Thursday, August 01, 2013

ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ МӨЧ (Ник Хорнбигийн Fever Pitch зохиолоос)

ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ МӨЧ
Ливерпүүл – Арсенал, 26.5.89

Миний хөлбөмбөг үзэж эхэлснээс хойшх 23 улирлын турш ердөө долоохон баг Дээд Дивизионы түрүүг авч байсан нь Лийдс Юнайтед, Эвэртон, Арсенал, Дерби Каунти, Ноттингэм Форэст, Астон Вилла, тэгээд арван нэгэн удаа Ливерпүүл. Эхний таван жилд нь л гэхэд таван өөр баг түрүүлсэн нь Лигт ерөөсөө тэгээд тойроод түрүүлээд явж байдаг, харин жаахан хүлээх хэрэгтэй юм байна гэсэн ойлголтыг надад төрүүлж орхисон юм. Гэтэл далаад он дуусаад наяад он үргэлжилж эхлэхэд Арсенал миний амьд яваа насанд хэзээ ч түрүүлэхгүй байж мэдэх юм гэсэн айдас төрж эхлэв. Яахав мэдээж уншигдаж байгаа шигээ уянгын халилтай юм ч биш л дээ.

Зургаан жилийн дотор гурав дахь түрүүгээ 1959 онд тэмдэглэж байсан Волвэсийн фэнүүд ирэх гучин жилийн ихэнхийг нь Хоёр болон Гуравдугаар Дивизионд өнгөрүүлнэ чинээ санаагүй л байх, харин 1968 онд дөч орчим насандаа Манчестер Ситигийн түрүүг тэмдэглэж байсан фэнүүд одоо 70 гарч яваа байж таарна.

Ихэнх фэнүүдийн адилаар миний үзсэн тоглолтуудын дийлэнх нь лигийн тоглолтууд. Ер нь тэгээд зул сарын баяр өнгөрөөгөөд Арсеналын түрүүлэх сонирхол багасчихдаг ч доод лиг рүү унахгүй нь бас тодорхой болдог тул эдгээр тоглолтуудын тал орчим хувь нь спортын сэтгүүлчдийн хэлдгээр ямар ч ач холбогдолгүй тоглолтууд болж таарч байгаа юм. Тоглолтын үр дүнг хараад хумсаа, хуруугаа мэрэхгүй, гунигтай царай гаргахгүй, Ливерпүүлийнхэн яаж байгааг сонсох гэж чихээ халцартал радионд наалдахгүй, нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийтэл баярлахгүй гэсэн үг л дээ. Тоглолтод ач холбогдол оруулдаг ганц зүйл бол Дээд Дивизионы хүснэгт биш харин чиний сэтгэл хөдлөл байдаг.

Энэ мэдрэмжийг арав гаран жил мэдрээд ирэхээр лигийн түрүү гэдэг зүйл яг л Бурхан гэж байдаг эсвэл байдаггүй гэдэг шиг их эргэлзээтэй асуудал болж хувирдаг. Мэдээж байж болох магадлалыг нь онолын хувьд хүлээж зөвшөөрөх бөгөөд түүнд эргэлзээгүй итгэж, найддаг хөөрхий гэнэн хүмүүсийг сэтгэлийг хүндэлж харьцана. 1975-аас 1989 оны хооронд би итгэдэггүй байлаа. Улирал болгоны эхээр заримдаа дундуур нь би найддаг байлаа, ялангуяа 86/87 оны улиралд найм, есөн долоо хоног тэргүүлж байх үед би бүр бараг үл итгэгчийнхээ байрнаас хазайх дөхсөн шүү. Гэвч чин зүрхнийхээ мухарт би энэ явдал хэзээ ч биеллээ олохгүй, яг л чамайг хөгшрөөд үхэхээс наана эрдэмтэд мөнх наслах нууцийг нээж чадахгүй гэдэг шиг.

Арсенал лигт түрүү авч байснаас хойш 18 жилийн дараа 1989 онд Арсенал түрүүлж чадаж болох юм гэдэгт дурамжхан бөгөөд мулгуугаар өөрийгөө итгүүлчихлээ. Тэд нар Дээд Дивизионыг нэгдүгээр сараас тувдугаар сар хүртэл тэргүүлэв. Хилсборогийн асуудлаас болж сунжирсан улирлын сүүлийн бүтэн долоо хоногт гуравхан тоглолт тоглох үлдсэн байх үед удаах байрны Ливерпүүлээс 5 оноогоор илүү байсан юм. Ливерпүүл нэг тоглолтоор илүү байсан ч Хилсборогийн эмгэнэлт явдал, тэндээс авсан үзэгчид, тоглогчдийн цочролоос болоод байнга хожоод байж чадахгүй гэсэн нийтлэг ойлголт гадуур их байлаа. Арсеналын үлдсэн гурван тоглолтын хоёр нь өөрийн талбай дээр сул багуудын эсрэг харин сүүлийнх нь Ливерпүүлийн талбай дээр.

Хожмын Үеийн Лигийн Түрүүнд Итгэгчдийн Сүмийн гишүүн болов уу үгүй юу Арсенал гамшиг тарьж орхив. Өөрийн талбай дээр Дербид шившигтэйгээр хожигдсоноо, Хайберид болж байгаа сүүлийн тоглолтдоо Вимблдонд хоёр ч удаа тэргүүллээ алдаж 2-2оор тэнцэж байгаа юм. Улирлын нээлтэн дээр 5-1ээр хожиж байсан багтайгаа шүү дээ. Дербитэй хийсэн тоглолтын дараа би хамтран амьдрагчтайгаа аяга цайнаас болж айхтар ширүүн маргалдаж байсан бол Вимблдоны дараа миний уур дуусч ердөө л чимээгүй цөхрөл үлдсэн байв. Би амьдралдаа анх удаа савангийн дууриуд дээр гардаг дурлалд зүрхээ шархлуулчихаад алдаагаа дахин давтахгүйг хичээж байгаа бүсгүйчүүдийн зовлонг ойлгож эхэллээ. Ерөөсөө л сонголтоо зөв хийх тухай асуудал байсан юм байна. Өөрийгөө хямгадаад, тоохгүй сууж байхын оронд өөрийгөө цэлийтэл нээгээд өгчихөж. Дахин хэзээ ч ийм байдлыг давтуулахгүй. Тэнэг байснаа сая мэдлээ. Түрүүлэхийн даваан дээр ирчихээд өөрсдөөсөө болж бүтэлгүйтсэнд урам хугарсан сэтгэл минь олон жилийн турш шаналж явах болно гэдгийг бас ойлгов.

Тэгэхдээ хамаг найдвар хараахан бүрмөсөн тасарчихаагүй. Ливерпүүл талбай дээрээ Вэстхам бас манайхыг хүлээж авч тоглох ёстой. Хоёр багийн байдал их ойролцоо байгаа болохоор хожихын тулд бас л тоо бодох хэрэгтэй байв. Ливерпүүл Вэстхамыг хожихдоо оруулсан гоолын тооны ядаж хагасыг нь Арсенал хийж байж түрүүлнэ. Тодруулбал Ливерпүүл Вэстхамыг 2-0оор хожвол бид тэднийг 1-0оор хожих ёстой. Харин Ливерпүүл 5-1ээр хожсоноор бид заавал хоёр гоолын зөрүүтэй хожих ёстой болов. “АРСЕНАЛЧУУД АА, ТА НАР ЗАЛБИРААД Ч ХЭРЭГГҮЙ!” гэсэн бичиг Дэйли Миррор сонины хуудсан дээр томоос том хэвлэгдэн гарч билээ.

