэ гэх найдлага огт алга байлаа. Тиймээс тэрээр өөрийн боломжоос татгалзаж, ханын цаана буцаж гаръя хэмээн нөгөө гуравт хэллээ.

Үүнийг сонсоод Амата цухалдаж орхив.

- Өө хулчгар аа! Алив наад илдээ барь, хөлөг баатар минь! Зорилгодоо хүрэхэд минь бидэнд тусла, - хэмээн тэрээр хөлөг баатрыг загналаа.

Тэгээд гурван шидтэн ганц хөлөг баатрын хамт шидэт цэцэрлэгийн гүн рүү явцгаав. Өглөөний наранд дурайх жимийн хоёр талаар элдэв төрлийн ховор ургамал, цэцэг жимс алаглан ярайна. Тэд ямар ч саадгүй явсаар усан оргилууртай уулын бэлд хүрэв. Гэтэл уулын бэлийг бүхэлд нь ороосон аварга мангас тэднийг хүлээж байлаа. Цүлхийсэн том, минчийсэн сохор цагаан өт байв. Дөхөж ирэхтэй нь зэрэг муухай нүүрээ тэдэн рүү эргүүлэн ийнхүү хэлэв:

“Гашуун зовлонгоо надад амсуулаач”

Хийморьгүй эрхэм илдээ сугалж мангасыг цавчтал илд нь хугарч орхижээ. Тэгэхэд нь Альтеда өт рүү чулуу шидэв. Аша, Амата хоёр ч мэддэг бүх шившлэгээ илгээж зам гаргахыг оролдсон боловч илд, чулууны нэгэн адил тусыг эс олов. Өт тэдэнд зам тавьсангүй.

Нар өндөрт хөөрөхийн алдад тамирдаж цөхөрсөн Аша мэлмэрүүлэн уйлж эхлэв. Тэгтэл өнөөх аварга өт нүүрээ түүний нүүрт хүргэн хацрыг нь даган урсах нулимсыг нь уулаа. Нулимсаар нь цангаагаа тайлмагцаа өт хажуу тийш мурилзан мөлхсөөр ойролцоох нүх рүү орж алга болов.

Өтийг алга болсонд баярласан гурван шидтэн, хөлөг баатрын хамт уул өөд өгсөж эхэллээ. Үдээс өмнө усан оргилуурт хүрэх юм биш үү? Уулын эгц энгэрээр дээш өгсөж явтал замын талд газар дээр ийнхүү сийлсэн байв.

“Арвин хөдөлмөрийнхөө шимийг амсуулаач”

Хийморьгүй эрхэм өөрт байсан ганц зоосоо уулын налуу энгэр дээрх өвсөн дээр тавьтал өнхөрсөөр доош унан алга болжээ. Гурван шидтэн, хөлөг баатрын хамт үргэлжлүүлэн дээш авирсаар л байсан боловч өч төчнөөн цагийн дараа бахь байдгаараа ганц ч алхам урагшилсангүй. Уулын оргил тэртээд, өнөөх бичиг өмнө нь хэвээр л байлаа. Үд хэвийж үдэш дөхөхийн хэрээр бүгдийн урам мохож эхлэхэд Альтеда бусдаас хурдан, улам шаргуу алхаж нөхдөө зоригжуулан, уриалж байсан боловч аанай л урагш огт ахиж өгдөггүй.

- Алив нөхөд минь, зоригтой! Хэрхэвч бууж өгөхгүй юм шүү, - хэмээн тэрээр аахилаад хөмсгөнд нь бөнжийх хөлсийг гараараа шудрав.

Хөлсний дусал гялалзсаар хөсөр унахад замыг нь хааж асан өнөөх бичиг ор мөргүй арилж, тэд дээш өгсөх боломжтой боллоо. Хоёр дахь саадыг давж чадсандаа бахдсан тэд оргил өөд аль хурднаараа цааш зүтгэсээр модод, цэцэгс алагласан оргилд болор мэт гялтганах усан оргилуурын барааг олж харав.

Хариугүй хүрдгийн даваан дээр оргилыг тойрон нэгэн горхи замыг нь хөндөлдөн урсаж байхтай таарлаа. Цэвэр тунгалаг горхины ёроол дахь цэгээн чулуун дээр ийнхүү сийлжээ.

“Элээсэн цагийнхаа эрдэнээс амсуулаач”

Хийморьгүй эрхэм бамбайн дээрээ сууж хөвөхийг оролдсон ч бүтэлгүйтэж, бамбай нь живж одов. Гурван шидтэн түүнийг уснаас татаж гаргаад горхин дээгүүр харайхаар оролдсон авч бас л чадсангүй. Энэ зуур наран тэнгэрийн хаяа руу улам гудайсаар. Аргаа барсан нөхөд горхины эрэгт сууж бичгийн утгыг тайлахаар бодоцгоов. Амата хамгийн түрүүнд учрыг оллоо. Тэрээр шидэт саваагаа дохиж өөрийг нь хаяад одсон амрагийн тухай хамаг сайхан дурсамжийг оюун санаанаасаа ялган горхины усанд хаяж орхив. Горхины ус дурсамжийг урсгахад оронд нь гишгүүр чулуунууд урган гарч гурван шидтэн, хөлөг баатрын хамт цааш гаран оргил руу явлаа.

