Saturday, September 28, 2019

Хөлдүүс

Зурагтаар Хөлдүүс гарч байна. Анна гүнж, Кристоф хоёр уулын уруу доошоо гулган унав. Кристофыг ирмэг дээр тэмтчиж байхад нь оосортой уулчны алх нисэж ирээд л... Атаман тэгтэл урдахаа нэг шимснээ наашаа хараад өгүүлрүүн:

- Хэрвээ Анна алхаа жаахан цаашаа шидсэн бол Кристофыг алах нь байна шүү дээ.

 #ЭнэрлэнгийнЯриа

Wednesday, September 25, 2019

Грета Түнбэрг



Би бол энэ охиныг дэмждэг. НҮБ-ын хурал дээр ярихдаа нэлээн ширүүн өнгөтэй ярьснаас болж сэтгэцийн эмгэгтэй гэж яриад эхлэх шиг боллоо. Аспэргэрийн синдромтой. Аутизмын нэг хөнгөвтөр хэлбэр л дээ. Сэтгэцийн эмгэг бол биш. Хүмүүстэй харилцах, ярихдаа бага зэргийн хүндрэл байх нь бий гэхдээ бүр тийм "Борооны хүн" шиг биш.

Уг нь бол дэлхийн цаг уурын өөрчлөлт маш ноцтой түвшинд хүрчихсэн нь үнэн шүү дээ. Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ гүйцэтгэхгүй байна гэж удирдагчдаас хариуцлага нэхэж байгаа хэрэг л дээ. Бусад ярилцлагуудыг нь үзээрэй. Зөв зүгээр ярьдаг. Цаг уурын өөрчлөлтийн хэр бодитой, хэр уршигтай түвшинд ирснийг харуулсан маш олон судалгаа, баримтууд байгаа. Грета бол "эрдэмтэдтэй ярилцаж гарц шийдлийг нь сонсооч ээ" гэж уриалж, энэ талаар хүмүүст мэдүүлэх гээд л байгаа юм. Үнэхээр ингэж хэлэхээс аргагүй байдалд байгаа учраас энэ хүүхэд ингэж ширүүн загнаад байгаач ойлгооч. Манайхаар бол "Улаанбаатарын агаарын бохирдлын түвшин үхлийн гамшиг тарихаар байдалд ирлээ. Ухаараач эрхэм гишүүд ээ" гэж хашгараад л байгаа хүүхэд шүү дээ.

Ярьж байгаа асуудалд нь анхаарал тавихгүй, асуудал дэвшүүлсэн хүнийг харлуулдаг зан муухай шүү, нөхөд өө.

Tuesday, September 24, 2019

Грета Түнбэрг Нью Йоркод

Грета Түнбэрг саяхан Нью-Йорк явж НҮБ-ын цаг уурын талаарх арга хэмжээн дээр дэлхийн удирдагчдад хандаж үг хэлсэн билээ. Нэлээн ширүүн хэлсэн. “Та нар яаж чадаж байна аа?” гэж ирээд л.

Америкт очихдоо мань хүн Тревор Ноагийн нэвтрүүлгээр зочилсон юм байна. Сонирхолтой ярилцлага болжээ. Нөхөр Европоос Нью Йорк руу явахдаа агаарын тээвэр ашиглалгүй усан тээврээр явж очсон юм байна. Ер нь анх цаг уурын өөрчлөлтийн талаар санаа зовж эхлэхдээ л агаарын тээврийн хүлэмжийн хийд учруулж байгаа хохирлыг эсэргүүцэж галт тэрэг гэх мэт хохирол багатай тээврийн хэрэгслүүдийг ашигладаг болсон гэж байсан л даа.

Америк болон эх нутгийнх нь хүмүүсийн хамгийн том ялгаа юу байгаа тухай хариулахдаа “Америк хүмүүс цаг уурын өөрчлөлтөд итгэх үгүй тухай ярилцаж байна. Харин миний ирсэн газрын хүмүүс цаг уурын өөрчлөлтийг факт гэж мэддэг” гэжээ. НҮБ-ын арга хэмжээн дээр Доналд Трампыг харж байгаа царай нь бас л сүрхий байдаг шүү. хаха


Saturday, September 21, 2019

Хүүхдээрээ тоглов

Бямбын орой гээд гурвуулаа кино үзээд хэвтэж байв. “The Sun is also a Star” гээд кино. Би асуулаа:

- Түрүүн аав нь бачуураад "Хаана байна" гэж залгаад байснаа яагаад одоо больчихов?

Гэргий:

- Харин тийм. Чимээгүй болчхын. Чи залгаад асуугаач, - гэхээр нь би утсаа аваад дугаар оруулан залгаж эхлэв.

Энэ зуур хүүхэд киногоо орхиод бид хоёрыг нэлээн гайхсан байртай харж байна.

- Аав хаашаа залгаад байгаан? - гэхэд нь гэргий хариулруун:

- Аав руу нь л ярьж байшт. Яагаад чимээгүй болчив гээд.

- Гэхдээ ямар дугаараар ярихын?

- Өө тэгээд л ярина шүү дээ, - гэж хариулсны дараа л өөрөөр нь тоглоод байгааг мэдэж бид хоёртой нэгийгээ үзэхээр босч ирсэн бөлгөө.

#ЭнэрлэнгийнЯриа