Би Анфильд руу яваагүй юм. Уг нь анх товлосон үедээ бол ингэж өндөр хэмжээнд хүрэлгүйгээр явагдах учиртай байсан энэ тоглолтоор лигийн түрүү хаашаа чиглэхийг шийдэх болсон нь мэдэгдэх үед тасалбарын үнэр ч байхгүй болсон байлаа. Өглөө босоод Хайбүри рүү очиж шинэ өмсгөл худалдаж авлаа. Зурагтын өмнө тэрнийг өмсөж суулаа гээд багийнханд маань сүртэй сэтгэл санааны дэмжлэг болохгүй нь тодорхой ч гэсэн ямар нэгэн юм хийх хэрэгтэй мэт санагдсанаас болоод л тэр. Ядаж миний сэтгэлийг өргөх юм даа. Үд дээр тоглолт эхлэхээс бараг найман цагийн өмнө манай цэнгэлдэхийн эргэн тойронд их хэмжээний машинууд цугларчихсан байлаа. Харих замдаа зөрж өнгөрч байгаа бүх хүмүүст амжилт хүссээр явав. Тэр хүмүүсийн энэ сайхан Тавдугаар сарын өглөө харуулж байгаа эерэг хандлага (“3-1”, “Ёстой төвөггүй 2-0”, бүүр “4-0” гэж хүртэл сонсогдож байгаа юм) нь намайг тэдний өмнөөс сэтгэл зовниход хүргэж байлаа, Анфильдэд хожигдох гэж байгаа биш Соммэ дэх үхлийн тулааны талбар луу явж байгаа мэт тэднийг өрөвдөж байв.

Үдээс хойш ажилдаа очоод үхэх гэж байгаа мэт дотор муухайрч суусаар арай гэж тараад Арсенал дэмждэг найзынх руугаа хөлбөмбөгөө үзэхээр очив. Цэнгэлдэхийн Хойд Энгэрийн харалдаа гэр нь байдаг юм. Тэр оройны бүх юм үнэхээр дурсамжтай байлаа. Тоглогч нар талбай дээр гарч ирээд Коп өөд алхан фэнүүдтэйгээ мэндчилж, цэцэг тараахаас эхлээд л. Тоглолт эхлэхэд л Арсеналчууд тэмцэлгүйгээр бууж өгөхгүй нь тодорхой болов. Тоглогч нарынхаа биеэ авч яваа байдал, нүүрний хувирлыг хараад мэддэг болсноо ойлгож, тоглогч нэг бүрийг хайрлаж байлаа. Мэрсоны завсартай шүдтэй инээмсэглэл, хүүхдийнхэрхүү ноолорсон үс, Адамсын өөрийн сул талаа халхлах гэсэн эршүүд бөгөөд сэтгэл булаам оролдлогууд, Рокастлын хээнцэр тоглолт, Смитийн хичээнгүй тоглолт... Түрүүлэх шахаад алдлаа гэхэд би тэднийг асуудалгүй уучлахаар байлаа. Залуу бүрэлдэхүүн гэхэд үнэхээр сайхан улирал өнгөрүүлсэн юм чинь дэмжигч хүний хувьд өөр юу хүсэх билээ?

Хоёрдугаар хагасын дөнгөж эхэнд гоол хийчихээр нь би их баярласан. Цаг дуусахаас 10 минутын өмнө Томас үнэхээр сайхан боломжийн Гроббелаар луу шууд өшиглөж орхиход бас л баярласан. Гэхдээ л Ливерпүүл улам ширүүсч боломжуудыг ээлж дараалан үүсгэсээр талбайн булан дээрх цаг 90 минут өнгөрснийг зааж эхлэх үед би багийнхнаа зүтгэл үзүүлснийх нь төлөө инээмсэглэлээр шагнахаар зэхэж байв. “Арсенал лигийн түрүүгээ алдахаар бол өчнөөн долоо хоног тэргүүлж байсныхаа төлөө өнөөдрийг ядаж хожлоор дуусгах юм бол үнэхээр л шударга хэрэг болох байх даа” гэж тайлбарлагч Дэвид Плитийг хэлж байхад Кэвин Ричардсон гэмтлээ эмчлүүлж, цаана нь Копууд баяраа тэмдэглэж байв. “Нэр төрийн хожил төдий гээд чамлангуй л байх байх даа” гэж тайлбарлагч Брайн Мур хариулж байсан юм. Бидний хувьд үнэхээр чамлалттай нэр төрийн хожил. Ричардсон арай гэж нэг юм бослоо, цаг 92 минут өнгөрчихсөн, торгуулийн талбайд Жон Барнс дээр такл хийж хүртэл үзэв. Лукич бөмбөгийг Диксон руу өнхрүүллээ, Диксон мэдээж Смит рүү, харин Смитийн гайхамшигтай өлгөсөн дамжуулалт... гэнэт улирлын сүүлийн тоглолтын сүүлийн минутанд Томас дундуур нэвт гараад ирлээ, гав ганцаараа, Арсеналд аваргын титэм авч өгөх алтан боломж. “It’s up for grabs now!” (Одоо боломж гарлаа!) хэмээн Брайн Мур орилж байх тэр үед хүртэл “Бурхан минь, Майклыг гоол оруулахад туслаач, Майкл минь битгий л алдаарай” гэж залбирахын оронд сүүлийн үед амссан гашуун туршлагуудаасаа болоод ядаж л хамгийн сүүлийн мөчид боломж гаргаад хожих шахлаа шүү гэсэн юм бодож өөрийгөө барьж суулаа. Нэг хартал нөгөөх чинь агаарт эргэлдэж байв, би ч газар дээр тэрий хадахад өрөөнд байсан бүх хүн миний дээр бүчлээ. Арван найман жил, бүхнийг мартлаа.