Тэдний өмнө яралзах ховроос ховор цэцэг навч, ургамал модод дунд усан оргилуур мяралзан харагдана. Тэнгэр бадмааргийн өнгөөр улааран тунарч, тэдний хэн нь усан оргилуурт булхахаа шийдэх цаг тулгарав.

Хэцүү шийдвэр гаргахын урдаар хүнд өвчиндөө шаналсан хөөрхий Аша үхэтхийн унав. Оргилд зүтгэсэн хэцүү аянд хамаг тамираа барсан нь энэ ажээ. Гурван найз нь түүнийг усан оргил руу өргөөд явъя гэтэл үхлүүт өвчтэй Ашагийн бие хүрэхийн эцэсгүй өвдөж, нөхдөө болиулав. Тэгтэл Альтеда хавь ойрт байгаа хамаг хэрэгтэй гэж бодсон ургамал, навчнуудыг цуглуулж Хийморьгүй эрхмийн бортоготой усаар найруулж хандлаад Ашагийн ам руу цутгаж гэнэ. Тэр даруй Аша босоод ирэв. Шаналган зовоож байсан хамаг өвчин ор мөргүй алга болж, бүрэн илааршжээ.

- Би эдгэрчээ, - гэж тэрээр баярлан хашгираад. – Усан оргилуурт булхах хэрэггүй болов. Альтеда чи ор! гэлээ.

Гэвч Альтеда хормогчоороо дүүрэн ургамал түүгээд завгүй байлаа.

- Эдгэршгүй энэ өвчнийг анагааж чадсан юм чинь эрдэнэс алтыг хангалттай олох бус уу, Амата чи ор! – гэж тэр хэлэв.

Хийморьгүй эрхэм мэхийн ёсолж Аматаг усан оргилуурын зүг залахад цаадах нь толгой сэгсрэв. Хамаг харуусал, гомдлоо горхины усанд урсгасны дараа хуучин амрагийн харгис, өөдгүй занг нэхэн санаснаар барахгүй хаяад явсан нь харин ч золтой хэрэг болсныг тэрээр ухаарчээ.

- Бидэнд үргэлж эелдэг өгөөмөр хандаж байсны хариуд эрхэм та усан оргилуурт булхана уу! – хэмээн тэрээр Хийморьгүй эрхэмд найр тавьжээ.

Ийнхүү шингэх нарны сүүлийн туяа тэнгэрт цацрахтай зэрэгцэн зуу зуун хүмүүсийн дундаас сонгогдсон цаглашгүй их аз завшаандаа итгэж ядсан хөлөг баатар аз жаргалын усан оргилуурт орж явчихав. Нар шингэмэгц зэвэрсэн хуягтай Хийморьгүй эрхэм усан сангаас сүр жавхлантайяа гарч ирээд өөрийн харсан хамгийн эелдэг бөгөөд үзэсгэлэнтэй эмэгтэй Аматагийн өмнө өвдөг сөхрөв. Амжилтдаа бахадсан хөлөг баатар түүний гарыг, зүрх сэтгэлтэй нь хамт гуйсан бөгөөд Амата ч мөн адил өөрт нь тохирох жинхэнэ эр хүнийг олов хэмээн жигтэйхэн баярлажээ.

Гурван шидтэн хөлөг баатрын хамтаар гар гараа барилцан уулнаас буусан бөгөөд дөрвүүл урт удаан, аз жаргалтай сайхан амьдарсан ба тэдний хэн нь ч усан оргилуурын усыг ид шидгүй эгэл жирийн ус гэдгийг огтхон ч гадарлаагүй билээ.

АЗ ЖАРГАЛЫН УСАН ОРГИЛУУР ҮЛГЭРИЙН ТАЛААР
АЛБУС ДАМБЛДОРЫН ТЭМДЭГЛЭЛ

Аз жаргалын усан оргилуур үлгэр олны таашаалд нийцсэн мөнхийн бүтээлүүдийн нэг учраас Хогвартст зул сарын жүжигчилсэн тоглолт тавих цорын ганц оролдлогын сэдэв болсон юм.

