Saturday, February 28, 2009

Цагаан сарын монгол киноны шуурганаас үүдэн миний толгойд буусан бяцхан хит-парад

Монгол кино үндэсний бахархал ёс заншил уламжлал гэхчлэн шалтагнуудын улмаас монгол киноны бүүм болж байгаагийн уршгаар гэх үү буянаар гэх үү баахан л монгол кинонууд үзлээ.

Хань гэдэг кино миний анзаарснаар лав давхардсан тоогоор зургаа гарлаа.
Манай өвөө гэхэд л Мандухай сэцэн хатны тэргүүн бүлгийг гурван удаа үзсэн хоёдугаарх нь алга гэцэн гайхаад сууж байна лээ. Харин нөгөөдүүл нь сая орой эхэлж харагдсан. За тэгээд анзаарсан анзаараагүй олон л кино гарлаа дөө. Аман хуур гэхэд лав л 3 сувгаар гарсан. Ирж яваа цаг хоёр гарсан. Тунгалаг тамир бас л хоёр ч сувгаар гарч харагдсан.

Хааяа нэг гарахаараа хүүхэд нас дурсуулаад гоё санагддаг байсан алтан үеийн монгол кинонууд маань нэг л сонирхолгүй санагдсан нь "эм хэдий сайн ч тун нь ихэдвэл хор болмой" хэмээх эртний сайхан үгийг эрхгүй бодогдуулж байлаа.


Ийм бодол төрснийх ч тэр үү НТВ телевизээр гарсан "Ийм нэгэн дурлал" киноны хоёр ангийг өдөр дараалан үзлээ. Яахав дээ найзуудаа боломжийн гэсэн Алтай гуайн трэйдмарк үгийг хэлмээр л санагдлаа.


Ер нь сүүлийн үед би НТВ телевизийн кино албыг их тоогоод байгаа. Тэр хэн гэчих вээ тус телевизийн ерөнхий продюсер гээд нэг махлагдуу нүдний шилтэй залуу байсан. Тэр киноны нэлээн сайн мэдлэгтэй бололтой тэгээд ч сонголт их сайн хийх юм. Одоо тэгээд орчуулга, дуу оруулалт дээрээ жоохон дэмжээд өгвөл сэпхийгээд л ирэх телевиз шиг санагдаад байгаам. Аа нээрээ Түмэн-Өлзий гэсэн байх аа. Тун боломжийн залуу байна лээ.


Ийм нэгэн дурлал ярьж байснаа хадуурдаг гэж байна. Яахав нэгэнт шинэ үеийн, тэгээд залуусын эхний хэдэн бүтээлүүдийн нэг гэдэг утгаараа сайжруулчихмаар зүйл олон ч харагдаж байна. Жүжигчний хувьд надад тэр Алтаншагай их таалагдлаа. Үнэхээр яваандаа гайгүй сайн жүжигчин болж мэдэхээр хүмүүсийн нэг байна. Лхагвасүрэн гуай ч яахав угийн авъяастай хүн. Дуу нь жоохон худлаа л болохоос. Туулайхүүд тоглодог жүжигчин бас их хөөрхөн хүү байна. Энэ нээрээ нөгөө хамтлагт бүжиглээд байдаг залуу мөн бид дээ?


Ингээд бичжээ байсан чинь надад ямар ямар жүжигчид таалагддаг юм болоо гэж бодогдож байна. Тэгээд нэрлээд байя уу гэж шийдлээ.


Нэгдүгээрт би Чимэд-Осор гуайг заавал нэрлэнэ. Үер киноны Болд өвгөн. Тунгалаг тамирын тэр улаан хувьсгалч гээд үнэхээр авсан дурдээ үнэнгээсээ хувирч ордог ясны жүжигчин хүн. Суваг солиод сууж байхад энэ хүн харагдвал би заавал кадр солигдтол нь хардаг зуршилтай болчихсон.


Хоёрдугаарт би Дамчаа гуайг хэлнэ. Монгол киноны эсрэг дүрд Жарантав гуай энэ хоёр шиг олон тоглосон хүн бараг л байхгүй байх аа. Тиймдээ ч тэр үү хааяа эерэг дүрд тоглосон харагдахаар нь баярлах ч шиг болдог юм. Ер нь тэгээд эерэг эсрэг аль ч дүр авсан сэтгэлд шингэтэл тоглоно. Хаа холуур мөрөөрөө явж байсан цагаантнуудыг дуудаж авчраад гэмгүй муу орос эрийг барьж өгч алуулж байгаа сэтгэл муутай нэгнийг тун гарамгай үзүүлснийх нь ачаар би тэр хүнийг хэсэг үзэн ядав. Миний баримталдаг хэдэн гол бодол байдаг юм.Тэдний нэг нь Аливаа киног сөрөг дүрийнх нь эрч хүчээр хэмжиж болно гэж. Сөрөг дүр хэдий хүчтэй байна тэр чинээгээрээ киноны соронз хүчтэй байдаг юм шиг надад санагддаг юм. Дамчаа гуай бол тоглосон бүх эсрэг дүр нь биш юм аа гэхэд нэлээн хэдэн дүр нь яахын аргагүй маш хүчтэй дүр. Исмэл тайж байна. Бага байхдаа Исмэл тайжийг үзэн ядаж өсч байлаа шүү дээ.

За тэгээд үлдсэнийг нь заавал дугаарлах гээд ч яахав дээ.

Нямын болон Цагааны Цэгмид гуай. Хоёулаа сор болсон жүжигчид. Дүрийнхээ текст, үйл хөдлөлийг маш энгийн амьдралд яг байх аягаар нь гаргаж өгдөг болохоор би хайртай байдаг. Үүн дээр Бумаа авгайн дүрд тоглодог жүжигчинь нэмэхээс болохгүй. Харамсалтай нь би нэрийг нь мэдэхгүй. Сумын төв дээр гэрийнхээ хаяанд суугаад тоос босгон явж байгаа тракторыг гунигтайяа дагуулан харж буй авгай та бүхний нүдэнд харагдаа биз. Халуун зунаар хар цай уугаад гээд л гомдоллож байгаа ээж. Үнэхээр шилдэг жүжигчин.


Ер нь тэр үеийн кинонууд тухайн дүрд тоглох жүжигчдээ тун гярхай олж авдаг байсан байгаа юм. Одоо бол яахав дээ тоотой хэдэн мундаг жүжигчидтэй болчихсон. Би тэднийг муу гэхгүй л дээ. Төмөрбаатар гуай, Сувд, Цэрэндагва энэ тэр гээд үнэхээр хийдгээ хийсэн мундаг хүмүүс. Тэхдээ хийсэн кино болгонд энэ хэд тоглоод байвал өөр тоглох хүн олдох ч гүй болох байх гэж бодогдоод байдаг юм. Төмөрбаатар гуайн Жамуха бол ёстой хүчтэй Жамуха байсан. Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг тэр кино үнэндээ Жамухын тухай хийсэн юм шиг санагдахаар тоглосон. Тэгээд л дараа нь нөгөө Жамуха чинь Чингис болоод гараад ирэхээр нэг л наалдаж өгөхгүй. Нөгөө мундаг хүчирхэг Жамуха нь харагдаад болж өгдөггүй. Сувд гуай ч гэсэн Мандухай сэцэн хатан дээр бол гаргууд сайн тоглосон. Үнэхээр нэгэн цаг үе Монгол төрийн голомтыг бүдэгрүүлчихгүйхэн шиг тогтоож чадаж байсан тэр их эзэгтэйн дүрийг чадамгай гаргасан. Бас л миний дуртай Дамчаа гуай энэ киноны чимэг байсан шүү гэж. Ярианыхаа сэдвээс ялимгүй хазайхад энэ Мандухай сэцэн хатан гэж ерөөсөө байгаагүй зохиомол хүн энэ тэр гэсэн зарим нэг онол байдаг бололтой юм байна лээ шүү. Энэ талаар судалмаар хорхой хааяа нэг хүрээд сачий дутахын үлгэрээр бас л бөхдөг болчоод байгаам даа.


За тэгээд үргэлжлүүлэн өгүүлэхэд, би энэ бичвэрийг сонирхон уншигч авгай танаас нэгэн зүйлийг сонирхон асуумаар санагдаад болох биш. Юу гэвэл, Чухам ямар монгол киноны ямар агшин таны хамгийн дуртай хэсэг вэ?


Би өөрийнхийг жагсаасу:


Нэг. Хамгийн их өрөвдсөн хэсэг. Тань руу нүүж явна кинон дээр хүүгээ харамладаг хэсэг. Ёстой элэг эмтэрмээр. Тэр эмээгийн байр байдал, нялх үрээ харамнасан эхийн байдал. Яаяа.
Энэ хэсэгт бас би Тунгалаг тамирын Бат Хонгорыг буудаж унагаснаа мэдээд "Ээ халаг" гээд гүйдэг хэсгийг оруулбал оруулчмаар л байна. Үнэхээр өрөвдмөөр. Тэхдээ яахав тэргүүн байр ганц л байдаг хойно. Эхнийх дээрээ л тогтохоос.

Хоёр. Хамгийн аймаар хэсэг. За энэ бол яалт ч гүй манай үеийнхний нийтлэг айдас байх гэж би бодож байна. Бушхүүгийн үлгэр дээр нөгөө муу хаан хэдэн хувхай яс өрж тавиад нэг чөтгөрийг дуудаж босгодог хэсэг. Хар цагаан зүсмийн арзайсан үстэй аймаар чөтгөрийг дүрслэн бодоход арван хэдхэн настай ахуйн дурсамж минь хүртэл тэхэд амьд сэрүүн байсан эмээ нарын маань дурсамжийн ардуур нуугдаж байгаа юм шиг санагдана.


Гурав. Хамгийн их үзэн ядсан. Шагдар. Магадгүй уншигч авгай намайг Дамчаа гуайн дүрүүдийн нэгнийг нь нэрлэх байх хэмээн хүлээж байсан байх. Тэгтэл үгүй юм аа. Би ингэж байж чадахгүй гээд сүхээ тайрдас дээр зоож орхиод хувцас чемоданаа аваад гарч байгаа аав. Дааман хаалгаа зад тийрээд гарч байгаа аав. Аавынхаа асахгүй байгаа машиныг бөөнөөрөө түрж өгч байгаа гэнэн тэнэг дөрвөн хүү. Энийг бодохоор л бүүр уур хүрээд байдаг байж билээ. Үнэндээ ийм юм амьдралд байдаг гэж мэддэггүй, үзээгүй байсан болохоор анх үзчээд би Шагдарыг үнэн голоосоо жигшин зэвүүцэж билээ. Сүүлд том охин нь манайд зарах юм байхгүй гэж хэлдэг нь үнэн зэвүүн үг. Өгсөн мөнгийг нь буцааж өгдөг хэсэг гээд ер нь энэ кинонд гоё гоё шигтгээ маш олон юм аа. Хөвгүүдийнх нь хоёр дахь болох Баяраа нь ч бил үү Бат нь ч билүү доороосоо хоёрдохдоо нэг 5 төгрөг өгсөн байсныг буцааж өгдөг хэсэг байна. Урд нь барьж байснаа унагаачихдаг. Хичнээн хэвлүүн бөгөөд бардам. Тэр хүүхдүүд үнэхээр сайн тоглосон шүү.


Дөрөв. Хамгийн их инээсэн. Уул нь нэг их инээдтэй кадр биш л дээ. Тэхдээ яг тэр кадрыг үзэж байхад болсон яриа асар инээдтэй байсан болохоор энэ хэсгийг үзээд би өөрийн эрхгүй инээдэг юм. Манай Дурлалын ХАС админ багаасаа морь малд их сүрхий хүү байлаа л даа. Нэг удаа ХАС-ын эгч, хүргэн эх бид дөрөв гэрт нь Мандухай сэцэн хатан үзээд сууж байлаа. Нэг мундаг байлдаан болоод л хоёр талын цэргүүд морьтой давхиж ирээд л бүдэрч унаад, онхолдоод л шороо бужигнаад ёстой л дайн болж байлаа. Нэлээн харж сууснаа ХАС шогшорлоо. "Хайран сайхан морьнууд ёстой жигшсэн байх даа" гээл. Тэгсэн эгч асууж байнаа. "Жигшихээрээ яадаг юм?". Хүргэн ах түрүүлээд хариуллаа. "Дахиж кинонд тоглохоо байчихдаг байхгүй юу" гээд. Бид хэд ёстой элгээ хөштөл инээсэн. Би бүүр сүүлд нь бодоод л ганцаараа инээгээд байдаг болчихсон байсан.


Тав. Хамгийн их бахархсан. Хатанбаатар кинон дээр Манлайбаатар Дамдинсүрэнгийн босоогоороо үхдэг хэсэг. Магадгүй тухайн үедээ ховорхон гардаг байсан өвөөгийнхөө нулимсыг энэ кадртай давхцуулаад анх харснаас болсон байх. Яалтчгүй нэг омогшил бахархал гэмээр хий ходоод гэдэсний мухраас дээшээ түрхэрч зүрхээр дайран огшин гарч ирээд самсааны тэрүүгээр гижиг сэрвэгнүүлж өнгөрөөд нулимсны сүвийг маань нимгэлчихгээд байдаг юм.


За тэгээд зургаа долоо гээд жагсаагаад байвал оройжингоо л юм болох нь шиг байна ингэсгээд хумья даа.


Та бүхэн өөрсдийн Монгол кино хитээ жагсаагаад үзвэл ямар вэ?

Sunday, January 18, 2009

Шадар гурван цэргийн тухай

Төмөр багтай хүн бол номноосоо 180 хэм эсрэг хийгдсэн кино. Хэзээ ч тийм юм байхгүй. Яахав кино нь гоё л доо. Тэрэн дээр Габриэль Бурн Д'Артаньяны дүрийг их гоё гаргадаг. Нэг тийм ихэмсэг мөртлөө их чимээгүй. Ер нь хараад байхад Д'Артаньяны дүр хамгийн гоё нь. Арамисийн гүйлгээ ухаан, Портосын хүч чадал, Атосын ихэмсэг бөгөөд шударга зан бүгд Д'Артаньянд байдаг. Хамгийн супер нь. ^:)^

Номон дээрээ Арамис хуйвалдаан хийж байгаад 14 дүгээр Луигийн ихрийн өрөөснийг хаан ширээнд залах оролдого хийгээд бүтэлгүйтдэг. Тэгээд Портосто хамт зугтаж байх зуур Портос үхдэг. Атос харин хүү Бражелонтойгоо зэрэг үхдэг. Бражелоны хайртай хүүхэнтэй суух зорилгоор Луи түүнийг алс хол дайнд явуулангуут нөгөө тэнэг шарандаа үхээд өгье гээд учир утгагүй тулаанд оролцоод үхдэг. Яг тэр үед нь Атос гэртээ үхэж байдаг. Д'Артаньян бол харин дайнд Француудыг удирдаж яваад тэр үеийн цэргийн хамгийн том "Маршал" цолыг хүртэж байхдаа бөмбөгөнд өртөж нас бардаг. Яг энэ хэсэг эхлэх гэж байхад би уншихаа зогсоод номооо хойш нь тавьж өдөржингөө явж билээ. Уншихаар хайртай дүр маань үхэх гээд байдаг. Цаашаа уншмаар байдаг. Ёстой зөрчилдөөн болсон доо. Сүүлд нь үхээгүй байгаа хэсгийг нь уншиж бас болно шүү дээ гэж өөртөө итгүүлж байж үргэлжлүүлсэн шүү. Тэгээд л бөмбөг дэлбэрээдэхсэн чинь л нулимс бөмбөрч орж ирээд манантаад явсан даа хөөрхий.

Ер нь бол номын дараалал нь ийм байдын:

1. Шадар гурван цэрэг
2. Хорин жилийн хойно
3.1. Бражеллон бээл
3.2. Арван жилийн дараа
3.3. Луиз де ла Валиер
3.4. Төмөр багтай хүн

Анзаараад байхад нэг гоё нь эхний номон дээрээ 4-үүлээ нийлж байгаад Хатан хааныг авардаг. Хоёр дахь дээрээ өөр хаант улсын хааныг бараг аврахаа шахдаг харин 3 дахь номон дээрээ нэг нь л ганцаараа нэг хаант улсыг дахин сэргээдэг. 14 дүгээр Луи өөрийн багш Мазаринигээс хэтэрхий хараат бас дорой байна гэж уурлаад Д'Артаньян хааныг баахан доромжилчоод албаа хаяж явангуутаа Английн 2 дугаар Карл хааныг хаан ширээнд нь суулгахад маш их нэмэр болдог. Тэр хэсгийг уншиж байхдаа хайрт баатраараа үнэхээр бахархаж байлаа. Та нар Бражелоны бээл гэдэг номыг нь уншсан бол тэрэн дээр Арамисын Д'Артаньяныг магтдаг хэсэг байгаа, үнэхээр гайхалтай.

Тэр бол морьтой хүн биш ерөөсөө кентавр л гэсэн үг гээд.

Friday, December 19, 2008

Аваргуудын Лигийн сугалаа

2008/2009 оны УЕФА-гийн Аваргуудын Лигийн эхний хасагдах шатны буюу шөвгийн 16-гийн сугалаа маргааш Улаанбаатарын цагаар 19 цагт болно.

Доор дурдсан нөхцлүүдээс шалтгаалж дараах багуудын аль нэгтэй оноолт таарах болно.

AS Roma
Panathinaikos
FC Barcelona
Bayern Munich
Juventus

Нөхцлүүд

  • Нэг холбоонд харъяалагддаг багууд хоорондоо таарахгүй. (энэ тохиолдолд Манчестер Юнайтед)
  • Нэг группын нэг хоёроор гарсан багууд хоорондоо таарахгүй. (энэ тохиолдолд Порто)
  • Группээсээ нэгээр гарсан багууд хоорондоо таарахгүй.
  • Группээсээ хоёроор гарсан багууд хоорондоо таарахгүй.
  • Бүх группын хоёроор гарсан багууд эхний тоглолтоо өөрийн талбайд хийнэ.

ГРУППЭЭС ГАРСАН БАЙДАЛ

Групп

Түрүү

Үзүүр

A

AS Roma

Chelsea

B

Panathinaikos

Inter Milan

C

FC Barcelona

Sporting Lisbon

D

Liverpool

Atletico Madrid

E

Manchester United

Villarreal

F

Bayern Munich

Olympique Lyonnais

G

FC Porto

Arsenal

H

Juventus

Real Madrid

Тодоор бичсэн багуудтай Арсенал таарах боломжтой

Хасагдах шатны эхний тойргийн тоглолтууд ирэх оны 2 дугаар сарын 24/25 болон 3 дугаар сарын 10/11-нд тоглогдоно.

Thursday, October 16, 2008

“Зvvд”-ний тайлбар /тайлал биш шvv/

Өчигдрийн миний зvvд та бvхэнд сонирхолтой санагдсан байх гэж найдаж байна. Харин надад бол их эвгvй санагдсан юм. Нээрээ тэр vзмэрчийг татаж байх хооронд уншсан номны нэр "Удам судраа тодорхойлохуй" ч бил vv "Нэр усаар нь тодорхойлохуй" ч бил vv нэг тиймэрхvv байсан санагдаж байгаан. Уул нь тэрэн дээр байсан нэг нэрийг би тэр зvvдийг бичиж байхдаа санаж байсан боловч яг тэр нэр бичдэг хэсэг дээр очоод мартчихсан юм. Нэг их сонин нэр хоёр vенээс бvтсэн /Ганбаяр гэдэг шиг. Тэхдээ Ганбаяр биш л дээ/ тэгээд ард нь хаалтан дотор гадаад орчуулгыг нь биччихсэн байсан санагдаад байгаан. Дашрамд хэлэхэд энэ зvvдийг би өчигдөр өглөө 7.00 – 7.30 хооронд зvvдэлсэн юм. Өглөө босч бие засчаад сэрvvлэг дугарах хvртэл унтах хоорондоо л зvvдэлсэн хэрэг.

Саяхан би Аюурзанын хэдэн номыг дараалуулан уншлаа. Зvvдний тухай, зэргэлдээ ертөнцийн тухай, ер бусын ид шидийн зvйлсийн тухай маш энгийн өгvvлсэн нэг нэгэнгvйгээр нь уншсан ч болохоор тэгсэн мөртөө хоорондоо маш нягт уялдаа бvхий цуврал номууд. Ойрын vед тийм сайхан уншууртай ном хараагvй болохоор их кайфтай уншлаа. Гамнаад удаан уншив. Ер нь их хурдан сvнгэнvvлчихдэг болохоор амьхандаа их л удаан уншихыг хичээлээ.

Тэр номуудыг уншсанаас хойш тэгэв vv яав их сонин сонин зvvд зvvдлээд байдаг боллоо. Бас зvvдээ их манадаг болчихсон. Ер нь зvvд хэрэгтэй юм байна гэсэн бодол далд ухамсарт минь хадгалагдсан бололтой. Зvvд болгоныг маргааш нь санаад байдаг болчихсон гэх vv дээ. Ямар ч байсан мартагдахын vvдэнд хоёр хоноод ордог болчихсон. Зарим нэг онцгой зvvднvvд нь огт мартагдахгvй байгаа юм. Жишээ нь гэвэл доор байгаа зvvд байна.

Харанхуй ангал

/номон дээр гардаг шиг vйл явдалтай болохоор би энэ зvvдийг харанхуй ангал гэж нэрлэсэн юм/

Би явж байна. Оюутны дотуур байр шиг байшингийн коридороор. Янз нь энд хятадууд байдаг бололтой. Миний зорилго бол энэ хятадуудыг эндээс хөөж явуулах. Эндээс гэдэг нь Монгол орноос. Тэгээд би хужаа нар зайл гэж орилоод л коридороор яваад байх юм. Хажуугаар намхан намхан хужаа нар мухрын өрөө рvv явж ороод л байна. Тэд над руу айсан нvдээр хялам хялам харан өнгөрнө. Тэгсэн нэг намхаан хужаа миний баруун гар талаар гараад мухрын өрөө рvv яваад орлоо. Мухрын өрөө миний байгаа газраас 10 гаран метрийн цаана харагдаж байна. Сvvлд орсон хужааг өмнө орсон гарууд нь дагуулаад гараад ирлээ. Над руу заагаад л жон жон гэд олон юм яриад байна. Бодвол энэ мануусыг хөөх гээд байна гэж шургаж байгаа бололтой. Yгийг нь анхааралтай чагнаж дуусаад сvvлийн жунгаа над руу толгой дохин мэндлээд гараараа занга өөрийгөө анхааралтай ажихыг ойлгуулах мэт дохио vзvvлэв. Би ч хэлснийг нь ойлгосноо мэдэгдэж толгойгоо ялимгvй дохив. Нөгөөдөх чинь над руу маш хурдан гvйж байснаа хана руу vсрээд ханан дээр хөндлөнгөөрөө гvйж эхэллээ. Yнэхээр хурдан гvйж байснаа vсрээд таазнаас тийрэлтт авснаа миний хажуугаар сум мэт хурдан нисэв. Хийж байгаа vйлдэл нь итгэмгvй мэт боловч яг хийж байгааг нь харахад vнэхээр хятад ном зохиол кинон дээр хэлдэгчлэн зэвсгийн эрдэмд төгс боловсорсон нэгэн байна даа гэж надад бодогдов. Хажуугаар нисэн өнгөрөхөд нь би дагуулан харахад шалан дээр маш хурдан боловч зөөлөн газардсанаа маш хvчтэй тийрэлт аван буцаж дээшээ vсрээд таазанд нуруугаа наан гараа нягт наан хөлөөрөө хананд тулан тогтож орхилоо. Яг л нялцгай зvйлийг хана таазны зааг руу шидэхэд маш хурдтай явж байгаад огцом наалддаг шиг. Энийг харж байхдаа би Харанхуй ангал номыг уншиж байснаа саналаа.

Зvvдлээчийн тайлбар. Гол дvрийн тагнуул Наидори бол маварусигирид төгс мэргэжсэн нэгэн бөгөөд яваричуудтай халз таарангуутаа яг дээр хийсэнтэй ижил vйлдэл хийн хана таазны өнцөгт гар хөлөөрөө тэвхдэн тогтож заналхийлдэг. Зохиол дээр бол Наидори хоёр хананд хөлөөрөө тулаад нуруугаараа таазанд налдан гараараа тулгуур авч тэвхэддэг. Харин миний зvvдэнд бол нөгөө жунгаа чинь нэг хана руу хоёр хөлөөрөө жийж гараа алдлан тогтсон. Өөрөөр хэлбэл хана налаад гараа алдлан суусан хvнтэй ижил vйлдлийг хийж байсан.

Нөгөөх чинь тэгээд хананаас vсэрч буугаад над руу харан ойлгоо биз, мануустай зууралдаад хэрэггvй шvv гэх маягийн дохио өглөө. Би ч энэ талаар сайн ойлгосон тул юун тэр хужаа нарыг хөөх манатай. Зорилгоо мартаад нөгөө гайхамшигт vзvvлбэрийг дахиж vзмээр санагдав. Дахиж vзэх санаагаа нөгөөхөд дохио зангаа хэрэглэн ойлгуулахад нөгөөх чинь маш уриалгаханаар дахин vзvvллээ. Яг л өмнө нь хийсэн шигээ хажуугаар сум мэт хурдан гvйснээ ханаар дамжин таазан дээгvvр гvйснээ гудмын цаад мухарт хана таазны хооронд тэвхдэн тогтлоо. Энэ удаа харин номон дээр гардаг шиг.

Wednesday, October 15, 2008

Зvvд

Би Шархадны цэнхэр автобусаар явж байна. Нэг таньдаг хvнтэйгээ цуг явж байгаа бололтой. Яагаад ч юм Шархадны автобус Ялалтын урд замаар явж байхын. Тэгснээ гэнэт Байгалийн Тvvхийн Музейн урд уулзвараар баруун тийш эргээд Нийслэлийн Захиргааны урдуур уруудаад Санк-Петербургийн урдуур явахаар зvvн тийш эргэлээ.

Тэгсэн чинь Санкт-Петербургийн байшин асар том барилга байхыг би анзаарав. Дөнгөж баригдаж байгаа. Тэгээд тэр шинэ баригдаж байгаа байшин руу өгсvvлээд асар том төмөр рам тавьчихсан байна. Зvйрлvvлж хэлэхийн бол Хажууд нь баригдаж байгаа төмөр рамтай барилгын төмөр рамыг байшин налуулаад тавьсан мэт. Тэгээд тэр рам өөд баахан хvмvvс авирч байна. Барилгачид нь ажил руугаа гарч байгаа юм байна гэж би бодов.

Санкт-Петербургийн хойд тадын хоёр урсгал бvхий замыг их том машинаар хөндлөн зогсоож хаасан байна. Би баруун тийш хартал Энхтайвны гvvр лvv явах замыг бас тагласан байна. Жолооч бас тэгж харсан бололтой шууд л зvvн тийшээ дараад нөгөө зам хааж зогссон машины хажуугаар чихээд оров. Яг чихэж оронгоо нөгөө рамнаас зайлж зvvн тийшээ дарна. Харин рамын хажуугаар гарахдаа зэрэгцээд тасхийх нэг чимээ гарлаа. Нөгөө рамыг шvргэлээ дээ гэж би бодох юм.

Би жолоочийн ард зогсож байсан болохоор ерөнхийдөө болж байгаа бvх юмыг хараад л явж байлаа. Рамыг өнгөрсний дараа би замын хойд хэсэгт асар том хоёр нvх ухсан байхыг анзаарлаа. "Пөөх ямар том нvх вэ?" гэж би дуу алдахад хэн ч хариулсангvй. Жолооч баруун тийшээ мушгиж нvхний хажуугаар явлаа. Хоёр дахь нvхний амсрын ойролцоо ирж байхад би автобус дээшээ өргөгдөж байхыг мэдэрлээ. Хоёр дахь нvх жижигрээд явчихлээр нь тэр. Миний бодсоноор бол автобусны урд хэсэг дээшээ цоройх маягтай өргөгдөж байсан байх. Тэгэхдээ надад тэнцвэр алдах янз бvрийн мэдрэмж төрсөнгvй.

Буцаад буухын алдад би эргэж хартал нөгөө аварга том рам чинь унаж байх юм. Мурийж сарийгаад уначихсан. Тээр дээрээс доошоо нисэж байгаа хvмvvс, унасан раманд шальчийтлаа дарагдаж vхсэн хvмvvс гээд баахан нvд хальтирмаар vзэгдлvvд харагдана. Гэвч би харамсах, айх ямар ч мэдрэмжийг мэдэрсэнгvй. Буцаад урагшаа автобусны явж байгаа чиглэл рvv харахад жолооч маань төв замаар явж байна.

