Wednesday, January 12, 2022

Тамхи гэснээс,

 Тамхи гэснээс, би нэг удаа тамхинд оръё гэж шийдэж билээ. Зургаа мургаад л байсан санагдана. Ангийн тамхи татдаг хүүхдүүд л нэлээн күүл санагдаад дуурайх гэсэн юм уу даа. Аав ээж хоёр хоёулаа тамхи татдаггүй мөртөө гэрт нэг блок тамхи байгаад л байдаг байсан юм. Тэндээс нэг хайрцгийг авч задлаад жорлонд орж сууж байгаад бүгдийг нь угсруулаад татчихаж билээ. Дотор муухайрч, толгой эргэж байсан ч гэсэн гүрийсээр дуусгах үед миний тамхичны карьер бас дууссан бололтой байдаг. Уушгилж татдаг техник байдаг энэ тэрийг нь мэддэггүй зүгээр л сороод үлээгээд байсан юм шиг байгаа юм. Уушгилж үзсэн бол тэгээд үхчих байсан биз. Оюутан байхдаа архины даруулга болгож ганц хоёр л сорж байснаас бусдаар ерөөсөө тамхинд дурлалгүй өдий хүрлээ дээ.

Wednesday, January 05, 2022

Дархан бэрийн тухай

Энэ постыг хараад бичсэн пост

https://www.facebook.com/ZolzayaBatkhuyag/posts/pfbid0tm4YNJPyh8XCnNYeVhr1aYAx5TofLx9T9sVHijTiPYhvz8on5dQeJnHY9eTDPgmAl

***

Уг нь тухайн айлын дотоод асуудал, хувь хүмүүсийн хоорондын харьцаанд л тусгалаа олох учиртай гэж бодож явдаг нэг монгол ёс ингээд замаа алдаж байгааг харах онцгүй л байна. Бэр хадмын харьцааны тухай янз бүрээр зөндөө л ярьдаг. Шинэ ирсэн бэр дасан зохицож, тэр айлын хүн болох хүртлээ их хугацаа, их дарамт туулдаг нь яах аргагүй үнэн. Тэр явцыг хурдасгадаг нэг явдал энэ бэр дархлах ёс гэж би боддог юм. Дархан бэрийн хүүхэд болохоороо би мэдэж байна л даа. Авгууд маань ээжийг анх ирэхэд нь их хатуу байсан гэлцдэг юм. Нэлээн консерватив үзэл хүмүүжилтэй баруун монгол айлд харьцангуй либерал хүмүүжилтэй Улаанбаатарын бэр дасан зохицох гэж удах нь ойлгомжтой. Аав ээж хоёрын хайр дурлалын түүх энэ тэр гэсэн өөр бас бус асуудлууд ч байсан. Ганцаараа уйлаад л суудаг байлаа гэж сүүлд ярьж байсан. Гурван хүүтэй болсны дараа хөгшин аав бүүр зориуд гэрийн бүх хүмүүсийг байлгаж байгаад ээжийг дархан бэр болгож ёслосон гэдэг юм. “Манай том бэр одоо дархан болсон, үүнээс хойш айлгаж ичээж дээрэлхэж болохгүй” энэ тэр гэсэн анхааруулга маягийн юм уу даа. Одоо бол ээж хадмуудаа бүрэн байлдан дагуулсан хүн. Дархан бэр болохоороо ч биш угаасаа байгаа хүн нь тийм дайчин махруу болохоор хүмүүсийг татдаг. Гэхдээ “Дархан бэр” гэж хөгшин ааваар хүндлүүлсэн нь тухайн үедээ их нэмэр болсон байх гэж бодож явдаг юм.
Хүмүүс сүүлийн хэдэн жил “Дархан бэр гэж юу байсан юм? Ялгалаа, гадуурхлаа” гэхчлэн эсэргүүцээд байгаад би эмзэглэж явдаг. Энэ цол ээжийн хэцүү үед нэмэр болсон гэж боддог болохоор цаашдаа нэг иймэрхүү туйлширсан маргааны ээлжит сэдэв болж замхраад хэний ч хүндэлдэггүй нэг тийм булчирхай шиг юм болчих вий гэж харамсаж явдаг. Гэр бүл доторх иймэрхүү нарийн харьцааг сум орон нутгийн захиргаанаас өргөмжлөл олгоод шийднэ гэж ч юу байх вэ. Тэгээд бүүр журам мурам ч гаргасан байх шиг. Арай дэндүү байна аа.