Wednesday, February 12, 2014

Дурсамж

Хуучин блогоо ухаж байгаад өвөө, эмээ хоёроо дурсаж бичсэн нэг постоо эргэж уншив.
Сая сар шинээр нагац ахындаа очоод хүрдийг нь эргүүлчихээд сууж байхдаа тэднийгээ асар их санав. Хүмүүсийг гараад явсан хойно бурхны урд тавьсан байсан өвөөгийнхөө гаансыг авч нэг нэрээд утааг нь үнэрлэж хэсэг суулаа. Тамхи татдаггүй ч гэсэн өвөөгийнхөө тамхины утааг үнэрлээд ханын нүд тоолон хэвтэх дуртай байж дээ. Хоймрын орон дээрээ босоод суучихсан, тамхиных нь утаа цэнхэрлэн суунаглаад дундаас нь манай хоёр бүдэгхээн харагдана аа, заримдаа. Гурвуулаа булагная гээд гэрийнхээ хаалгыг дотор талаас нь түгжиж байгаад сайхан хоол хийж иднэ. Эмээ маань их амттай гоё хоол хийнэ. Гоё хийдэг болохоороо идэхгүй орхих юм бол голж байна гэж бодоод их гомдоно оо. Эмээг гомдоохгүй гэсэндээ гэртээ дандаа өлөн харьдаг байлаа. Надад хоол тавихгүй байна гэж ёстой даан ч нэг байхгүй дээ. Өвөө, эмээ хоёр хүн цаашлуулах үнэхээр дуртай. Хүн шоолчихоод "хи хи хи" гэж даажинтай хөхрөхдөө жигтэйхэн баясдагсан. Инээж байгаад инээдэндээ хахаж, тэр нь цаашлаад бөгшүүлсэн ханиад болон үргэлжлэх нь энүүхэнд. Олон жил тамхи татсан болохоор бүүр мэнгэртсэн ханиалга болно. Эмээ уурлана аа. "Баасны хар тамхиа хаяач" гэж ирээд өвгөнийг загнах. Өвөө нэг удаа үгэнд нь орсон юм шүү. Гэнэт тамхинаас гарлаа. Долоо бил үү хоёр долоо хоног болсон юм. 50, 60 жил тамхи татаж байгаад гэнэт гарах гэлээ гээд өвөө өөрийгөө ч шүүмжилж л байсан. Тамхи татахаа байгаад бүүр их ханиалгаад. Буцаад татаад эхэлсэн чинь зүгээр болчихсон.
Өөд болоод 5 дахь жил рүүгээ орж байна даа. Энэ жил эмээгийнхээ газрыг эргэдэг ч юм билүү. Миний хоёр бурхан юм шүү дээ.
http://tsogchuluund.blogspot.kr/2010/03/18.html

Tuesday, February 11, 2014

С.Анударын 4 биш 4 туужийн тухай



За тэмцээний тэмдэглэл явсан шүү хө.  (Тэмцээнд оролцохоор бичсэн юм.)

Философи гэсэн номыг авах шунал хөдөллөө. Тэгэхдээ юуны тухай тэмдэглэл бичдэг билээ гэж хэсэг бодов. Баахан номны нэрнүүд, номон дээр гардаг газар усны нэрс, үйл явдлууд, он сарууд гээд бөөн хэрэгтэй, хэрэггүй мэдээллүүд замбараагүй хөглөрч эхэллээ. Ийм ч юм бичье, тийм ч номны тухай гэхчлэн түмэн нэрс эргэлдэв. 

Тэгээд бодоод сууж байтал энэ их замбараагүй бодлууд дээхнэ үед миний уншиж байсан нэг туужтай их төстэй санагдав шүү. Уншиж байсан хүнтэй тэр бүр таараад байдаггүй нэг тийм тууж байдаг юм. Манай найз нараас хэд хэдэн хүн уншсан байдаг л даа. Үнэндээ тэд нараас анх мэдэж уншсан хэрэг. Зохиосон хүн нь их залуудаа бичээд, бас их залуудаа өөд болсон. 

Туужийн хэсгээс эш татвал:

Би – Нэг өдөр амьдарсан бол нэг өөдгүйтсэн гэсэн үг. 
Даваа – Тийм, хүн болгон амьдарсан, амьдарсан бүгдээрээ адгийн новш. Дараа нь үхээд ч нэмэргүй.
Би– Тийм. Ялангуяа хөгшчүүл. Гучаас илүү наслах бол өөдгүйтэл биш, завхай гэмт хэрэг.

Ингэж бичиж байсан хүн хорь гаруйхан насандаа өөд болсон нь их нууцлаг санагддаг байж билээ. Циркийн баруун хойно байдаг Хангай зочид буудлаас үсэрсэн гэнэ лээ гэсэн нэг цуурхал ч сонсож байсан удаатай. 

Зохиогчийн тухай яриаг цэглэж тууж руугаа оръё. Энэ туужийн нэр “4 биш 4”. Үйл явдлаараа хоорондоо сүлбэлдсэн тусдаа дөрвөн үйл явдлыг өгүүлэх дөрвөн бүлэг. Эхний хоёр бүлэгт гол үйл явдлууд нь ямар нэгэн дэс дараалалгүйгээр өрнөнө. Анх уншихад арван жилийн хүүхдийн замбараагүй зохион бичлэг шиг юм л байна гэж бодогдохоор боловч унших тусам намайг улам татаж байлаа. Бичлэгийн хэлбэр үнэхээр онцлог. Анх уншиж дуртай болсноосоо хойш жилдээ юм уу эсвэл хоёр жилдээ нэг удаа заавал уншдаг болсон юм. 

Унших тусам зохиолчийн ямар мундаг мэдрэмжтэй хүн байсныг анзаарч байх жишээтэй. Нийлмэл бүтэцтэй өгүүлбэр бараг байхгүй. Энгийн, ганц хоёр үгнээс бүрдсэн өгүүлбэр зонхилох учраас уншигчаас асар их анхаарал шаарддаг. Ялангуяа над шиг үйл явдлыг өөртөө нарийн төсөөлж унших дуртай хүнд энэ ёстой тамын ажил байлаа. Гэхдээ гоё ёо-ёо гэдэг шиг кайфтай байсан л даа. 

Номыг ер нь хүмүүс янз бүрээр уншдаг байх. Чимээгүй сууж, хэвтэж, эсвэл гадаа хүүхдийн тоглоомын талбай дээр, гэртээ хөгжим сонсоод гэх мэтээр. Би энэ туужийг бараг бүх байдлаар уншиж үзсэн байх. Эхний хэдэн тохиолдол ч санаандгүй болсон байх, харин сүүлдээ би аль болох өөр өөр нөхцөлд уншиж үзэхээр өөр мэдрэмж төрдөг юм биш байгаа гэж бодоод туршилт хийдэг болоод байгаа. 

Тууж дээр нэр дурдагддаг рок хамтлагуудын дуунуудыг сонсож байгаад унших юм бол хамгийн их кайфыг өгнө гэдгийг та бүхэндээ баяртайгаар мэдэгдье. Мэдээж тэр хөгжмийг та өөрөө сонирхдог бол шүү дээ. Sex Pistols, Metallica, Kreator гэх зэрэг тухайн үед моодонд орж байсан мундаг рок хамтлагуудын дуунууд тэгснээ 90-ээд оны Оросын рок хамтлагийн дуунууд гэх мэт. Ихэнх хүмүүсийн сонсдоггүй хамтлагууд. 

Гэхдээ энэ ном ч өөрөө бас хүн болгоны сонирхож уншаад байдаг ном биш. Баргийн хүн энийг хараад огт ойлгосонгүй, таалагдсангүй гэхчлэн гоочлох юм билээ. Би өөрөө тийм мундаг болчихоод уншаад байгаа ч юм биш л дээ. Зүгээр л ном дээр гарч байгаа үйл явдал, баатруудын бодох сэтгэх үелзлэл нь минийхтэй нийцэж байгаа хэрэг. Хэрвээ та өнөөдрийг хүртэл энэ зохиолч, энэ зохиолын тухай сонсоогүй байсан бол танд танилцуулахдаа таатай байна. Хэрвээ өмнө нь мэддэг байсан бол дахиад нэг уншаарай. 

Гэр бүл, төрөл төрөгсдөд нь эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр бичсэн бол уучлаарай. Ялангуяа тэр Хангай зочид буудлын тухай хэсэг дээр. Хүнээс анх тэр талаар сонсож, энэ номыг унших болсон болохоороо бичихгүй байж чадсангүй, ойлгоорой. 

Утгагүй нуршиж бавтнасан Цогоо

2013.12.18

Домогт Ану хатныг шүүмжлэв.

Өчигдөр Домогт Ану хатан санаандгүй байдлаар гарт ороод ирэхээр нь хэсэг уншлаа. 75 хувь орчмыг уншаад орхив. Үнэхээр урам хугарлаа. Маш үржил шимтэй хөрсний өнгөн хэсгийн халти зороод өнгөрч байгаа юм шиг сэтгэгдэл төрөв. 

Үгийн сонголт, найруулга, байгалийн зураглал, хүмүүсийн сэтгэл гэх мэт аливаа зохиолыг баяжуулж байдаг үндсэн шаардлагууд бүгд сул. Харилцан ярианууд жул. Өм цөм орж ирж байгаа түүхийн баримтууд нь зохиолдоо наалдаж өгөхгүй, Монголын алдарт хатдын тухай ярьж байгаа хэсгүүд ч таалагдсангүй. Хатдын тухай баримт нь биш, тэдгээрийг зохиолдоо оруулж ирж байгаа байдал нь ядмаг санагдсан. Багш нь шавьдаа яриа хийж байхдаа "Аргын тооллын мянга гурван зуун төдөн он" гэхчлэн ярьж байгаа нь үнэхээр ядруу. 

Баруун Монгол түмний ярианы зарим нэг аялгыг оруулан харилцан яриануудыг баяжуулсан ч орчин цагийн "Улаанбаатар" аялгын ярианы хэв бараг бүх харилцан ярианаас харагдаж байгаа нь зохиолыг эрт дээр үеийн хаад, хатдын тухай гэдгийг бараг мартуулах шахаж байна. 

Зохиолыг бичих явцдаа судалгаа хийсэн гэдэг нь мэдээж байх л даа. Тэгэхдээ хуримын ёслол гэх мэт Баруун Монголын зан үйлүүдийг дүрслэхдээ хэтэрхий детальчилж, нэвтэрхий толийн зан үйлийн тайлбарын хэсэг шиг дүрсэлсэн нь зохиолынхоо хөрсөнд олигтой сууж өгөөгүй юм болов уу гэж санагдлаа. 

Гэх мэтээр зохиолыг олон талаар шүүмжлүүштэй санагдсаныг номонд дурлагч нөхөдтэйгээ хуваалцаж байна. Өөрөө юм хийгээгүй байж хийсэн хүнийг шүүмжлэх шиг амархан юм байхгүй гэдэг. Гэхдээ уншигчид нь өндөр шаардлагатай байж зохиолчид нь чанартай бүтээл гаргах учиртай. Энэ зохиолыг барьж уншсан 2-3 цагийн турш зохиолч Шүүдэрцэцэг даахгүй боорцогоо үмхээд авчихсан юм байна даа гэсэн сэтгэгдэл төрж байсан. 

Зохиолч Пүрэв гуай, Түдэв гуай, Лодойдамба гуай гээд хуучцуулын баялаг өгүүлэмжтэй, найруулга төгс зохиолуудыг уншихад төрдөг сэтгэлд өег мэдрэмжийг ойрын үед Монгол зохиолчдоосоо мэдрэхгүй нь гэж бодохоор цаанаа л нэг урамгүй юм. 

Гуниг хуваалцсан Цогоо.

2013.08.11

Улаанбаатар

Л.Рон Хаббардын Тулааны талбар - Дэлхий номыг уншаад төрсөн сэтгэгдэл

Battlefield Earth буюу Тулааны талбар Дэлхий гээд нэг номыг би овоо хэдэн жилийн өмнө уншиж байж билээ. L. Ron Hubbard автортай энэ номонд 3000 онд болж байгаа үйл явдал гардаг.

2000 онд Psychlo буюу Сайкло гаригаас Дэлхий рүү довтолж, эзлээд газрын баялгийг олборлох зорилгоор уурхайнуудыг хаа сайгүй байгуулжээ. Хүн төрөлхтөн эдгээр аварга биетэй Сайклочуудыг дийлэхгүй тул бараг мөхөхийн ирмэгт тулсан. Цөөхөн хэдэн овгууд өндөр уул зэрэг сайклочуудын хүрж чадахгүй газруудаар нутаглана. Жонни Гүүдбой Тайлер бол энэ овгуудын нэгнийх нь хүн. Хүмүүс сул дорой, мухар сүсэгт баригдаж юу ч хийж чадахгүй байгааг харсаар залхсан тэр нэг л өдөр сайн сайхан амьдралын эрэлд гардаг. Хадат уулнаасаа (Rocky Mountain) холдож амжилгүй Терлд баригдлаа. 

Терл бол харин Дэлхий дээрх сайклочуудын хамгаалалтын албаны дарга. Төрөлх гаригаас нь түүний томилолтынх хугацааг тайлбаргүйгээр нэмсэнийг мэдээд хууль бусаар баяжиж, эх нутагтаа очих тасалбарыг хахуульдаж авахаар шийднэ. Бараг 3 метр шахуу өндөр эдгээр нөхдийн төрөлх гаригийн агаар мандал Дэлхийнхээс эрс өөр учраас амьсгалах хийг байнга авч явдаг. Харин тэр амьсгалах хий нь цацраг идэвхит бодисуудтай урвалд орвол асар хүчтэй тэсрэлт явагдана. Тийм ч учраас ясны уурхайчин сайклочууд цацраг идэвхит илрэцүүд бүхий орд газруудаас хол байдаг. 

Хамгаалалтын албаны даргын хувьд Терл цацраг идэвхжил бүхий ордуудыг сайн мэднэ. Хадат ууланд ураны илрэл бүхий газар алтны томоохон орд байдаг. Терл Жонниг өөрийн хэл болон уурхайн үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэх бүх зүйлд сургажээ. Сайн ажилтан бэлтгэж чадвал амжилт дагуулах нь ойлгомжтой. Тэрээр өөрийн төлөвлөгөөг Жоннид сайтар тайлбарлан ойлгуулж, түүнд туслуулахаар Шотландын уулархаг нутгаар бүгсэн олон овог аймгуудаас 60 гаран хүн авчруулав. Мэдээж энэ хооронд Жонни өөрийн төлөвлөгөөг боловсруулж, Шотландуудыг тэмцэлд уриалан дуудсан байлаа.

Терлийн хууль бус ажиллагаа маш амжилттай явагдаж байх зуур Жоннигийн эсэргүүцлийн хөдөлгөөн ч эрчимтэй бэлтгэгдэж байв. Сайклочууд ертөнцөд өөрийн нөлөөгөө маш бат суурьтай тавьсан бөгөөд энэний үндэс суурь нь бусад хэн ч ойлгож чаддаггүй өвөрмөц физикийн хууль, математик, түүнийг ашиглан бүтээсэн телепортын хэрэгслүүд байлаа. Сайкло гаригаас ертөнцийн бусад колончлогдсон гаригууд руу жилд нэг удаа ачаа тээвэр, хангамжийг телепортоор илгээдэг ба эдгээр ачаан дунд тухайн гариг дээр амь эрсэдсэн сайкло иргэдийг тусгай метал авсанд хийж явуулдаг байв. Булаан эзлэгдсэн гаригийн ард түмэнд өөрсдийн биологийн онцлогийг таниулах хүсэл сайклочуудад байсангүй. 

Терл авсанд алтаа нууж төрөлх гариг руугаа явуулах төлөвлөгөөтэй. Харин Жонни авсанд алтны оронд санаандгүй байдлаар олдсон цөмийн зэвсгүүдийг дайж явуулах хүсэлтэй. Эх гаригийг сөнөөчихвөл сайклочуудын аюул байхгүй болно гэж төсөөлж байгаа. Төлөвлөгөө санасны дагуу байгаагүй ч үр дүн сайтай явагдана. 

Ингээд хүн төрөлхтөн өөрсдийн гаригийн эзэн боллоо. Мянган жил харийнхны дарлалд зовсны эцэст. Одоо л хүн төрөлхтөний зоо тэнийж, жаргах нь гэтэл шинэ аюул!

Сайклочуудын хамгаалалтаас гарсан Дэлхий хэмээх жижигхэн гариг булаан эзлэгч бусад харийнхны дарангуйлал, тэр тусмаа Галактикийн банкны барьцаанд шууд яваад орох аюулд өртөх нь тэр. 

Бүх зүйл дахиад л Жонни Гүүдбой Тайлерын нуруун дээр эргэн ачигдлаа. Хэрхэн яаж аврахыг номноос уншиж мэдэх боломжтой.


2013.10.09

Улаанбаатар

Энн Райсын Мемнок чөтгөр номыг уншаад төрсөн сэтгэгдэл

Талийгаачийн сүнс хаашаа явдаг вэ? Сүнс гэж байдаг уу? Нөгөө ертөнц гэж ер нь юу байдаг юм бол? гэхчлэн дэмий асуултууд хүн бүрийн тархинд эрт орой хэзээ нэгэн цагт заавал ороод гарсан байдаг болов уу гэж би боддог юм. 

