Tuesday, November 29, 2016

Киноны тухай

Зиак, Спортын цонхын Sport Window Olnooгийн дуудлагаар нэг ийм асуулга бөглөх болов. Юм бичих, кино үзэх дуртай юм чинь бичээд л хаялаа.

1. Хамгийн анх үзэж байсан кино:
Анх үзэж байсан киногоо санадаггүй юм өө. Багад “Бушхүүгийн үлгэр” дээрх шулам гарахад үеэлийнхээ хамт хөгшин ээжийн араар нуугдаж байсан тухай яриа байдгаас улбаалан бодвол тэр хавьцаа л байгаа байх. Тэр сүүжнээс амилж босч ирдэг магнайдаа аалзтай шулмаас миний үеийн ихэнх хүүхэд айдаг байсан байх өө. Нүд нь эргэлдэж ирээд л аймаар шүү. Одоогийн хүүхдүүд тэр байтугай зомби үзээд яваа юм чинь тэрнийг хараад инээдмийн кино байна гэж бодох байх даа. Уг нь аймшгийн хэсэг юм байгаамшт.

2. Хамгийн сүүлд үзсэн кино:
 Зиак сүүлд үзсэн кино гэвэл өнгөрсөн бүтэн сайн өдөр гэртээ сайхан хүүхэн Блэйк Лайвлигийн тоглосон Зэрлэгүүд гээд киног эхнэртэйгээ үзсэн. Салма Хаек ч бас сайхан л даа гэхдээ нөгөөх нь арай халуухан юм. Цаг хугацаа гэж явж өгчээ. Салма Хаек “Үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл” дээр бол ёстой тас байдаг даа.

3. Киног таны үгээр тодорхойлбол:
Кино тэгээд миний хувьд элдэв мэдрэмжийн эх юм даа. Номтой адил. Ном уншихаар өөрийн төсөөлөлдөө тэнэдэг бол кино үзэхээр найруулагчийн төсөөлөлд.

4. Хамгийн олон удаа давтаж үзэж байсан кино:
Олон удаа давтаж үзсэн кино гэхээр яг тэр гэж орж ирэхгүй юм. Би хөөрхий талийгч Робин Виллиамст их дуртай байсан болохоор кинонуудыг нь тааралдах бүрт нүд салгаж чадахгүй үзээд суучихдаг. What dreams may come, Dead poets society, Good morning, Mrs.Doubtfire, Patch Adams гээд л дуусахгүй ээ. Эхний хоёрыг эс тооцвол ер нь тоглосон кинонууд нь голдуу эерэг, инээдмийн, хөнгөвтөр байдаг болохоор үзэхэд ер нь амархан байдаг даа.

5. Киноны дуртай хэсэг:
Ер нь киноноосоо шалтгаална даа. Үзэхийг их хүсч байсан киноны эхлэх гээд дуншиж байх хэсэгт их дуртай. Сэтгэл хөдлөөд юу гарах бол гэж бодохоор гоё байдаг юм. Яг тэр хэсэг гээд тухайлаад хэлэх гэхээр санаанд юм орж ирэхгүй байна. Янз бүр дээ. Шоушенкаас оргосон нь дээр Моцарт сонсоод сууж байдаг хэсэг байна. Se7en дээр Жон Дог алах гээд буу шагайчихсан байж байхад илгээмж ирдэг хэсэг хэдий муухай ч бас их сэтгэл хөдөлгөдөг. Сибирский цирюлник дээр Толстой алсын уулын оройгоос Жулиа Ормондыг хараад сууж байдаг хэсэг байна. Доктор Стрэйнжлав дээр хамгийн сүүлд бүгдээрээ атомын бөмбөгт санаа зовохоо больж байгаа хэсгийг хараад татаж унахаа шахаж байлаа. Парадизо кинотеатрын төгсгөлд баахан үнсэлтүүдийн монтажийг хараад нулимс унагаж байсан.

6. Боломж олдвол ямар киноны аль дүрээр амьдрах вэ?
Хиппи нартай кино үзэхээр тэдэн шиг амьдармаар санагддаг юм. Das Weilde Lieben гээд нэг герман кино үзэж байлаа. Тэрэн дээрх Принц шиг ч амьдармаар, заримдаа л даа. Парадизо киночаатрын залуу шиг байвал гоё ч юм шиг санагдах үе байна. Дуртай киногоо үзээд л. The Giver гээд кинон дээр нэг өвгөн гардаг юм. Цэвэр утопи нийгэмд хуучин цагийн дурсамж, мэргэн ухааныг өвлөж авах ёстой ганцаараа амьдардаг хүн байдаг юм. Өдөржингөө ном уншаад л сууж байдаг. Санаа нь их сайхан байдгийн. Ер нь л юу ч хийхгүй өдөржингөө кино үзээд л, ном уншаад л, эсвэл юу яагаад байж байх санаатай хүн юмдаг уу даа.

7. Таалагддаг эрэгтэй, эмэгтэй жүжигчин:
Эрэгтэй жүжигчдээс гэвэл дээр хэлсэн Робин Виллиамс байна. Хэлэх гээд бодсон чинь их олон юм аа. Гари Олдман, Жонни Дэпп, Вүүди Харрелсон, Энтони Хопкинс, Итан Хоук эд нарын тоглосон киног бол асуудалгүй шууд үздэг. Бусдыг нь өөр хэн хэн байна? Найруулагч нь хэн байна гэх мэт шалгуур тавьж хардаг.

Эмэгтэй жүжигчдээс гэвэл их олон хайртууд байна шүү дээ. Хамгийн анх Ла бум үзээд Софи Марсод дурласан, тэр чигээрээ л явж байна. Маленаг үзээд Моника Беллучийг шүтсэн тэр чигээрээ л байна. Нээрээ Моника гэснээс Ирреверсибл гээд үзэхэд их хэцүү кинон дээрээс хойш бүр харахаар л хөөрхий минь гэж бодогдоод байдаг болчихсон. Тоглосон кино болгоныг нь үг дуугүй үздэг эмэгтэй жүжигчин гэхээр хүн байхгүй юм байна аа. Өө нээрээ Шарлотт Гэйнсброу байна. Царай муутай юм шиг мөртөө яагаад ч юм их таалагдаад байдаг. Нимфоманиакийг үзсэнээс болсон юм болов уу хаха.

Азиас гэвэл эрэгтэй жүжигчин Тони Леунг, Энди Лау, хоёулаа нөгөө Тамын хэрэг гээд Департедын ориг киног дээр тоглодог. Тони ер нь чадалтай жүжигчин шүү. Солонгосын Чой Мин Сик байна. Тэгээд Жеки Чан. Сүүлийн үеийн кинонуудаас нь их гүрний үзэл гарах гээд байдаг болсноос биш уг нь их аятайхан харизматай жүжигчин. Эмэгтэйчүүдээс гэвэл Магги Чеунг байна. Жан Жи И, Мишель Ёо. Жан Жи Игийн тоглосон Ассассин гээд киног үзсэн. Маш гоё.

Монгол жүжигчдээс гэвэл хуучны хүмүүс л арай чанартай санагдаад байдаг юм. Чимэд-Осор гуай байна. Думаа авгайд тоглодог жүжигчний нэрийг мэдэхгүй юм даа. Сүүлийн үеийн жүжигчид голдуу тайп кастууд болчхоод байна л даа. Хижээл насны буурь суурьтай баян хүний дүр гэнгүүт Мягмарнаран гуай, Төмөрбаатар гуай шууд санаанд буух гэх мэтээр. Тэгээд ч монгол киног их ховор үздэг болохоор жүжигчдийнх нь сайн мууг шүүх хэмжээний мэдээлэл алга л даа. Өө тийм Танихгүй эмэгтэйн захидал дээр тоглодог Долгор, түүний нөхөр Чинзориг байна. Сайхан хос. :P

8. Дуртай хүүхэлдэйн кино:
Хүүхэлдэйн кинонд одоо ч дуртай хэвээр. Диснейн, Пиксарын хүүхэлдэйн кинонууд, Гиблигийн бүтээлүүдийг бол алгасахгүй үздэг. Ер нь бараг бүгдэд нь дуртай дөө. Охинтойгоо зэрэгцээд л үзээд суучихна. Бүрэн хэмжээний кинонуудаас гадна бас богино цувралуудыг ч хааяа эгзэг нь таарвал үзээд суучихдаг. Мангагаар хийсэн Наруто гэх мэт цувралуудыг бол үзэж чаддаггүй юм. Дургүйдээ ч биш зүгээр зураглал нь арай онцгүй санагдаад гэх үү ер нь нэг үзье гэж онцгойлон хүсээгүй л яваад байгаа. Дуртай гэвэл Мононокэ гүнж, Хөрш Тоторо, Волли, Тоглоомын түүх гэх зэргээр явж өгнө дөө. Спирит гээд мустангийн тухай киног бол байсхийгээд нэг үздэг. Дуунууд нь маш гоё болохоор асуудал байхгүй.

9. Дуртай монгол кино:
“Гэрлэж амжаагүй явна”. Манай мэргэжлийнхний тухай кино болохоор нь үзэх дуртай. Ер нь их амьдралтай, аятайхан кино шүү. Автосамосвалтай давхиж ирээд экскатарчин залууг тасхийтэл нь нааж унагаад аваад явж байгаа, сүүлд нь инженер дээрээ машинаа өгөх гэж согтуу ороод ухамсрын шанаа аваад “Баярлалаа” гээд гарч байгаа нь их хөгжилтэй байдаг. Жаахан соц нийгмийн үнэр ханхлах гээд байгаагаас биш дажгүй шүү. Бас “Давааны цаана даваа” байна. “Ээж л хэлээд байгаагаас биш уг нь үнэн шүү” гэдэг алдарт үгийг тэндээс сурч байлаа. Нэг муу үхэрнээс болж хайран сапер залуу үхдгийг бодохоор л гол харлаад байдаг юм.

10. Дуртай цуврал:
Цуврал гэвэл алдарт Найзууд байна даа. Хичнээн ч жил, хичнээн ч удаа үзэв. Яг л багын найзууд уулзаад аль эрт болж өнгөрсөн паянгаа дандаа ярьдаг мөртөө ярих бүртээ чин сэтгэлээсээ инээдэг шиг л Найзуудын инээдтэй явдлуудыг үзэх бүртээ баясаж суудаг даа. Сэтгэл тавгүй, жаахан гундуу үедээ аль нэгийг ангиас нь эхлээд хоёр гурвыг дараалаад үзчихээд сэргээд л явчихдаг. Яг л багын найзуудтайгаа хэд гурван кружка хашраангаа оройжингоо маазарчихсан юм шиг. Зөө тэгээд одоогийн моодонд ороод байгаа бүхнийг л үзэж байна дөө. Гот, Хөзрөн байшин гэх мэт. Жинхэнэ мөрдөгчдийн шинэ сизн ямар байх бол гэж бодож байна. Westworld гэж цувралыг эхлүүлэх санаатай бодоод л байна.

11. Дуртай киноны төрөл:
Төрөл бүр дээ. Инээдмийн, драмын, байлдаантай, зөгнөлт гээд таалагдвал бүх төрлийнхийг. Сүүлийн үед ер нь хурц өрнөлтэй киноноос илүү намуун дөлгөөн аястай юм сонирхох хандлагатай байгаа.

12. Дуртай найруулагч:
За, лагууд байна. Стэнли Кубрик, Алфред Хичкок, Дэвид Финчер, Ким Ки Дук, Жан И Моу, Никита Михалков, Спилберг, Ларс вон Триер. Сүүлийн үед Кристофер Ноланы кинонуудыг таашааж байгаа.

13. Шилдэг таван киногоо нэрлэнэ үү?
Миний хувьд шилдэг гэхээсээ илүү байнга үздэг кинонуудаа жагсаавал:

  1. Dead poets society – Киноны үйл явдал, залуусын хүсэл мөрөөдөл, хоорондын харилцан ярианууд, соундтрак, сүүлд нь гаргаж байгаа араншингууд гээд юм юмтай гоё кино шүү. 
  2. Princess Mononoke – Мононокэ шдээ. хэхэ 
  3. Its a wonderful life – Амьдрал сайхан гэдгийг санах хэрэгтэй болсон үедээ үздэг хэхэ. Бас надгүйгээр миний эргэн тойрны хүмүүс ямар байх байсан бол гэж төсөөлмөөр санагдсан үедээ. 
  4. Singing in the rain – Дуу, бүжиг, инээдэм. Зүгээр л үзэж инээх дуртай. 
  5. Love actually – Жил бүр зул сарын хавьцаа үзсээр бараг заншил болчихож дээ. 

14. Долоо хоногт дунджаар хэдэн кино үздэг вэ?
 Ер нь олондоо орох болов уу. Өнжөөд нэг үзчих хандлагатай. Гэрийнхэн байхгүй байхад бол өдөрт ядаж нэгийг үзчихээд л байдаг байсан.

15. Ямар киноны аль дүр таныг илүүтэй санагдуулах вэ?
Арай туранхай байхдаа Singing in the rain дээр гардаг Космотой төстэй байсан гэж найз маань хэлж байсан юм. Сүүлд харин таргалаад Шарталтын Алан шиг болсон юм болов уу?

16. Хамгийн сүүлд үзсэн монгол кино:
Санаанд орохгүй байна. Ер нь Монгол киног нэг их үзээд байдаггүй. Өө нээрээ тийм, Аав гээд кино үзсэн. Гэрийнхнээсээ хол байхдаа үзсэн болоод тэр үү их дажгүй л санагдсан. Ганц үзээд өнгөрөхөд боломжийн гэх үү дээ.

17. Би (чэлленжид дуудагч) таньд ямар киног санагдуулж байна:
Загалмайлсан эцгийн Лука Брази шиг царайтай юм уу? хаха

18. Одоогийн байдлаар таны хувьд хамгийн их хүлээлтийг үүсгээд буй кино:
Вэстворлд гээд цувралыг дөнгөж эхлүүлж байгаа болохоор хэр бол гэсэн хүлээлттэй байгаа. Ноланы шинэ киног хэр болсныг хармаар байна. ДиСигийн хэдэн шинэ кинонууд гайгүй шиг болоосой гэсэн горьдлого. ГоТ-н шинэ улирал сэтгэлд нийцтэй байх болов уу гэсэн найдлага...

19. Кино үзэх таатай орчин:
Кино театрт эсвэл гэртээ ганцаараа чихэвчээр. Төвлөрч үзэх дуртай болохоор хажуугаас хүн юм хум асуугаад, шажигнуулж барихад их дургүй.

20. Найзууддаа санал болгох кино:
Хүмүүс тэгээд таарсан таарсан кинондоо л дуртай байдаг шдээ. Тийм ийм гэх юм алга. Харж байгаад дан сүүлийн үеийн гэлтгүй бас хуучны гоё кинонуудыг ч үзэж л байх хэрэгтэй.

Friday, October 28, 2016

Лоран Кошиелни

Боссиелнигийн ёстой гоё видео олж үзэв. Эхэнд нь явж байгаа монолог нь ч бас их сайхан үг юм. Паоло Мальдинигийн номондоо бичсэн үгийг ашигласан бололтой. Сайхан санагдаад монгол хэл рүүгээ сийрүүлэв.
Чи бол багийн ахлагч, багаа үлгэрлэн дагуулах ёстой. Багийнхан чинь чиний нүд рүү хараад чамд итгэх ёстой. Чи бол хамгаалагч, өөрийн тактикыг мэдэгдэж болохгүй. Үл үзэгдэж аюул тарь, өрсөлдөгчдөө сөөм газар ч бүү өг. Өөрийн хөдөлгөөнийг эцсийн миллиметрт хүртэл тооцоол. Хөлбөмбөг бол өчүүхэн төдий алдах эрхгүй, сантиметр бүрийг нэхдэг тоглоом. Хормын өмнө эсвэл хойно дамжуулахад тэр алдаа болно. Амьсгалах төдий түргэлэх юм уу алгуурлахад бөмбөгөөс зөрнө. Эргэн тойронд чинь хожилд хэрэгтэй бүхий л сантиметрүүд тоглолтын эхнээс дуустал минут, секунд бүрт байна. Чи сантиметр нэг бүрийн төлөө тэмцэх ёстой, чи тэр сантиметрийн төлөө шургаж унатлаа гүйх ёстой. Шүдээрээ мэрж, хумсаараа маажаад ч болтугай тэр сантиметрийн төлөө тулалдах ёстой. ЯАГААД ГЭВЭЛ ТЭР САНТИМЕТРҮҮД НИЙЛСЭЭР ЯВААД ЯЛАЛТ БОЛОН ЯЛАГДЛЫН ЗӨРҮҮ БОЛДОГ.
You’re a captain, you have to lead your team. When your team-mates look you in the eye, they must believe in you. You are a defender, never give your tactics away. Be invisible and dangerous, don’t give up any ground to your opponent. Gauge your movements to the very last millimetre. Football is a game of centimetres with a very small margin of error. Pass just a fraction too early or too late and it’s a foul. A second too quick or too slow and you’ve missed the ball.But you’re surrounded by the centimetres you need to win, they’re every minute and every second of the game. You have to fight for every centimetre, you have to run yourself into the ground for that centimetre. You have to fight tooth and nail for that centimetre. BECAUSE WHEN YOU ADD UP ALL THOSE CENTIMETRES, WHAT YOU GET IS THE DIFFERENCE BETWEEN VICTORY AND DEFEAT.

Wednesday, May 25, 2016

Queen - Who wants to live forever? (МӨНХ АМЬДРАХЫГ ХЭН ХҮСЭВ?)

Күиний энэ дууг сонсох их дуртай ч үгийг нь тэр бүр анхаарч сонсож байгаагүй юм байна. Сая харин гэнэт онгод ороод монголчилчихлоо. Болхидуухан болсон байх, гэхдээ яах вэ хө санааг нь ямар ч байсан гаргасан байх. 
МӨНХ АМЬДРАХЫГ ХЭН ХҮСЭВ?
Бидэнд цаг алга
Багтаж шингэх газар ч алга
Хүсэл мөрөөдлийг босгох мөртөө шувтран одох энэ юу гээч вэ.
Мөнх амьдралыг хэн хүсэв,
Мөнхийн амьдралыг хэн хүсэх вэ?
Бүхнийг өмнөөс шийдсэн энэ цаг
Боломж гээч бидэнд огтоос алга.
Цочир гэрэлтэн бадамлах
Цорын ганц сайхан агшинг тусгайлан бидэнд л зориулж.
Мөнх амьдралыг хэн хүсэв,
Хайр мөхөх тавилантай юм бол
Мөнх хайрлахыг хэн зорих вэ?
Асгарах нулимсыг минь аргадаж үнсээч,
Амьд ертөнцийг минь хуруугаараан тэмтрээч,
Тэгээд хоёул үүрд мөнхийг авъя
Тэндээ хоёул үүрд дурлалцая
Бидний өнөө өдөр үүрд мөнх болог ээ.
Мөнх амьдрахыг хэн хүсэв
Мөнхийн амьдралыг хэн хүсэв ээ.
Өнөөдөр үүрд мөнх юм бол
Мөнх үүрдийг хүлээх хэн байх вэ?


Saturday, March 12, 2016

Ronan Keating - If Tomorrow Never Comes (Хэзээ ч маргааш болохгүй бол)

Хоёр байна уу, гурван жилийн өмнө миний найз Р. Ариунболд намайг энэ дууны үгийг орчуулаад тавиач гэж байсан юм. Сая сонсож сууснаа гэнэт орчуулмаар санагдаад нэг ийм юм бантагнуулав. Найрагч, зохиолч хүн биш тул үг болхи, утга бүдэг гарсан байвал урьдчилаад хүлцэл өчье.
Хэзээ ч маргааш болохгүй бол...
Нойр хулжсан зарим шөнөөр сэрүүн хэвтэхдээ
Амгалан нойрсох түүнээ удтал ширтдэгсэн
Гүн нойрондоо тайван үнэгчлэх түүнээ сэрээлгүйгээр
Гэрлээн бөхөөж түнэр харанхуйд ганцаараа хэвтэхүйд
Дэмий нэгэн бодол сэтгэлд зурсхийдэгсэн
Хэрэв маргааш өглөө би сэрэхгүй бол яанам бэ?
Хэрхэн хайрладаг байсныг тэр минь мэдэх болов уу?
Зүрхний минь гүнд оршиж аснаа ойлгох болов уу?
Хэзээ ч маргааш болохгүй бол
Хязгааргүй хайрлаж асныг тэр минь мэдэх болов уу
Хан хорвоод наддаа цор ганц гэдгийг
Хоног өнгөрөх бүр мэдрүүлж чадлуу би?
Элээх хоногийн минь тоо гүйцэхүйд
Ээ хөөрхий, тэр минь ганцаар хоцорно
Харамгүй өгч асан хайр минь
Хангалттай хүрэх болов уу түүнд минь
Хэзээ ч маргааш болохгүй бол
Сэтгэлд ойр хүмүүсээ алдаж би үзсэн
Сэрүүн ахуйд нь хайраа даанч харуулж чадаагүйсэн
Одоо би маш их харамсдаг
Онцгойлон сэтгэлээ хэлээгүйдээ гутардаг
Тиймээс би өөртөө тангараг өргөсөн
Түүнд хайртайгаа өдөр бүр хэлж байх юмсан
Үнэн зүрхээ илчлэх боломж байхгүй болохоос өмнө
Өдөр бүр хэлж байх юмсан
Хэзээ ч маргааш болохгүй бол
Хязгааргүй хайрлаж асныг тэр минь мэдэх болов уу
Хан хорвоод наддаа цор ганц гэдгийг
Хоног өнгөрөх бүр мэдрүүлж чадлуу би?
Элээх хоногийн минь тоо гүйцэхүйд
Ээ хөөрхий, тэр минь ганцаар хоцорно
Харамгүй өгч асан хайр минь
Хангалттай хүрэх болов уу түүнд минь
Хэзээ ч маргааш болохгүй бол
Тиймээс өөрийн хайртай хүндээ
Өөрийн сэтгэлийг илчилж бай
Хэзээ ч маргааш болохгүй бол

Tuesday, January 19, 2016

АРСЭН ВЭНГЭР: “ХАНГАЛТТАЙ ЧАДВАРТАЙ БОЛ ЧАМД БОЛОМЖ БИЙ”


Хөлбөмбөгийн бүхий л түүхийн турш хамгийн тод гэрэлтэх одод нь төвийн довтлогч нар байлаа. Гоолдогчид, тоглолтыг эргүүлэгчид, багийн билэг тэмдгүүд. Пеле, Эсебио, Герд Мюллер, Ромарио, Рональдогоос авахуулаад орчин цагийн суутнууд болон Криштиано Рональдо, Месси гээд довтлогч нар л үргэлж хамаг магтаалыг хамж байв.

Гэвч сүүлийн хэдэн жилд шилдэг зэрэглэлийн төвийн довтлогч нар эрс багассаныг Арсэн Вэнгэр анзаарчээ. Өнгөрөгч зуны наймааны цонхоор Арсенал маань өч төчнөөн довтлогчидтой нэр холбогдож байсан боловч эцсийн эцэст тэдгээрийн аль нь ч Аваргуудын лиг болон Премьер лигт од болон гялалзах хэмжээний чанартай байгаагүй хэмээн менежер маань ярьж байна. Яг иймэрхүү зүйлийг Европ даяар их олон менежер дуу нэгтэй халаглан өчиж байгаа билээ.

Тэгэхээр тэдгээр шилдэг довтлогч нар хаачаа вэ? Жинхэнэ ес дугаарын тоглогч нар хаашаа одсоныг, тэдгээрийг буцааж авчирч болох эсэх талаар Арсэн Вэнгэртэй ярилцсаныг доор толилуулсу. 

