Wednesday, November 27, 2019

Хүнээ судлахгүй бол...

Хүнээ судалж байж шүүмжлэхгүй бол ингэнэ шүү дээ.

Парламентийн нэгэн гишүүн нөгөөхөөсөө асуулт асуухдаа:
- Миний л мэдэхээр түүнд эдийн засгийн ухааны зэрэг цол үгүй... - гэж хэлэхэд цаадах нь:

- Та миний сийвийг тоож хараагүй бололтой. Би Эдийн засгийн ухааны профессор байсан, одоо ч хэвээрээ байгаа. - гэж хариулаад амыг нь таглажээ.

Брэкситээс үүдэх эдийн засгийн үр дагаварын тухай ярилцаж байхдаа ийнхүү мэтгэлцсэн байна.

Би нэг удаа энэ хүн шиг ингэж ам руугаа алгадуулах шахаж байсан тохиол буй. Хүний эрхийн төлөө тэмцдэг найзынхаа фэйсбүүкийн пост дээр "эмэгтэйчүүд ер нь дарлуулаад байгаа юм байдаг ч юм уу дөө" гэх маягийн коммэнт бичээд хаясан чинь яг тэр чиглэлээр өч төчнөөн жил тэмцээд, ажиллаад явж байгаа хүнтэй цэц булаалдсан байж таардаг юм. Ид халчихсан бичиж байтал миний муу найз намайг сэрэмжлүүлж цаашдын ичгүүрээс ангижруулж билээ.


Tuesday, November 26, 2019

Тусгаар тогтнол

Анхдугаар үндсэн хуулиа баталж, улсаа тунхагласны мэндийг Монгол хүн бүрт хүргэе ээ!

Арван хэдэн жилийн өмнө Монгол туургатны цахим өртөө сүлжээн дээрээс Хөх нуурын Дээд Монголчуудын тухай нэг нийтлэл уншаад сэтгэл өвдөж байснаа санадаг юм. Тэнд суугаа элэг нэгтнүүд минь амьдрахын эрхээр думдад эсвэл төвөд хүний аль нэг нь болохоо сонгож явдаг гэснийг уншиж эмзэглэсэн хэрэг. Бас нэгэн хэсэгт нь дээд монгол хүн төвөд хүнд дээрэлхүүлж аргаа баран шаралхахдаа "Төвөд гэж улс байдаггүй, Монгол гэж нэртэй улс байдаг" гэж хэлж улалзуулдаг тухай нь уншаад зүрх шимширч байсан даа. Бум-Очирын нийтлэл байсан санагддаг юм. Тусгаар тогтнолын тухай бодохоор тэр нийтлэлийг эрхгүй санадаг. Их үнэтэй олдсон гэдгийг л өөртөө сануулж байгаа хэрэг юм уу даа.

Friday, November 22, 2019

Matchbox Twenty - Bright Lights

Хамаг хайр чинь яваад өгөхөөр
Хонгор минь ээ
Хожим тулах зовлонгоос минь
Хэн намайг аврах билээ.
Саатаж үлдэхэд чинь хангалттай
Сайхан зүйл олж хараач,
Хурц гэрэл чамайг минь авахгүй гэвэл
Хонгор минь бушуухан эргэ
Эргээд гэртээ ирээч

Энэ Матчбокс Түэнти бас л гоё хамтлаг шүү. Зөндөө олон гоё дуутай. Энэ дуу, Bent, If you're gone гуравт нь бол ухаангүй дуртай.


Thursday, November 21, 2019

Гэй

Ютүбээр Фрэдди Меркүригийн дурсгалд зориулсан тоглолтын бичлэг үзэж суув. Элтон Жон "Шоу үргэлжлэх ёстой" гээд л дуулж өгч байна аа. Би:

- Энэ Элтон Жон дуулж байна.
- Аан нөгөө "Golden Circle" дээр гардаг.
- Аанхаа.
- Гэй гэл үү?
- Гэй.

