Монгол кино үндэсний бахархал ёс заншил уламжлал гэхчлэн шалтагнуудын улмаас монгол киноны бүүм болж байгаагийн уршгаар гэх үү буянаар гэх үү баахан л монгол кинонууд үзлээ.
Хань гэдэг кино миний анзаарснаар лав давхардсан тоогоор зургаа гарлаа. Манай өвөө гэхэд л Мандухай сэцэн хатны тэргүүн бүлгийг гурван удаа үзсэн хоёдугаарх нь алга гэцэн гайхаад сууж байна лээ. Харин нөгөөдүүл нь сая орой эхэлж харагдсан. За тэгээд анзаарсан анзаараагүй олон л кино гарлаа дөө. Аман хуур гэхэд лав л 3 сувгаар гарсан. Ирж яваа цаг хоёр гарсан. Тунгалаг тамир бас л хоёр ч сувгаар гарч харагдсан.
Хааяа нэг гарахаараа хүүхэд нас дурсуулаад гоё санагддаг байсан алтан үеийн монгол кинонууд маань нэг л сонирхолгүй санагдсан нь "эм хэдий сайн ч тун нь ихэдвэл хор болмой" хэмээх эртний сайхан үгийг эрхгүй бодогдуулж байлаа.
Ийм бодол төрснийх ч тэр үү НТВ телевизээр гарсан "Ийм нэгэн дурлал" киноны хоёр ангийг өдөр дараалан үзлээ. Яахав дээ найзуудаа боломжийн гэсэн Алтай гуайн трэйдмарк үгийг хэлмээр л санагдлаа.
Ер нь сүүлийн үед би НТВ телевизийн кино албыг их тоогоод байгаа. Тэр хэн гэчих вээ тус телевизийн ерөнхий продюсер гээд нэг махлагдуу нүдний шилтэй залуу байсан. Тэр киноны нэлээн сайн мэдлэгтэй бололтой тэгээд ч сонголт их сайн хийх юм. Одоо тэгээд орчуулга, дуу оруулалт дээрээ жоохон дэмжээд өгвөл сэпхийгээд л ирэх телевиз шиг санагдаад байгаам. Аа нээрээ Түмэн-Өлзий гэсэн байх аа. Тун боломжийн залуу байна лээ.
Ийм нэгэн дурлал ярьж байснаа хадуурдаг гэж байна. Яахав нэгэнт шинэ үеийн, тэгээд залуусын эхний хэдэн бүтээлүүдийн нэг гэдэг утгаараа сайжруулчихмаар зүйл олон ч харагдаж байна. Жүжигчний хувьд надад тэр Алтаншагай их таалагдлаа. Үнэхээр яваандаа гайгүй сайн жүжигчин болж мэдэхээр хүмүүсийн нэг байна. Лхагвасүрэн гуай ч яахав угийн авъяастай хүн. Дуу нь жоохон худлаа л болохоос. Туулайхүүд тоглодог жүжигчин бас их хөөрхөн хүү байна. Энэ нээрээ нөгөө хамтлагт бүжиглээд байдаг залуу мөн бид дээ?
Ингээд бичжээ байсан чинь надад ямар ямар жүжигчид таалагддаг юм болоо гэж бодогдож байна. Тэгээд нэрлээд байя уу гэж шийдлээ.
Нэгдүгээрт би Чимэд-Осор гуайг заавал нэрлэнэ. Үер киноны Болд өвгөн. Тунгалаг тамирын тэр улаан хувьсгалч гээд үнэхээр авсан дурдээ үнэнгээсээ хувирч ордог ясны жүжигчин хүн. Суваг солиод сууж байхад энэ хүн харагдвал би заавал кадр солигдтол нь хардаг зуршилтай болчихсон.
Хоёрдугаарт би Дамчаа гуайг хэлнэ. Монгол киноны эсрэг дүрд Жарантав гуай энэ хоёр шиг олон тоглосон хүн бараг л байхгүй байх аа. Тиймдээ ч тэр үү хааяа эерэг дүрд тоглосон харагдахаар нь баярлах ч шиг болдог юм. Ер нь тэгээд эерэг эсрэг аль ч дүр авсан сэтгэлд шингэтэл тоглоно. Хаа холуур мөрөөрөө явж байсан цагаантнуудыг дуудаж авчраад гэмгүй муу орос эрийг барьж өгч алуулж байгаа сэтгэл муутай нэгнийг тун гарамгай үзүүлснийх нь ачаар би тэр хүнийг хэсэг үзэн ядав. Миний баримталдаг хэдэн гол бодол байдаг юм.Тэдний нэг нь Аливаа киног сөрөг дүрийнх нь эрч хүчээр хэмжиж болно гэж. Сөрөг дүр хэдий хүчтэй байна тэр чинээгээрээ киноны соронз хүчтэй байдаг юм шиг надад санагддаг юм. Дамчаа гуай бол тоглосон бүх эсрэг дүр нь биш юм аа гэхэд нэлээн хэдэн дүр нь яахын аргагүй маш хүчтэй дүр. Исмэл тайж байна. Бага байхдаа Исмэл тайжийг үзэн ядаж өсч байлаа шүү дээ.
За тэгээд үлдсэнийг нь заавал дугаарлах гээд ч яахав дээ.
Нямын болон Цагааны Цэгмид гуай. Хоёулаа сор болсон жүжигчид. Дүрийнхээ текст, үйл хөдлөлийг маш энгийн амьдралд яг байх аягаар нь гаргаж өгдөг болохоор би хайртай байдаг. Үүн дээр Бумаа авгайн дүрд тоглодог жүжигчинь нэмэхээс болохгүй. Харамсалтай нь би нэрийг нь мэдэхгүй. Сумын төв дээр гэрийнхээ хаяанд суугаад тоос босгон явж байгаа тракторыг гунигтайяа дагуулан харж буй авгай та бүхний нүдэнд харагдаа биз. Халуун зунаар хар цай уугаад гээд л гомдоллож байгаа ээж. Үнэхээр шилдэг жүжигчин.
Ер нь тэр үеийн кинонууд тухайн дүрд тоглох жүжигчдээ тун гярхай олж авдаг байсан байгаа юм. Одоо бол яахав дээ тоотой хэдэн мундаг жүжигчидтэй болчихсон. Би тэднийг муу гэхгүй л дээ. Төмөрбаатар гуай, Сувд, Цэрэндагва энэ тэр гээд үнэхээр хийдгээ хийсэн мундаг хүмүүс. Тэхдээ хийсэн кино болгонд энэ хэд тоглоод байвал өөр тоглох хүн олдох ч гүй болох байх гэж бодогдоод байдаг юм. Төмөрбаатар гуайн Жамуха бол ёстой хүчтэй Жамуха байсан. Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг тэр кино үнэндээ Жамухын тухай хийсэн юм шиг санагдахаар тоглосон. Тэгээд л дараа нь нөгөө Жамуха чинь Чингис болоод гараад ирэхээр нэг л наалдаж өгөхгүй. Нөгөө мундаг хүчирхэг Жамуха нь харагдаад болж өгдөггүй. Сувд гуай ч гэсэн Мандухай сэцэн хатан дээр бол гаргууд сайн тоглосон. Үнэхээр нэгэн цаг үе Монгол төрийн голомтыг бүдэгрүүлчихгүйхэн шиг тогтоож чадаж байсан тэр их эзэгтэйн дүрийг чадамгай гаргасан. Бас л миний дуртай Дамчаа гуай энэ киноны чимэг байсан шүү гэж. Ярианыхаа сэдвээс ялимгүй хазайхад энэ Мандухай сэцэн хатан гэж ерөөсөө байгаагүй зохиомол хүн энэ тэр гэсэн зарим нэг онол байдаг бололтой юм байна лээ шүү. Энэ талаар судалмаар хорхой хааяа нэг хүрээд сачий дутахын үлгэрээр бас л бөхдөг болчоод байгаам даа.
За тэгээд үргэлжлүүлэн өгүүлэхэд, би энэ бичвэрийг сонирхон уншигч авгай танаас нэгэн зүйлийг сонирхон асуумаар санагдаад болох биш. Юу гэвэл, Чухам ямар монгол киноны ямар агшин таны хамгийн дуртай хэсэг вэ?
Би өөрийнхийг жагсаасу:
Нэг. Хамгийн их өрөвдсөн хэсэг. Тань руу нүүж явна кинон дээр хүүгээ харамладаг хэсэг. Ёстой элэг эмтэрмээр. Тэр эмээгийн байр байдал, нялх үрээ харамнасан эхийн байдал. Яаяа. Энэ хэсэгт бас би Тунгалаг тамирын Бат Хонгорыг буудаж унагаснаа мэдээд "Ээ халаг" гээд гүйдэг хэсгийг оруулбал оруулчмаар л байна. Үнэхээр өрөвдмөөр. Тэхдээ яахав тэргүүн байр ганц л байдаг хойно. Эхнийх дээрээ л тогтохоос.
Хоёр. Хамгийн аймаар хэсэг. За энэ бол яалт ч гүй манай үеийнхний нийтлэг айдас байх гэж би бодож байна. Бушхүүгийн үлгэр дээр нөгөө муу хаан хэдэн хувхай яс өрж тавиад нэг чөтгөрийг дуудаж босгодог хэсэг. Хар цагаан зүсмийн арзайсан үстэй аймаар чөтгөрийг дүрслэн бодоход арван хэдхэн настай ахуйн дурсамж минь хүртэл тэхэд амьд сэрүүн байсан эмээ нарын маань дурсамжийн ардуур нуугдаж байгаа юм шиг санагдана.
Гурав. Хамгийн их үзэн ядсан. Шагдар. Магадгүй уншигч авгай намайг Дамчаа гуайн дүрүүдийн нэгнийг нь нэрлэх байх хэмээн хүлээж байсан байх. Тэгтэл үгүй юм аа. Би ингэж байж чадахгүй гээд сүхээ тайрдас дээр зоож орхиод хувцас чемоданаа аваад гарч байгаа аав. Дааман хаалгаа зад тийрээд гарч байгаа аав. Аавынхаа асахгүй байгаа машиныг бөөнөөрөө түрж өгч байгаа гэнэн тэнэг дөрвөн хүү. Энийг бодохоор л бүүр уур хүрээд байдаг байж билээ. Үнэндээ ийм юм амьдралд байдаг гэж мэддэггүй, үзээгүй байсан болохоор анх үзчээд би Шагдарыг үнэн голоосоо жигшин зэвүүцэж билээ. Сүүлд том охин нь манайд зарах юм байхгүй гэж хэлдэг нь үнэн зэвүүн үг. Өгсөн мөнгийг нь буцааж өгдөг хэсэг гээд ер нь энэ кинонд гоё гоё шигтгээ маш олон юм аа. Хөвгүүдийнх нь хоёр дахь болох Баяраа нь ч бил үү Бат нь ч билүү доороосоо хоёрдохдоо нэг 5 төгрөг өгсөн байсныг буцааж өгдөг хэсэг байна. Урд нь барьж байснаа унагаачихдаг. Хичнээн хэвлүүн бөгөөд бардам. Тэр хүүхдүүд үнэхээр сайн тоглосон шүү.
Дөрөв. Хамгийн их инээсэн. Уул нь нэг их инээдтэй кадр биш л дээ. Тэхдээ яг тэр кадрыг үзэж байхад болсон яриа асар инээдтэй байсан болохоор энэ хэсгийг үзээд би өөрийн эрхгүй инээдэг юм. Манай Дурлалын ХАС админ багаасаа морь малд их сүрхий хүү байлаа л даа. Нэг удаа ХАС-ын эгч, хүргэн эх бид дөрөв гэрт нь Мандухай сэцэн хатан үзээд сууж байлаа. Нэг мундаг байлдаан болоод л хоёр талын цэргүүд морьтой давхиж ирээд л бүдэрч унаад, онхолдоод л шороо бужигнаад ёстой л дайн болж байлаа. Нэлээн харж сууснаа ХАС шогшорлоо. "Хайран сайхан морьнууд ёстой жигшсэн байх даа" гээл. Тэгсэн эгч асууж байнаа. "Жигшихээрээ яадаг юм?". Хүргэн ах түрүүлээд хариуллаа. "Дахиж кинонд тоглохоо байчихдаг байхгүй юу" гээд. Бид хэд ёстой элгээ хөштөл инээсэн. Би бүүр сүүлд нь бодоод л ганцаараа инээгээд байдаг болчихсон байсан.
Тав. Хамгийн их бахархсан. Хатанбаатар кинон дээр Манлайбаатар Дамдинсүрэнгийн босоогоороо үхдэг хэсэг. Магадгүй тухайн үедээ ховорхон гардаг байсан өвөөгийнхөө нулимсыг энэ кадртай давхцуулаад анх харснаас болсон байх. Яалтчгүй нэг омогшил бахархал гэмээр хий ходоод гэдэсний мухраас дээшээ түрхэрч зүрхээр дайран огшин гарч ирээд самсааны тэрүүгээр гижиг сэрвэгнүүлж өнгөрөөд нулимсны сүвийг маань нимгэлчихгээд байдаг юм.
За тэгээд зургаа долоо гээд жагсаагаад байвал оройжингоо л юм болох нь шиг байна ингэсгээд хумья даа.
Та бүхэн өөрсдийн Монгол кино хитээ жагсаагаад үзвэл ямар вэ?