Миний хувьд энэ төрлийн асуултыг олон жилийн өмнө бодоод олигтой хариулт өгч чадаагүй учир тэгэсгээд мартагдаж байсан удаатай. Нэлээн олон талаар төсөөлж суухдаа хүмүүсийн сүнснүүд үхсэнийх нь дараа бүгд нэг газар цуглаад байж байдаг бол яана гэсэн нэг эвгүй хувилбар гаргаж ирж байснаа санадаг юм. Цаг хугацаа, орон зайнаас үл хамаараад бүх талийгаач нарын сүнснүүд нэг дор оршино. Арай хүчтэй нь дахин төрж хүн төрөлхтөний дунд “хувилгаан” гэгдэнэ гэх мэт хэд хэдэн дэд хувилбартай. Угаасаа нэг иймэрхүү ер бусын зүйлд итгэхийг хүсдэг нас хүн болгонд л байдаг биз. Тэр жишгээр миний ийм нас сүнгэнээд өнгөрсөн. 

Цус сорогч. Ороолон. Амьд хүний халуун цусаар гол зогоогч шөнийн үзэгдлүүд. Түнэр харанхуйг эзэгнэгч, аниргүй үхлийг түгээгч. Амь тавьж, эцсийн удаа тэлчилэх хүртэл нь дусал ч цус үлдээхгүй шунамхайран сорох босоо ороолон. Зуун дамжин амьдрахдаа зугаа гаргаж амь таслан наадах хүйтэн сэтгэлтнүүд. Золиос болгохоор сонгосон хүнээ өөрт нь мэдэгдэхгүй мөшгин, хувийн амьдрал нандин гэсэн бүх нууцыг нь даган мөрдөж эцсийн найдварыг нь таслан хаяхдаа араатан төрхөө харуулж тамлан зовоодог цус сорогчууд. Ангуучид. 

Ангууч нар харин өөрсдийг нь ангуучилж байгааг мэдвэл яадаг бол? Олон зууны турш итгэж үнэмшсээр ирсэн зүйл нь орвонгоороо өөрчлөгдвөл яах вэ? Бурхан байдаг юм уу? Мөнхөд харанхуйд алхахаар хараагдсан хүн авралын зарыг түгээх ариун элч байж чадах уу? Сэтгэгдлээ нээхдээ өгүүлсэн сүнс сүүдрийн тухай хэсэг энэхүү цус сорогчдын тухай яриатай ямар сэжмээр холбогдоо вэ гэж та гайхаж байгаа байх. 

Номын нэр “Мемнок чөтгөр”. Зохиолч нь Энн Райс. “Цус сорогчтой хийсэн ярилцлага” хэмээх алдарт киноны зохиолыг бичсэн Америк эмэгтэй. Киног үзсэн хүмүүс мэдэж байгаа байх Брэд Питтийн тоглосон цус сорогч Луи өөрийн амьдралын түүхийг ярьдаг. Цус сорогч Лестатын дүрд Том Круз, харин өхөөрдөм бяцхан Кирстен Данст эгдүүтэй боловч, өршөөлгүй цус сорогч-охин Клаудиагийн дүрд тоглодог. 

Цус сорогч Лестат дээр чөтгөр зочилжээ. Үйлдсэн тоо томшгүй аллагуудынх нь төлөөсийг авах гэж ирсэнгүй харин ч ажил санал болгохоор ирж. Чөтгөр байгаа гэдэг чинь Бурхан байгаа гэсэн үг гэж үү? Бурхан байгаа бол нүгэлт хар “хүнчин” Лестат, түүний төрлийнхөн яагаад шийтгэгдэхгүй байна? Нүгэл, буян гэж байдаг юм уу? Тэртэй тэргүй хүч чадал нь бурхантай дүйцэхүйц чөтгөрт цус сорогчийн хэрэг байх уу? Ер нь чөтгөр чөтгөр мөн үү? Бурханыг бурханчлан шүтэх шаардлагатай юу? 

Энэ хүртэл уншсан хүн одоо намайг Христэд итгэгч гэж бодож байж магадгүй. Би “шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм” гэсэн лоозонг цээжилж өссөн үеийн сүүлийн төлөөллүүдийн нэг юм шүү. Зүгээр л Лестатад дуртай болохоороо л уншсан юм. 

Энэ номыг сонирхож уншаад үзээрэй. Таалагдвал таны өмнөөс баярлая, дургүй байвал урьдчилаад уучлал эрье.

2013.10.22
Улаанбаатар