Wednesday, August 20, 2014

Охиноо уйлуулчихлаа

Охиноо уйлуулчихлаа. Уг нь миний нуруун дээр хэвтээд хоёулаа Шрек үзээд сууж байсан юм. Тэгтэл Фионагийн аав үхээд, оршуулгын ёслол нь их л гунигтай боллоо. Охин асууж байна:
- Аав аа, аав нь үхчихсэн үү?
- Тэглээ.
- Ээж нь хөгшрөөд үхэх үү? 
- Тэгнэ ээ гээд хариулсан чинь уйлаад эхэлдэг юм.
- Ийийий би ээжийгээ үхүүлмээргүй байна аа...
- Ээж нь үхэхгүй шдээ. Энэ хүүхэлдэйн киноны ээж үхнэ гэж хэлсэн байхгүй юу.
- Тэхдээ намайг хөгшрөхөөр миний ээж үхнэ биз дээ?
- Тэгнэ л дээ. Тэгэхдээ болоогүй шүү дээ.
- иийийийийийийий гээд бүүр чанга уйлаад байхаар нь нуруунаасаа буулгаж байгаад хүн төрдөг, амьдардаг, үхдэгийг сайн дэлгэрэнгүй тайлбарлаад, сэтгэл санааны хохирлыг дэлгүүрээс зайрмаг захиж авчруулах замаар цайрууллаа. Уг нь ч үхэл, амьдрал, оршуулга, хурим гээд мэддэг юм л даа. Тэгэхдээ ойр дотныхон нь бас үхдэг гэдгийг гэнэт ухаарав бололтой. Хүүхэдтэйгээ чухал сэдвээр ярих ч лүд юм аа.

Wednesday, August 13, 2014

Oh, Captain! My Captain!

Хамгийн дуртай жүжигчдийн маань нэг Робин Виллиамс өчигдөр хорвоог орхин оджээ. Анх “Хатагтай Доубтфайр” гээд кинон дээр танилцсанаас хойш хичнээн ч киног нь үзэж, инээхдээ инээж, уйлахдаа уйлж явсныг ёстой хэлж мэдэшгүй. Сэтгэлд хоногшсон олон дүр байдаг ч би ганц киног нь л ярья. Үнэнийг хэлэхэд тэр кинон дээр нөхөр өөрөө тийм ч сайн тоглоогүй гэж би боддог юм. Магадгүй инээдмийн кино биш болохоор тэр байх. 

Нас барсаныг нь мэдээд хүндэтгэл үзүүлэх зорилгоор 1989 онд гарсан Dead poets society гээд киног үзлээ. Үйл явдлын хувьд 1959 он хавьцаа хуучинсаг хэв маяг бүхий хөвгүүдийн дотуур байртай сургуульд дэвшилтэт сэтгэлгээ бүхий Англи хэл, уран зохиолын багш ноён Китинг ирж, улмаар хөвгүүдийг чөлөөтэй сэтгэж, өөрийн хүссэн зүйлээ хийх урам зориг өгч байгаа тухай гардаг юм. Анхны хичээл дээрээ хүүхдүүдийг сургуулийн алдрын танхимд дагуулан орж, бахархал болсон үе үеийн залуу сурагчдын зургийг харуулж байгаад Carpe diem гэдэг үг зааж өгнө. Латинаас хөрвүүлбэл “Seize the day” буюу утгачилах юм бол “тултал амьдрах” тухай. Энэ санаагаа батлахын тулд шүлгийн бадгийг ашигладаг юм.

Gather ye rosebuds while ye may, 
  Old Time is still a-flying;
And this same flower that smiles today
  Tomorrow will be dying.

Чадаж байгаа дээрээ дэлбээгээн цуглуул 
  Цаг хугацаа зогсолтгүй урагшилсаар 
Чам руу инээмсэглэн буй эдгээр цэцэгс
  Цаг нь болоод маргааш гэхэд үхэцгээх болно. (Муухан орчуулга болсныг би мэдэж байгаа.) 

Цаг хугацаа чамайг хүлээхгүй учраас хүсэл зоригоо хөөцөлдөх зав өөртөө гаргаж байхыг ноён Китинг хөвгүүдэд ойлгуулдаг. Тус дунд сургууль маш дэг жаягтай, хуучны хэв маягтай бөгөөд Айви лиг буюу Америкийн томоохон найман их сургуульд элсэх стандартын сургалттай. Ийм ч учраас том амбицтай эцэг эхчүүд хөвгүүдээ ирээдүйн хуульч, эмч гэх мэт хүндэтгэлтэй мэргэжлийн хүмүүс болгохын тулд энэ сургуульд өгдөг. Уран зохиолын хичээл тухайн хүмүүсийн ирээдүйн амьдралд огт чухал биш гэсэн нийтлэг ойлголттой, хөтөлбөр нь ч гэсэн тэрнийхээ дагуу. Яруу найргийг ойлгохын тулд түүний төгс байдлыг хэвтээ тэнхлэг, хэр чухал вэ гэдгийг босоо тэнхлэгт оруулаад огтлолцох цэг үүсэх талбайг тухайн яруу найргийг хэр гайхалтай вэ гэдгийг тодорхойлно гэх мэт марзан агуулга ч байх шиг. Эдгээрийг “баас” гэж үзсэн Ноён Китинг залуу хөвгүүдэд амьдралын үнэн зорилго бол хүний хүсэл тачаал, хайр дурлал бөгөөд хууль, инженер, эмнэлэг зэрэг мэргэжлүүд зүгээр л амьдралын хэрэглэгдэхүүн гэж сургана. 

Төрөлх сургуульдаа эргэн ирж багшилж байгаа ноён Китингийн тухай хөвгүүд судлахдаа багшийгаа “Dead poets society” буюу Өнгөрсөн найрагчдийн нийгэмлэг хэмээх сургуулиас гадуурх нууц бүлгэмийн гишүүн байсныг мэддэг. Романтик мөрөөдөлдөө хөтлөгдсөн залуус дуртай найргаа уншиж, онгодоо хөгжөөдөг байсныг мэдсэн хөвгүүд энэ бүлгэмийг нь сэргээнэ. Ноён Китингийн өвөрмөц заах арга барил хөвгүүдэд нөлөөгөө үзүүлж өөрсдийн хүссэн зүйлсийг хийж эхэлдэг. 

Төрүүлсэн үр, хүүхэддээ хайргүй эцэг эх гэж байдаггүй байх. Туулж өнгөрүүлсэн амьдрал, замналдаа харамсах зүйлгүй хүн ч гэж байдаггүй биз. Тийм ч учраас өөрийн хийсэн алдааг битгий давтаасай гэсэндээ, өөрт олдоогүй боломжийг хүүхдүүддээ гаргаж өгөхийг хүссэндээ бид хайртай хүүхдүүдээ бас бие даасан хувь хүн юм гэдгийг мартдаг. Хувь хүний чөлөөт сонголт гэсэн хамгийн үнэтэй зүйлийг мартаж тэдний өмнөөс шийдвэр гаргадаг. Зөвшөөрөөгүй тохиолдолд тэднийг нухчин дарж, өөрийн үйлдлийг тэдний сайн сайхны төлөө хэмээн өөртөө муйхраар итгүүлнэ. Хөөрхий хүүхдүүдэд эцэг эхийгээ сөрж зүрхлэх хүч байхгүй. Хангалттай хүч өөртөө хуримтлуулсан үед хэтэрхий оройтсон байх нь олонтаа. 

Кинон дээр гардаг зүйлсийг хэлэлгүйгээр эдгээрийг олигтой тайлбарлахад их төвөгтэй юм. Сонирхож уншсанд баярлалаа гэх үү дээ. Энэ киног үзээгүй хүн байвал яаралтай олж үзэхийг санал болгоё. Уран зохиол, яруу найраг, чөлөөт хүсэл, зүгээр амьд байх биш жинхэнээсээ амьдрах тухай. Кинон дээр амьдралынхаа мөрдлөг болгочихмоор үг, хэлц үгнүүд маш их гардаг. Ямар нэг киног дээр нь гардаг ганц үгээр илэрхийлэх боломжтой бол энэ кинон дээр маш олон алдартай шүлгүүд гардаг учраас тэрнийг нь гэж хэлэхэд их хэцүү юм. Гэхдээ яг ганцыг хэлнэ гэх юм бол “Oh, Captain! My Captain!” гэж хэлээд ширээн дээр зогсож байгаа эдгээр хүүхдүүд бүрэн төлөөлөх байх аа. 

2014.08.13

Saturday, June 21, 2014

Бухимдал

Хүмүүс энэ нэвтрүүлэг үзчихээд их сүржигнэцгээж байна аа. Нарийн царигтай төмөр зам барьвал Хятадууд танк зөөгөөд оруулаад ирэх ч юм шиг. Орос, Украйны асуудлыг жишээ болгож ярьж байх юм. Крымыг тасалж өгсөн, тэрнийгээ буцааж авч байгаа явдал гэж би хараад байгаа. 

Манайх Хятад хоёрын асуудал бол бүүр эсрэгээрээ. Яг ярих юм бол бид нар харин монгол хэлээр ярьдаг Өвөр Монголоо авмаар байна, хэл ус, бичиг, соёл, зан заншил бүгд Монгол учраас тэднийг Монгол улсын нэг хэсэг мөн гэж үзэж байгаа гээд цэрэг оруулж болно шүү дээ.

Даврах юм бол Монголууд Хятадыг эзэлж байсан, сүүлд нэг улсын бүрэлдэхүүнд байгаад хоёул тусгаар улс болсон гэж маргаад Хятадуудыг өөртөө нэгтгэнэ гэж ярьж ч болно. Манайхан өөрсдөө жижигрээд байх юм. Үнэхээр Чингисийн Монгол, дэлхийг эзэгнэж байсан улсын үр сад гэж цээжээ балбаад баймаар байгаа юм бол Хятадаас юундаа айгаад байдгийн.

Манайхан нэг юмыг ойлгох хэрэгтэй. Төрийн толгойд одоо хэн байгаа нь хамаагүй Монгол улс гэж байна. Энэ бол бие даасан тусгаар улс, үндэстэн. Энэ улсын дотоод амар амгалан, нэгдмэл байдал хамгийн чухал. Талцаж муудалцаад манайхнаас өөр хэн ч хохирохгүй. Суртал ухуулгын чанартай, захиалгат нэвтрүүлэг үзчихээд ард нийтээрээ ингэж туйлширч харайх бол зөв зүйл биш шүү. Эрлийз, хурлийз, ортоом гэж хүнийг доромжилж өөрийн хүн чанарыг гээх ч гэсэн сайн юм биш. Би бол ямар эцэг эхээс төрөх нь хамаагүй Монгол улсын иргэн бол Монгол хүн гэж үздэг. Чухамдаа Хятадын эрлийз гэж хэн нэгнийг гадуурхаж байгаа нь чи дөрвөд, би халх гэж байгаагийн арай түвшин ахисан хэлбэр гэж үзэж байгаа. Хүнийг яс үндэс, угсаа гарвалаар нь ялгаварлан гадуурхаж байгаагийн хэлбэр биш үү?

Компьютерын урд суугаад интернэтээр хэн нэгнийг "Дэлхийгээс зайл, үхвэл таарна, ичтэл нь шэйр хий, буудаж ал" гэх мэтээр бичих амархан. Бас интернэтээр эх оронч болж харагдах ч амархан. Чи өөрийн тунхаглаад байгаа юмаа биеэрээ хийж үзүүлж, үлгэр болж явах харин хэцүү байх шүү. Фотошопоор эвлүүлсэн хэдэн зургийг шэйр хийснээр эх оронч болчихгүй, наадхыг чинь маус хөдөлгөж чаддаг захын хүүхэд ч хийчихнэ.

Өөрсдөө сүргээрээ гадаадад очиж хар ажил хийдэг, өч төчнөөн мөнгө төлж хамаг сайхан залуу үеэ харийн орон руу мөнгө хийлгэхээр явуулчихдаг байж тэдний хийх ёстой байсан ажлыг хийхээр орж ирсэн гадаадын ажилчдыг зайл гэж хөөх нь зөв юм уу? Ид сайхан залуу насан дээрээ яваа эрчүүдээ гадагшаа экспортолчихоод тэдний насны эмэгтэйчүүдийг хэнтэй нийлүүлэх гэж байгаа юм. Бидний өөрсдийн л буруу. Эх оронч хүмүүс байсан бол тэгж харийн улсын ажлын капитал болж явахгүй дээ.

Гадаадад хумсаа мэрэх шахам ажиллаж байгаад ирсэн Монголчууд энд яг тэрэн шигээ ажиллахыг хүсдэггүй л юм шиг харагдаад байгаа. Тэгээд барилга барихаар, машин засахаар ирсэн хятад, вьетнамуудыг муухай гадуурхана. Ер нь тэгээд өөрсдөө чаддаг байж байж бусдыг жийдэг байх хэрэгтэй л дээ.

