Thursday, March 25, 2021

АРАГОРН АРВЭН ХОЁРЫН ДУУЛЬ

 Elen síla lúmenn' omentielvo!

Толкин уншлагын өдөрт зориулж нэг ийм үлгэр бантагналаа. Тухлан сууж уншина уу, нөхөд өө. Урт юм уншуулж байгаадаа урьдчилаад өршөөл эрье.
Tenn' enomentielva!


АРАГОРН, АРВЭН ХОЁРЫН ДУУЛЬ *** Suilad, mellyn! Elen síla lúmenn' omentielvo! Толкин уншлагын өдрийг тохиолдуулан “Бөгжний эзэн” романы төгсөлийн ботийн нэмэлт хэсэгт байдаг Арагорн Арвэн хоёрын дуулийг монгол хэл рүү орчуулан та бүхний таалалд хүргэж байна. Урт үлгэр тул тухлан сууж таалан болгооно уу. Эндүүрч, алдсан зүйл байх аваас та бүхэн эргэлзэлгүй хэлж алдааг залруулна уу. #TolkienReadingDay #ReadTolkienAtHome2021 #ТолкинУншлагынӨдөр Tenn' enomentielva! Namárie *** Хаантны өвөг эцгийг Арадор гэдэг байв. Түүний хүү Араторн үзэсгэлэнт Гилраэнтэй гэрлэн суухыг хүссэн боловч бүсгүйн эцэг болох мөнхүү Аранатын удмын Дирхаэл дургүйцжээ. Гилраэныг жаахан байна гэж үзэж байсан ба үнэхээр ч Дунедаиныхны бүсгүйчүүдийн урагт мордох насанд хараахан хүрээгүй байсан юм. - Түүнээс гадна, Араторн бол насанд хүрсэн ширүүн эр хүн, хүмүүсийн бодож байгаагаас ч эрт тэргүүлэгч болох нь тодорхой, гэхдээ зүрх минь түүнийг богино настай хэмээн надад хэлнэ. – гэж тэрбээр хэлнэ. Гэвч түүний гэргий, мөн адил зөнч Иворвэн нь ийнхүү хариулав. - Тэр тусмаа шалавлах ёстой биш үү! Айсуй шуургыг угтах өдрүүд улам л бүүдийж байна, аугаа үйл төд удахгүйнэ. Энэ хоёр минь эртхэн гэр болбол манайхны удамд найдвар төрнө, эс бөгөөс энэ эрин барагдтал найдвар үгүй. Ийнхүү Араторн, Гилраэн хоёр ураг барилдаад жил өнгөрч байтал Арадор Ривэндэллийн умардтаа орших Колдфэллийн тэнд уулын троллуудын гарт үрэгдэж Араторн Дунедаины тэргүүлэгч боллоо. Хойд жил нь Гилраэн түүнд хүү төрүүлж өгөхөд Арагорн хэмээн нэрийджээ. Гэвч Арагорныг дөнгөж хоёрхон ойтой байхад нь Араторн оркуудын эсрэг Элрондын хөвүүдтэй аянд мордсон боловч, оркийн зэв нүдэнд нь туссаны улмаас, өөрийн удмынхны жишгээр бол цэл залуу жаран настайдаа амь эрсэдсэнээр богино настай гэсэн зөгнөл биеллээ олов. Исилдурын удмын залгамжлагч болон үлдсэн Арагорн эхийн хамт Элрондын гэрт амьдарч эхэлсэн ба Элронд түүнд эцгийн ёсоор хандаж өөрийн хүү шиг хайрлах болжээ. Гэхдээ түүнийг “Найдвар” буюу Эстэл хэмээн дуудаж, жинхэнэ нэр, удмыг нь бусдаас нуун хаацайлдаг байсны учир нь Дайсан хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа Исилдурын удмын хэнийг ч болов олж хөнөөхөөр завдан буйг олж мэдсэнийх байлаа. Элронд дөнгөж хорьхон настай Эстэлийг нэг удаа хөвүүдтэй нь явж их хэргийг бүтээгээд эгэн ирж явахыг харахад хэдий бие махбод, ухаан бодлоороо бага хэдий ч наснаасаа эрт эрийн цээнд хүрч буй үлэмжийн төгөлдөр, сурвалжит язгууртны төлөв нэгэнт тогтжээ. Тиймийн учир эл өдөр Элронд түүнийг эцгийн өгсөн нэрээр дуудаж, өөрий нь хэн болох хэний хүү гэдгийг хэлээд залгамжилж ирсэн эд өлгийг гардуулав гэнэ. - Энэ бол эрт цагт бидний элгэн садан байсны тэмдэг болох Барахирын бөгж, харин энэ бол Нарсил илдийн хэмхэрхийнүүд. Эдгээрийг агсаад чи аугаа үйлс бүтээх нигууртай, учир нь аюул гамшиг тохиох, эс бөгөөс амьдралын шалгуурт бүдэрчихгүй бол чамайг жир хүмүүнээс өндөр наслана хэмээн би зөгнөв. Шалгуур хүнд хүчир, урт удаан байх болно. Аннуминасын очирт таягийг хүртэх эрх чамд хараахан үгүй тул би өөртөө үлдээе. – хэмээн Элронд хэлжээ. Маргаадар нь нар шингэхийн алдад Арагорн ойд ганцаар алхаж явлаа. Итгэл найдвар дүүрэн, хорвоо ертөнц сайхан байсан тул сэтгэл нь нэн хангалуун дуулж явав. Гэтэл дуулж явах зуураа цагааран харагдах хус моддын дундах ногоон зүлгэн дээр үзэсгэлэнт бүсгүй явж байхыг хараад алмайран зогтусч, зүүдэн дунд яваад орчихов уу эсвэл дууч-элфүүдийн дуулан буй явдлаа нүдний өмнө дүрслэн үзүүлэх чадварыг гэнэт олов уу хэмээн гайхжээ. Учир нь яг тэр мөчид Арагорн Лүтиений дууль дээрээс Лүтиен Бэрэн хоёр Нелдоретийн хөвчид таардаг хэсгийг дуулж байсан юм. Ай тэгтэл яг ингээд харсаар байтал мөнгөлөг саарал, цэнхэр өнгөөр бүрхсэн элфийн өргөөнд гэрэлтэх үүрийн гэгээ адил Лүтиен Ривенделлд явж байх юм. Хар үс нь салхины сэвшээнд намирч, хөмсөгний гоёл үнэт чимэглэл нь од мэт гялтганана. Арагорн дуу ч гаргалгүй хэсэг гөлрөн зогссон боловч бүсгүйг өнгөрөн одоод ахин хэзээ ч харагдахгүй байх вий хэмээн эмээхдээ, улиран одсон эрт цагт Бэрэний дуудсанчлан “Тинүвиэл, Тинүвиэл!” хэмээн чанга дуудав. Үзэсгэлэнт бүсгүй түүн рүү эргэн хараад мишээснээ: - Та хэн бэ? Юунд намайг энэ нэрээр дуудна вэ? – хэмээн асуухад нь тэрээр ийн хариулав. - Дуулж явсан дуунд минь гардаг Лүтиен Тинүвиэл гарцаагүй мөн гэж би таныг бодсон болохоор тэр билээ. Та биш гэвэл үнэхээр түүн шиг алхана буй за. - Олон ч хүн тэгж хэлсэн дээ, - гэж бүсгүй янз муутайхан хариу хэлээд: - Гэхдээ л энэ нэр минийх биш. Харин тавилан нь бараг адилхан болж таарах вий дээ. Ингэхэд та хэн билээ? – гэв. - Эстэл гэдэг нэртэй байлаа, гэхдээ би Арагорн, Араторны хүү, Исилдурын залгамжлагч, Дунедаины эзэн ноён. – хэмээн түрүүхэн хамаг сэтгэлийг нь хөөргөж асан өөрийн өндөр дээд угсаа гарвалыг хэлэн байхдаа бүсгүйн даруу төлөв, дур булаам төрхийн хажууд үнэ алдан бүдгэрэхийг мэдэв. Бүсгүй хөгжилтэйеэ инээгээд хариу хэлэв. - Тэгвэл та бид алс эртний элгэн төрөл ажээ. Би бол Элрондын охин Арвэн, бас Ундомиэл ч гэдэг. - Аюулт үед хүмүүс онцгой үнэт эрдэнээ нуух нь бий. Гэхдээ балчир ахуйгаас өнөө хүртэл энд суусан надад чиний тухай сонссон зүйл үгүй тул Элронд болон түүний хөвүүдийг бишрэхээс өөр арга үгүй еэ. Та бид хоёр өмнө яагаад учирч байсангүй вэ? Эцэг тань таныг арай ч далд хадгалдаггүй байсан байлтай? – гэж Арагорн гайхлаа. - Үгүй дээ, - хэмээн бүсгүй дорно этгээд дэх уулсыг ширтэн хариулаад, үргэлжлүүлэв – Нагацын талаа түшиж алс Лотлориэнд сууж байлаа. Эцгийндээ зочлохоор ирээд төдий удсангүй. Имладрист алхаагүй олон жил болжээ. Арагорн алмайрч орхив. Дундад ертөнцөд мэндлээд хориодхон жил амьдарч байгаа өөрөөс нь эгч гэхээргүй санагдана. Гэтэл Арвэн нүдий нь эгцлэн ширтээд: - Гайхах хэрэггүй ээ! Элрондын хүүхдүүдэд Элдарын нас заяасан байдаг. – гэлээ. Бүсгүйн нүднээс элф гялбаа, олон өдрийг элээсэн мэргэн ухааныг олж харсан Арагорн бүүр ичиж орхисон боловч тэр мөчөөс эхлэн Элрондын охин Арвэн Ундомиэлыг хайрлах болжээ. Дараах хэдэн өдөр нь Арагорн дуу хураан бодлогоширох болсон тул эх нь муу юм болов гэж таамаглаад шалгааж гарсан тул эцсийн эцэст тэсгэл алдан моддын дунд харуй бүрийд болсон уулзалтын талаар ярьж өгөв. - Хүү минь дээ, тоолшгүй олон хаадын удам гэсэн ч тоймгүй дээш хараална биш үү. Энэ хорвоо дээр өлмий дэвсэн буй хамгийн өндөр сурвалжит, хамгаас үзэсгэлэнтэй нь энэ авхайтан билээ. Үхэх тавилантай эр элф төрөлтөнтэй ураг барилдах нь даанч зохимжгүй. – хэмээн Гилраэн ярилаа. - Өвөг дээдсийн минь талаарх яриа үнэн бол бид ч бас тэдэнтэй төрөл бус уу, - гэж Арагорн хариулав. - Тийм ээ, үнэн. Гэвч тэр бол өнө эрт энэ ертөнцийн өөр эриний явдал, манай төрлийн гандан буурахаас ч өмнөх юм. Тийм ч учраас Элронд эзний таалал үгүй бол Исилдурын залгамжлагчдын төгсгөл ч бас холгүй болов уу хэмээн би эмээнэ. Харин энэ явдалд Элрондын таалал чамд хараахан үгүй гэж би бодно. – гэж Гилраэныг хэлэхэд Арагорн: - Тийм бол амьдрал минь юутай гашуун бэ, аглаг хорвоог ганцаар туулах нь ээ би. – гэлээ. - Яг тэгэх тавилантай даа, - хэмээн Гилраэн хариулав. Төрлийнхнийхөө зөн билгийг өвлөн төрсөн хэдий ч хүүгийнхээ явдлыг харж чаддаггүй байсан тэрбээр энд ярьсан зүйлийг нь ч цааш хүнд ярьсангүй билээ. Гэвч Элрондын харах зүйл олон, унших зүрх тоймгүй. Нэгэн өдөр хараахан намаршаагүй цагт Арагорныг өргөөндөө залаад ийнхүү хэлжээ. - Арагорн, Араторны хөвүүн, Дунедаины эзэн ноён, та намайг сонсоно уу! Их түйтгэр таныг хүлээж байна, Элэндилийн үеэс хойшх эцэг өвгөдийн хүрээгүй өндөрт цойлон торойх, эс бөгөөс үлдэж хоцорсон удам төрлөө чирсээр харанхуйд замхран одох хоёр зам өмнө тань буй. Чанар сорьсон олон жил өмнө тань чилийж байна. Таны цаг ирж, таалал зохицох хүртэл гэргий буулгаж, ураг барилдахыг тэвчүүштэй. Арагорны сэтгэл түвдэж, ийн асуулаа: - Эх минь энэ талаар ярив уу? - Огтхон ч үгүй ээ, харах нүд тань таныг илчлэн байна. Гэхдээ би өөрийн охиныг онцлон ярьсан зүйл үгүй. Хэн хүний үртэй ураг барилдах тань хараахан болоогүй. Гэхдээ үзэсгэлэнт Арвэн, Имладрис болон Лориэны авхай, элфүүдийн Эвэнстарын угсаа гарвал таныхаас нэн өндөр болохын хажуугаар энэ хорвоод он удаан жил амьдарсан түүний хувьд та бол олон зуныг элээсэн хусан төглийн дэргэд нахиалах дэлбээ төдий билээ. Танаас хэтэрхий өндөрт залрана. Өөрт нь ч мөн тэгж санагдаж буй болов уу хэмээн би бодно. Гэвч миний буруу байгаад түүний зүрх таныг гэвэл би аанай л харуусна, учир юу гэвэл бидэнд түйтгэр нүүрлэсээр. - Юун түйтгэр билээ? - Намайг энд байгаа цагт тэр ч бас Элдарын мөнх залуу насыг хадгалж, намайг эндээс явахын цагт хамт явахаар шийдвээс цугтаа одох билээ. - Аяа, нэгэн цагт Бэрэний шунаж асан Тинголын эрдэнэсээс ялгаа үгүй нандин эрдэнэст нүд алдсанаа би мэдэв. – хэмээн Арагорн халаглаж байтал өөрийн нь төрөлд байдаг ирээдүйг харах зөн билэг гэнэт айлчлан ирэхүйеэ, - Байз, азнаач! Элронд эзэнтэн, энэ ертөнцөд залран суух тань удахгүй болж, хүүхдүүдийн тань таныг дагах эсвэл Дундад ертөнцдөө үлдэх эсэхээ сонгох цаг айсуй. – гэлээ. - Тэр үнэн. Бидний хувьд тун удахгүй, гэхдээ хүмүүний хувьд бол олон жилийн зай буй. Араторны хөвүүн Арагорн та л бидний дундуур дайран орж, та бид хоёрын хэн нэгэн нь энэ ертөнцөөс эс салгаваас миний хонгор Арвэнд хийх сонголт үгүй билээ. Надаас юу хүсч байгаагаа та хараахан мэдэхгүй байна даа, - хэмээн Элронд яриад санаа алдав. Хэсэг хугацааны дараа шийдэмгий дүрээр залуу эрийг харж байгаад: - Он жилүүд авчрах юмаа авчрахдаа л авчирна. Олныг үдэж өнгөрөөх хүртэл энэ талаар эс дурсая. Өдрүүд бүүдгэрсээр, өч төчнөөн зэтгэр айсуй. – гэв. Тийнхүү Арагорн Элрондын өргөөнөөс халуун дотно мэндчилэн гарсан ба дараа өдөр нь эхтэйгээ, Элрондынхонтой, Арвэнтай салах ёс гүйцэтгээд аглаг өөд явж одлоо. Гуч шахам жилийн турш Сауроныг сөрж хүчин зүтгэхдээ мэргэн Гандалфтай анд бололцож, суу ухаанаас нь ч их суралцжээ. Хамтдаа олон ч аюултай аянд явсан боловч он жилүүд улирахын хэрээр ганцаар явах нь ихэссэн байна. Урт удаан, аюул хөнөөлтэй зам хөөсөөр ховор тохиох мишээлээс бусад үед баргар ширүүн төрхтэй болсон хэдий ч үнэн дүрээ далдлаагүй байхдаа хүмүүсийн дунд нэр төртэй, эх нутгаасаа дайжсан эзэн дээдсийн энтэй байдаг байлаа. Олон янзын дүр эсгэн аялж, олон нэрээр танигджээ. Рохирримтэй мөр зэрэгцэн дайлаар мордож, Гондорын эзэн ноёны төлөө газраар, тэнгисээр тулалдах авч ялалтын уухай дуурсах мөчид өрнийн хүмүүсийн анхаарлыг таталгүй аниргүйхэн дорно, өмнө зүгт сайн болоод муу зүсэн зүйлийн хүмүүсийн сэтгэл зүрхийг судлан таньж, Сауроны зардас барлагуудын бодол төлөвлөгөөг илчлэхээр оддог байв. Тийнхүү тэрбээр амьд ахуй хүмүүсийн дунд хамгийн чанга, хийдэг үйлдээ чамбай, сурсан мэдлэг арвин цөөхөн хүмүүсийн нэг болсон агаад, тэднээс элф ухаан, эргэлдэн дайрахад нь эгцэлж харах зориг шантрам цогтой харцаар хавь илүү байлаа. Дээр нь түйтгэр нүүгэлтэхийн тул царай нь баргар ширүүн боловч зүрхний нь гүнд итгэл найдвар бадамлаж, үе үе хошин алиа зан цухалзана. Дөчин есний жил тохиох үед Арагорн Сауроны хоргодож ад зэтгэрийн үйлээ өрнүүлж асан Мордор нутгийн гүн дэх хилэнцэт аянаас эргэн ирэв. Газар орон хэсэж удтал явсаар аяншиж ядарсан тул Ривенделл харьж хэсэг амрахаар бодож байсан ба зам зууртаа Лориены зах хязгаараар явж таарахад Галадриэл ахайтан түүнийг нууцат нутагтаа залан оруулжээ. Тэр цагт Арвэн Ундомиэл басхүү тэр нутагт нагацаа эргэн түр зочлон сууж таарсныг тэрээр хараахан мэдээгүй байв. Цаг хугацаа, он жилүүд түүнд эс нөлөөлөх тул багахаан өөрчлөгдсөн боловч царай нь улам барайж ширүүсээд, инээд хөөр ховорхон харагдах болжээ. Харин эрийн цээнд хүрч, бие болоод ухаан нь ид жагссан Арагорны хуучирч гандсан аяны хувцас хэрэглэлийг Галадриэл шаардан солиулж, мөнгөлөг цагаан элф нөмрөг хувцас өмсгөөд, хөмсөгт нь тод гэрэлтэх үнэт чимэглэл зүүлгэв. Түүний дараа тэрбээр хүмүүний хаан гэхээс илүүтэй Өрнийн арлаас ирсэн элфийн эзэн ноён мэт харагдаж байлаа. Тийнхүү олон жилийн өмнө салан одсоноос нь хойш анх удаа өөрийг нь чиглэсээр алтан өнгөт цэцэгсээр хучигдсан Карас Галадоны моддын дундуур ирж яваа эрийг хараад бүсгүй сонголтоо шийдэж, түйтгэр товлогджээ. Хамтдаа улирал дуустал Лотлориэны нугаар зугаалж явсаар буцах цаг нь боллоо. Зуны дунд сарын үдэш Араторны хөвүүн Арагорн, Элрондын хүүхэн Арвэн хоёр нутгийн төвд орших Керин Амрот уулнаа эланор болон нифредил цэцэгсээр хучигдсан мөнх ногоон зүлгэн дээр хөл нүцгэн алхлан явав. Уулан дээр дорно зүгийн Сүүдэр, өрнө зүгийн Гялбаа руу харж зогсоод сүй тавьж, түүндээ сэтгэл ихэд ханажээ. Арвэн хэлрүүн: - Сүүдэр харанхуй, гэвч миний зүрх бахдана. Учир нь Эстэл та түүнийг ялан дийлэх аугаа улсын нэгэн билээ. Арагорн хариуд нь: - Тунчиг тоогүй яа! Түүнийг би харж эс чадна, хэрхэн өрнөж хэрхэн дуусах нь надад тодорхойгүй. Гэвч таны найдварт би найдна. Сүүдрийг би хэрхэвч үл тэвчинэ. Гялбаа ч мөн адил, авхайтан минь, миний тавилан биш шүү дээ. Үхэх заяатай учраас намайг дагана гэвэл та ч бас Гялбаанаас татгалзах ёстой болно. – гэлээ. Бүсгүй Өрнө зүг хараа тавин гэгээн мод мэт хөдлөлгүй удтал зогссоны эцэст ийн хэлэв: - Би чамайг дагана аа, Дүнадан, бас Гялбаанаас ч татгалзана. Гэхдээ тэр зүгт миний төрлийнхний нутаг, элгэн садны минь удаан суусан гэр харагдан байна. - Бүсгүй эцгээ халуун дотно хайрладаг ажээ. Элронд охиныхоо сонголтыг мэдээд үг дуугүй, сэтгэл нь зүйргүй ихээр шаналсан агаад удтал эмээн байсан түйтгэр ийнхүү ирсэн нь тэвчихийн аргагүй байв. Гэвч Арагорныг Ривенделлд эргэн ирэхэд түүнийг дуудаж уулзаад, ийнхүү ярилаа. - Хүү минь, найдвар бөхөх хүртэл олон жил байна, түүнээс цааш надад мэдэх юм цөөхөн. Бидэн хоёрын хооронд сүүдэр нүүрлэжээ. Угаас тэгэх заяатай ч байсан юм уу, магадгүй надад тохиосон гарзаар хүмүүний хаанчлал дахин сэргэх учиртай бололтой. Тийм учраас, хэдий би чамд хайртай ч гэсэн үүнийг аминчлан анхааруулъя. Арвэн Ундомиэл өөрийн амьдралын сүр жавхланг ялимгүй үйлийн төлөө бөхөөх ёсгүй. Гондор болон Арнор хоёулангийн эзэн хаанаас доош ямар ч хүнтэй ураг барилдах ёсгүй. Тэр цагт бидний ялалт миний хувьд харуусал, салах ёс, харин чиний хувьд хэсэгхэн зуурын аз жаргал болох нь. Харамсалтай байна, хүү минь! Арвэны хувьд хүмүүний үхэл эцэстээ гашуун байх болов уу хэмээн эмээж байна. Элронд Арагорн хоёрын яриа нууц болон үлдэж, энэ талаар ахиж яриагүй бөгөөд Арагорн эргээд аюулт замналаа үргэлжлүүлэхээр оджээ. Хорвоогийн өнгө бараантаж Дундад ертөнцөд айдас нүүрлэн, Сауроны хүчин бэхжихийн хэрээр Барад-дур улам өндөрсөж, улам батжин байв. Арвэн Ривенделлдээ суусаар, Арагорныг чанад одоход алсаас сахин хамгаалж, бодолдоо тээх ба зөвхөн Нүменорчуудын эзэн ноён болон Элэндилийн өв залгамжлагч хаан төрөлтөн л агсаж болохуйц их тугийг түүнд зориулан урлажээ. Хэдэн жилийн дараа Гилраэн Элрондынхоос явж төрөлх Эриадортоо очоод, ганцаар амьдрах болжээ. Хүү нь алс газраар хэрэн зорчихын учир уулзах нь тоотой. Нэг удаа Арагорн умардад ирээд байхдаа ээжээ зорин очоод буцахад нь ийн хэлэв. - Энэ бидний эцсийн салах ёс болно, Эстэл хүү минь. Миний нас сүүдэр багахан хүмүүний хэрийн боловч Дундад ертөнцийг нүүрлэн буй харанхуй сүүдэртэй нүүр тулахыг эс түвдэнэ би. Иймээс удахгүй орхин одох болой. Эхээн тайтгаруулах гэсэн Арагорн: - Харанхуйн чанад гэрэл буй бус уу, тийм бол тантай хамт түүнийг үзэхэд таатай байхсан. – гэхэд эх нь түүний хариуд ганц шад линнод хэлэв: Ónen i-Estel Edain, ú-chebin estel anim (Дунедаинд би Найдвар өгөв, өөрт минь харин найдвар үгүй) Арагорн тэндээс сэтгэл шаналсаар одсон ба Гилраэн хойд хавар нь өөд болжээ. Тийнхүү он жилүүд ээлжилсээр, өөр газар дэлгэрэнгүй өгүүлсэн Бөгжний дайн өрнөж: Сауроныг түлхэн унагах тааж боломгүй явдлууд ил болсон ба найдвар үгүй мэт газраас найдвар биеллээ олсон билээ. Дайсанд ялагдахад ойр цаг ирэхэд Арагорн тэнгисээс Арвэны урласан тугийг агссаар Пеленнорын талд буусан гэдэг бөгөөд тэр өдөр анх удаагаа хаантан хэмээн дуудагдсан гэдэг. Хамаг бүхэн болж өнгөрсний дараа эцэг өвгөдийнхөө өвийг залгамжилж Гондорын титэм, Арнорын очирт таягийг хүлээн авсан ба Сауроны мөхдөг жилийн зуны дунд сард Арвэн Ундомиэлыг бэр буулгаж Хаадын хотод ураг барилджээ. Гуравдугаар эрин ялалт, найдвар авчран өндөрлөсөн боловч хорвоогийн хязгаарын чанадтайх түйтгэр, тэнгисээр зааглагдаж, гуниг харуусал дагуулсан Элронд Арвэн хоёрын хагацлыг ч бас авчирсан билээ. Их бөгж сүйтгэгдэхэд Гурван бөгжийн хүчин замхарснаар Элронд цуцаж, Дундад ертөнцийг орхин эгэж ирэлгүй одохоор тэмцэх болов. Арвэн үхэх үйлтэй эмэгтэй болсон хэдий ч олсон бүхнээ алдахаас наана амьдрал нь дуусахгүй гэнэ. Элф болон хүмүүсийн хатан болж Арагорны дэргэд зуун хорин жилийг аугаа ялалт, аз жаргал дүүрэн үдэхэд хэдий өндөр насалсан боловч эр нөхөр нь насан эцэслэх цаг дөхөн буйгаа мэдэрч эхлэв. Тэгээд Арагорн Арвэнд хандан хэлрүүн: - Эвэнстар ахайтан минь ээ, энэ хорвоогийн хамгаас хайрт, үзэсгэлэн гоо минь ээ, миний хорвоо эцэслэхээр бүүдгэрч эхлэв. Ихийг хурааж, ихийг барав, харин одоо төлөөсийн цаг айсуй. Хэлэх гэсэн зүйлийг нь Арвэн сайн мэдэж, эртнээс харсан хэдий ч уй гашуу нь нэн их. - Эрхэм ноёнтон та, өөрийг тань дагаж амьдардаг улсыг цаг бусаар орхин одно гэж үү? - Цаг бусаар биш ээ. Одоо эс явбаас дараа хүчгүйдэн явах болно. Мөн бидний хүү Элдарион эзэн суухад яг тохирохоор эрийн цээнд хүрсэн буй. – хэмээн Арагорн хариуллаа. Тийнхүү Аниргүйн гудамжин дахь Хаадын өргөөг зорин очиж түүнд зориулан зэхсэн өргөн орон дээр өөрөө хэвтэв. Тэндээсээ Элдарионтай салах ёс үйлдэж, Гондорын титэм, Арнорын очирт таягийг гардуулан өгсний дараагаар бүгд явж ганц Арвэн л орны нь дэргэд торойсоор хоцорлоо. Мэргэн ухаан төгс, угсаа гарвал өндөр бүсгүй хэдий ч түүнийг ахиад жаахан байхыг гуйхгүй байж чадсангүй. Амьдрал түүний биед хараахан бүүдийж амжаагүй байсан тул өөрийн сонгож авсан үхэх заяаны гашууныг тэгэхэд анх удаа мэдэрчээ. - Ундомиэл ахайтан, - хэмээн Арагорн ярьж эхлэв. – Энэ цаг үнэхээр хэцүү, гэвч өнөө үест эзгүйрэн хоосорсон Элрондын цэцэрлэг дэх хус моддын дунд анх танилцах үед ойлгомжтой байсан шүү дээ. Кэрин Амротын толгод дээр та бидэн хоёр Сүүдэр болоод Гялбааг огоорохдоо энэ түйтгэрийг хүлцсэн билээ. Зүрхний амраг минь, та бодооч, хатаж хагдраад өндөр суудлаасаа арчаагүй унах хүртэл минь хүлээж тэвчинэ гэж үү, та. Үгүй ээ, ахайтан, би бол Нуменорчууд болоод Хуучин цагийн хаадын хамгийн эцэс нь, надад Дундад ертөнцийн хүмүүний наснаас гурав дахин урт амьдрал бас түүнээс өөрийн эрхээр хагацах увдис заяасан, би энэ бэлгийг хариу барихыг хүснэ. Тиймээс, одоо би унтъя. Хорвоогийн жам ёсонд энэ зовлонгоос гэтэлгэн засах юу ч үгүй учраас миний хэлэх үг таныг эс тайтгаруулан буйг би мэднэ. Таны өмнө эцсийн сонголт иржээ, харуусан шаналж энэ газрыг орхин Өрнө тийш мөнх ногоон нутагт очоод хамтдаа үдсэн амьдралаа дурсамж төдий орхих уу, эсвэл Хүмүүний түйтгэрийг үүрч гүйцээх үү. - Үгүй дээ, эзэн ноёнтон минь, тэр сонголт эрт замхарсан. Намайг тээж одох хөлөг нэгэнт үгүй болсны учир Хүмүүний түйтгэрийг үүрч гүйцээхээс өөр зам надад үгүй, хүсээд ч, няцаагаад ч хагацал болоод аниргүйг тэвчихээс өөр арга үгүй. Гэвч үүнийг би танд хэлье, Нуменорчуудын хаантан минь, танай удмынхны домог түүх, гандан буурсныг өнөө хүртэл ойлголгүй ирсэн ажээ. Учир мэдэлгүй тэнэг хүмүүн хэмээн тэднийг би буруушаасаар ирсэн гэвч одоо би өрөвднөм тэднийг. Элдарын хэлдгээр энэ бүхэн Хүмүүнд заяасан цор ганц бэлэг юм бол хүлцэхэд нэн хэцүү юм аа. – хэмээн бүсгүй хариулав. - Тийм ажээ, - гэж хаантан хариулаад, үргэлжлүүлэн – гэвч хуучин цагийн Сүүдэр болоод Бөгжийг няцаасан бидэн энэхүү эцсийн шалгуурт бүдрэлгүй байцгаая. Уй гашуутай гэвч цөхрөлгүй одъё. Мэдэхтүн! Эргэх жамтай энэхүү хорвоод үүрд орших тавилан үгүй билээ, үүнээс чанагш дурсамжаас ч илүү зүйлс буй. Хагацъя! - Эстэл, Эстэл! – хэмээн түүнийг мэгших зуур хаантан гараас нь барьж үнсээд гүн нойронд автлаа. Тэгтэл аугаа гоо үзэсгэлэн түүнд цогцлоход хойно ирсэн бүхэн түүнийг харж шагшив. Залуу насны цог жавхаа, бие гүйцсэн эрэлхэг зориг, өтөл насны суу ухаан сүр жавхлан бүгд нэг дор сүлэлдэн оршино. Урт удаан хугацааны турш ийнхүү тэнд хэвтсээр, хорвоогийн төгсгөл хүртэл Хүмүүний хаадын сүр хүчний ялгуусан өнгө болон үргэлж гэрэлтсээр авай. Арвэн өргөөнөөс гарахдаа нүдний нь гал бөхөж, өвлийн шөнийн одгүй тэнгэр мэт харанхуй, хүйтэн цэвдэг болсон мэт хүмүүст санагджээ. Төдөлгүй хүү Элдарионтай, охидтойгоо, мөн хайрлаж асан хүн бүртэйгээ салах ёс үйлдээд Минас Тирит хотыг орхин Лориэныг зорин одсон ба гундан буй моддын дор өвөл иртэл ганцаар нутаглав. Галадриэл байхгүй, Кэлэборн ч бас явсан тул энэ нутаг эзэнгүй. Тэнд маллорн моддын навчис унахын цагт хараахан хавар болоогүй үест тэрбээр Керин Амрот уулнаа өөрөө хэвтээд нөгчин одсон ба хорвоо хувьсаж, хойно ирсэн хүмүүн төрөлхтөн түүний талаар мартаж дуусах хүртэл тэнгисээс дорно тийш эланор, нифредил цэцэгс дэлгэрэхээ болих хүртэл мөнх ногоон булш нь дэлгэрсээр авай. Өмнө зүгээс бидэнд уламжлан ирсэн энэхүү үлгэр ийнхүү дууссан бөгөөд Эвэнстар халин одсоноор эрт цагийн талаар энэ номд ахин дурдсангүй билээ. *** Зургийн эх сурвалж: https://www.facebook.com/chaseroflight/photos/a.587837107928618/596678400377822 Зураачийн хуудас: My humble artworks (by David Chong) *** Монгол хэл рүү орчуулсан: Д.Цогчулуун ЧҮНДЖ Паблишинг 2021.03.25