Friday, March 09, 2012

Робин ван Персигийн хувьслын түүх



Робин ван Персийг магтан дуулахгүй долоо хоног ч гэж алга, магтаал нь ч нүдээ олно гэж жигтэйхэн. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд мань эр бараг ганцаараа шахуу Ливерпүүлийг Анфильдэд нь 2-1ээр хожсон. Мэдээж Войцек Шезнийн гайхамшигтай хаалтууд нэмэр болсон нь ойлгомжтой. Бас нэгэн ур чадварын төгс гоолыг хийсэн. Зарим хүмүүс Пэпэ Рэйнаг нарийн талдаа алдлаа гэж шүүмжлээд байгаа ч үнэндээ Алекс Сонгийн давуулж хаясан бөмбөгийг маш өндөр ур чадвар харуулан эхний хүрэлтээрээ шууд Рэйнагийн хажуугаар цохисон юм. Эхнийх нь ч гэсэн бас нэг иймэрхүү үлгэрийн гэмээр гоол байсан. Гэхдээ ван Перси иймэрхүү гоолуудыг байнга хийсээр бараг зуршил болчихсон. Хоёр гурван улирлын өмнө бол иймэрхүү хувьсал бараг боломжгүй харагдаж байсан юм шүү.

Аль 2005 оны үед л ван Персигийн үүрэг их чухал байсан ч байнгын гэмтэл бэртлээс болоод төдийлөн тоглож чадахгүй байв. Хоёр улиралд нийлээд дөнгөж 40 гаран тоглолт. Тэр үед тэрээр өмнө нь Деннис Бэргкампын тоглож байсан 10 дугаарын байрлал дээр тоглож байлаа. Биеийн хөдөлгөөн төстэйн дээр адилхан гайхалтай дамжуулалтууд, гоолууд хийх чадвартай байсан боловч хүмүүс түүнийг хангалттай боловсроогүй гэж тооцож байлаа. Тоглолтуудад бүгдэнд нь тоглохгүй нь мэдээж учраас ийм чухал байрлалд түүнийг тавих нь буруу гэж үзэх хүмүүс ч байсан юм. Вэнгэр ч түүнийг тэгж аль нэгэн дугаарын байрлал дээр зоохыг хүсээгүй. “Тэр бол хөлбөмбөгч хүн, ямар нэгэн онцгой зүйлийг бүтээх чадвартай. Гоол хангалтгүй хийж байж магадгүй, тэгэхдээ удахгүй нэмэгдээд л ирнэ” хэмээн Вэнгэр өчиж байлаа.

Вэнгэр ван Персиг 2009 оноос эхлэн чөлөөт довтлогчийн байрлалд тоглуулах боллоо. Энэ байрлалыг сүүлийн үед “хуурамч ес” гэж нэрлэх болсон. Энэ ажиллагаа маш амжилттай хэрэгжиж эхэлсэн боловч дөнгөж дөрөө олмогцоо манай баатар гэмтэж орхих нь тэр. Ингэсээр дөнгөж 2011 онд л түүний шилдэг тоглолтуудыг үзэж эхлэв. Мань эр ч тоглолтоо улам сайжруулаад зогсохгүй гоолын цуваа буулгаж гарсан юм. (Одоогийн байдлаар лигийн 43 тоглолтод 46 гоолтой байгаа) Ингэхэд ван Персигийн тоглолтын хувьслын талаар хүмүүс тэр бүр яриад байдаггүй. Вэнгэрийг тактикийн болоод стратегийн өөрчлөлт хийх бүрт ван Перси түүнд нь зохицуулан өөрчлөгдөхөөр барахгүй гоолыг ч хангалттай хийж байсан юм.

Хуурамч ес дугаар дээр 2009 онд тоглож байхдаа ван Перси өөрийн хөдөлгөөнөөрөө бусдыгаа тоглолтод идэвхитэй оролцуулдаг байсан нь түүнтэй довтлогчийн байрлал дээр хамтарч байсан Никлас Бэндтнэр, Эдуардо хоёрт их боломж олгодог байсан. Мөн Сэск Фабрегасын хажууд тактикийн тоглолт хийх хүн шаардлагагүй болсон нь их чухал. Хагас хамгаалалтын криэтив тоглолттой тоглогч нарыг өөрсдийн тоглодог 3 хагас хамгаалагчтай системд ашиглах болсон нь үүнд их нэмэр болсон. 2010/11 улирлын дунд үеэс эхлэн гэмтэл бэртлээс арай гэж нэг юм салахдаа гоолыг ёстой нэг урсгаж эхлэв. Энэ нь маш чухал байлаа. Яагаад гэвэл Арсеналын уураг тархи болсон Фабрегасаасаа хагацсан юм. Урьдчилан таамаглах аргагүй тоглолтоороо багаа байнга авардаг байсан тоглогчоосоо.

Энэ улиралд ван Персигийн тэсрэмтгий чанар нь Арсеналын шинэ стиль болсон хойноос урагш шууд довтлох хэв маягийн тоглолтыг тодорхойлж байгаа бөгөөд хэрвээ тэрбээр гоолуудыг ээлж дараалан хийдэггүй байсан бол өдийд бүгд энэ тактикийг бүтэлгүйтсэн тухай яриад байж байх байсан байлгүй. Түүний хоёр жигүүрийн туслагч нар болох Жэрвиньо, Тео хоёр их хэмжээний гоол хийхгүй байгаа боловч тун оновчтой дамжуулалтуудаар тэжээж байгаад ахлагч ван Перси талархалтай байгаа юм. Уг нь түүний гурван довтлогчтой систем одоогийн байгаагаас илүү гоол өгөх учиртай хэмээн Вэнгэр төлөвлөж байсан нь магад юм. (Вэнгэр: “Бидэнд оновчтой дамжуулалт маш ихээр өгдөг тоглогч нар байна. Миний бодлоор Жэрвиньо, Валкотт хоёрын ассистыг харах юм бол дэлхийн хамгийн шилдэг нийлүүлэгч нар. Гэхдээ би тэднийг өөрсдөө бас гоолоо нэмэх боломжтой гэдэгт итгэдэг. Бас хагасуудыгаа ч гоолдох байх гэж боддог. Маргаашнаас эхлээсэй гэж ч бодож байна” гэж Миланы тоглолтын өмнө хэлж байсан.)

Дээрх шалтгаанаар бас Робиныг багийн ахлагчаар томилсныг тайлбарлаж болно. Тэрээр тоглогчдын дунд нэр хүндтэй, мөн удирдагчийн чадварыг нь ч сайн бодолцсон байдаг. Баг хамгаалж байх үед хамгаалалтын байрлалдаа шалмаг шилждэг, хамгаалалтын зохион байгуулалтын тулгуур цэг болж өгдөг. Өөрийн энэ чанарыг тэрээр Арсеналын үндсэн сайт дээр өгсөн ярилцлагадаа тоглолтод дунджаар 11,5 км гүйдэг гэсэн үзүүлэлтээ улам сайжруулах хүсэлтэй байдаг тухай ярихдаа харуулсан юм. Нэг тоглолтод ямар ч тоглогч энэ хэмжээний гүйнэ гэдэг гайхалтай боловч хагас хамгаалагч хүн л энэ хэмжээний гүйхээр байтал ялангуяа довтлогч хүн ингэж гүйж байгаа нь бүүр гайхамшигтай юм. (ван Перси нэг тоглолтод дунджаар 6.148 миль гүйдэг нь Премьер Лигийн бусад ямар ч тоглогчоос илүү үзүүлэлт)

Хэн нэгнийг “төгс довтлогч” гэж хэлэхэд хэцүү байдаг ч ван Персийн тухай хэлэхэд энэ үг бүрэн тохирох юм. ван Персийн талбай дээрх хөдөлгөөн үнэхээр сайн, хамгаалагч нарыг байнга дагуулаастай. Боруссиа Дортмундын менежер Юрген Клопп “талбайн төв рүү тэгж гүн орж ирдэг мөртлөө эсрэг багийнхаа 16 дотор тэгж аюултай тоглодог тоглогчийг” их цөөхөн харж байсан тухайгаа хэлж байсан юм. Тэрээр Арсеналын талбай дээр 3-1 оноогоор хожигдохынхоо өмнө ван Персийн тэжээлийг нь тасдаж гоолдуулахгүй байх тухай ам гарч байсан боловч түүний тоглолтын хэв маяг огт мэдэгдэхгүй байлаа. Ван Перси өөрйиг нь барьж буй тоглогчоос маш амархан суларч байсан бөгөөд 16-гийн эргэн тойронд бөмбөг хүлээж авах юм бол бүхий л төрлийн зүйлс боломжтой болж байв. Чухам энэхүү өөрийн хөдөлгөөн болон онцгой ур чадварынхаа ачаар Ливерпүүлийн хаалганд 2 дахь гоолыг хийж чадсан юм. Яг одоогийн байдлаар Робин ван Персигийн хувьд хамгийн гайхалтай цаг мөчүүд үргэлжилж байгаа бөгөөд энэ мөч маш удаан үргэлжлээсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл тэр үүнийг хүртэх эрхтэй.

Робин ван Персигийн хувьслийн түүхийг аян замтай зүйрлэж болох юм. Фэйнордод байхдаа 11 дугаарын байрлалд тоглож байсан боловч эхлээд 10 дугаар, тэгээд хуурамч 9, эцэст нь одоогийн байгаа 9 дугаарын байрлал руу шилжсэн. Тэгэхдээ Робин ван Перси өөрийгөө “9 хагас” гэдэг байрлалын тоглогч гэж хэлдэг юм шүү.

нийтлэлийг орчуулсан Д.Цогчулуун