Анни Лэннокс, Дэвид Боуи хоёр "Дарамтанд" дуулав.
- Энэ эмэгтэй нь күүл юм аа. Харин Дэвид Боуи sucks.
- Юүгсүгийн? Өдөөд байгаа юм уу?
- Өджийн.

Хэсэг байзнаад Жорж Майкл "Somebody to love" дуулав.

- Энэ Жорж Майкл. Нөгөө Last Christmas дуулдаг.
- Ямар?
- Яагаав нөгөө... гээд би аялав.
- Аан, мэдкүшт.
- Энэ бас гэй.
- Өө, тийм үү? Фрэдди гэй. Элтон Жон гэй. Энэ Жорж Майкл гэж. Өөр хэн гэй байна?
- Сам Смит.
- Айн?
- Сам Смит ээ.
- Аан. Вилл Смит гэж сонслоо шт.
- Үгүй, үгүй. Вилл Смитийн эхнэр эртээдийн кинонд тоглодог шт. Нөгөө ерөнхийлөгчийг алах гээд байдаг кинон дээр Холбооны Мөрдөх Товчооны агент болдог. Сүүлд алуулчдаг.
- Нөгөө хар уу? Тэр үхчдиймүү?
- Алуулчихсан.
- Аан.
...

Гээд байж байтал Аксл Роуз гараад ирэв. Цагаан шорттой. Жинсэн яак нөмгөн эгэлдрээд. Нөгөөх чинь хараад шоолж гарав.
- Энийг эмэгтэй хүн байна гэж харлаа шт.
- Аксл Роуз гэж дуучин л даа. ГанзнРоуз хамтлагийн дуучин.
- Ямар тэнэг бариу шорттой юм. Энэ бас гэй үү?
- Үгүй үгүй. Дандаа гэй гэж юу байсын.
- Ингэхэд дандаа гэй дуучин гэж байх юм, лесби дуучин байдаггүй юм уу?
- Мэдэхгүй. Одоогоор “Би лесби” гэж хэлсэн дуучныг би мэдэхгүй байна.
- Аан.

Манай гэрт өрнөдөг яриа нэг иймэрхүү.

#ЭнэрлэнгийнЯриа

Billy chip

Ер нь болж өгвөл эерэг, өөдрөг юм бичиж, тарааж байх хүсэлтэй явдаг хүн билээ би.

Сая харин энийг хараад өөрийн эрхгүй хуваалцмаар санагдав. 20 настайдаа мотоциклийн ослоор өөд болсон дүүгийнхээ дурсгалд зориулаад гэр бүлийнхэн нь ийм жетон гаргасан байна. Дээр нь өөд болохоосоо өмнө ээж рүүгээ бичсэн эцсийн үгийг бичсэн гэнэ.

Яаж ашиглах вэ гэхээр энэ жетоныг кофе шопоос худалдаж аваад хүнд бэлэг маягаар өгнө. Нөгөө хүн нь тэр жетоныг барьж энэ кофе шопт ирээд үнэд нь таарах умдааг захиалж уух гэх мэт. Яахав купон шиг л, гэхдээ ингээд харахад өөд болсон талийгчийнх нь тухай хүмүүс сайнаар дурсаж ярих шалтгаан болох ч юм шиг. Энэ залуу амьддаа их тусархуу хүн байсныг нь санагалзаж ийнхүү дурсаж байгаа гэнэ. Манайд ч бас нэг иймэрхүү туршлага нэвтрүүлбэл болохгүй гэх юм байхгүй л санагдаж байна.

Кофе шопуудад бас нэг түгээмэл үйлчилгээ байдаг нь илүү кофе авч "хүлээлгэнд" оруулах. Хэрэг болсон нэгэн орж ирээд "хүлээлгэнд" кофе байгаа бол авч уучихаад гараад явдаг гэхчлэн иймэрхүү бусдад хандсан үйлчилгээг дэлгэрүүлээсэй. Байдаг бол сурталчлаасай.

Сайн сайхан дэлгэрээсэй.