Thierry Henry
Энэ улиралд дээд зэрэглэлийн довтлогч нар өмнөхөөсөө цөөн байна гэж та өмнө ярьж байсан. Ямар учиртай гэж та бодож байна вэ?
Яахын аргагүй тоглогч нарын дасгалжуулалттай холбогдож байгаа юм. Бүр бага наснаас нь эхлээд илүү нарийн техниктэй тоглогч нарыг бэлдэж эхэлснээс гадна талбайнуудын чанар ч сайжирсан. Тиймээс бөмбөгийг урагш цөлж орхих нь цөөрч, довтлогч нарын амин чухал тэмцэх чанар харьцангуй бага хөгжих болж.

Агаараас ирэх бөмбөг бага учраас биеэрээ тоглох нь багассан. Энэний оронд довтлогч нар голцуу хагас хамгаалагч нарын байрладаг хэсгүүдэд бөмбөг авч байна. Мөн хөндлөн дамжуулалтууд ч цөөхөн, бөмбөг ихэвчлэн газраар явж байгаа. Яах вэ өмнөх үеийг бодвол довтлогчийн байрлалд тоглох хавьгүй хялбар болсон. Тэд одоо илүү хамгаалалттай болсон. Өмнө нь бол тэмцэхэд хэзээд бэлэн байдаг байлаа. Хамгаалалт сайтай болсон учраас илүү олон ч гоол хийдэг болсон. Хуучин шиг тийм их түрэмгий, биеэ дайчилсан тоглолтын арга барилыг хөгжүүлэх шаардлага ч бага болсон доо.

Та энийг хэдийнээс анзаарч эхлэв?
Наймааны цонх нээгдэхэд л хүн бүхэнд ил болж байна шүү дээ. Манайд Жирү, Валкотт, Вэлбэк, Санчез нар байгаа болохоор бид ч харьцангуй азтай байна. Эргэн тойрноо харвал энэ төрлийн тоглогч нар их ховор байгаа.

Анх Англид ирж байхад клубуудэд бүгдэд нь сайн мөргөдөг, хөндлөн дамжуулалтаас аюул тарьдаг, биеийн хүчний тоглолт сайтай довтлогч нар байдаг байлаа. Харин одоо ингээд харахад тийм тоглогч их ховор. Тэгээд “юу болоод байна вэ?” гэж бодно. Европын бусад лигүүдийг хараад, хамгийн их гоол хийгээд байгаа тоглогч нарыг анзаарах юм бол ихэнх нь Өмнөд Америк тоглогч нар байгааг мэдэх болно.

Би энэ талаар их бодох болсон бас нэлээн яриа хөөрөөтэй сэдэв болоод байгааг хэлэх ёстой байх. Хэд хэдэн удаа энэ талаар хүмүүстэй ярилцаж үзэхэд ижил сэтгэгдэлтэй хүмүүс ч их байсан. Гол асуудал нь “дасгалжуулалтыг яаж өөрчилбөл дээр вэ?” гэдэгт байна.

Зөвхөн довтлогч нарт зориулсан сургууль байгуулах гэж үү? 
Тийм. Хаалгач нарт зориулсан сургалт байдаг шиг тийм тусдаа зүйл байх хэрэгтэй гэж би бодох болсон. Тоглогч нарыг бүр залуу байхаас нь эхлэн сургамаар байгаа юм. Угаасаа тэр насан дээрээ тэд гадуур, гудамжинд бага тоглож байгаа тул энэ төрлийн овсгоо суулгахад тун тохиромжтой.

Гудамжинд тоглож байгаа 10 настай хүүхэд, өрсөлдөгч чинь 15 настай бол илүү овсгоотой байх хэрэгтэй болно оо доо. Харин одоогийн академиуд нас насаар нь ангилчихсан байдаг учраас энэ төрлийн чадварыг бага хөгжүүлдэг.

Арсенал энэ довтлогчийг тусгайлан бэлтгэх чиглэлээр явж байгаа юу?
Тийм ээ. Бид энэ чиглэлээр явах хэрэгтэй. Яг аль насны ангиллаас эхлэх эсэхээ тодорхойлж амжаагүй л байна. Одоогоор Тиерри Анри хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Мэдээж Тиерригийн хувьд энд байгаа үедээ залуу тоглогч нарыг хөгжүүлж чадах боловч тэдний чадварыг хөгжүүлж чадах хүмүүсийг зөвхөн довтлогчид байна гэж хязгаарлаж болохгүй.

Довтлогч нарт элдэв арга, техникүүд байдаг ч дасгалжуулагч нар тэд нарыг нь хөгжүүлж өгдөг.

Довтлогчдын тоо ингэж цөөрч байгаад та санаа зовох юм уу гунигтай санагдаж байна уу эсвэл энэ хөлбөмбөгийн хөгжлийн нэг хэлбэр үү? Ерөнхийдөө бараг гандболорхуу хэлбэрийн хөлбөмбөг рүү хэлбийгээд байгаа юм. Бөмбөгөө алдсан тал нь маш хурдан зохион байгуулалтад орж 10-ын эсрэг 10-уулаа хамгаалах гэх мэт. Тэгэхээр өөр төрлийн л довтлогч хөгжүүлэх хэрэгтэй болж байна.