Тэр үед ургамал судлалын багш байсан профессор Хэрбэрт Бийри [1] сайн дурын драмын уран сайханд зүрх сэтгэлээ өгсөн хүн байсан бөгөөд олонд таашаагдсан энэхүү хүүхдийн сайхан үлгэрээр сургуулийн ажилчид, сурагчдад Зул сарын бэлэг барья хэмээн санаачилсан билээ. Би тэр үед Хувиргахуйн ухааны залуухан багш байсан ба Хэрбэрт надад “тусгай эффект”-ийг хариуцуулсан нь бүрэн ажиллагаатай аз жаргалын усан оргилуур, гурван шидтэн хөлөг баатрын хамт дээш өгсөхийн хэрээр тайзны гүн рүү орж алга болох учиртай өвс ногоо бүхий жижиг уул байсан юм.

Миний үүсгэсэн усан оргилуур, уул хоёр захиалсан үүргийг тун сайн гүйцэтгэхээр хийгдсэн гэдгийг хэлбэл өөрийгөө магтаж онгирсон хэрэг болохгүй болов уу гэж найдаж байна. Харамсалтай нь жүжгийн үлдсэн хэсгийн талаар ингэж хэлэх арга даан ч алга даа. Шидэт амьтдын арчилгааны багш Силванус Кэттлбурны өгсөн аварга “өт” элдвээр аягласныг эс тооцоод хэлэхэд жүжгийн гамшигт үр дагаварт хүний хүчин зүйл ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Найруулагчаар ажилласан профессор Бийри хамар дор нь өрнөж байсан сэтгэл хөдлөлийн орооцолдооныг ер анзаарсангүй. Амата болон Хийморьгүй эрхмийн дүрд сонгогдсон хоёр сурагч хөшиг нээгдэхээс нэг цагийн өмнө хүртэл үерхэж байгаад салсныг, бас тэгээд нөгөө “Хийморьгүй эрхэм” маань “Аша”-д сэтгэлтэй болсныг тэр яаж ч мэдэх билээ.

Аз жаргалын усан оргилыг зорьсон нөхөд оргилд хүрч чадаагүй гэдгийг хэлэх нь илүүц биз. Хөшиг нээгдэж ч амжаагүй байхад профессор Кеттлбурнын “өт” (Ашвиндер [2] гэдгийг нь тэгэхэд мэдсэний дээр нэмээд Томруулах шившлэгтэй) гэнэт бөөн оч цацруулан тэсрээд их танхимаар нэг утаа, элдэв бутархай тарааж орхилоо. Миний уулын бэлд цацаж орхисон асар том галт өндгүүдээс нь гал авалцаж эхлэхтэй зэрэгцэн “Амата”, “Аша” хоёр маш ширүүн халз тулалдаж эхэлсэн бөгөөд профессор Бийри тэнэсэн шившлэгт өртөж, тайз дүрэлзэн шатаж түймэр дэгдэхэд хүмүүс их танхимаас зугтацгаав. Тэр үдшийн уран сайхны арга хэмжээ эмнэлгийн жигүүрийн бүрэн хүчин чадалд хүрснээр өндөрлөсөн юм. Их танхимаас утааны эхүүн үнэр арилж өгөхгүй хэдэн сарын нүүр үзсэн ба профессор Бийрийн толгой хэвийн хэмжээндээ орж, профессор Кеттлбурн тэнсэн харгалзах захиргааны арга хэмжээгээ [3] дуусгах гэж тэрнээс ч удаж билээ. Захирал Армандо Диппет үүнээс хойш аливаа жүжигчилсэн тоглолт тавихыг бүрмөсөн хориглосон бөгөөд энэхүү бахдам уламжлал өнөөг хүртэл Хогвартст хүчин төгөлдөр үргэлжилсээр байгаа билээ.

Манай золгүй тоглолтоос үл хамаараад Аз жаргалын усан оргилуур үлгэр нь Бийдлийн үлгэрүүд дундаас хамгийн алдартай нь боловч мөн л Шидтэн ба дэвхэрдэг тогоо үлгэрийн адил өөрийн гэсэн эсэргүүцэгчидтэй билээ. Яг энэ үлгэрийг Хогвартсын номын сангаас зайлуулахыг хэд хэдэн эцэг эх шаардаж байсан бөгөөд тэдний дунд Брутус Малфойн удмын, нэгэн цагт Хогвартсын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн асан ноён Люшиус Малфой байсан нь цэвэр санаандгүй тохиолдол биз ээ. Ноён Малфой өөрийн хүсэлтээ ийнхүү сийрүүлэн бичсэн байсныг сонирхуулъя:

Шидтэн болон маглуудын эвцэлдэж байгаа тухай аливаа уран зохиолын болон баримтат номуудыг Хогвартсын номын сангаас зайлуулах хэрэгтэй. Би хүүгээ шидтэн магглтай сууж байгаа тухай өгүүлсэн зохиол уншаад өөрийн удмын цэвэр цусыг бохирдуулах санаа битгий аваасай гэж хүсэж байна.

Номыг зайлуулахгүй гэсэн миний шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн олонхийн саналаар дэмжсэн бөгөөд шийдвэрээ хамгаалж ноён Малфой руу би ингэж бичсэн билээ:

“Цэвэр цусны гэгдэх өрхүүд өөрсдийн садан төрлийн магл болон магл гаралтай өрхүүдийг ургийн бичгээсээ хасаж бусдыг хуурах замаар өөрсдийнхөө цусыг цэвэр гэж зарладаг билээ. Тэгээд ч зогсохгүй бөх зүрх гарган өөрсдийнх нь үгүйсгэдэг үнэнийг өгүүлсэн ажлуудыг хориглох шаардлага тавьж байдаг. Цусанд нь Магл цус холилдоогүй ганц ч шидтэн энэ хорвоо дээр байхгүй учраас энэ талаар өгүүлсэн аливаа бүтээлийг сурагчдын мэдлэгт хүрэх замаас зайлуулахыг ойлгомжгүй бөгөөд ёс суртахуунгүй хэрэг гэж үзэж байна.” [4]

Энэхүү захидал ноён Малфойн намайг Хогвартсын захирлын албанаас огцруулах, харин миний түүнийг Лорд Волдемортын хамгийн дуртай Үхэл идэгчийн байрнаас зайлуулах урт настай аяны эхлэл болсон билдээ.



[1] - Профессор Бийри төдий удалгүй ШТУА-д (Шидтэний Тайзны Урлагийн Академи) багшлахаар Хогвартсаас явсан ба энэ үлгэрийг аз нь харьсан гэж үзээд тайзанд тавихаас аль болох зайлсхийж явдгаа надад аминчлан ярьсан удаатай билээ. А.Д.

[2] - Энэ сонирхолтой амьтны талаар илүү дэлгэрэнгүй тодорхой мэдээлэл авахыг хүсвэл “Гайхамшигт адгууснууд, тэдгээрийг хаанаас олох вэ?” номыг уншина уу. А.Д.

[3] - Шидэт амьтдын арчилгааны хичээлийн багшаар ажиллах хугацаандаа профессор Кеттлбурн нийт жаран хоёр удаа тэнсэн харгалзах захиргааны арга хэмжээнд орж байсан. Миний өмнөх захирал профессор Диппет тэр хоёрын харьцаа байнгын түгшүүртэй байдаг байсан ба захирал түүнийг осолтой хүн гэж үздэг байлаа. Намайг захирал болох үед профессор Кеттлбурн харьцангуй томоожсон байсан нь түүнийг хөл гарын нэг бүтэн хагасаа алдаж амьдралын хэв маягаа төвшрүүлэхээс аргагүй болсных гэж үзэх улс байдаг билээ. А.Д.

[4] - Миний энэ хариултаас улбаалж ноён Малфой над руу олон тооны захидал илгээсэн нь ихэнхдээ миний ухаан саруул эсэх, эцэг эхийн минь тухай, бас миний хувийн ариун цэврийн талаар доромж утгатай байсныг энд дурдах нь илүүц биз ээ. А.Д.

Орчуулсан: ЧҮНДЖ Д.Цогчулуун (2018.07.31 №2)
Зургийн эх сурвалж: https://www.deviantart.com/etherealemzo/art/Fountain-of-fair-fortune-195812010

Tuesday, August 28, 2018

ТУУЛЬЧ БИЙДЛИЙН ҮЛГЭРҮҮД: ШИДТЭН БА ДЭВХЭРДЭГ ТОГОО (Ж.К.Роулинг)

(Үлгэр хоёр хэсгээс бүрдэх ба эхнийх нь үлгэрийн эх хувь, харин хоёр дахь нь тус үлгэрийн талаар Албус Дамблдорын бичсэн тэмдэглэл болно. Зарим нэг нэр томъёоны талаар Албус Дамблдор, Ж.К.Роулинг нар нэмэлт зүүлт, тайлбар бичсэн байсныг хаалтад оруулаад А.Д, Ж.К.Р хэмээн тэмдэглэв. Орчуулагч)



Найрсаг гэж жигтэйхэн нэгэн өвгөн шидтэн байжээ. Хамаг ид шидээ харамлаж нарийлалгүй хөрш, саахалтынхандаа тусалдаг байсан юмсанж. Тэгээд шидтэн гэдгээ илчлэхгүйн тулд элдэв ханд, шившлэг, ерөндгүүдийг нэгэн жижигхэн тогоонд өөрсдөө нэрэгддэг гэж ярих бөгөөд уг тогоогоо “миний азтай тогоо” хэмээн нэрийднэ. Зовлонд нэрвэгдсэн хүмүүс алс холоос түүнийг зорин ирэх бүрийд шидтэн огт төвөгшөөлгүй дуртайяа тогоогоо хутган зовлонг нь нимгэлж өгдөг байлаа.

Түмний хайрыг булаасан тэрхүү өвгөн шидтэн сайхан насалж, өтөл болсон хойноо хамаг зүйлээ хүүдээ өвлүүлэн таалал төгсжээ. Хүү нь харин сайхан сэтгэлтэй эцгээсээ тэс өмнөө зантай хүн байв. Тэрээр ид шидгүй хүмүүсийг цагийн гарз, дорд заяатай улс гэж үзэх ба хөршүүдэд ид шидээ хайр гамгүй зарцууллаа гэж эцэгтэйгээ байнга түр тар хийдэг байж л дээ.

Өвгөн эцгээ өөд болсны дараа хүү хуучин тогоон дотроос өөрийнх нь нэр дээр хаягласан багавтар боодолтой зүйл олжээ. Алт байгаасай гэж горьдсоор задалтал зөөлөн бандгар мөртлөө өмсөхийн аргагүй жижигхэн өрөөсөн шаахай гараад ирж гэнэ. Шаахайн дотор “Үүний хэрэг битгий гараасай хэмээн найднам, хүү минь” гэсэн зурвас хавчуулсан байв.

Өтөл насандаа ухаан самуурсан өвгөн хэмээн эцгээ хараасаар хүү өнөөх шаахайг тогоо руу буцаан чулуудаж, нөгөө тогоог хогийн сав болгохоор шийдэв гэнэ.

Яг тэр орой нэгэн ядруу эмэгтэй үүдийг нь тогшив.

- Ач охины минь биеэр дүүрэн батга шаваад зовоож гүйцлээ, - гэж тэр эмэгтэй хэлээд,
- Эцэг тань хуучин тогоондоо ханд нэрж өгөөд эдгээдэг бай..., - гэмэгц:
- Зайл! - хэмээн өвгөний хүү чанга орилон яриаг нь тасалж, - Танай тэр хүүхдийн батга сэлт надад огт хамаагүй, - гээд хаалгаа тасхийтэл хааж орхив.

Гэтэл галын өрөөнд тар няр хийгээд л нүргэлээд явчихлаа гэнэ. Шидтэн саваагаараа гэрэл гарган яваад ортол маш хачирхалтай юм болж, аавынх нь хуучин тогоо ганц хүрэл хөл ургуулчхаад, чулуун шалан дээр догонцож бөөн чимээ гарган байв. Шидтэн дөхөж очсон ч тогооны гадна талаар битүү батга шавсан байхыг хараад огло үсрэн холдлоо.

- Яасан балиар эд вэ? - гэж тэр уулга алдан хашхираад, тогоог үгүй болгохоор шившиж, улмаар цэвэрлэж ариутгах, тэгээд болохгүй болохоор нь гэрээс гаргах шид хэрэглээд тусыг эс олов. Ямар ч ид шид нөлөө үзүүлсэнгүй, тогоо дэвхэцсэн хэвээр түүнийг даган унтлагын өрөө рүү модон шатны гишгүүр бүрийг алгасалгүй тачигнуулан дагав гэнэ.

Батгатай муухай тогоо орных нь дэргэд түжигнэн дэвхэцсээр байсанд шидтэн огт унтаж чадсангүй. Маргааш өглөө нь ч ширээний хажууд догонцоод унд уулгасангүй. Түн, түн, түс, тас гээд хүрэл хөлөө дуугарган тогоо нь түүнийг дагаад салдаггүй, залуу шидтэн овьёосны агшаамлаа ч хараахан идэж амжаагүй байтал нь хаалга тогших сонсогдов.

Үүдэнд өндөр настай өвгөн зогсож байна.

- Миний илжиг алга болчихлоо, эрхэм ээ. Төөрсөн үү, эсвэл хулгайч авав уу мэдэхгүй. Илжиг минь байхгүй бол би худалдах юмаа зах руу аваачиж чадахгүй, тэгээд гэрийнхэн маань өнөө орой өлсөх гээд байдаг, - хэмээн өвгөн учирлалаа.
- Харин би бол яг одоо өлсөж байна! гэж шидтэн хашхираад хаалгаа саван хааж орхив.

Ганц хөлтэй тогоо түн, түн, тас, тас түжигнэсээр байлаа. Одоо бүр энэ чимээн дээр нь нэмэгдээд тогоон дотроос илжиг орилох, өлссөн хүмүүс янцаглах дуу цуурайтаж гарав.

- Дуугүй бол. Чимээгүй! - гэж шидтэн орилсоор хамаг ид шидээ гарган чармайсан ч батгатай тогоонынхоо дууг намсгаж чадсангүй. Өнөөх нь өдөржин араас нь даган янцаглаж, орилж, тачигнатал дэвхэцсээр байлаа.

Тэр орой гурав дахь удаагаа хаалгыг нь тогшив. Довжоон дээр нь залуухан бүсгүй зүрх шимшрүүлэн мэлмэрүүлсээр зогсоно.

- Үр минь хүндээр өвчилжээ. Надад туслаач. Эцэг тань намайг зовлон тулгарвал ирээрэй гэж захис...

Үгийг нь гүйцэд сонсолгүй шидтэн хаалгаа тас савав.

Харин өнөөх түйтгэрт тогоо нь амсар дүүрэн шорвог хүйтэн ус цэлэлзүүлж, шалаар нэг нус нулимс халгиулан, орилж, янцаглаад, батга үсчүүлэн дэвхэцсээр байлаа. Түүнээс хойш тэдний гэрт тусламж эрсэн хүн тосгоноос нэмж ирээгүй боловч тэдэнд учирсан зовлон бүрийг тогоо нь алдалгүй мэдээлсээр байлаа. Хэд хоногийн дараа гэхэд тогоо орилж, янцаглаж, батга үсчүүлээд зогсохгүй бүр нэмээд ханиалгаж, гулгиулж, хүүхэд шиг уйлж, нохой шиг гаслаад, муудсан бяслаг, гашилсан сүү, нялцгай биетнүүдээр цалгилж байлаа. Тогоо үргэлж дэргэд нь дэвхэрсээр байсан тул шидтэн огтхон ч унтаж, хооллож чадахгүй байсны дээр тогоог зайлуулах, зогсоох ямар ч арга байсангүй.

Эцсийн эцэст шидтэн тэсэхээ байжээ.

- Асуудал зовлонгоо надад хэлээч, - гэж тэрээр дэвхэцдэг тогоогоо дагуулсаар тосгоны замаар хашхиран явна.
– Ирээч. Эмчлээд өгье, засаад өгье, алжаал юуг чинь тайлаад өгье! Аавын хуучин тогоо надад байна, танд би тусалъя!

Дэвхцүүр бохир тогоогоо дагуулсаар тэр гудамж өгсөн, уруудан гүйж, зүг бүрд шившлэг илгээнэ. Нэгэн айлд жаахан охины батга унтах нойронд нь алга болж, алдагдсан илжиг алсаас өөрийн байрандаа эргэн дуудагдаж, хүнд өвчтэй нярай хүүхэд анхилуун өвсний үнэрт унтаад, эдгэрч сэрлээ. Уйтгар гуниг, өвчин зовлон нүүрлэсэн айл болгонд шидтэн чадлаараа туслахын хэрээр дэргэд нь дэвхрэх тогооноос гарах орилоон, янцаглаан, огиулах дуун намсаж, тогоо улам чимээгүй, гялгар, цэвэрхэн болсоор байв.

- За яаж байна даа, тогоо минь? - гэж наран ургахын алдад ядарсан шидтэн тогооноосоо асуулаа.

Түүний дотор нь шидэж орхисон өрөөсөн ганц шаахайг тогоо гулгин гаргаж ирээд, ганц хүрэл хөлдөө углууллаа. Тэгээд хамтдаа эргээд шидтэний гэр өөд дэгэнцэн одов. Тогооны хөлийн чимээ эс дуулдана.

Ингээд тэр өдрөөс хойш шидтэн эцэгтэйгээ адил тосгоныхоо ардуудад сайхан сэтгэлээр туслах болсон агаад тогоо нь дахин шаахайгаа тайлж дэвхцэхээ байсан юм гэдэг.

“ШИДТЭН БА ДЭВХЭРДЭГ ТОГОО” ҮЛГЭРИЙН ТАЛААР
АЛБУС ДАМБЛДОРЫН ТЭМДЭГЛЭЛ

Найрсаг хөгшин шидтэн нутгийн магглуудын (Ид шидгүй эгэл ардыг шидтэнүүд ингэж хочлон дууддаг. Орч.) зовлонгоор өөрийн хатуу сэтгэлт хүүд хичээл заажээ. Улмаар залуу шидтэний ухамсар сэргэж, ид шидгүй хөршүүддээ өөрийн шидийг ашиглан тусалж эхлэв. Энгийн сайхан үлгэр байна даа гэж бодсон хүмүүс байвал бас л гэнэн цайлган нөхөр болж таарах биз ээ. Магглуудад илэрхий найрсаг хандсан үлгэр, тэгээд магглуудад дуртай эцэг нь магглд дургүй хүүгээсээ хавьгүй илүү шидтэй байна гэж үү? Энэ үлгэр эх хувилбараараа, тэр үеийн ихэнх үлгэрүүд шиг шатаалгалгүй ингээд үлдэж, бидний үе хүртэл тэссэн нь харин ч гайхамшигтай явдал болжээ.