Манайхны нийтлэг дутагдал байгаа. Өөрөөс нь сайн хүн ороод ирвэл тэрнийг яаж зайлуулах вэ гэсэн бодол түрүүлж орж ирдэг. Уг нь бол яаж тэрэн шиг болох вэ, эсвэл яаж тэрнээс илүү болох вэ гэж бодох ёстой баймаар. Хамт ажиллаад илүү амжилтад хүрье ч гэж бодож болох шүү дээ.

Бухимдал төрөөд ганц хоёр өгүүлбэр бичье гэсэн чинь бөөн юм болчихлоо. Манайхан ойлгоно биз дээ. Нийтээр нь бухимдуулж, нийгмийг ууртай байлгах нь хэнд ашигтай юм бол доо? Монголд байгаа бүх гадаадуудыг хөөж гаргах гээд байгаа ч юм шиг харагдах юм заримдаа. Хамтарч ажиллаж байж л хөгжилд хүрэх ёстой шүү дээ. Хамаг гадаадаа хөөж гаргачихаад Тундрын чукча нар шиг хэдүүлхнээ л байж байх санаатай юм болов уу?

Нэвтрүүлэг үзээд төрсөн бодол

Monday, April 28, 2014

ЗУРААЧ-ЖАНГАРЧ

Аюулхайн тус газраа санаандгүй цохиулж үзсэн үү? Амьсгалж чадахгүй түгжрээд тэвдэхэд нүүр чинэрч, чих шуугина. Хэсэг байсны дараа амьсгалын гарах болон орох үйлдэл зэрэг хийгдэх үед амьсгалахгүй байснаасаа илүү самгардаж, давчиддаг. Амьдралын хамгийн сайхан хормуудад, сэтгэл хөдлөл хамгийн дээд цэгтээ тулахад үүнтэй тун төстэй мэдрэмж төрж, цээжинд халуу оргитол төөнөх нь бий. Аюурзанын "Цагаан Хар Улаан" романыг унших явцад энэ мэдрэмж хэд хэдэн удаа төрлөө.

Торгууд түмний эмгэнэлт түүх их нүүдлийн тухай уншиж өрөвдөх сэтгэл төрж байснаас өөрөөр тэдний тухай мэдлэг хомс миний хувьд энэ номыг анх барихдаа юу хүлээхээ ч мэдэхгүй харанхуй чигээр явж орчихов. Үнэхээр сайхан номыг уншихад сэтгэлд хүртэл өег мэдрэмж төрүүлж, уншаад дуусахын алдад өөрийн эрхгүй хөнгөн гуниг үлдээнэ. Би мэдээ орсон цагаасаа эхлээд л зураач хүмүүст атаархаж байсан юм шиг санагддаг юм. Бийрийн үзүүрийн хөнгөн хөдөлгөөнөөр музей, сүмүүдэд харж, айдаг асан бурхдын ширүүн дүрийг чивчийтэл нь татаж, дэлгэсэн зотон дээр тодруулан суух хайртай нагац эгчийнхээ төрх, ширээн дээрээ шавааруулан өрсөн өнгө өнгийн будгийн содон үнэрийг Рэнцэнраагийн урлангийн тухай уншсан хэсгээс өөрийн эрхгүй дахин харж, дахин үнэрлэв. Үнэхээр дотно санагдахад Рэнцэнрааг багаасаа л таньдаг байсан ч юм шиг. Рэнцэнраагийн дотор бужигнасаар тогтож байгаа шуургыг магадгүй өөр нэг уран бүтээлч Аюурзана л ойлгож, буулгасан байх.

Аливаа уран бүтээлч өөрийгөө байнга үзүүрлэн хурцалж, хорвоогийн сайхныг үргэлж өөр талаас нь хардаг баймааж нь мөнхийн хутгийг олсон үүрдийн бүтээлийг туурвих тавилантай. Байгаадаа сэтгэл ханаж, биеэ тоовол чиний хувьд дуусгал. Уран бүтээлчийн амьдрал нь дуусах замдаа орж байсан Рэнцэнраагийн хувьд өөрчлөлт байж болох хамгийн тааламжгүй чиглэлээр ирсэн ч Эрэлхэг цэрэг Швейкийн хэлсэнчлэн "Юмс яаж ч өөрчлөгдөж байсан сайн тал руугаа явж байдаг"-ийн нэг сайхан жишээ болжээ. Өдөр бүр дахин давтагдах амьдралын жижиг асуудлууд, өөрийн ая тухтай байдлыг эрхэмлэн суугч зураач залуу өссөн нутагтаа Жангарын туульстай танилцан, өөрийгөө шинээр нээж байгааг уншаад суух нь ээ өнөө цагийн хүмүүсийн амьдралын хамгийн түгээмэл дүр зураг нүднээ жирэлзэн өнгөрөв. Уг нь зохиолтой хамаагүй юм л даа. Тэгэхдээ үргэлжийн завгүй, үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийн сайн сайхны төлөө хэмээн хэтэрхий улайран зүтгэх бидний үе тэнгийнхэн чухам эрхэмлэн үзэх тэр л гэр бүлээсээ холдон төсөөрч байгааг харж харуусдаг миний сэтгэлийн хашгарааны цуурай шиг санагдлаа. Жангар туульс хайлдаг хүмүүс цаанаасаа бөө байдаг гэсэнчлэн торгуудын Сохор жангарчийн жич Рэнцэнраа уран бүтээлчийн дуудлагаа нутаг орондоо очиж хүлээж авсан зураач-жангарч гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирээд байх юм. Хар уулын хүүхний сэтгэлийн уяа алдуурч эмнэлэгт хэвтсэний шалтгаан ч бас Рэнцэнраагийн онгодтой холбоотой юм болов уу? Жангарчийн хүссэн бүхэн биелдэг бус уу?

Рэнцэнраагийн түүхээс гадна энэ зохиолын сүнс болсон өөр нэг түүх байна. "Хүн амьтан нь гаднын гийчин ирмэгц л шууд газар руугаа шургачихдаг, магадгүй чимээ гаргахгүй гэсэндээ нохдынхоо хошногыг хайрдаг, хүүхдүүд нь уйлалгүй төрөөд, өвгөд нь үг дуугаралгүй, амьсгалаа ч ширүүхэн таталгүй үхдэг газар мэт" гэсэн хэсгийг уншаад үнэхээр өр өвдөм. Торгуудын их нүүдлийн тухай уншиж, сонсож байсан хүмүүс л энэ хэсгийг ойлгох байх. Үл ойлгох нь магадгүй ойлгохоосоо ч олон буй биз. Уран чамин үг уншаад сэтгэл нь хөдлөсгээд мартах нийтийн жишгээр л явна гэж бодохоор харуусал ч төрөх шиг.

Би уншсан ном бүрээсээ нэг дүрийг ихэд хайрладаг. Тэд ихэвчлэн гол дүрийн этгээдэд хачин ихээр нөлөөлж, зам мөрийг нь чиглүүлж өгч байдаг юм. Бусад номын хорхойтнуудад байдаг нь эргэлзээгүй энэ зуршлынхаа дагуу номоо уншиж эхлэхдээ өөрийн мэдэлгүй нөгөө дүрээ хайж эхэллээ. Эрэл амжилттай болж би бүр хоёрын хоёр дүр олов. Сохор жангарчийн тухай гарах болгонд насны бөгсөнд нүдэнд нь цагаа унаж бараг хараагүй болсон өвөө маань бодогдох шиг. Сохор болохоороо тэр үү хорвоогийн өнгөнд хуурталгүй, сэтгэлийн мэлмийгээр цэвэр өнгийг харж, үнэн төрхийг таньдаг болсон өвгөн жангарч миний өвөөтэй адил санагдаад сэтгэлд их дотно. Нөгөө дүр нь жангарч өвгөн Намаржаан. Элэнцэд нь ач санаж явдагтаа анх удаа уулзаж байгаа жич хүүд нь учиргүй дотноссон тэр ухаалаг өвгөн.

Номын тэмдэглэлээ дуусгах гээд сууж байх зуур нэг ийм бодол орж ирлээ. Орчин үед хүмүүс залхуу болсон гэж их ярьцгаадаг. Сүүлийн үеийн кинонуудыг нийтийн хүлээлтэд нийцүүлж төгсгөдөг болсон нь энэнтэй бас их хамааралтай юм болов уу гэж заримдаа бодогддог юм. Уншиж байгаа номууд дээр гол дүрийн баатрын цаашдын амьдралыг тоочин өгүүлж уншигчийн санааг амраах явдал ч түгээмэл болоод байх шиг. Харин Аюурзанын хувьд энэ түүний биш уншигчийн асуудал. Зохиол цаасан дээр төгссөн ч сэтгэлд үргэлжлэн зовоох нь таашаалтай. Цаашаа ямар замналаар явах бол гэж тааж ядахдаа номоо дахин эргүүлж сэжүүр хайх сэдэл төрүүлэх нь ч амттай.

2014.04.28