Гэнэт кадр солигдож бид нэг нарийн гудамжинд явж байна. Миний бодлоор бол бид Гадаад Явдлын Яамны уулзвараар баруун тийшээ эргэсэн мэт. Гэхдээ нэг өөр гудамж. Ойролцоогоор дvрсэлж хэлдэх юм бол, Тавдугаар сургуулийн урд талын уулзвараар эргээд хуучин нэрээр бол Төлөвлөгөөийн комиссын тийшээ явдаг гудамж. Yйлдвэр Худалдааны Яам энэ тэр байдаг гудамж юм уу даа.Тэрэнтэй л адилхан харагдсан юм. Тэр гудамжаар ороод явж байсан чинь Даяар Монгол Хөдөлгөөнийхөн шиг баахан залуучууд зогсож байна. Тэд дээшээ ямар нэг юмыг шимтэн ажиглана. Магадгvй нөгөө нуран унаж байгаа байшинг л харж байсан байх. Тэгсэн чинь жолооч нөгөө хөдөлгөөний толгойлогчийг мөрлөчихлөө. Толгойлогч дээшээ харсан хэвээр жолоочийг тайтгаруулан мөрийг нь алгадна. Автобус жолоодоод явж байгаа хvн яаж явган хvнийг мөрлөдөгийг би гайхан бодлоо.

Би сэрчлээ. Ашгvй зvvд байсан байна гэж би бодох юм. Хэн нэгнийд байгаа бололтой. Тvрvvний зvvдийг хэн нэгэнд яримаар санагдаад болдоггvй. Тэгсэн чинь автобусын жолооч ороод ирлээ. Янз нь миний таньдаг хvн бололтой. Өрөөнд бас өөр хvн байна. Жолоочоос өмнө тэнд байсан бололтой. Харсан чинь аавын бага дvv байна. Нөгөө жолооч аавын дvv рvv хандаж ярилцахдаа "амьдаа" гэж хэлэхийг бодоход Оюунболд гэдэг юм шиг байхын. Эсвэл зvгээр л болдоо гэдэг байх. Маниусын vеийн л гар бололтой. Би жолоочид зvvдээ ярихыг оролдоно. Нэг л сонирхолгvй санагдсан бололтой манай авгатай ярилцаад байхаар нь миний урам хугарч зvvдээ ярихаа болилоо.

Би ТИС-ийнхээ корридороор явж байна. Бодвол нэг давхарт байдаг Уул Уурхайн Инженерийн Сургууль руу очиж яваа бололтой.

/Энийг бичихээс өмнө би ТИС-ийн 2 дугаар байрны зохион байгуулалтыг тайлбарлах хэрэгтэй байх Бас яг vйл явдлууд энд болох учраас газруудыг дугаарлачихвал амар байх байх. Хоёрдугаар байрны хаалгаар оронгуут зvvн талд нэгдvгээр давхар луу өгссөн болон нойль давхар луу уруудсан шат байдаг.нэгдvгээр давхар луу өгссөн шатаар гараад баруун тийш эргээд хэсэг алхахад дээшээ болон доошоо явсан шат байдаг.Эхний шатны төгсгөл хэсгийг 1 дvгээр цэг гэе. Харин хоёр дахь шатны хажуугийн талбайг 2 дугаар цэг гэе.

Шатаар өгсөлгvй цаашаа жаахан явахад баруун талд хоолны газар, зvvн гар талд Уул Уурхайн Инженерийн сургууль руу орсон хаалга байдаг. Хоолны газрын vvдний орчмыг 3 дугаар цэг гэв. Уул Уурхайн Сургуулийн хаалгаар ороход сургултын албаны өрөө байдаг. Баруун тийшээ огцом эргээд дахиад зvvн тийшээ эргээд тэгээд баруун эргээд гэх мэтчилэн анх орж байгаа хvнд бол нэлээн толгой эргэм зохион байгуулалттай байгаан.За тэгээд сургалтын албаны цаана жорлон, тэндээс баруун эргээд хэсэг явахад 26 ноймерын өрөө байдаг. За тэгээд зvvд рvvгээ vргэлжилцгээе/

Нэг давхарт гарч ирээд УУИС руу орохоор явж байхдаа анзаарвал хоолны газар төмөр хаалгатай байна. Бvргэд хаалганууд байдаг даа яг тийм. Янз нь хоолны газар биш болсон бололтой. Yvдэнд нь буюу 3 дугаар цэг дээр сандал тавьсан байна. Сандал дээр миний өмнө нь ажиллаж байсан компанийн захирлын ах сууж байх юм. Тэр ах хvv дvvгээ нас барснаас жил бил vv хоёр жилийн дараа нас барсан юм. Бууралдуухан vстэй, туранхай, том нvдтэй настайвтар ах хvv намайг цоо ширтэнэ. Нvд салгахгvй.

