Tuesday, February 11, 2014

Энн Райсын Мемнок чөтгөр номыг уншаад төрсөн сэтгэгдэл

Талийгаачийн сүнс хаашаа явдаг вэ? Сүнс гэж байдаг уу? Нөгөө ертөнц гэж ер нь юу байдаг юм бол? гэхчлэн дэмий асуултууд хүн бүрийн тархинд эрт орой хэзээ нэгэн цагт заавал ороод гарсан байдаг болов уу гэж би боддог юм. 

Миний хувьд энэ төрлийн асуултыг олон жилийн өмнө бодоод олигтой хариулт өгч чадаагүй учир тэгэсгээд мартагдаж байсан удаатай. Нэлээн олон талаар төсөөлж суухдаа хүмүүсийн сүнснүүд үхсэнийх нь дараа бүгд нэг газар цуглаад байж байдаг бол яана гэсэн нэг эвгүй хувилбар гаргаж ирж байснаа санадаг юм. Цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад бүх талийгаач нарын сүнснүүд нэг дор оршино. Арай хүчтэй нь дахин төрж хүн төрөлхтөний дунд “хувилгаан” гэгдэнэ гэх мэт хэд хэдэн дэд хувилбартай. Угаасаа нэг иймэрхүү ер бусын зүйлд итгэхийг хүсдэг нас хүн болгонд л байдаг биз. Тэр жишгээр миний ийм нас сүнгэнээд өнгөрсөн. 

Цус сорогч. Ороолон. Амьд хүний халуун цусаар гол зогоогч шөнийн үзэгдлүүд. Түнэр харанхуйг эзэгнэгч, аниргүй үхлийг түгээгч. Амь тавьж, эцсийн удаа тэлчилэх хүртэл нь дусал ч цус үлдээхгүй шунамхайран сорох босоо ороолон. Зуун дамжин амьдрахдаа зугаа гаргаж амь таслан наадах хүйтэн сэтгэлтнүүд. Золиос болгохоор сонгосон хүнээ өөрт нь мэдэгдэхгүй мөшгин, хувийн амьдрал нандин гэсэн бүх нууцыг нь даган мөрдөж эцсийн найдварыг нь таслан хаяхдаа араатан төрхөө харуулж тамлан зовоодог цус сорогчууд. Ангуучид. 

Ангууч нар харин өөрсдийг нь ангуучилж байгааг мэдвэл яадаг бол? Олон зууны турш итгэж үнэмшсээр ирсэн зүйл нь орвонгоороо өөрчлөгдвөл яах вэ? Бурхан байдаг юм уу? Мөнхөд харанхуйд алхахаар хараагдсан хүн авралын зарыг түгээх ариун элч байж чадах уу? Сэтгэгдлээ нээхдээ өгүүлсэн сүнс сүүдрийн тухай хэсэг энэхүү цус сорогчдын тухай яриатай ямар сэжмээр холбогдоо вэ гэж та гайхаж байгаа байх. 

Номын нэр “Мемнок чөтгөр”. Зохиолч нь Энн Райс. “Цус сорогчтой хийсэн ярилцлага” хэмээх алдарт киноны зохиолыг бичсэн Америк эмэгтэй. Киног үзсэн хүмүүс мэдэж байгаа байх Брэд Питтийн тоглосон цус сорогч Луи өөрийн амьдралын түүхийг ярьдаг. Цус сорогч Лестатын дүрд Том Круз, харин өхөөрдөм бяцхан Кирстен Данст эгдүүтэй боловч, өршөөлгүй цус сорогч-охин Клаудиагийн дүрд тоглодог. 

Цус сорогч Лестат дээр чөтгөр зочилжээ. Үйлдсэн тоо томшгүй аллагуудынх нь төлөөсийг авах гэж ирсэнгүй харин ч ажил санал болгохоор ирж. Чөтгөр байгаа гэдэг чинь Бурхан байгаа гэсэн үг гэж үү? Бурхан байгаа бол нүгэлт хар “хүнчин” Лестат, түүний төрлийнхөн яагаад шийтгэгдэхгүй байна? Нүгэл, буян гэж байдаг юм уу? Тэртэй тэргүй хүч чадал нь бурхантай дүйцэхүйц чөтгөрт цус сорогчийн хэрэг байх уу? Ер нь чөтгөр чөтгөр мөн үү? Бурханыг бурханчлан шүтэх шаардлагатай юу? 

Энэ хүртэл уншсан хүн одоо намайг Христэд итгэгч гэж бодож байж магадгүй. Би “шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм” гэсэн лоозонг цээжилж өссөн үеийн сүүлийн төлөөллүүдийн нэг юм шүү. Зүгээр л Лестатад дуртай болохоороо л уншсан юм. 

Энэ номыг сонирхож уншаад үзээрэй. Таалагдвал таны өмнөөс баярлая, дургүй байвал урьдчилаад уучлал эрье.

2013.10.22
Улаанбаатар

No comments: