Их буучид Мэсүт Өзилийг эгнээндээ нэгтгэхэд ихэнх хүмүүс дэлхийн хамгийн шилдэг найруулагч нарын нэгийг авчихлаа хэмээн шагшиж байсан. Одоогоор мань эр энэ бодлыг батласан тоглолт үзүүлж байна. Энэ удаагийн орчуулгаар найруулагчийн байрлалд Арсеналын төлөө гялалзаж асан 12 шилдэг тоглогчийн тухай бичсэн Брайн Гланвиллийн нийтлэлийг хүргэж байна.
Чарли Бушаныг Арсенал 2000 паундаар авсан бөгөөд 1925 онд Сандерландаас ирсэн эхний улиралдаа тус бүр нь 100 паундын өртөгтэй 20 гоол хийжээ. 15 жилийн өмнө 11 шиллингийн зардал гаргахаас татгалзаагүй бол огт мөнгө төлөхгүй өөрийн болгох боломж байсан юм. Пламстид дэх Вүүлвич Арсеналын талбайгаас холгүйхэн төрсөн Бушан 1909 онд сонирхогчийн журмаар клубт анх элсэж байв. Цалингийн маргаанаас болж Нортфлит рүү явсан мань эр Лейтоноор дамжин 1911 онд Сандерландад нэгдлээ. Оддын цуглуулга болсон клубт тэрээр дорхноо идээшиж бас нэгэн гэрэлт од болсон юм. Өндөр, бадриун боловч чадварлаг тоглогч Хар муурнуудын төлөө лигийн 209 гоол хийсэн нь тэдний бүх цаг үеийн жагсаалтад 2 дугаар байрыг эзлэдэг. Хэрбэрт Чапман түүнийг 33 настай байхад нь багтаа нэгтгэж маш үнэтэй 20 гоол хийлгэсэн ба 1927 онд Кардифф Ситид 2-1ээр хожигдоход Арсеналын тоглогчдыг ахлан гарч байжээ.
|
Алекс Жеймс (Alex James, 1929-37)
261 тоглолт, 27 гоол |
1928 онд Английг Вэмблид нь 5-1ээр ялсан Шотланд Шидтэнүүдийн түлхүүр тоглогч байсан Жеймс 1929 онд Престон Норт Энд клубээс Арсенал руу 9000 паундаар ирж байв. Зүүн жигүүрийн довтлогч (inside left) байсан боловч аль аль жигүүр лүү болон корридороор үхлийн дамжуулалт өгдөг чадварыг нь Хэрбэрт Чапман гарамгай ашиглаж багийн довтолгооны гол эх үүсвэр, үндсэн стратегич болгон хувиргасан юм. Өөрөө гоол хийхээсээ илүү үүсгэдэг тоглогч болсон Алекс маань анхны гоолоо 1930 оны ФА Капын финалаар Хаддерсфилд Тауныг 2-0оор хожиход хийсэн билээ. Энэ цом бол Арсеналын хамгийн анхны томоохон цом байсан бөгөөд 1935 онд Хайберид Шэффилд Вэнсдэйн эсрэг гайхамшигтай хаттрикийг бас хийсэн байдаг. 1932 оны ФА Капыг гэмтлийн улмаас өнжсөн боловч 1936 оны финалаар Вэмблид багаа ахалж, мөн дөрвөн ч удаа багтайгаа лигт түрүүлсэн юм.
|
Брин Жонс (Bryn Jones, 1938-49)
76 тоглолт, 8 гоол |
Дэлхийн 2-р дайн эхэлчихээгүй бол 1938 онд Волвэсээс авчрахдаа төлсөн тухайн үеийн дэлхийн рекорд 14 мянган паундын үнээ Брин Жонс өлхөн нөхөхөөр байлаа. Зүүн жигүүрийн довтлогчоор нөхөр Алекс Жеймсийг орлож, гоолын хур буулгахын тулд тэрээр ирсэн боловч эхний 30 тоглолтдоо дөнгөж 4-хөн удаа гоолдсон юм. Гэхдээ 1942 онд Зэвсэгт хүчнээс чөлөөгөөр ирээд байхдаа Чарлтон Атлетикийг 6-2оор хожсон тоглолтод хаттрик хийж байсан. Уэлссийн шигшээд анх 1935 онд дуудагдаад хамгийн сүүлд Шотландын эсрэг 1949 онд тоглож байв. 1947/48 улирлаар Арсенал лигт түрүүлэхэд 7 удаа тоглосон боловч энэ нь ялагчийн медаль авахад хангалтгүй байлаа. Улмаар 1949 онд Норвич Сити рүү явсан юм.
|
Жимми Логи (Jimmy Logie, 1939-55)
328 тоглолт, 76 гоол |
Багийнхныхаа хүндлэлийг бүрэн хүлээсэн Логи дайны дараах Арсеналын довтолгооны гол хөдөлгүүр болж байсан боловч зөвхөн дотоодын лигийнхнээсээ шигшээдээ дуудах өвчин туссан байсан Шотландуудаас болж шигшээдээ ердөө ганц дуудагдсан нь харамсалтай. Эдинбургийн хүү 1939 онд өсвөрийн Лохор Велфэйр багаас Арсеналд ирсэн боловч Тэнгисийн Десантад дуудагджээ. Олон жилийн дараа 1946 оны 8 сарын 31-нд арай гэж Арсеналын төлөө анхны тоглолтоо хийж байсан түүхтэй. Зүүн хагаст хэсэг тоглосон боловч баруун жигүүрийн довтолгоонд маш идэвхитэй тоглодог боллоо. Бөмбөг эзэмших чадвар, уралдуулж хаясан дамжуулалтууд, холбон тоглох чадвар зэрэг нь түүнийг маш аюултай тоглогч болгож байсан бөгөөд нийт тоглосон 9 улиралдаа 32-оос багагүй тоглолтод тоглож байв. Тэрээр хоёр удаа лигийн түрүү авсан бөгөөд 1950 оны ФА Капын финалд Ливерпүүлийг 2-0оор хожиход хоёр дамжуулалтыг өгсөн юм.
|
Жимми Блүмфилд (Jimmy Bloomfield, 1954-60)
227 тоглолт, 56 гоол |
Тансаг тоглолттой зүүн жигүүрийн довтлогч маань 1954 оны 7 дугаар сард Брентфордоос Их буучдын эгнээнд нэгдэж, Жимми Логигийн залгамжлагчаар нэрлэгдсэн ба гурван сарын дараа анхны тоглолтоороо Шеффилд Вэнсдэйн эсрэг хожлын гоол хийж байв. Ерөнхийдөө нэг их гоол хийгээд байдаггүй байсан боловч 1956/57 улирлын 86 гоол хийсэн (эдгээрээс 10 нь түүний нэр дээр бүртгэлтэй) залуу довтлогчдын гол цөм нь байлаа. 1960 онд Жорж Истхам ирснээр тэрээр клубыг орхиж Бирмингэм Сити рүү явсан билээ. Тоглогчийн карьераа дуусгаад амжилттай, дэвшилтэт менежер болсон ба Лутон Тауныг удирдаж байгаад 1983 онд дөнгөж 49 насандаа хорт хавдраар өөд болсон билээ.
|
Жорж Истхам (George Eastham, 1960-66)
223 тоглолт, 41 гоол |
Онцгой чадвартай баруун жигүүрийн довтлогч Истхам 1966 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээр Английн бүрэлдэхүүнд багтсан ч сэлгээнээс ганц ч гарч тоглож чадаагүй азгүй тоглогч. Тэрээр Арсеналын эгнээнд 1960 онд нэгдэхдээ Ньюкасл Юнайтедтай гэрээний маргаанаас болж зам салж иржээ. “
Боолын гэрээ” гэж түүний нэрлэсэн тэрхүү гэрээний маргаан 3 жил үргэлжилж Дээд шүүхэд хүрч байж түүний ялалтаар өндөрлөснөөр тоглогчдын эрхийн асуудалд томоохон нөлөө үзүүлсэн юм. Шаргал үстэй, өндөр, төгс хөгжилтэй, ур чадвартай, сэргэлэн тэрээр фэнүүдийн хайрыг татдаг байсан бөгөөд багийнхандаа тоолж баршгүй олон гоолын дамжуулалт өгч байлаа. Хайберигаас Стоук Сити рүү очоод Лигийн Цомд түрүүлсэн ба Өмнөд Африкт менежер хийж байсан юм.
|
Чарли Жорж (Charlie George, 1968-75)
179 тоглолт, 49 гоол |
Арсеналын хаяанд мэндэлж, Арсеналыг сургуульд байхын дэмжиж ирсэн Жорж бурхнаас заяасан онцгой авъяастай тоглогч байв. Чарли ур чадвар, тамир тэнхээ, бөмбөг эзэмших, хоёрдугаар давхрын тоглолт, баруун хөлийн өшиглөлт зэрэг маш олон авъяастай байсан бөгөөд 1971 оны алдар Хос цомтой улиралд ФА Капын финалаар Ливерпүүлийн эсрэг чухамхүү тэр хөлөөрөө гоолдоод гараа алдлан газарт тэрийн унасан дүрсээрээ олон фэнүүдийн дурсамжинд мөнхөрсөн билээ. Тэрээр 1970 оны Яармагийн Цомд (Fairs Cup) түрүүлсэн ба олон цом хожих замдаа орсон гэгдэж байсан ч 1975 онд ихээхэн маргаантай нөхцөл байдал дунд Дерби Каунти руу зарагдан одсон юм. Тэрээр Арсеналын төлөө гэсэн сэтгэлтэй хэвээр үлдсэн ба одоогоор Клубын Домгуудын аяллыг хариуцан ажиллаж байгаа билээ.
|
Алан Болл (Alan Ball, 1971-76)
218 тоглолт, 52 гоол |
1966 оны Дэлхийн аварга Английн баатар жигүүрийн довтлогч Болл 1971 оны 12 дугаар сард 26 настай Арсеналд ирэх үедээ ид оргил үедээ гялалзаж байлаа. 1966 онд Блакпүүлийн тоглогч байсан тэрээр ДАШТ-ий дараа Эвэртонд очиж 1969/70 улиралд тэднийг лигт түрүүлэхэд тусласан ба Хос цомоо бататгах зорилготой Арсенал түүний төлөө 220 мянган паундыг төлсөн юм. Болтоны өсвөрийн багт байхад нь “
морины хүүхэд шиг” гэж шоолдог байсан ч түүний цуцашгүй эрч хүч, ухаалаг тоглолт нь маш сайн найруулан тоглогч болгосон бөгөөд 1972 оны ФА Капын финалд багаа хөтөлсөн билээ. Гэвч тэр золгүй тоглолт Лийдс Юнайтедын хожлоор өндөрлөсөн бөгөөд цомгүй Болл 1975 онд Арсеналаас явсан юм.
|
Лиам Брэди (Liam Brady, 1973-80)
307 тоглолт, 59 гоол |
Ирландын шигшээгийн зүүн жигүүрийн довтлогч Брэди гайхалтай цохилттой, маш стратегич тоглогч байлаа. Төрөлх Дублиндаа байхдаа 13 насандаа илрүүлэгдсэн тэрээр Арсеналд сургуулийн амралтаараа Арсеналд ирж бэлтгэл хийдэг байсан бөгөөд 1973 оны 10 сард 17 насандаа клубын төлөө анхны тоглолтоо хийсэн юм. Брэди гурван улиралд дараалан ФА Капын финалд Арсеналын төлөө тоглосон бөгөөд 1978 онд Ипсвич Таунд хожигдоход гэмтлээ бүрэн эдгээж чадаагүй байсан ч хойд жил нь Манчестер Юнайтедыг цаг дуусч байхад хожих үед хамгийн оргил тоглолтоо үзүүлсэн юм. 1980 оны финалд Вэст Хам Юнайтедтай тоглохдоо Европын Цомтой багуудын Цомын финал гэх мэт дараалсан баахан тоглолтуудад тоглож ядарсан байсан учраас хэд хойшоо татаж тоглосон гэж шүүмжлэгдэж байв. Арсеналын дараа Ювэнтус руу очиж хоёр ч Сери А тайтл хүртсэн юм.
|
Пол Дэйвис (Paul Davis, 1978-95)
447 тоглолт, 37 гоол |
Лиам Брэдийг явахад араас нь залгамжилсан тоглогч бол Арсеналтай 13 наснаасаа хойш холбоотой байсан үнэнч фэн байлаа. “Энэ цэнгэлдэх бол миний хувьд амьдрал минь. Миний биеийн эд эрхтэн гэсэн үг” гэж Пол Дэйвис хэлж байсан удаатай. Брэдийн нэгэн адил 17 насандаа 1981 оны 3 дугаар сард Ливерпүүлийн эсрэг Арсеналын төлөө анхны тоглолтоо хийж байсан. Зүүн жигүүрт хэсэгхэн тоглосон боловч 1982 оноос эхлэн баруун жигүүрээр тоглож өөрийн алдарт зүүн хөлийн дамжуулалтуудаа хийдэг байлаа. Түүний гайхамшигтай карьерын ганц сүүдэртэй тал нь гэвэл 1988 онд үнэхээрийн их өдөөлтийг тэвчилгүй Соутхамптоны Гленн Кокерилын эрүүг мулт шанаадаж 9 тоглолтоор торгуульсан явдал байлаа. Менежер Жорж Грэм түүнийг сэлгээнд хадсан ба 1993 онд тэрээр өөрийн байрыг эргүүлэн авч Арсеналыг ФА Кап, Лигийн Цомыг хосоор өргөхөд тусласан билээ.
|
Жак Вилшэр (Jack Wilshere, 2008 оноос хойш)
113 тоглолт, 7 гоол |
Сургуульд байхдаа Лутон Тауны академид элсээд удалгүй 2001 онд 9 настайдаа Арсеналын эгнээнд нэгдсэн. Өөрийн үе тэнгийн Англи тоглогч нар дундаа хамгийн авъяаслаг найруулан тоглогч маань Англи тоглогч нарт ховорхон заяасан дамжуулагч билээ. 16 нас 256 хоногтой байхдаа Арсеналын төлөө анхны тоглолтоо хийснээр лигийн тоглолтод тоглосон хамгийн залуу тоглогч болсон. 18 настай байхдаа Английн төлөө анхны тоглолтоо Вэмблид Францын эсрэг хийж байсан. Гэмтлийн улмаас 2011/12 улиралд огт тоглоогүй бөгөөд өнгөрсөн улиралд гэмтлээ эдгээж ирээд Аваргуудын Лигийн байрыг эзлэхэд гол нөлөөг үзүүлсэн. 2011/12 улиралд Барселонаг хожиход Шави, Иниеста нарын эсрэг тоглосон гэдэг ганц баримт түүний ур чадварыг хангалттай батлан харуулж байгаа юм.
|
Мэсүт Өзил (Mesut Ozil, 2013 оноос хойш)
13 тоглолт, 3 гоол |
Энэ зуны наймааны цонх хаагдаж байх мөчид Арсеналын наймааны үнийн рекордыг эвдэж, Реал Мадридын тоглогчдын халаглах дуугаар жигүүрлэн ирсэн Мэсүт Өзил. Халаглах нь ч аргагүй, учир нь Германы шигшээгийн найруулагчийн бөмбөг эзэмших, байрлалаа эзлэх чадвар, ухаалаг дамжуулалт, тоглолтууд нүднээ ил. Гайхалтай мэдрэмжтэй зүүн хөлийн цохилтоо Наполигийн эсрэг багийн төлөө анхны гоолоороо харуулж амжсан. Түрк гаралтай боловч Германд төрж өссөн тоглогч маань 2010 оны Өмнөд Африкийн Дэлхийн Аваргааар од болон гялалзсаныхаа дараа Вэрдэр Бременээс Испанийг зорин одсон. Мадридад тэрээр Лиг, Испанийн цом, Испанийн Супер цом зэрэг цомуудыг хураасан бөгөөд Арсеналын фэнүүд түүний цомын цуглуулга үүгээр өндөрлөхгүй байгаасай гэж хүсэж байгаа нь дамжиггүй.
Бантагнасан: Цогоо
Эх сурвалж:
Арсенал цэг ком