Tuesday, November 29, 2016

Киноны тухай

Зиак, Спортын цонхын Sport Window Olnooгийн дуудлагаар нэг ийм асуулга бөглөх болов. Юм бичих, кино үзэх дуртай юм чинь бичээд л хаялаа.

1. Хамгийн анх үзэж байсан кино:
Анх үзэж байсан киногоо санадаггүй юм өө. Багад “Бушхүүгийн үлгэр” дээрх шулам гарахад үеэлийнхээ хамт хөгшин ээжийн араар нуугдаж байсан тухай яриа байдгаас улбаалан бодвол тэр хавьцаа л байгаа байх. Тэр сүүжнээс амилж босч ирдэг магнайдаа аалзтай шулмаас миний үеийн ихэнх хүүхэд айдаг байсан байх өө. Нүд нь эргэлдэж ирээд л аймаар шүү. Одоогийн хүүхдүүд тэр байтугай зомби үзээд яваа юм чинь тэрнийг хараад инээдмийн кино байна гэж бодох байх даа. Уг нь аймшгийн хэсэг юм байгаамшт.

2. Хамгийн сүүлд үзсэн кино:
 Зиак сүүлд үзсэн кино гэвэл өнгөрсөн бүтэн сайн өдөр гэртээ сайхан хүүхэн Блэйк Лайвлигийн тоглосон Зэрлэгүүд гээд киног эхнэртэйгээ үзсэн. Салма Хаек ч бас сайхан л даа гэхдээ нөгөөх нь арай халуухан юм. Цаг хугацаа гэж явж өгчээ. Салма Хаек “Үдшийн бүрийгээс үүрийн гэгээ хүртэл” дээр бол ёстой тас байдаг даа.

3. Киног таны үгээр тодорхойлбол:
Кино тэгээд миний хувьд элдэв мэдрэмжийн эх юм даа. Номтой адил. Ном уншихаар өөрийн төсөөлөлдөө тэнэдэг бол кино үзэхээр найруулагчийн төсөөлөлд.

4. Хамгийн олон удаа давтаж үзэж байсан кино:
Олон удаа давтаж үзсэн кино гэхээр яг тэр гэж орж ирэхгүй юм. Би хөөрхий талийгч Робин Виллиамст их дуртай байсан болохоор кинонуудыг нь тааралдах бүрт нүд салгаж чадахгүй үзээд суучихдаг. What dreams may come, Dead poets society, Good morning, Mrs.Doubtfire, Patch Adams гээд л дуусахгүй ээ. Эхний хоёрыг эс тооцвол ер нь тоглосон кинонууд нь голдуу эерэг, инээдмийн, хөнгөвтөр байдаг болохоор үзэхэд ер нь амархан байдаг даа.

5. Киноны дуртай хэсэг:
Ер нь киноноосоо шалтгаална даа. Үзэхийг их хүсч байсан киноны эхлэх гээд дуншиж байх хэсэгт их дуртай. Сэтгэл хөдлөөд юу гарах бол гэж бодохоор гоё байдаг юм. Яг тэр хэсэг гээд тухайлаад хэлэх гэхээр санаанд юм орж ирэхгүй байна. Янз бүр дээ. Шоушенкаас оргосон нь дээр Моцарт сонсоод сууж байдаг хэсэг байна. Se7en дээр Жон Дог алах гээд буу шагайчихсан байж байхад илгээмж ирдэг хэсэг хэдий муухай ч бас их сэтгэл хөдөлгөдөг. Сибирский цирюлник дээр Толстой алсын уулын оройгоос Жулиа Ормондыг хараад сууж байдаг хэсэг байна. Доктор Стрэйнжлав дээр хамгийн сүүлд бүгдээрээ атомын бөмбөгт санаа зовохоо больж байгаа хэсгийг хараад татаж унахаа шахаж байлаа. Парадизо кинотеатрын төгсгөлд баахан үнсэлтүүдийн монтажийг хараад нулимс унагаж байсан.

6. Боломж олдвол ямар киноны аль дүрээр амьдрах вэ?
Хиппи нартай кино үзэхээр тэдэн шиг амьдармаар санагддаг юм. Das Weilde Lieben гээд нэг герман кино үзэж байлаа. Тэрэн дээрх Принц шиг ч амьдармаар, заримдаа л даа. Парадизо киночаатрын залуу шиг байвал гоё ч юм шиг санагдах үе байна. Дуртай киногоо үзээд л. The Giver гээд кинон дээр нэг өвгөн гардаг юм. Цэвэр утопи нийгэмд хуучин цагийн дурсамж, мэргэн ухааныг өвлөж авах ёстой ганцаараа амьдардаг хүн байдаг юм. Өдөржингөө ном уншаад л сууж байдаг. Санаа нь их сайхан байдгийн. Ер нь л юу ч хийхгүй өдөржингөө кино үзээд л, ном уншаад л, эсвэл юу яагаад байж байх санаатай хүн юмдаг уу даа.

7. Таалагддаг эрэгтэй, эмэгтэй жүжигчин:
Эрэгтэй жүжигчдээс гэвэл дээр хэлсэн Робин Виллиамс байна. Хэлэх гээд бодсон чинь их олон юм аа. Гари Олдман, Жонни Дэпп, Вүүди Харрелсон, Энтони Хопкинс, Итан Хоук эд нарын тоглосон киног бол асуудалгүй шууд үздэг. Бусдыг нь өөр хэн хэн байна? Найруулагч нь хэн байна гэх мэт шалгуур тавьж хардаг.

Эмэгтэй жүжигчдээс гэвэл их олон хайртууд байна шүү дээ. Хамгийн анх Ла бум үзээд Софи Марсод дурласан, тэр чигээрээ л явж байна. Маленаг үзээд Моника Беллучийг шүтсэн тэр чигээрээ л байна. Нээрээ Моника гэснээс Ирреверсибл гээд үзэхэд их хэцүү кинон дээрээс хойш бүр харахаар л хөөрхий минь гэж бодогдоод байдаг болчихсон. Тоглосон кино болгоныг нь үг дуугүй үздэг эмэгтэй жүжигчин гэхээр хүн байхгүй юм байна аа. Өө нээрээ Шарлотт Гэйнсброу байна. Царай муутай юм шиг мөртөө яагаад ч юм их таалагдаад байдаг. Нимфоманиакийг үзсэнээс болсон юм болов уу хаха.

Азиас гэвэл эрэгтэй жүжигчин Тони Леунг, Энди Лау, хоёулаа нөгөө Тамын хэрэг гээд Департедын ориг киног дээр тоглодог. Тони ер нь чадалтай жүжигчин шүү. Солонгосын Чой Мин Сик байна. Тэгээд Жеки Чан. Сүүлийн үеийн кинонуудаас нь их гүрний үзэл гарах гээд байдаг болсноос биш уг нь их аятайхан харизматай жүжигчин. Эмэгтэйчүүдээс гэвэл Магги Чеунг байна. Жан Жи И, Мишель Ёо. Жан Жи Игийн тоглосон Ассассин гээд киног үзсэн. Маш гоё.

Монгол жүжигчдээс гэвэл хуучны хүмүүс л арай чанартай санагдаад байдаг юм. Чимэд-Осор гуай байна. Думаа авгайд тоглодог жүжигчний нэрийг мэдэхгүй юм даа. Сүүлийн үеийн жүжигчид голдуу тайп кастууд болчхоод байна л даа. Хижээл насны буурь суурьтай баян хүний дүр гэнгүүт Мягмарнаран гуай, Төмөрбаатар гуай шууд санаанд буух гэх мэтээр. Тэгээд ч монгол киног их ховор үздэг болохоор жүжигчдийнх нь сайн мууг шүүх хэмжээний мэдээлэл алга л даа. Өө тийм Танихгүй эмэгтэйн захидал дээр тоглодог Долгор, түүний нөхөр Чинзориг байна. Сайхан хос. :P

8. Дуртай хүүхэлдэйн кино:
Хүүхэлдэйн кинонд одоо ч дуртай хэвээр. Диснейн, Пиксарын хүүхэлдэйн кинонууд, Гиблигийн бүтээлүүдийг бол алгасахгүй үздэг. Ер нь бараг бүгдэд нь дуртай дөө. Охинтойгоо зэрэгцээд л үзээд суучихна. Бүрэн хэмжээний кинонуудаас гадна бас богино цувралуудыг ч хааяа эгзэг нь таарвал үзээд суучихдаг. Мангагаар хийсэн Наруто гэх мэт цувралуудыг бол үзэж чаддаггүй юм. Дургүйдээ ч биш зүгээр зураглал нь арай онцгүй санагдаад гэх үү ер нь нэг үзье гэж онцгойлон хүсээгүй л яваад байгаа. Дуртай гэвэл Мононокэ гүнж, Хөрш Тоторо, Волли, Тоглоомын түүх гэх зэргээр явж өгнө дөө. Спирит гээд мустангийн тухай киног бол байсхийгээд нэг үздэг. Дуунууд нь маш гоё болохоор асуудал байхгүй.

9. Дуртай монгол кино:
“Гэрлэж амжаагүй явна”. Манай мэргэжлийнхний тухай кино болохоор нь үзэх дуртай. Ер нь их амьдралтай, аятайхан кино шүү. Автосамосвалтай давхиж ирээд экскатарчин залууг тасхийтэл нь нааж унагаад аваад явж байгаа, сүүлд нь инженер дээрээ машинаа өгөх гэж согтуу ороод ухамсрын шанаа аваад “Баярлалаа” гээд гарч байгаа нь их хөгжилтэй байдаг. Жаахан соц нийгмийн үнэр ханхлах гээд байгаагаас биш дажгүй шүү. Бас “Давааны цаана даваа” байна. “Ээж л хэлээд байгаагаас биш уг нь үнэн шүү” гэдэг алдарт үгийг тэндээс сурч байлаа. Нэг муу үхэрнээс болж хайран сапер залуу үхдгийг бодохоор л гол харлаад байдаг юм.

10. Дуртай цуврал:
Цуврал гэвэл алдарт Найзууд байна даа. Хичнээн ч жил, хичнээн ч удаа үзэв. Яг л багын найзууд уулзаад аль эрт болж өнгөрсөн паянгаа дандаа ярьдаг мөртөө ярих бүртээ чин сэтгэлээсээ инээдэг шиг л Найзуудын инээдтэй явдлуудыг үзэх бүртээ баясаж суудаг даа. Сэтгэл тавгүй, жаахан гундуу үедээ аль нэгийг ангиас нь эхлээд хоёр гурвыг дараалаад үзчихээд сэргээд л явчихдаг. Яг л багын найзуудтайгаа хэд гурван кружка хашраангаа оройжингоо маазарчихсан юм шиг. Зөө тэгээд одоогийн моодонд ороод байгаа бүхнийг л үзэж байна дөө. Гот, Хөзрөн байшин гэх мэт. Жинхэнэ мөрдөгчдийн шинэ сизн ямар байх бол гэж бодож байна. Westworld гэж цувралыг эхлүүлэх санаатай бодоод л байна.

11. Дуртай киноны төрөл:
Төрөл бүр дээ. Инээдмийн, драмын, байлдаантай, зөгнөлт гээд таалагдвал бүх төрлийнхийг. Сүүлийн үед ер нь хурц өрнөлтэй киноноос илүү намуун дөлгөөн аястай юм сонирхох хандлагатай байгаа.

12. Дуртай найруулагч:
За, лагууд байна. Стэнли Кубрик, Алфред Хичкок, Дэвид Финчер, Ким Ки Дук, Жан И Моу, Никита Михалков, Спилберг, Ларс вон Триер. Сүүлийн үед Кристофер Ноланы кинонуудыг таашааж байгаа.

13. Шилдэг таван киногоо нэрлэнэ үү?
Миний хувьд шилдэг гэхээсээ илүү байнга үздэг кинонуудаа жагсаавал:

  1. Dead poets society – Киноны үйл явдал, залуусын хүсэл мөрөөдөл, хоорондын харилцан ярианууд, соундтрак, сүүлд нь гаргаж байгаа араншингууд гээд юм юмтай гоё кино шүү. 
  2. Princess Mononoke – Мононокэ шдээ. хэхэ 
  3. Its a wonderful life – Амьдрал сайхан гэдгийг санах хэрэгтэй болсон үедээ үздэг хэхэ. Бас надгүйгээр миний эргэн тойрны хүмүүс ямар байх байсан бол гэж төсөөлмөөр санагдсан үедээ. 
  4. Singing in the rain – Дуу, бүжиг, инээдэм. Зүгээр л үзэж инээх дуртай. 
  5. Love actually – Жил бүр зул сарын хавьцаа үзсээр бараг заншил болчихож дээ. 

14. Долоо хоногт дунджаар хэдэн кино үздэг вэ?
 Ер нь олондоо орох болов уу. Өнжөөд нэг үзчих хандлагатай. Гэрийнхэн байхгүй байхад бол өдөрт ядаж нэгийг үзчихээд л байдаг байсан.

15. Ямар киноны аль дүр таныг илүүтэй санагдуулах вэ?
Арай туранхай байхдаа Singing in the rain дээр гардаг Космотой төстэй байсан гэж найз маань хэлж байсан юм. Сүүлд харин таргалаад Шарталтын Алан шиг болсон юм болов уу?

16. Хамгийн сүүлд үзсэн монгол кино:
Санаанд орохгүй байна. Ер нь Монгол киног нэг их үзээд байдаггүй. Өө нээрээ тийм, Аав гээд кино үзсэн. Гэрийнхнээсээ хол байхдаа үзсэн болоод тэр үү их дажгүй л санагдсан. Ганц үзээд өнгөрөхөд боломжийн гэх үү дээ.

17. Би (чэлленжид дуудагч) таньд ямар киног санагдуулж байна:
Загалмайлсан эцгийн Лука Брази шиг царайтай юм уу? хаха

18. Одоогийн байдлаар таны хувьд хамгийн их хүлээлтийг үүсгээд буй кино:
Вэстворлд гээд цувралыг дөнгөж эхлүүлж байгаа болохоор хэр бол гэсэн хүлээлттэй байгаа. Ноланы шинэ киног хэр болсныг хармаар байна. ДиСигийн хэдэн шинэ кинонууд гайгүй шиг болоосой гэсэн горьдлого. ГоТ-н шинэ улирал сэтгэлд нийцтэй байх болов уу гэсэн найдлага...

19. Кино үзэх таатай орчин:
Кино театрт эсвэл гэртээ ганцаараа чихэвчээр. Төвлөрч үзэх дуртай болохоор хажуугаас хүн юм хум асуугаад, шажигнуулж барихад их дургүй.

20. Найзууддаа санал болгох кино:
Хүмүүс тэгээд таарсан таарсан кинондоо л дуртай байдаг шдээ. Тийм ийм гэх юм алга. Харж байгаад дан сүүлийн үеийн гэлтгүй бас хуучны гоё кинонуудыг ч үзэж л байх хэрэгтэй.