Сая Мэндээгийн блогийг үзэж яваад хуурай дүү нарынхаа нэг болох Югигийн блог руу холбироод орчихлоо. Миний тухай бичсэн хэсгийг нь уншиж байсан чинь сэтгэгдлүүд дунд нь дүү охины маань бичсэн юм явж байх юм.
Миний багын олон хөгтэй явдлуудын нэгийн тухай бичсэн байна. Би өөрөө энд оригоор нь бичсэн нь дээр байх гэж бодлоо.
Тэртээ наяад оны сүүл хавьцаа болсон явдал. Монгол улс ардчилал энэ тэр гэж хараахан мэддэггүй байсан үе л дээ. Манай аав намын хорооны өсөж яваа ирээдүйтэй боловсон хүчин гэгдэж байсан гэж байгаа. Тэр үед айл болгон Ленин болон Сүхбаатарын цээж барималтай байх ёстой гэж арай байгаагүй байх тэгэхдээ намын ирээдүй болсон боловсон хүчний хувьд аавд маань байх нь зүй ёсны хэрэг байсан болов уу гэж би сүүлд нь бодож байсан юм.
Манай холын хамаатны нэг залуу, Нямсүрэн гэдэг байсан байх аа нэрийг нь, манайд гипсээр хийсэн хоёр цээж баримал авчирч өгсөнийг би их сайн санадаг юм. Би дүү охин болон бага эрэгтэй дүүтэйгээ гурвуулаа гэртээ цоожлуулж үлддэг. Охин дүү маань нас нэлээн балчир хэдий ч хүүхэд өлгийдөж тэвэрдэг гэдгийг мэдэх хэмжээний болсон байсан нь Сүхбаатарын хувьд тун харамсалтай байсан байх. Эрэгтэй дүү бид хоёр цонхны тавцан дээр гарч зогсоод гадаа тоглож байгаа хүүхдүүдийг харж атаархах дуртай байлаа.
Дүү охины рост хүрэхгүй байсан болохоор доороос орилоод бид хоёрыг тухтай атаархуулахгүй байсан тул би бууж шат хийж өгөх болов. Надад шаардлагатай материал байхгүй байсан болохоор гарын доорх бэлэн материалуудыг ашиглах болсон юмдаг. Сүхбаатар, Ленин хоёрын цээж баримал ямар нэгэн юманд жинхэнээсээ хэрэглэгдэнэ гэж анхнаасаа төлөвлөгдөөгүй байсан учраас дүү охин дараа нь эрэгтэй дүүг зулай дээр нь гишгэхийг тэсвэрлэх хүч Ленин багшид байгаагүй болов уу. Тэрээр хагарч орхих нь тэр.
Ленин багшийн хойноос бид гурав хэсэг гашуудан зогссоны эцэст паарны арын хөндийд нутагшуулж орхиод өдөр тутмын ажил руугаа эргэн орлоо. Дүү охин Сүхбаатарыг ихэд энхрийлэн өлгийдөж тоглодог байсныг би дээр хэлсэн байх. Сүх жанжин тэр өдрөө юм уу эсвэл өөр өдөр өнгөрсөн үү би сайн санахгүй байна. Ямартаа ч Ленин багшийн оршин буй газар нутаглуулсан юм.
Аав ээж хоёр цээж барималыг үгүйлэлгүй нэлээн удав. Нэг өдөр аав надаас баримлуудыг хаана байгааг асуухад би огт нүдээ цавчилгүйгээр "Нямсүрэн ах ирээд аваад явчихсан шт" гэж хэллээ. "Яасан сонин юм? Өөрөө өгчихөөд буцаагаад авчиж байгаан байх даа?" гэсээр аав маань яваад өгсөн. Би ер нь яг төлөвлөөд худлаа хэлэхээрээ баргийн хүнийг үнэмшүүлчихдэг хүн л дээ. Хар багын л тийм байсан. Харин гэнэдүүлж асуух юм бол үнэнээс өөр юм хэлж чаддаггүй. Ер нь худлаа хэлэхдээ огт баригдахгүйгээр худлаа хэлдэг байх хэрэгтэй гэж үздэг хүн л дээ. Тэгж чадахгүй бол худлаа хэлээд хэрэггүй гэж...
Ээж хааяа нэг их цэвэрлэгээ хийдэг байлаа. Нэг өдөр, намайг байхгүйд л юм шиг байгаам, их цэвэрлэгээгээ хийж байсан чинь паарны ард нэг юм цайраад байна гэнэ шүү. Гараа оруулах гэсэн чинь багтдаггүй. Аргаа ядаад эрэгтэй дүүг дуудсан гэнэ. Нөгөөх нь ч гүйгээд ирж. Паар луу заагаад ард нь байгаа цагаан цаасыг аваадах гэж гэнэ. Дүү ч сүнс сүүдэр харсан аятай бархираад л хойшоогоо цахлаад зүтгэчихсэн гэсэн. Сайн далдалсан гэж бодож байсан хэрэг нь илэрч байгаа юм чинь арга ч байж уу.
Эцсийн эцэст ээж ялаад манай хэргийн эд мөрийн баримтыг гаргаж ирээд бид хэд зохих шийтгэлээ эдэлснээр энэ явдал дуусч байгаа юм. Шийтгүүлэхийн хувьд би нөгөө хоёрынхоо хэргийг өөр дээрээ хүлээж ганцаараа үүрч гарсан юм шүү.