Wednesday, June 19, 2019

СУРАХ – ОЛОХ – ХАЙХ

Хажууд суудаг хархүү урд оройныхоо сархдын хүндэд түүртээд, ажлын цаг хийдүүлж, хүний нүднээс хол унтахаар одохдоо англиар “Don’t find me” гэж хэлснээр ийнхүү бодлын цуваа хэлхэв. Монголоор бол “Намайг битгий олоорой” гэж буух энэ үгийг хэлэхдээ “Намайг эрэх хэрэггүй шүү” гэж хэлэх гэсэн байх л даа. Саяхан охин маань зурагтын удирдлага хайж байхдаа “Би удирдлага олж байна” гэж хэлэхэд нь Монголоор ингэж хэлдэггүй тухай тайлбарлан ярьж байснаа бодов.

Олох гэдэг бол эрлийн үр дүн. Эрж олох, хайж олох. Эрлийн ижил утгатай үгс нь сурах, хайх. Сурах нь эрлээс юугаар ялгаатай вэ хэмээвээс мэдэж магадгүй гэж бодсон хүмүүсээс асууж лавлах. Заавал алдуул малыг сурах биш бас өөрт тодорхой биш зүйлсийг мэддэг улсаас нь асууж мэдэхийг ч хэлж болно. Асууж сураад сураг гаргана. Сураг бол тодорхой биш бүдэг тойм мэдээлэл, мэдлэг. Тэнд байж магад. Тийм байж магад. Тиймээс сураглах гэсэн үйл үг буй. Яг тодорхой биш ч гэсэн баримжаатай мэдээлэл олж авах тухай утга агуулна.



Ихийг мэддэг хүнийг мэдлэгтэй хүн гэдэг. Үүнийг чиг болговол сурлагатай хүн гэж сурж мэдсэн зүйл ихтэй хүнийг хэлэх үү. Сайн сураарай гэсэн захиасын утгыг тайлж бодвол үнэндээ сайн асуугаарай гэсэн үг биш үү? Их асууж, их сурлага хуримтлуулаарай гэсэн утга юм уу? Мэдлэгтэй хүний мэдлэгийг шимтэн асууж байгаа тул асууж буй хүнийг сурагч, харин мэдлэгээ хуваалцаж байгаа тул мэдлэгтэнг сургагч, тэдний дунд буй мэдлэгийг сургаал хэмээх юм даа гэхчлэн шалдар булдар юм бодоод л сууна.

Хайхыг хайгуул гэдэг. Эрэх болон сурахаас ялгаатай нь хайгуулд эцсийн үр дүн үгүй. Миний бодлоор шүү дээ. Уг нь эрэх, сурах, хайх гурвын үр дүн нь олох. Гэхдээ бас л миний бодлоор сурахаас бусдад нь гүйцэт төгссөн хэлбэр байхгүй. Сураад сурлага хуримтлуулдаг бол эрэл, хайгуул нь үргэлжийн, төгсгөлгүй үргэлжилж байдаг. Сураад мэдлээ сурлага. Эрээд оллоо ололт. Ололт бол амжилт. Хайгуул бол төгсгөлгүй. Хүн үргэлж хайсаар байдаг. Эрэх болон сурахын хайгуулаас ялгаатай нь юу вэ гэж асуувал би эрэл, сурал хоёрт асуулт нь тодорхой байдаг гэж хариулна. Өөрөөр хэлбэл, хүн юу эрж, юу сурч байгаагаа мэддэг гэсэн үг. Хайгуулд бол ерөнхий тойм төдий юм байхаас биш яг тодорхой зүйл үгүй. Гэхдээ л хайгуулын үр дүн нь ямар нэг хэмжээний ололт байдаг. Аа, ололт бол түрүүн хэлсэнчлэн амжилт. Үргэлж шинийг хайж бай л гэсэн үг юм даа.

СУРЛАГА – АМЖИЛТ – ХАЙГУУЛ – СУРЛАГА – АМЖИЛТ гэх мэтчилэн.

Адаг эх нь тодорхойгүй сүлэрч явдаг баахан бодлыг базаж буулгах гэтэл нэг иймэрхүү далан цоорхойтой юм болчихлоо. За яадын яадын.

Зургийн эх сурвалж: http://www.elainebaileyinternational.com/wordpress/2013/11/great-leaders-are-never-too-busy-to-learn/

No comments: