Friday, June 28, 2019

Би ер нь үгэнд их дуртай...

Би ер нь үгэнд их дуртай. Үгийг сайхан хэрэглэх дуртай. Толгойд ирсэн бодлыг амаар дамжуулж эсвэл бичигт сийрүүлж гаргахдаа цэгцтэй бөгөөд ойлгомжтой, бас хажуугаар нь өөрийн авирыг үл мэдэг анзаарагдам илэрхийлээд гаргаж байгаа хүмүүсийг сонсох, унших дуртай. Илэрхийлж байгаа санаатай нь тэр бүр санал нийлэхгүй байсан ч хэлбэр болоод хэллэгийг нь таашаагаад сууж байх минь олонтаа. Зарим жүжигчдийн яриаг сонсоод л баймаар санагддаг. Одоо энэ Стевен Фраи, Хю Лори гэх мэтчилэн. Энэ бичлэг дээрх Фраигийн хэлж байгаа зүйлстэй санал ихэнхдээ нийлж байгаа.

Хүмүүсийг яриа хөөрөөндөө гоё сайхан, оновчтой монгол үгсээ ашиглаад яриасай, бичихдээ учир шалтгаанаа дэс дараатай, бусдад ойлгомжтой бичиж байгаасай гэж хүсэж явдаг хүн байна аа. Тийм болохоор бүх зүйлийг аль болох галиглалгүйгээр монгол үг ашиглан бичихийг хичээдэг. Боломжгүй газар нь шууд тухайн хэлээр нь бичээд явчихдаг. Хүмүүсийн алдаатай бичсэнийг байнга залруулж ад болж явдаг минь ч үүнтэй холбоотой.

https://www.facebook.com/bbctwo/videos/vb.413132078795966/457597215017351/?type=2&theater




Thursday, June 20, 2019

Дурсамж

Хааяа ингээд зөв зүгээр сууж байхад аавын тухай ч юм уу эсвэл өөр хэн нэгний тухай ч юм уу нэг тийм тэнүүлч дурсамж шурд гээд л ороод ирдэг шүү.

Аав минь уг нь ёстой жинхэнэ аядуу зөөлөн хүн юм. Хүнтэй муудалцаж шөргөөлдөж байхыг нь би л лав тоотой хэдхэн харсан байх. Байсан бол бараг гарын таван хуруунд л багтана биз. Харин нэг удаа хэлсэн үг нь муухай жинтэй бууж билээ. Нөхцөл байдлыг нь мэдэхгүй ч аавын ажлаас халсан нэг нөхөр уучлалт гуйж ирээд ажилд эргүүлж аваач энэ тэр гэсэн юм байсан шиг санаж байна. Тэгэхэд нь аав "Би бөөлжсөн бөөлжсөө эргүүлж иддэг хүн биш" гэж эрс хэлсэн юмдаг. Пөөх гэж бодсон. Наанаа зөөлөн мөртөө цаанаа тийм тулгууртай хүн дээ.

ЯРИЛЦЛАГА



Түмэнд алдар нь түгсэн бизнесийн сургууль байжээ. Тусгай зөвлөл сургуульд элсэхийг хүсэгчидтэй ярилцаад, сонгож элсүүлдэг байсан юмсанж. Тэндхийн оюутан болох хүсэл бүхий нэгэн бүсгүй тэвдэнгүй сууж байтал зөвлөлийнхөн түүнийг дуудаад ингэж хэлэв.

- Чамаас амархан асуулт арвыг асууж болж байна эсвэл ганц хэцүү асуулт асууж болж байна. Сайн бодож байгаад сонгоорой, манай сургуульд орох эсэх тань үүнээс л хамаарна шүү, - гэжээ.

Бүсгүй хэсэг бодсоноо:
- Би ганц хэцүү асуултад нь хариулъя аа, - гэв.
- За тэгвэл амжилт хүсье. Сонголтыг тань хүлээж авлаа. За та үүнд хариулна уу, өдөр шөнийн аль нь эхэнд байдаг вэ?

Ганцхан хариултын зөв буруу байхаас түүний элсэж чадах эсэх нь хамаарч байгааг бодохоор л бүсгүйн дотор давчдаад явчихав. Гэхдээ хэсэг бодолхийлснээ:

- Өдөр эхэнд нь байдаг аа, эрхэм ээ, - гэж хариуллаа.
- Яагаад? – хэмээн зөвлөлийнхөн түүнээс асуув.
- Өршөөгөөрэй, хэцүү асуулт ганцыг л асууна гэж та өөрөө хэлээгүй бил үү?

Бүсгүй ямар ч байсан сургуульдаа элсэж орсон.

Дадал чадвар бол хэцүүг хөнгөн хийж сурахын нэр, харин бүтээлч сэтгэлгээ бол ухаан зарж сурахын нэр билээ.

Интернэтээс уншиж бантагнасан: Цогоо

Зургийн эх сурвалж: https://www.uniadmissions.co.uk/southampton-medicine-interview/

Wednesday, June 19, 2019

ӨРӨӨСӨН НҮДТЭЙ ТАХИА

Багадаа "Лалар хэрээ" гэж үлгэр уншиж байсан л биз дээ? Ганц нүдтэй гэсэн үг юм гэсэн. Би боддог юм энэ тухай. Өрөөсөн нүдтэй юм болов уу эсвэл угаасаа циклоп шиг магнайдаа ганц нүдтэйг хэлдэг юм болов уу?

ӨРӨӨСӨН НҮДТЭЙ ТАХИА 

Эцэг минь, эгч ахан дүүс минь
Эвлэлдээд олуул наарыч.
Галзуурч эмоороод хэрэг алга
Гиюүрлээс минь намайг аврыт.
Гал байна, ус байна
Алийг нь дагахаа ч мэдэх юм алга
Хайрлаж энэрэх үү, харзнаж суух уу
Хэрхэхээ ч мэдэж байгаа юм алга.

Наарыч, намайг тэврээч
Наарыч, гараас хазаад окыч.

Би яг л өрөөсөн нүдтэй тахиа, эсвэл хоёрхон хөлтэй нохой шиг
Галын өрөөнд тархиа агшааж бас зүлгэн дээр сарих нохой шиг.
Аавын гэрт дагуулж орох хүүхэн би лав биш
Аяа чөтгөрийн шаналлыг тэнгэр бурхан л ойлгоно биш үү
Хэний ч төлөө өөрчлөгдөж би чадахгүй ээ.



"One Eyed Chicken"

Oh Father come together
My sisters and all my brothers
Apathy getting crazy
Help me understand
There's water there fire
Which one should I aspire
Compassion or reaction
What will command

Reach out and hold me
Reach out and bite my hand

I'm like a one-eyed chicken and a two-legged dog
Shrinking heads in the kitchen then I piss on the lawn
I'm not the kind of woman that you want to take home
Only heaven knows a devils pain
I just can't change

СУРАХ – ОЛОХ – ХАЙХ

Хажууд суудаг хархүү урд оройныхоо сархдын хүндэд түүртээд, ажлын цаг хийдүүлж, хүний нүднээс хол унтахаар одохдоо англиар “Don’t find me” гэж хэлснээр ийнхүү бодлын цуваа хэлхэв. Монголоор бол “Намайг битгий олоорой” гэж буух энэ үгийг хэлэхдээ “Намайг эрэх хэрэггүй шүү” гэж хэлэх гэсэн байх л даа. Саяхан охин маань зурагтын удирдлага хайж байхдаа “Би удирдлага олж байна” гэж хэлэхэд нь Монголоор ингэж хэлдэггүй тухай тайлбарлан ярьж байснаа бодов.

Олох гэдэг бол эрлийн үр дүн. Эрж олох, хайж олох. Эрлийн ижил утгатай үгс нь сурах, хайх. Сурах нь эрлээс юугаар ялгаатай вэ хэмээвээс мэдэж магадгүй гэж бодсон хүмүүсээс асууж лавлах. Заавал алдуул малыг сурах биш бас өөрт тодорхой биш зүйлсийг мэддэг улсаас нь асууж мэдэхийг ч хэлж болно. Асууж сураад сураг гаргана. Сураг бол тодорхой биш бүдэг тойм мэдээлэл, мэдлэг. Тэнд байж магад. Тийм байж магад. Тиймээс сураглах гэсэн үйл үг буй. Яг тодорхой биш ч гэсэн баримжаатай мэдээлэл олж авах тухай утга агуулна.



Ихийг мэддэг хүнийг мэдлэгтэй хүн гэдэг. Үүнийг чиг болговол сурлагатай хүн гэж сурж мэдсэн зүйл ихтэй хүнийг хэлэх үү. Сайн сураарай гэсэн захиасын утгыг тайлж бодвол үнэндээ сайн асуугаарай гэсэн үг биш үү? Их асууж, их сурлага хуримтлуулаарай гэсэн утга юм уу? Мэдлэгтэй хүний мэдлэгийг шимтэн асууж байгаа тул асууж буй хүнийг сурагч, харин мэдлэгээ хуваалцаж байгаа тул мэдлэгтэнг сургагч, тэдний дунд буй мэдлэгийг сургаал хэмээх юм даа гэхчлэн шалдар булдар юм бодоод л сууна.

Хайхыг хайгуул гэдэг. Эрэх болон сурахаас ялгаатай нь хайгуулд эцсийн үр дүн үгүй. Миний бодлоор шүү дээ. Уг нь эрэх, сурах, хайх гурвын үр дүн нь олох. Гэхдээ бас л миний бодлоор сурахаас бусдад нь гүйцэт төгссөн хэлбэр байхгүй. Сураад сурлага хуримтлуулдаг бол эрэл, хайгуул нь үргэлжийн, төгсгөлгүй үргэлжилж байдаг. Сураад мэдлээ сурлага. Эрээд оллоо ололт. Ололт бол амжилт. Хайгуул бол төгсгөлгүй. Хүн үргэлж хайсаар байдаг. Эрэх болон сурахын хайгуулаас ялгаатай нь юу вэ гэж асуувал би эрэл, сурал хоёрт асуулт нь тодорхой байдаг гэж хариулна. Өөрөөр хэлбэл, хүн юу эрж, юу сурч байгаагаа мэддэг гэсэн үг. Хайгуулд бол ерөнхий тойм төдий юм байхаас биш яг тодорхой зүйл үгүй. Гэхдээ л хайгуулын үр дүн нь ямар нэг хэмжээний ололт байдаг. Аа, ололт бол түрүүн хэлсэнчлэн амжилт. Үргэлж шинийг хайж бай л гэсэн үг юм даа.

СУРЛАГА – АМЖИЛТ – ХАЙГУУЛ – СУРЛАГА – АМЖИЛТ гэх мэтчилэн.

Адаг эх нь тодорхойгүй сүлэрч явдаг баахан бодлыг базаж буулгах гэтэл нэг иймэрхүү далан цоорхойтой юм болчихлоо. За яадын яадын.

Зургийн эх сурвалж: http://www.elainebaileyinternational.com/wordpress/2013/11/great-leaders-are-never-too-busy-to-learn/