Магглуудыг ахан дүүсийн хайраар хайрлах тухай иймэрхүү үлгэр зохиож байсан нь Бийдлийг цаг үеийнхнээсээ анги хүн байсныг илтгэдэг. Арван тавдугаар зууны эхээр шидтэнүүдийг ангуучилж устгах явдал Европ даяар эрчээ авч эхэлж байсан. Хөрш магглын өвчтэй гахайг эмчлэх шившлэг нь өөрийгөө түүдэгт өрдүүлэх хүсэлт гаргаснаас өөрцгүй явдал гэдгийг тухайн үеийн шидтэнүүд маш сайн ухамсарласан байсан үе л дээ. [1] “Маглуудад бидний тусламж хэрэггүй” гэсэн түгээмэл ойлголт тухайн үед газар авч, шидтэнүүд ид шидгүй садан төрлөөсөө холдон холдсоор яваандаа Ид Шидийг Нууцлах Олон Улсын Хэлэлцээр 1689 онд байгуулагдаж, шидтэнүүд бүр мөсөн нуугдсан билээ.

Ер нь хүүхдүүд л болсон хойно бохир заваан дэвхэрдэг тогоог сэтгэлдээ тод томруун төсөөлсөөр байсан юм. Нэг талаас магглуудад найрсаг хандах үзлийг таслан зогсоох, нөгөө талаас батгатай муухай тогоог хэвээр үлдээх гэсэн хоёр шийдлийг зэрэгцүүлэхийн тулд арван зургаадугаар зууны дунд үеэс эхлээд энэхүү үлгэрийн өөр хувилбарууд шидтэн гэр бүлүүдээр тархаж эхэлжээ. Ийнхүү шинэчилсэн хувилбар дээр дэвхэрдэг тогоо гэмгүй цайлган шидтэнийг галт бамбар атгаж, хүрз сэрээгээр зэвсэглэсэн балмад зэрлэг хөршүүддээ хөөгдөж явахад нь аврахаар үсрэн гарч ирж, дайснуудыг нь залгилж байгаагаар дүрсэлдэг. Ихэнх нь дэвхэрдэг тогоонд залгиулсны дараа шидтэн үлдсэн хэдэн хөршүүдээсээ ид шидийг нь эсэргүүцэхгүй, тайван орхино гэсэн ам өчиг авч байгаагаар үлгэр төгсдөг. Амлалтынх нь хариуд харин тогоо ялимгүй зэрэмдэглэгдсэн хөршүүдийг нь амсраараа гулгиж гаргана. Өнөөг хүртэл зарим шидтэн хүүхдүүд (голдуу магглд дургүй эцэг эхчүүдийн) энэхүү шинэчилсэн хувилбараар энэ үлгэрийг төсөөлж явдаг ба эх хувилбарыг нь уншаад цочирдон гайхах нь их түгээмэл үзэгддэг.

Өмнө цухас дурдсанчлан “Шидтэн ба дэвхэрдэг тогоо” үлгэрийн нийтэд таалагддаггүй шалтгаан нь магглуудад найрсаг ханддагаар ганц хязгаарлагдахгүй. Нийтэд шулмын ав гэж танигдсан тэр үзэгдэл гаарахын хэрээр шидтэн айлууд нууц байдлаар амьдарч эхэлсэн юм. Өөрсдийгөө болон гэр бүлийнхнийхээ байгаа байдлыг ид шидээр далдалж, халхлах явдал ихэссэн. Ингээд арван долоодугаар зуун гэхэд магглуудтай гэр бүлийн харьцаа үүсгэж байгаа шидтэнүүд өөрсдийнхөндөө ч гэсэн ад үзэгддэг болж эхэлсэн байна. Магглуудад найрсаг хандсан шидтэнүүдийг янз бүрээр доромжлохоос [2] гадна тэдний ид шидийг сул дорой гэж үздэг болов.

Тухайн үеийн нөлөө бүхий шидтэнүүд (“Дайнч хувилгаан” сэтгүүлийн эрхлэгч Брутус Малфой гэх мэт) магглд дурлагч нар ерөөсөө скүибийн [3] хэрийн шидтэй гэж үзэх нь түгээмэл байжээ.

1675 онд Брутус ийнхүү бичиж байжээ:
"Магглын нийгэмд нааштай ханддаг шидтэн бүр ухаан мулгуу, маш бага ид шидтэй болохоор зөвхөн маггл гахайнуудаар хүрээлэгдэж байж л өөрийгөө хүчирхэг хэмээн мэдэрдэг гэдгийг бид баталгаатай хэлж чадах байна. Дорой шидийн хамгийн сайн илэрхийлэл нь ид шидгүй улсад талтай хандлагаар тодорхойлогдоно."

Гэвч дэлхийн хамгийн гарамгай шидтэнүүд [4] олны хэлдгээр магглд дурлагч нар байсан зэрэг няцаашгүй баримт нотолгоонууд харваас илэрхий байсан учир энэхүү бурангуй үзэл аяндаа устан алга болсон билээ.