Иймэрхүү мөчүүдийг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ? Пит Дэвисийн 1990 оны ДАШТ-ий талаар бичсэн нэг ном дээр тоглогч нар гоол хийхийг зүйрлэж тайлбар хийхдээ секстэй зүйрлэсэн байдаг тухай тэрээр бичсэн байдаг. Жирийн үед бол тэрнийг би анзаараад байгаа юм. Жишээ хэлэх юм бол 1990 оны 12 сард талбай дээрээ Манчестер Юнайтедад 6-2оор хожигдсоноос хойш яг 4 хоногийн дараа Ливерпүүлийг 3-0оор хожиход Смит 3 дахь гоолоо хийхэд үнэхээр гайхалтай санагдаж билээ. Дөрөв, таван жилийн дараа Норвичийн талбай дээр тоглолтын турш хожигдож байгаад 16 минутын дотор 4 гоол хийхэд сексийн үед төрдөг нөгөө ертөнцийн гэмээр мэдрэмж төрж байсан.

Дур ханахаар зүйрлэж ярихад нэг асуудал байна л даа. Мэдээж дур ханахын сайхныг хүн болгон мэдэх хэдий ч энэ бол хүн болгоны мэдэх, дахин дахин мэдэрч болох (багаасаа зөв хооллож байсан бол ганц хоёр цаг болоод л дахиад мэдрэх боломжтой), ялангуяа эрчүүдийн хувьд бол секс хийж эхэлсэн л бол мэдрэх нь тодорхой мэдрэмж шүү дээ. Яахав магадгүй та 18 жилийн турш секс хийгээгүй, дахиад 18 жил ч хийхгүй нь дээ гээд сэтгэлээр уначихсан байж байтал гэнэт хаа нэгтэйгээс боломж гарч ирэх юм бол Анфильдэд болсон тэр гайхамшигтай ойролцоо зүйлийг мэдэрч болох юм.

Секс мэдээж хөлбөмбөг үзэхээс (гоолгүй тэнцээ, хиймэл отон, цомын гуниг гэж байхгүйгээс гадна чи даарахгүй) илүү сайхан ажил гэдэг нь тодорхой боловч түүнээс авдаг сэтгэл ханамжийг сүүлийн мөчид гоол хийж Лигийн аварга болж байгаа амьдралд ганц тохиох мөчтэй зүйрлэшгүй юм даа.

