Monday, January 06, 2014

Сэр Хенри Норрисын хэлэлцээр


Арсенал Тоттэнхам Хотспуртай зөвхөн газарзүйн байрлалаас шалтгаалж өрсөлддөг болсон гэвэл өрөөсгөл ойлголт болно. Ялангуяа 1919 онд гарсан нэг шийдвэр энэ өрсөлдөөнд гал нэмсэн байдаг.

Дэлхийн 1-р дайн эхлэхээс өмнөх сүүлийн улиралд (1914/15) Арсенал 2 дугаар лигийн 5 дугаар байр эзэлсэн байсан тул 1919 онд лиг шинээр эхлэхэд тэр лигтээ байх ёстой гэсэн нийтлэг ойлголт байлаа. Гэтэл эсрэгээрээ тэд дээд лигт Тоттэнхамын оронд орж ирэв.

Тэр жил Нэгдүгээр Дивизион 22 багтай болж бүл нэмсэн бөгөөд хасагдах ёстой байсан хоёр багийг үлдээж, доод лигийг тэргүүлсэн хоёр баг нэмэгдэнэ гэсэн ерөнхий ойлголттой байв.

Гэвч Арсеналыг 1913 онд Хайберид нүүлгэж ирсэн гавъяатан, удирдах зөвлөлийн дарга Хенри Норрис Буучдын санаандгүй дэвшлийг цаагуур нь найруулсан гэж ярьцгаадаг. Клубыг 1910 онд дампуурах гэж байхад нь аварч байсан Норрис Ливерпүүлийн эзэн Жон МакКеннаг "найрсан" гэсэн яриа гадуур байдаг юм.

МакКенна Хөлбөмбөгийн Лигийн жил бүрийн ээлжит хурал дээрх сонгуулийн хороонд Арсеналыг дэвшүүлэх нь зүйтэй гэсэн утгатай илтгэл тавьсан юм. Илтгэлийн төгсгөлд Арсенал Хөлбөмбөгийн лигт Тоттэнхамаас 15 жилийн өмнө элссэн учраас Дээд Дивизионд тоглох эрхтэй гэсэн зүйл оржээ. Ингээд Арсенал 10 санал илүү авч дээшээ дэвшиж байсан түүхтэй.

Норрис 1934 онд нас барах хүртлээ энэ талаар үгүйсгэсэн эсвэл нотлосон яриа гаргаж байгаагүй бөгөөд хөлбөмбөгийнхний дунд үлдсэн нэгэн цуу яриа болж байдаг юм.

Аль нь ч байлаа гэсэн Арсенал тэрнээс хойш 90 гаруй жил тасралтгүй дээд түвшинд тоглож байгаа ганц баг бөгөөд бас хөлбөмбөгөөс өөр шалтгаанаар дээд лигт орж ирсэн ганц баг хэвээрээ байгаа билээ.

Халтуурдсан: Цогоо
Эх сурвалж: Арсенал цэг ком

No comments: