Monday, April 28, 2014

ЗУРААЧ-ЖАНГАРЧ

Аюулхайн тус газраа санаандгүй цохиулж үзсэн үү? Амьсгалж чадахгүй түгжрээд тэвдэхэд нүүр чинэрч, чих шуугина. Хэсэг байсны дараа амьсгалын гарах болон орох үйлдэл зэрэг хийгдэх үед амьсгалахгүй байснаасаа илүү самгардаж, давчиддаг. Амьдралын хамгийн сайхан хормуудад, сэтгэл хөдлөл хамгийн дээд цэгтээ тулахад үүнтэй тун төстэй мэдрэмж төрж, цээжинд халуу оргитол төөнөх нь бий. Аюурзанын "Цагаан Хар Улаан" романыг унших явцад энэ мэдрэмж хэд хэдэн удаа төрлөө.

Торгууд түмний эмгэнэлт түүх их нүүдлийн тухай уншиж өрөвдөх сэтгэл төрж байснаас өөрөөр тэдний тухай мэдлэг хомс миний хувьд энэ номыг анх барихдаа юу хүлээхээ ч мэдэхгүй харанхуй чигээр явж орчихов. Үнэхээр сайхан номыг уншихад сэтгэлд хүртэл өег мэдрэмж төрүүлж, уншаад дуусахын алдад өөрийн эрхгүй хөнгөн гуниг үлдээнэ. Би мэдээ орсон цагаасаа эхлээд л зураач хүмүүст атаархаж байсан юм шиг санагддаг юм. Бийрийн үзүүрийн хөнгөн хөдөлгөөнөөр музей, сүмүүдэд харж, айдаг асан бурхдын ширүүн дүрийг чивчийтэл нь татаж, дэлгэсэн зотон дээр тодруулан суух хайртай нагац эгчийнхээ төрх, ширээн дээрээ шавааруулан өрсөн өнгө өнгийн будгийн содон үнэрийг Рэнцэнраагийн урлангийн тухай уншсан хэсгээс өөрийн эрхгүй дахин харж, дахин үнэрлэв. Үнэхээр дотно санагдахад Рэнцэнрааг багаасаа л таньдаг байсан ч юм шиг. Рэнцэнраагийн дотор бужигнасаар тогтож байгаа шуургыг магадгүй өөр нэг уран бүтээлч Аюурзана л ойлгож, буулгасан байх.

Аливаа уран бүтээлч өөрийгөө байнга үзүүрлэн хурцалж, хорвоогийн сайхныг үргэлж өөр талаас нь хардаг баймааж нь мөнхийн хутгийг олсон үүрдийн бүтээлийг туурвих тавилантай. Байгаадаа сэтгэл ханаж, биеэ тоовол чиний хувьд дуусгал. Уран бүтээлчийн амьдрал нь дуусах замдаа орж байсан Рэнцэнраагийн хувьд өөрчлөлт байж болох хамгийн тааламжгүй чиглэлээр ирсэн ч Эрэлхэг цэрэг Швейкийн хэлсэнчлэн "Юмс яаж ч өөрчлөгдөж байсан сайн тал руугаа явж байдаг"-ийн нэг сайхан жишээ болжээ. Өдөр бүр дахин давтагдах амьдралын жижиг асуудлууд, өөрийн ая тухтай байдлыг эрхэмлэн суугч зураач залуу өссөн нутагтаа Жангарын туульстай танилцан, өөрийгөө шинээр нээж байгааг уншаад суух нь ээ өнөө цагийн хүмүүсийн амьдралын хамгийн түгээмэл дүр зураг нүднээ жирэлзэн өнгөрөв. Уг нь зохиолтой хамаагүй юм л даа. Тэгэхдээ үргэлжийн завгүй, үр хүүхдийнхээ төлөө, гэр бүлийн сайн сайхны төлөө хэмээн хэтэрхий улайран зүтгэх бидний үе тэнгийнхэн чухам эрхэмлэн үзэх тэр л гэр бүлээсээ холдон төсөөрч байгааг харж харуусдаг миний сэтгэлийн хашгарааны цуурай шиг санагдлаа. Жангар туульс хайлдаг хүмүүс цаанаасаа бөө байдаг гэсэнчлэн торгуудын Сохор жангарчийн жич Рэнцэнраа уран бүтээлчийн дуудлагаа нутаг орондоо очиж хүлээж авсан зураач-жангарч гэсэн бодол өөрийн эрхгүй орж ирээд байх юм. Хар уулын хүүхний сэтгэлийн уяа алдуурч эмнэлэгт хэвтсэний шалтгаан ч бас Рэнцэнраагийн онгодтой холбоотой юм болов уу? Жангарчийн хүссэн бүхэн биелдэг бус уу?

