Wednesday, July 21, 2021

энэ бол би..

 Буниул мань хоёрын бантан.

***
энэ бол би...
аанай л гостуу,
үүрийн гурван цагт
хоёр лонх дарстай
арван таван найрагтай
энэ бол би...
хөгшин баагий
үүр шөнийн заагаар
шар сэмжлэх хүсэлдээ
шаналж, тарчилж суугаа
энэ бол би...
шааригтай баагий
элэг маань дууссан
бөөр араас нь
нойр булчирхай гэж баас
цусны даралт гэж дээд цэг
хог болгосон он жилүүдээс минь
үлдэж багшарсан айдсууд минь
хөлий минь хуруунуудад
хөгийн инээд хүргэнэ
хамт амьдрах нэг ч авгай алга
ядаад
Жонни Карсоны шоуг хань болоод үзчих
Флоренс Найтингейл ч алга
Хэрэв цус харваад энд унаад өгвөл
зургаан өдөр тэр чигээрээ гулдайх биз
өлсөж гүйцсэн гурван муур
өвдөг, тохой, толгой, бугуйнаас идэж эхлэх биз
сонгодог хөгжим радиогоор эгшиглэв ...
хөгшин хүний тухай найраг
ахиж бичихгүй гэж өөртөө амласан юмсан
гэвч
энэ нь арай хөгжилтэй юм,
өршөөж бас болмоор ч юм,
өөрийгөө ашиглаж ханасан л баймаар юм,
үүрийн гурван цаг
би бичгийн машинаас
эрээн болсон цаасаа татлаа
хундагтай шавхрууг гүйцээж татаад
ахиад нэгийг хундгаллаа
ахиад л нөгөө муу хоосон цаас
Энэ удаа
аз таарах ч юм билүү
эхлээд
надад
дараа нь
чамд
- Буковски

Tuesday, July 13, 2021

Улс хувьсгалын 100 жилийн ой

“Улс хувьсгалын 100 жилийн ойг ёстой сүр жавхлантай тэмдэглэнэ дээ” гэж бараг ухаан орсон цагаасаа л бодсоор ирсэн байх. Гэтэл инкээд гэр бүлээрээ, найз нөхдөөрөө далайн усанд булхсан шиг, дулаахан наранд ээгээд өнгөрөөх юм гэж бодож байсангүй. Сайхан байлөө. Гомдох юм алга. Улс эх оронд болж бүтэхгүй байгаа олон л юм харагдах авч наанадаж гаднаас хуцлаа гэж загнуулахгүйн тулд гэх үү, цаанадаж угаас хүнд хэрэгтэй авууштай юм хэлэх нь ховор хүн тул энүүхэндээ ингэсгээд довоо шарлуулаад орхизнож байгаа юм. Яахав “наадам болж байхад билэггүй юм яриад юүхэв” гэх маягийн.

Усанд загас шиг биш ч гэсэн чулуу шиг бас биш юм аа хэмээгээд үүнийг баталгаа болгон оруулжихуй. Энийг оруулах мөчид тэртээ он жилүүдийн өмнө Гачуурт хавьцаа нөхдөөрөө голын эрэг дээр амрах зуур найз Нямаатай хоёулаа голын цаад эрэг дээрээс тонгойн ургасан модноос зүүгдэж байхад анд нөхөд Ирээдүй, Гели тэргүүтэн “загас”-нууд бичил аврах ажиллагаа явуулж байсныг дурсан санав. Үнсье.