Гэхдээ ийм төрлийн байдалд орлоо гэхэд газраар нэвтэрч чадахгүй бол дээгүүр л явуулахаас өөр аргагүй болно. Тэгэхээр бүх төрлийн л довтлогч байх хэрэгтэй гэдэгт итгэсэн хэвээрээ л яваа. Хөлбөмбөгийн нэг сайхан юм нь чи хичнээн өндөр, эсвэл намхан байсан ч гэсэн чадвар хангалттай бол боломж үргэлж байдаг.

Өөрийн биеийг хэрхэн ашиглахаа мэдэх хэмжээний ухаантай байвал чамд боломж бий. Тоглогчийн хувийн ур чадварыг сайжруулахаас гадна тэмцэх хүслийг нь өдөөж өгөх хэрэгтэй. Төгс дамжуулалт ирэхийг хүлээж сурахыг заахаас гадна биеэ хэрхэн сайн ашиглах, хамгаалагч нарыг яаж өдөөн хатгахыг ч заах хэрэгтэй.

Бас нэг санаа зовоож байгаа асуудал нь юу вэ гэвэл, цөөн довтлогч байгаа учраас төвийн хамгаалагч нар ч ховордоод байна. Довтлогчийн хомсдлоос болж төвийн хамгаалагчийн хомсдол үүсч байгаа бололтой. Ядаргаа болж, махлахгүй болохоор хамгаалагч нар ч өөрсдийн тэр чиглэлийн чадварыг хөгжүүлж чадахгүй байна.

Яваандаа бөөн ур чадвартай хагас хамгаалагч нар л болцгоох юм биз дээ?
Бараг л тийм. Энэний сонгодог жишээ гэвэл Испаниуд дэлхийн аварга болохдоо зарим тоглолт дээр Сэск Фабрегасыг төвийн довтлогчоор тоглуулсан шүү дээ. Германууд ч гэсэн түрүүлдэг жилээ зургаан хагас хамгаалагч талбай дээр гаргаж л байсан.

Тэд бүгдээрээ маш дээд зэргийн ур чадвартай тоглогч нар боловч яг жинхэнэ довтлогчийн шинж чанартай тоглогч ховор. Испани, Герман хоёр аргаа барсандаа уламжлалт тоглолт бүхий довтлогчгүй тоглосон гэж бодож байна уу? Эсвэл шаардлагагүй байсан болохоор гэж бодож байна уу? Миний бодлоор талбайн төв хэсэгт маш их хувийн ур чадвартай тоглогч нар тоглохоор урд довтолгоон дээр ч гэсэн адилхан ур чадвартай тоглогчтой байхыг шаардаж байгаа.

Гэхдээ магадгүй тэдний хүссэнээр хамгаалагчийн араар гүйгээд өгөх довтлогч олдоогүй байж ч болох юм. Тиймээс тэд өөрсдийн онол хэр явцтай байхыг нь харах гэж эцсийг нь тултал үзсэн байж магадгүй. Мэдээж тэдэнд маш нарийн нэвт шувт дамжуулдаг хагасууд байсан болохоор энэ төрлийн тоглолтууд дээр талбайн хагасаас хамгаалалт задалсан, нэвтийн дамжуулалтууд ирэх ёстой нь харагдаж байгаа юм.

Энэ тоглолтоор амжилт олохын тулд маш сайн ур чадвартай тоглогч нар хэрэгтэй. Зарим тохиолдолд энэ арга бүтэлгүйтэх нь ч бий. Дэлхийн аваргаар Өмнөд Африк Испанийг хожихдоо нэлээн хойш татаж, их хүлээцтэй тоглосон. Сүүлийн хэдэн жилийн Европын хамгийн олон гоолтой тоглогч нар болох Месси, Рональдо хоёр гэхэд л анхнаасаа довтлогч байгаагүй шүү дээ.

Ирээдүйн довтлогч нар эхлээд жигүүрийн довтлогчоос гараагаа эхэлнэ гэсэн үг үү? 
Месси, Рональдо хоёр жигүүрийн тоглогчоос гараагаа эхэлсэн гэдэгтэй би санал нэгдэнэ. Тэр байрлалд тоглох үедээ богино зайд хуурмаг хөдөлгөөн хийх чадвараа хөгжүүлсэн. Тэр маш чухал чанар гэж би үргэлж хэлдэг байсан. Бидэнд өөр нэг жишээ ч байна. Тиерри Анри гэхэд анх вингерээр тоглож эхлээд өөрийн ур чадварыг сайжруулж сайн хуурдаг болсныхоо дараа жинхэнэ алуурчин довтлогч болсон.

