Monday, May 31, 2021

Элчин оров

 Өчигдөр Сөүл дэх Монгол Улсынхаа элчин сайдын яамнаа одож ерөнхийлөгчийн сонгууль өгөв. Өөрийн хувьд зөв гэж бодсон нэр дэвшигчийг дугуйллаа. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат гурвын дундаас “Датаком”-ын Энхбат захирлыг л тодорхой сонголт гэж үзээд сонгосон. Яагаад гэдгийг хальт тайлбарлая. Ер нь бол сонгосон хүнээ зарлах, дээр нь нэмээд шалтгаанаа тайлбарлах шаардлага байхгүй л дээ, мэднэ.

Нэр дэвшигчийн бусдаас ялгарах онцлог шинж нь “боловсролтой” гэгдэх хүртэл дордсон тогтолцооны эсрэг л санал өглөө. Өнөөг хүртэл Монголд улс төрийн хоёр хүчин зонхилсоор ирсэн. Онолын хувьд жинхэнэ арцалддаг байх ёстой хоёр хүчин маань харин нийлж найрлаад, улсаа хөгжүүлэх үндсэн чиг шугамаасаа далийгаад алга болсон санагдаад байгаам. “Ерөнхийлөгч”-ийн гэх албан тушаалын ажил үүргийн хуваарь, эрх хариуцлага нь Монгол улсын гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалтай харьцуулбал хязгаарлагдмал гэдгийг ер нь бол мэднэ л дээ. Гэхдээ тэр байран дээр өнөөх хоёр улс төрийн хүчнээс хүн тавиулж найр хавтгайруулж төвдөмгүй санагдаад. Олуулаа нийлж суучхаад бүхнийг хүч түрэн шийдэж байгаа нөхдийн эсрэг ганц атугай эрүүл ухааны дуу хоолой байгаасай гэж бодсон доо л сонголтоо хийв. Яг одоо хоолойгоо боомилуулчхаад байж байгаа бизнес эрхлэгчид, гадаад хөрөнгө оруулагчид, ер нь товчхондоо Монгол улсын хөгжлийг урагшлуулж магадгүй, урагшуулах хүсэлтэй байгаа байгууллага/хүмүүст тэр эрүүл ухааны дуу хоолой маш хэрэгтэй байна.
Уг нь Энхбат захиралтай ойролцоо түвшний гурав дөрвөн хүн нэр дэвшээд, сонгогч биднийг яахаа мэдэхээ байтал “зовоодог” байсан бол хичнээн сайхан. Удам судар, угсаа гарвал судлал, их бага идэж уусан гэх тулга тойрсон асуудлаар толхилцож байсанд орвол хэнийх нь дэвшүүлж буй бодлого Монгол улсын ирээдүйд тустай вэ гэсэн тэнгэрийн асуудлаар маргалдаж суудаг байсан бол хичнээн сайхан. First world problems буюу манайхаар бол хөгжингүй орны асуудал л юм даа.
***
Миний хувьд элчин дээр очих бүрд нэг тийм аятайхан мэдрэмж төрдөг. Суугаа улс дахь эх орны минь хэлтэрхий гэж бодогддог болохоор дотно гэх үү. Өчигдөр манай элчин сайдын яам их гоё байсан. Дээрээс нь сонгуультай анх танилцаж байгаа охинд минь энэ санал өгөх үйл явц их сэтгэгдэл төрүүлсэн бололтой. Гараад алхаж байснаа:
- Сая тэнд аягүй сүртэй санагдлаа, - гэж байна. Тэгэхээр нь:
- Ёслол төгөлдөг, сүрлэг санагдсан уу? - гэж асуусан чинь:
- Аанхаа, сүртэй юм байна. - гэнэ ээ.
Сонгуульд оролцох нь Монгол улсын иргэн хүний хувьд их ач холбогдолтой явдал болохыг ойлгуулах гэж бодсон юм. Жаахан ч гэсэн үр дүнд хүрэв бололтой.