Хүмүүсийн амьдралын хамгийн нандин мөч гэж хэлж байгаа бүх мөчүүдийг үүнтэй зүйрлэхээргүй юм гэж би боддог. Жирэмсэн эхийн амаржих үнэхээр гайхамшигтай мөч байж магадгүй, тэгэхдээ л нөгөө гэнэтийн гэх зүйл байхгүй болчихно, тэгээд ч хэтэрхий удаан үргэлжилнэ. Хувь хүний зорилгодоо хүрч тушаал дэвших, шагнал авах зэргийг зүйрлэж болох боловч эцсийн мөчид болсон бас та өөрөө яаж ч нөлөөлж чадахгүй гэсэн үзүүлэлтийг хангахгүй байх? Асар их мөнгө хожихтой зүйрлэх гэхээр их хэмжээний мөнгө гэнгүүт бүүр өөр төрлийн сэтгэл зүй болоод явчихна. Тэгээд тэрний төлөө ард нийтээрээ баярлахгүй шүү дээ.

Тэгэхээр ерөөсөө энэ мэдрэмжийг зүйрлэх өөр юу ч байхгүй болж таарч байгаа юм. Би боломжтой бүх хувилбаруудыг тооччихлоо. Бүхэл бүтэн хорин жилийн турш тасралтгүй хүсэн тачаадаж ирсэн өөр зүйлийг санах гээд чадахгүй юм (тэгээд ч хорин жил өөр юунд тэгж тачаадах билээ дээ?), бас балчир хөвгүүн байхдаа ч, эрийн цээнд хүрсэн хойноо ч адилхан хүсч байсан өөр юу ч байхгүй. Тиймээс спорттой холбоотой зүйлийг өөрийн хамгийн аз жаргалтай мөч хэмээн зарлаж байгаа хүмүүсийг ойлгож өршөөхийг хичээгээрэй. Бидний төсөөлөл хязгаарлагдмал биш, амьдрал маань ч тийм бачуурмаар гунигтай байдаггүй, зүгээр л бодит амьдрал өнгөгүй, нэгэн хэвийн бөгөөд санаандгүй галзуурмаар тохиолдол гарах магадлал тун багатай байдаг.

За тэгээд шүглийн дуу тасхийж тоглолтыг дуусгахад (миний зүрхийг зогсоох шахсан нэг мөч: Томас Лукич руу хойш дамжуулахад цаадах нь маш тайван авсан боловч надад таалагдаагүй) би гадагшаа Блаксток гудамж руу үсрэн гарч онгоц болон гүйж байгаа жаал хүү шиг л гараа алдлан нисч эхэллээ. Үүдэн дээрээ зогсож байсан хижээл насны авгайчууд намайг эгээтэй л Майкл Томас өөрөө нисч яваа мэт дэмжин алга ташиж, солиорлын ирмэгт тулж оюун ухаанаа бүрэн гээснийг нүднээс минь анзаарсан дэлгүүрийн худалдагч надад оргилуун дарс хүчээр зарсан байсныг бүүр түүрхэн санаж байна. Эргэн тойрон дахь баарнууд, айлууд гээд зүсэн зүйлийн газруудаас хүмүүсийн уухайлах дуу дуулдаж, цэнгэлдэх дээр туг дарцаг барьсан, тааралдсан хүмүүсээ тэвэрсэн, машин дээрээ сандайлсан фэнүүд, оройн мэдээнд энэхүү баяр хөөрийг оруулах гэсэн телевизийн камертай хүмүүс цугларч, клубын ажилтнууд цонхоороо шагайн бидэн рүү даллаж баяр хүргэж байх тэрхэн мөчид би Анфильдэд биш энд байж гэрийн маань гадаа өрнөсөн энэ их баяр цэнгэлээс хуваалцах завшаан таарсанд тун их баярлаж байлаа. Хорин нэгэн жил Арсеналыг дэмжиж байхдаа, анхны дабл хийсэн жил цөөхөн тоглолт үзсэн болохоор өөрийгөө баярлах эрхгүй гэж үзэж байсан бол энэ удаа би ажлаа хангалттай хийсэн, өчнөөн олон жилийн нөр их зүтгэлийн дараа би энэ баяраас хуваалцах эрхтэй.

Болсон явдал Ютүб дээр:

Зохиолоор хийсэн киноны оргил үе: 

Үндсэн сайтын түүхийн буланд: Их буучдын гайхамшигт мөчүүд №2

Бантагнасан: Цогоо 
Эх сурвалж: Fever Pitch: A Fan's Life, 
ISBN: 978-0-241-95019-7