Эдгээр гурван тоглогч гурвуулаа маш ухаалаг учраас өөрсдийн боломжийг ч сайн ашигласан. Ерөнхийдөө гурвуул ухаалаг, хурдан, тэгээд хамгаалагчид руу шууд дайрч ордог. Гэхдээ энэ гурвын хэн нь ч бөмбөгөө барьж, хоёр давхрын хэцүү бөмбөгүүдийг мөргөхөөр хичээдэг уламжлалт довтлогч биш. Тэд бол эргэн тойрныхныхоо нарийн оновчтой дамжуулалтад найдаж, өөрийн хурдыг ашиглан цэвэрхэн гүйцэтгэл хийдэг тоглогч нар.

Жэйми Варди таван жилийн өмнө лигийн бус хөлбөмбөг тоглож байсан. Тэр зиндааны академиудын материаллаг бааз багатай дасгалжуулалтын үрээр ур чадвар нь сайжирсан гэж үзэж болох уу?
Тийм. Иймэрхүү залуус олноор анзаарагдаж байгаа. Английн доод лигүүдээс сайн тоглогч нар их гарч ирж байна. Доод лигээс гарч ирээд үндэснийхээ шигшээд дуудагдсан тоглогч нарын тоо ч сонирхолтой харагдах байх шүү.

Миний хувьд их сонирхолтой санагдаад байгаа юм. Яг энэ үзэгдлийг би Францад ч бас харж байна. Косиелни, Жирү, Рибери гэх мэт доод лигээс гарч ирсэн тоглогч нар олон байна. Тэд доод лигт махаа идэн тэмцэлдсээр дээд лигт гарч ирдэг. Сэтгэл санааны хувьд эрс ширүүн, чин эрмэлзэлтэй байх ёстой болдог. Шулуун дардан замаар Аваргуудын лигийн багийн бүрэлдэхүүн рүү орчихгүй шүү дээ.

Arsène Wenger
Тэгэхээр доод лигийн багууд цэцэрлэгт хүрээлэн, гудамжны талбайнуудыг довтлогч бэлтгэлийн газар болгож өөрчлөх хэрэгтэй болох нь уу?
Магадгүй, зарим тоглогч нарын хувьд дээд түвшинд гарч ирэхийн тулд тийм шийдэл байж болох л юм.

Яагаад?
Юуны өмнө Премьер лигийн түвшин их дээшилсэн учраас үнэхээр гоц авъяастай биш л бол академиас шууд ПЛ-т орж ирэхэд тун хэцүү болсон. Тэгэхээр академи болон Премьер лигийн томчууд руу шилжих гүүр болгоод доод лигийг ашиглаж болох юм. Чампионшипийг гэж хэлэх гээгүй л дээ яагаад гэвэл залууст тэнд ч гэснэ тоглоход их хэцүү.

Харин Лиг 1 эсвэл Лиг 2 байж болох юм. Залуу тоглогчийн хувьд тэнд тоглолоо гээд өөрөөсөө ичих шаардлагагүй. Тэр түвшинд тоглож чадна гэдгээ харууллаа, буцаад дээшээ хүрээд ирлээ. Зээлээр явуулах тухай яриагүй харин тэжээгч клубын системд би илүү талтай. Зээлээр явуулахын нэг асуудал нь гэвэл яг ижил нөхцөл байдалтай үед менежер хүн өөрийн тоглогчийг тоглуулах сонирхол давамгайлдаг бөгөөд зээлээр тоглож байгаа тоглогч үнэхээр илүү байж л тоглох болдог. Тэгэхээр тэр асуудлыг бид өөрсдөө зохицуулдаг болчихвол бүр л үр дүнтэй болно.

Дүгнээд хэлэхэд, энэ эргэж өөрчлөгдөх болов уу? Багууд хуучны сайхан 4-4-2 схем рүү шилжих болов уу?
Хэзээ ч үгүй гээд хасчихаж бас болохгүй л дээ. Яагаад гэвэл 4-4-2 схем бол математикаар бодвол талбайг урт, өргөнийн хувьд бүрэн дүүргэхэд хамгийн тохиромжтой байрлал хэвээрээ л байгаа. 4-4-2 дээр тоглогчдын 60 хувь нь талбайн 60 хувийг эзэлдэг ба талбай 40 хувь болох жигүүрийн орон зайг дүүргэдэг.

Тэгээд бодохоор энэ байрлал онолын хувьд хамгийн боломжит байрлал хэвээрээ. Ганц ялгаа нь гэвэл хоёр дахь довтлогч хэр урагшлах, хойшлох л байна. Тэр нь бас тоглогчийн хувийн ур чадвараас ихээхэн шалтгаална. Жишээ нь гэхэд намайг анх Арсеналд ирэхэд Деннис Бергкамп их урагшаа тоглодог байсан бол 32 настайдаа нэлээн хойш татаж, Тиерри Анри урагш түрж тоглох болсон. Нэг бодлын 4-4-2 байрлалын нэлээн хувирсан хэлбэр байсан болохоор ирээдүйд ямар нэг байдлаар эргээд ирэх байх гэдэгт итгэж байна.

Dennis Bergkamp
Бантагнасан: Цогоо
Эх сурвалж:  Арсенал цэг ком