Рэнцэнраагийн түүхээс гадна энэ зохиолын сүнс болсон өөр нэг түүх байна. "Хүн амьтан нь гаднын гийчин ирмэгц л шууд газар руугаа шургачихдаг, магадгүй чимээ гаргахгүй гэсэндээ нохдынхоо хошногыг хайрдаг, хүүхдүүд нь уйлалгүй төрөөд, өвгөд нь үг дуугаралгүй, амьсгалаа ч ширүүхэн таталгүй үхдэг газар мэт" гэсэн хэсгийг уншаад үнэхээр өр өвдөм. Торгуудын их нүүдлийн тухай уншиж, сонсож байсан хүмүүс л энэ хэсгийг ойлгох байх. Үл ойлгох нь магадгүй ойлгохоосоо ч олон буй биз. Уран чамин үг уншаад сэтгэл нь хөдлөсгээд мартах нийтийн жишгээр л явна гэж бодохоор харуусал ч төрөх шиг.

Би уншсан ном бүрээсээ нэг дүрийг ихэд хайрладаг. Тэд ихэвчлэн гол дүрийн этгээдэд хачин ихээр нөлөөлж, зам мөрийг нь чиглүүлж өгч байдаг юм. Бусад номын хорхойтнуудад байдаг нь эргэлзээгүй энэ зуршлынхаа дагуу номоо уншиж эхлэхдээ өөрийн мэдэлгүй нөгөө дүрээ хайж эхэллээ. Эрэл амжилттай болж би бүр хоёрын хоёр дүр олов. Сохор жангарчийн тухай гарах болгонд насны бөгсөнд нүдэнд нь цагаа унаж бараг хараагүй болсон өвөө маань бодогдох шиг. Сохор болохоороо тэр үү хорвоогийн өнгөнд хуурталгүй, сэтгэлийн мэлмийгээр цэвэр өнгийг харж, үнэн төрхийг таньдаг болсон өвгөн жангарч миний өвөөтэй адил санагдаад сэтгэлд их дотно. Нөгөө дүр нь жангарч өвгөн Намаржаан. Элэнцэд нь ач санаж явдагтаа анх удаа уулзаж байгаа жич хүүд нь учиргүй дотноссон тэр ухаалаг өвгөн.

Номын тэмдэглэлээ дуусгах гээд сууж байх зуур нэг ийм бодол орж ирлээ. Орчин үед хүмүүс залхуу болсон гэж их ярьцгаадаг. Сүүлийн үеийн кинонуудыг нийтийн хүлээлтэд нийцүүлж төгсгөдөг болсон нь энэнтэй бас их хамааралтай юм болов уу гэж заримдаа бодогддог юм. Уншиж байгаа номууд дээр гол дүрийн баатрын цаашдын амьдралыг тоочин өгүүлж уншигчийн санааг амраах явдал ч түгээмэл болоод байх шиг. Харин Аюурзанын хувьд энэ түүний биш уншигчийн асуудал. Зохиол цаасан дээр төгссөн ч сэтгэлд үргэлжлэн зовоох нь таашаалтай. Цаашаа ямар замналаар явах бол гэж тааж ядахдаа номоо дахин эргүүлж сэжүүр хайх сэдэл төрүүлэх нь ч амттай.

2014.04.28