Эвгvй мэдрэмж төрж байсан ч гэсэн би шулуухан явсаар УУИС-ийн хаалга руу очоод яг орохынхоо алдад хажуу тийш Бааяа ахын сууж байсан суудал руу харсан чинь суусан хэвээр боловч толгой байхгvй зөвхөн хоосон мөр байлаа. Бvр хvзvv ч байхгvй шууд vргэлжилсэн мөр. Аймаар зэвvvн харагдсан учраас дотроос бvvр зарсхийсэн мэдрэмж надаар дvvрээд би тэсэлгvй орилоод гvйлээ. Хамаг чадлаараа бархираад хvмvvсийн дундуур дайран гvйж сургалтын албаны хаалга өнгөрөөд жорлонгийн тийшээ гvйлээ. Жорлонгийн тэнд очоод орилоод сууж байхдаа хvмvvсийг хартал бvгд намайг гайхан харж байна. Над руу гайхан шагайх оюутан залуусын дундаас Бааяа ахын буурал толгой цухуйхад би "Наад хар хувцастай хvнээ цохиод аваарай" хэмээн хамаг чадлаараа бархирлаа.

Нэг мэдсэн чинь хvмvvс намайг гайхан харахаа байчиж. Би ч өөрөө тайвширчихаж. Бодвол тодорхой хугацаа өнгөрсөн бололтой. Би босч 26 ноймрын өрөө рvv очихоор явлаа. 26 руу дөхөөд очсон чинь 40 гаран 50 шахам насны 5, 6 эрэгтэй хvн шалан дээр хэвтэж байхын. Зарим нь буурал толгойтой. Цаашаагаа хvн явуулахгvй гэж эсэргvvцээд хэвтэж байгаа юм шиг харагдав. Дундуур нь гарах гэж зvтгэтэл бvгдээрээ уурлаж намайг загналаа. Тэгэхээр нь би зvтгээд нэмэргvйг ойлгоод буцахдаа тэднээс "Ганзориг байгаа болов уу?" гэж асуугаад гарав. Манай их сургуулийн ангийн залуу багшилдаг болохоор би тэрнийг асуусан юм шиг байна.

Буцаад явж байтал 2 дугаар цэг дээр нэг хvн ухаан алдаад уначихсан татаад хэвтэж байна. Тойроод баахан хvмvvс сандралдсан сонирхсон гэх мэт. Хувцас хунар байгаа байдлыг нь харахын бол юм мэддэг байрын. Yзмэрч, домч энэ тэр мэт л харагдаж байна. Нэг их сvртэй том эрхи баруун гартаа атгасан хvн байв. Би тэгээд өмнө нь зvvдэлсэн зvvднийхээ учрыг энэ хvнээс асуумаар юм байна гэж бодох юм. Тэгээд за юу ч гэсэн энэ хvнийг татаж дуусахаар нь асууя гээд 1 дvгээр цэг дээр очиж суув.

Сууж байхдаа нэг ном гаргаж ирээд уншиж байна. Хаанаас гаргаж ирээд эхнээс нь ч юм уу хаанаас нь ч уншиж байгаагаа мэдэх юм алга. Номон дээр бичсэн нь: "Ямар азаар би гадаад хэлний мэдлэгтэй юм бэ..." гээд хуудас дууслаа. Хойшоогоо эргvvлтэл нэлээн хэдэн хуудас давхар эргэчиж. Бvгдийг нь буцаан эргvvлсээр яг өөрийн уншиж байсан хэсгийн vргэлжлэл дээр очив. "... энэтхэг, санскрит, тvвд хэлээр цаашаагаа ориллоо." Энэний vргэлжлэл доод талын догол дээр шал өөр юм бичсэн байлаа. "Зарим хvмvvс янз бvрийн гаралтай нэр өгдөг. ... гэхчлэн" гээд уншиж байтал нөгөө хvн ухаан оров бололтой.

За очьё гээд бостол нэг эмэгтэй намайг хуруугаараа дуудна. Би тэр эмэгтэйг нөгөө төмөр хаалганаас гарч ирсэн гэж мэдэж байх юм. Яагаав нөгөө 3 дугаар цэг дээрх. Намайг тэр vзмэрчтэй уулзуулахгvй гэж бодсон бололтой. Яагаад ч юм тэр хоёр яг сөргөлддөг хоёр хvн гэж би мэдээд байх юм. Энэ авгай бас хоосонгvй хvн гэдгийг бас мэдээд байнаа. Тэр авгай руу харж байх зуур нөгөө vзмэрч босоод 2 дугаар цэг дээр байдаг шатаар доошоогоо уруудаад явчихав. Би авгайг тоолгvй vзмэрчийн хойноос гvйлээ. Яг хажууд нь очихын алдад би тасарсан юм. Бодюол сэрсэн байх. Эсвэл vргэлжлvvлээд зvvдэлсэн ч байх. Ямартаа ч миний санаж байгаа хэсэг энэ байна.