Францын Шигшээг 1960-70 онуудад үнэхээр муу байсан гэлцэх юм билээ. Ямар нэгэн тэмцээнд шалгарч орохоороо 10 жил хожоогүй багаа азны гоолоор хожоод баярлалдаж байгаа Тоттенхам Хотспурынхан шиг баярлалддаг байсан гэлцэнэ. Яахав хэдий муу ч манай Монголын шигшээгийн одоогийн байдлаас л дээр байсан байх.
Францын шигшээгийн тухай яриандаа эргэн ороход, шигшээ багийнхаа амжилтанд сэтгэл дундуур байсан Францын Хөлбөмбөгийн Холбоо 1972 онд хөдөөний нэгэн жижигхэн суурин болох Вишид (Vichy) хөлбөмбөгөөр мэргэжлийн карьер хөөхийг хүссэн багачуулд зориулан Хөлбөмбөгийн Академийг (l'Institut National du Football) үүсгэн байгуулсан байна. Энэ академийн зорилго нь авъяаслаг, ирээдүйтэй хүүхдүүдийг олж илрүүлэн системтэйгээр сурган хүмүүжүүлж, ирээдүйн Францын шигшээгийн гол цөм болгох байлаа. Тухайн үед тус академи нь мөн тусгай мэргэжлийн сургалт явуулдаг байснаараа аав, ээжүүдийг зөвшөөрүүлэх том давуу тал болдог байсан байна. Хэрвээ тухайн суралцагч мэргэжлийн хөлбөмбөгчин болж чадахгүй бол эзэмшсэн мэргэжлээрээ ажил хийх боломжтой болдог байж.
1990 онд уг академийг Парисын ойролцоох Клэйрфонтэйн (Clairefontaine) хэмээх бичкэн суурин руу шилжүүлсэн бөгөөд жилийн дараа Тьерри Анри, Виллиам Галлас зэрэг шинэхэн хөвгүүд элсэн суралцсан. 1992 онд Николья Анелька, дараа жилүүдэд нь Луи Са'а, Жереми Алиадиэр, Абу Диаби, Хатэм Бэн Арфа, Габриэль Обертан зэрэг суралцагч нарыг бэлтгэжээ.
Францын шигшээгийнхний анхны томоохон цом нь 1984 оны Европын Аварга Шалгаруулах Тэмцээний аваргын цом юм. Дараа нь 1998, 2000 онуудад бас л томоохон амжилтууд үзүүлсэн. Сүүлийн хоёрт нь Зинедин Зидан хэмээх гайхамшиг нэлээн нөлөөтэй байсан байх гэдгийг бас бодох хэрэгтэй л дээ.
Тэгэхдээ энэ амжилтыг үзүүлэхийн гол үндэс нь гэвэл Францын Хөлбөмбөгийн Холбооны дээд зэрэглэлийн хөлбөмбөгчдийг төрөн гарах нөхцөл, дэд бүтцийг бүрдүүлж чадсан алсын хараатай ажиллагааны үр дүн юм. Чухам энэхүү ажиллагааны үрээр Францын хөлбөмбөг дундажаас дээш гарч, тэмцээнүүдэд түрүүлэх боломжтой багуудын тоонд байнга багтаж явах томоохон шигшээ болсон юм.
Анх байгуулагдсанаасаа хойш 30 шахам жилийн дараа үр жимсээ өгч эхэлсэн энэ арга хэмжээг дуурайж гэх үү эсвэл үлгэр авч гэх үү ямартаа ч нэлээн хэдэн клуб академидаа анхаарал тавьж эхэлсэн байна. Голландын домог болсон Йоханн Кройфф Барсагийн менежер байхдаа бүх шатны багууд ижилхэн системээр тоглож байхыг шаарддаг байсан болохоор тухай үеийн үндсэн багийн залгамж халаа болох шинэ үеийг маш амжилттай бүрдүүлсэн байна.
Энэ уг нь их сайхан жишээ байгаа юм. Даанч манай Монголын Хөлбөмбөгийн Холбооны морин толгойтнууд авч хэрэгжүүлэхийг хүлээх юм бол одоогийн удирдлагыг нь байхгүй болохыг л хүлээх байх даа. Дуулиан 2020 зэрэг тэмцээнүүд амжилттай зохиогдоод ирэхээр аяндаа өөрсдөө байгалийн жамаар зохицуулагдаад эхлэх байх гэж найдахаас даа.
No comments:
Post a Comment