Шидтэн ба дэвхэрдэг тогоо үлгэрийг эсэргүүцдэг сүүлийн шалтгаан нь өнөөг хүртэл зарим газар хэвээр байгаа. Өнөөх муу нэртэй Хорт мөөгний үлгэрүүдийг зохиосон Беатрикс Блоксамын (1794-1910) үгээр хэлбэл илүү ойлгомжтой байж магадгүй болов уу. Хатагтай Блоксам Туульч Бийдлийн үлгэрүүдийг “үхэл, өвчин, цус, хар шид, муухай баатрууд гэх мэт хүний хамгийн муу муухай бүхнийг даллан дууддаг эрүүл бус хандлагатай” учраас хүүхдүүдэд уншуулбал хор уршигтай хэмээн тодорхойлжээ. Хатагтай Блоксам Бийдлийн хэд хэдэн үлгэр тэргүүтэй олон хуучин үлгэрүүдийг цуглуулаад, өөрийнхөө үзэлд тааруулан шинээр бичсэнийгээ “бидний гэгээлэг бяцхан шүтээнүүдийн цэвэр тунгалаг оюуныг эрүүл, жаргалтай бодлуудаар дүүргэж, гүн нойрноос нь элдэв муухай зүүдийг хол байлган, цэцэг цэврүү мэт хиргүй гэнэн хонгор насыг нь хамгаалах” болно гэж үзсэн байдаг.

Хатагтай Блоксамын бичсэн Шидтэн ба дэвхэрдэг тогоо үлгэрийн цэвэр ариун, анхил танхил хувилбарын сүүлийн мөрүүдийг уншвал:

Тэгээд жижигхэн алтан тогоо булбарай ягаан хуруун дээрээ дэнжигнэн жингэнэсээр баярлан дэвхэцлээ! Жаалхан Виллихэн хамаг хүүхэлдэйнүүдийнхээ ёоёо гэсэн бөнжгөрхөн гэдэснүүдийг гоогоо болгосон ба жижигхэн тогоо зөндөө их баярласандаа Жаалхан Виллихэн ба түүний хүүхэлдэйнүүдэд зориулсан чихрээр дүүрч гэнэ ээ!
- Гялгархан шүдээ угаахаа мартуузай! хэмээн тогоо санууллаа.
Жаалхан Виллихэн дэвхрүүхэй тогоогоо баярлан тэвэрч, энхрийлэн үнсээд, хүүхэлдэйнүүддээ үргэлж тусалж, дахиж хэзээ ч унжгар, нунжгар царайлахгүй хэмээн тангараглажээ.

Хатагтай Блоксамын энэ үлгэрийг сонссон үе үеийн шидтэн хүүхдүүд нэг л хариу үйлдэл үзүүлдэг. Тэд эхэндээ өөрийн мэдэлгүй огиулаад, дараа нь тэр номыг бялба нүднэ хэмээн дайрцгаадаг юм.



[1] - Мэдээж жинхэнэ шидтэнүүд элдэв гадас, өргөс, дүүжлүүрээс зугтах чадварыг эзэмшсэн байдаг нь тодорхой. Лизетт де Лапины тухай Баббити Туулаймаа ба түүний тачигнан хөхрөх хожуул үлгэрийн талаар миний бичсэн тэмдэглэл дээрх тайлбарыг харна уу. Заримдаа шидтэнүүд алуулах тохиолдол гардаг. Амьд ахуйдаа дээдсийн хүрээнд тансаглаж, үхсэн хойноо Гриффиндорын цамхагт сүнс нь шүглэсэн шидтэн Сэр Николас де Мимси-Порпингтоныг барьж зооринд хорихдоо савааг нь хураагаад авчихсан учраас өөрийгөө цаазын тавцангаас шидийн хүчээр суллаж чадаагүй. Мөн шидтэн айлын ид шидээ хянах чадваргүй бага хүүхдүүд анхааралд ихээхэн өртөмхий, эмзэг байдаг байсан учраас тухайн үеийн шулмын ангууч магглуудад баригдах нь олонтаа байв. А.Д.

[2] - “Шавар балбагч”, “Баас долоогч”, “Шаар шимэгч” зэрэг хараалууд энэ үеэс гаралтай. А.Д.

[3] - Скүиб гэж шидтэн эцэг эхээс төрсөн ид шидгүй хүнийг хэлдэг. Маш ховор тохиолддог. Харин ид шидгүй эцэг эхээс шидтэн төрөх нь хавьгүй түгээмэл. Ж.К.Р.

[4] - “надаас авахуулаад”, А.Д.

Орчуулсан: ЧҮНДЖ Д.Цогчулуун (2018.07.24 №1)
Зургийн эх сурвалж: https://www.deviantart.com/hogwartshobbitjedi/art/The-Wizard-and-the-Hopping-Pot-346691122